Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00603

 

Ч.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/02113 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 49 дүгээр магадлалтай

Ч.Ц-ийн нэхэмжлэлтэй

“У” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ч.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Т.Цэрэнминжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ч.Ц- нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулан “У”ны харуул хамгаалалтын албанд хамгаалалтын ажилтнаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа нэхэмжлэгч нь албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. Гэвч нэхэмжлэгч Ч.Ц-ийг Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйл, 6.1.25 дахь хэсэг, 11 дүгээр зүйл, 11.2.7, 11.2.14 заасныг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр захирлын №Б/358 тоот тушаалаар ажлаас халсан байна. Ч.Ц- нь Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйл, 6.1.25 дахь хэсэгт заасан үүргээ огт зөрчиж байгаагүй бөгөөд мөн гэрээний 11 дүгээр зүйл, 11.2.7, 11.2.14 дахь хэсэгт заасан ноцтой зөрчлийг гаргаагүй.

Хариуцагч байгууллага нь Ч.Ц-ийг ажлаас үндэслэлгүйгээр халах болсон шалтгаан нөхцөл нь хариуцагч “У” нь харуул хамгаалалтын олон ажилтнаа өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан гэх үндэслэлээр ажлаас үндэслэлгүй халсан. Ийнхүү хариуцагчийг ажлаас халах шийдвэр гаргах үед нь нэхэмжлэгч Ч.Ц- өөрийн найз нөхдийг ажилгүй болж байгаад нь санаа зовж хамт ажилладаг бусад нөхдийн хамт ажлаас халах шийдвэрээ дахин хянаж, залуу хүмүүст боломж олгоно уу гэх утга бүхий хүсэлт бичиж удирдлагадаа бичгээр хүргүүлсэнд л байгаа юм. Ажилтан нь хууль болон гэрээгээр олгогдсон эрхийн дагуу ажил олгогчдоо хүсэлт гаргах, хүсэлтээ шийдвэрлүүлэх эрхтэй байдаг билээ. Гэтэл нэхэмжлэгч Ч.Ц- нь ийнхүү хүнлэг сэтгэлийн үндсэн дээр ажил олгогчдоо хүсэлт гаргасныхаа төлөө ямар ч үндэслэлгүйгээр, гүтгэгдэн ажлаас халагдсан. Мөн түүнийг банкны дотоод мэдээллийг бусдад задруулсан гэж ажлаас халсан. Үүнийгээ нотлохын тулд групп чатад бичсэн "зак ирсэн, явсан" гэдгээр нотолно гэж байна. Гэтэл энэ баримтыг Ч.Ц- өөрөө бичсэн юм уу, эсхүл Ч.Ц- гэдэг нэрээр групп чат үүсгээд бичсэнийг нотлох боломжгүй. Өнөөдөр фэйсбүүкт хэн нэгний нэрийг бичээд зургийг тавиад хуурамч янз бүрийн хаяг үүсгээд бие биеэ доромжилж байгаа зүйл элбэг болсон. Түүнчлэн ажлын цагаар ажлын байран дээр зохисгүй бичлэг үзсэн гэж байгаа боловч үүнийг Ч.Ц- үзсэн болон бусдад илгээсэн гэдэг нь тодорхой бус байна. Хэрэв түүнийх мөн байлаа гэхэд хувь хүний хувийн нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр захидал харилцааг яагаад үзээд байна вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Гэтэл өнөөдөр ямар ч эрх олгогдоогүй банкны ажилтан хувь хүний нууцад халдаад зураг хэлбэрээр хэрэгт хавсаргаад байгааг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Иймд ажил олгогчийн ажлаас халсан №Б/358 тоот тушаал нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ч.Ц-ийг ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн томилохыг даалган, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилох хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Ц- нь тус банкны гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/204 дугаар тушаалын дагуу Хамгаалалтын албаны "Хамгаалалтын ажилтан" албан тушаалд томилогдсон. Тус банкинд ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн гэрээнд заасан "ноцтой зөрчил" гаргасан үндэслэлээр гүйцэтгэх захирлын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/358 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ хууль тогтоомжид бүрэн нийцсэн, хуулийн үндэслэлтэй шийдвэр байдаг. Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2-т ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах ноцтой зөрчлүүдийг жагсаан тодорхойлсон бөгөөд Ч.Ц- нь тус гэрээний 11.2.7, 11.2.14-т заасныг тус тус зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээний 11.2.14-т  "...интернетийн сүлжээнд албан бус зорилгоор холбогдох, тоглоом тоглох, суулгах банкны И-мэйл хаягийг хувийн зорилгоор ашиглах заалтыг зөрчсөн нь дараах үйл баримтуудаар нотлогддог. Нэхэмжлэгч нь банкны хамгаалалтын ажил үүргээ гүйцэтгэх явцдаа нийгмийн сүлжээгээр бусадтай харилцсан, садар самууныг сурталчилсан зүй бус агуулгатай дүрс бичлэг үзсэн байдаг. хамгаалалтын ажилтны ажлын байрны онцлог нь банк түүний эд хөрөнгө, бэлэн мөнгө, ажилтнуудын амь нас, аюулгүй байдлыг хамгаалах үүрэг гүйцэтгэх тухайн ажилтнаас байнгын сонор сэрэмж, анхаарал болгоомжтой, биеийн болон сэтгэл зүйн өндөр ачаалал шаардахын зэрэгцээ болзошгүй тохиололд бие дааж, хурдан хугацаанд оновчтой шийдвэр гарган ажиллахыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хамгаалалтын үйл ажиллагаанд шууд саад болж, сонор сэрэмж алдахуйц үйлдлүүд болох ажлын онц шаардлагагүйгээр интернэт орчин харилцах /чатлах/, видео бичлэг үзэх зэрэг Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь цаашид тухайн ажилтанд банкны нийт ажилтнуудын аюулгүй байдлыг хангах ажлыг даалгах боломжгүй юм. Ажлын байрны тодорхойлолтын 2-т заасан "Банкны аюулгүй байдлыг хангахын тулд хамгаалалтыг хатуу чанд, баталгаатай, өндөр сонор сэрэмжтэй, идэвх санаачилгатай зохионо." гэж заасан харуул хамгаалалтын үндсэн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчлийг гаргасан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн гэрээний 11.2.7-д заасан ноцтой зөрчил гаргасан тухайд: "...банкны ажилтны ёс зүйн хэм хэмжээг гажуудуулах, банкнаас хүлээлгэсэн итгэл, боломжийг хувийн ашиг сонирхолд ашигласан нь тогтоогдсон" гэж заасныг шууд зөрчсөн дараах үйлдлүүдийг гаргасан. Ч.Ц- нь өөрийн үүрэгт ажилд үл хамаарах тус банкны эрх бүхий албан тушаалтны байгаа байршил, хаанаас хаашаа явсан талаарх мэдээллийг гадагш задруулсан буюу банкны техник тоног төхөөрөмжийг /дотоод хяналтын камерыг/ ашиглан мэдсэн дотоод мэдээллийг хувийн ашиг сонирхолд нийцүүлэн бусдад мэдээлсэн нь Хөдөлмөрийн гэрээний 6.1.12 дахь заалтыг зөрчсөн буюу банкны удирдах албан тушаалтан, ажилтнуудын аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хүлээсэн албан хаагчийн хувьд ноцтой ёс зүйн зөрчил мөн.

Ч.Ц-ийг хүсэлт гаргасных нь төлөө ажлаас үндэслэлгүй халагдсан гэж тайлбарлаж байгаа нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан бодит үндэслэлтэй нийцэхгүй байна. Хөдөлмөрийн дотоод журмын 6.1.4-т "Хөдөлмөрлөх эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл зохих журмаар эрх бүхий этгээдэд хандан шийдвэрлүүлэх", 6.1.5-д "Санал, өргөдөл гомдлоо харьяалах удирдлагад гаргаж шийдвэрлүүлэх" гэж заасны дагуу ажилтан нь шийдвэрлүүлэх эрхтэй. Гэхдээ ажил олгогчийн зүгээс хянан шалгасны үндсэн дээр гаргасан үндэслэлтэй шийдвэрийг эсэргүүцэж, ажлаас халагдсан хамгаалалтын бусад ажилтнуудыг дэмжиж, удирдах албан тушаалтны мэдээллийг задруулсан, удирдлагын шийдвэрийг эсэргүүцэхээр ажлаас гарсан ажилтнуудтай хамтран ажилласан үйлдэл нь Банкны ёс зүйн дүрмийн 1.7.4-т заасныг ноцтой зөрчиж байна. Банкны зүгээс үүнийг шалгах үүргийг гэрчээр асуугдсан Т.Энхбатад өгсөн бөгөөд тэрээр Ч.Ц-ийн өөрийнх нь зөвшөөрлийн дагуу утсан дээрх бичлэг болон бусад харилцсан харилцааг хуулан авч, шүүхэд нотлох баримтаар өгсөн. Мөн гэрчээр мэдүүлэг өгсөн. Иймд нэхэмжлэгч Ч.Ц-ийн “У”инд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/02113 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Ц-ийг “У”ны Хамгаалалтын албаны хамгаалалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “У” ХХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 799 668 төгрөгийг гаргуулах, Ч.Ц-ид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Ц-ийн нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 129 944 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахаар  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 49 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/02113 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “У” ХХК-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 59 744 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Ч.Ц- нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс “У”ны хамгаалалтын ажилтнаар ажиллаж эхэлсэн байдаг. Хариуцагч нь 2017 оны 7, 8 дугаар саруудад хамгаалалтын ажилчдаа урьд ял шийтгүүлж байсан, гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан гэдэг үндэслэлээр ажлаас нь хоморголон халах болсон тул хамгаалалтын албаны нийт ажилчид нэгдэж, ажил олгогчдоо ажлаас халсан шийдвэрээ эргэн харж, залуучуудад боломж олгоно уу гэсэн утга бүхий хүсэлт гаргасан байдаг ба уг хүсэлтийг нь бичиг үсэг, найруулан бичих авьяастай гээд нэхэмжлэгч Ч.Ц- бичсэн байна. Гэтэл хариуцагч нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ямар ч үндэслэлгүйгээр Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.25 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2.7, 11.2.14 заасныг зөрчсөн хэмээн захирлын Б\358 тоог тушаалаар Ч.Ц-ыг ажлаас чөлөөлсөн байдаг. Хариуцагчийн дээрх хууль бус үйлдэл нь ажилтан нарынхаа сэтгэл зүйг дарж, хойшдоо байгууллагын гаргасан хууль бус ч бай бүхий л шийдвэрийн эсрэг ямар нэг хүсэлт, эсэргүүцэл гаргуулахгүйн тулд хийсэн алхам мэт харагддаг.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт цугласан нотлох баримтуудыг нэн зөв үнэлж, дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргасан байсныг давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцаасанд гомдолтой байна. Учир нь:

1. Хариуцагч “У” нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаа бүрэн төлөөгүй байдаг. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2 799 668 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг бүрэн хангаж хариуцагчаас нийт 129 944 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын төсвийн орлогод тушаалгахаар шийдвэрлэсэн байна. Иймд хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор гомдол гаргахдаа дээр дурдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөх ёстой байсан. Гэтэл Хариуцагч нь гомдол гаргахдаа 59 744 төгрөг төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө” гэснийг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт “Давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 57.1, 57.4-т заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ” гэснийг тус тус зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь мөн хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3 дахь хэсэгт “Давж заалдах гомдол гаргахад энэ хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана” гэж заасныг зөрчсөн байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нь хэдийд ч хүсэлт гаргах эрхтэй байдаг. Хүсэлтийг амаар болон бичгээр гаргаж болно. Хариуцагч нь хэрэгт нотлох баримтаар 10 ширхэг фото зураг, 1 ширхэг СД өгсөн байдаг ба уг СД-нд үзлэг хийлгэх хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг гэрч оролцуулахаар хойшлуулсан захирамжийг уншиж сонсгосны дараа амаар гаргасан бөгөөд нэгэнт шүүх хурал хойшилж, талууд цаг завтай байсан тул хариуцагчийн хүсэлтийн дагуу СД-нд үзлэг хийсэн юм. Тухайн үед шүүгч хариуцагчийг хүсэлтээ бичгээр гаргаж өгөөрэй гэж хэлж байсан боловч хариуцагч хүсэлтээ бичгээр гаргаж өгөөгүй юм. Иймд хариуцагч хүсэлтээ бичгээр гаргаж өгөөгүй эс үйлдэхүйд шүүхийг буруутган сайн дураараа үзлэг хийсэн хэмээн хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй юм. Мөн дээрх тохиолдолд шүүгч заавал захирамжийг бичгээр гаргана гэдэг хуулийн зохицуулалт байхгүй болно. Мөн давж заалдах шатны шүүх хариуцагчаас гэрч асуухаас гадна өөр ямар нэг хүсэлт гаргасан эсэхийг асуусан ба хариуцагч энэ асуултад шүүх хурал хойшилсны дараа хүсэлтээр үзлэг хийсэн гэж хариулсан. Гэтэл шүүх хэргийг оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэлээгүйд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3. СД-нд үзлэг хийсэн үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь ажил олгогчид хүсэлт гаргахаар хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ мэссэнжрээр чаталсан болохыг хүлээн зөвшөөрдөг. Нэгэнт үзлэг хийсэн гэх СД бичлэгт авагдсан баримтыг үзлэг хийхээс ч өмнө нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдаж, талуудын өгсөн тайлбарт үндэслэн шүүх шийдвэр гаргасан байхад шүүхийг СД-нд үзлэг хийсэн баримтыг үнэлж шийдвэр гаргасан гэдэг нь үндэслэлгүй юм.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 49 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5., 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.1.7. дахь заалтад нийцээгүй байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Ц- нь “У” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо “...шүүх өөрийн санаачилгаар нотлох баримтад үзлэг хийж, уг баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх тухай журамд нийцээгүй” гэсэн үндэслэл заасан нь хэрэгт байгаа баримтад нийцээгүй байна гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, үгүйсгэх үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тодорхойлсон байх бөгөөд хариуцагчаас хуульд заасан үүргээ биелүүлж, нотлох баримтаар гаргаж өгсөн баримтыг хэргийн оролцогч болох нэхэмжлэгч, хариуцагчийг байлцуулан аудио бичлэгийг бичгийн хэлбэрт буулгаж, тэмдэглэл үйлдсэнийг шүүх нотлох баримтыг бүрдүүлсэн гэж үзэхгүй.

Шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгосон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дахь зохицуулалт нь шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх үүрэгтэйг тодорхойлсон байх бөгөөд зохигч аль нэг талаас шүүхээр нотлох баримт бүрдүүлүүлэхээр хүсэлт гаргаагүй, шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар хангалттай  тогтоогдоогүй байна.

Иймд магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул хүчингүй болгох нь зүйтэй.

Харин анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч  Ч.Ц- нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс “У” ХХК-ийн харуул хамгаалалтын албанд хамгаалалтын ажилтнаар ажиллаж эхэлсэн бөгөөд Гүйцэтгэх захирлын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/358 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний 6.1.12., 11.2.7., 11.2.14.-т заасан  ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үйл баримт тогтоогджээ.

Ажил олгогчоос ажилтны “...дотоод мэдээллийг задруулсан...” нь Хөдөлмөрийн гэрээний 6.1.12. дахь заалтыг, “...удирдлагын шийдвэрийг эсэргүүцэхээр хамтран ажиллагчдыг уриалсан” нь гэрээний 11.2.7., “...ажлын цагаар байгууллагын интернетийн сүлжээгээр албан бус зорилгоор, зохисгүй агуулгатай вэб сайтад хандсан...” нь гэрээний 11.2.14 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч дээрх зөрчлүүд нь баримтаар  нотлогдоогүй байна. 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг үндэслэл бүхий тодорхойлж, ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалын үндэслэл баримтаар нотлогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 49 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/02113 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ЗОЛЗАЯА

       ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД