| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/0159/Э |
| Дугаар | 0182 |
| Огноо | 2020-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 0182
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа хөтлөн,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт Мын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Мын М нь Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “...” ХХК-д хэвлэгч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух бүртгэлтэй, ... тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч М.М нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” караокед иргэн Д.Гтай маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхи, хацар, орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1.Хохирогч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн:
“... 2019 оны 10 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчим найз Ууганбаяр, Хандсүрэн, Мөнх-Эрдэнэ, Доржготов, Энхцацрал нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй караокед орж суугаад, захиалга өгөх гээд байж байтал сүүлд нэрийг нь мэдэж авсан Буянжаргал гэх залуу хэрүүл өдөөд байсан. Тоохгүй байж байтал Хандсүрэн тэр хэдэд хандаж “та нар больцгоо, ууснаа шингээ” гэж хэлэхээр нь би хажуунаас нь “больцгоо” гэж хэлсэн чинь тэр хүмүүстэй хамт явж байсан М гэх залуу зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Надтай хамт явж байсан найз нар цагдаа дуудсан. М нилээн согтуу байсан. Намайг ямар шалтгааны улмаас цохисон талаар мэдэхгүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Дээрх гэмтлийг М гараараа нэг удаа цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар тал),
2. Гэрч Я.Хандсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн:
“... 2019 оны 10 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “...” нэртэй караокед найз Энхцацрал, Доржбат, Мөнх-Эрдэнэ, Ууганбаяр, Г нарын хамт ороод захиалга өгөх гээд байж байтал хажуу талын ширээнд сууж байсан үл таних залуу манай ширээн дээр ирээд хэл амаар доромжлоод байхаар нь бид тоогоогүй. Тэгсэн шар үстэй залуу нь микрофон шидэхээр нь би “чи чинь яаж байнаа” гэхэд “яадаг юм” гэхэд найз Доржготов “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ” гэж хэлтэл хэрүүл өдөж эхэлсэн. Тэгээд М гэх залуу Гын нүүр рүү гараараа нэг удаа цохиход зүүн нүднийх нь доороос цус гарсан. Би Гыг дагуулаад ариун цэврийн өрөө рүү ороод, цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дүгээр тал),
3. Гэрч Т.Доржбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн:
“... 2019 оны 10 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг “...” нэртэй караокед найз Ууганбаяр, Мөнх-Эрдэнэ, Энхцацрал, Хандсүрэн, Г нарын хамт ороод, суугаад захиалга өгөх гээд байж байтал хажуу ширээнд хэдэн залуус согтуу байдалтай сууж байсан. Тэгсэн нэг залуу нь манай ширээн дээр ирээд хэл амаар өдөж эхэлсэн. Бид тоохгүй хоорондоо юм яриад сууж байтал бас нэг залуу нь босож ирээд бид нараас уучлалт гуйж байснаа гэнэт Хандсүрэнтэй маргалдаад, гартаа барьж байсан микрофоноо ширээ рүү шидсэн. Г Хандсүрэнг өмөөрөөд босоод ирсэн чинь хажуугийн ширээнээс сүүлд нэрийг нь мэдсэн М гэх залуу манай ширээн дээр ирээд Гын нүүр рүү гараараа нэг удаа цохиход Гын зүүн нүднийх нь тэр хавиас цус гарсан. Хандсүрэн Гыг дагуулаад ариун цэврийн өрөө орсон. Удалгүй цагдаа ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дугаар тал),
4. Гэрч А.Солонгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өгсөн:
“... 2019 оны 10 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчим намайг “...” нэртэй нийтийн караокед ажил дээрээ байж байхад 1 дүгээр ширээн дээр сууж байсан 4-5 залуучууд 4 дүгээр ширээн дээр сууж байсан хүмүүстэй маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь би очоод больцгоо гэж хэлсэн чинь нэг шардуу залуу нэг залуугийнх нь нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд бужигналдаад нэг нэгэн рүүгээ дайраад байхаар нь би зөөгч Ариунтуяатай нийлж салгаад, бүгдийг нь караокеноос хөөж гаргасан. Удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дугаар тал),
5. Гэрч Л.Буянжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өгсөн:
“... 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр найз М, Тогтохжаргал нарын хамт 1 дүгээр хороололд найз Хунцагааны гэрт очиж 2.5 литрийн хэмжээтэй пиво хувааж уусан. 23 цагийн үед гэрээс нь гараад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “...” нэртэй караокены VIP өрөөнд Тогтохжаргал, М нарын хамт орж 0.75 литрийн хэмжээтэй архи, пиво захиалаад ууж байтал манай өрөөний цаг дуусаад, гарч зааланд суусан. Тэгсэн гаднаас 5-6 хүн орж ирээд манай хажуу талын ширээнд суусан. Намайг дуулаад байж байтал нэг залуу бид нараас микрофоноо өгөөч гэхээр нь би аваачиж өгчихөөд хэсэг юм яриад зогсож байтал М босож ирээд нэг эмэгтэйтэй нь маргалдах гээд байсан. Зөөгч нь ирээд больцгоо гэх хооронд М Г гэх залуугийн зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дүгээр тал),
6. Гэрч Д.Тогтохжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өгсөн:
“... 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр миний төрсөн өдөр болоод найз М, Буянжаргал нарын хамт 1 дүгээр хороололд найз Хунцагааны гэрт очиж 2.5 литрийн хэмжээтэй пиво уусан. Тэгээд 23 цагийн үед гэрээс нь гараад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “...” нэртэй караокены VIP өрөөнд Буянжаргал, М нарын хамт орж архи, пиво захиалаад ууж байтал манай өрөөний цаг дуусаад гарч зааланд суусан. Тэгсэн гаднаас 5-6 хүн орж ирээд манай хажуу талын ширээнд суусан. Буянжаргалыг дуулаад байж байтал нэг залуу нь бид нараас микрофоноо өгөөч гэхэд Буянжаргал аваачиж өгчихөөд тэр залуутай хэсэг юм яриад зогсож байтал М босож ирээд нэг эмэгтэйтэй нь маргалдах гээд байсан. Зөөгч нь ирээд больцгоо гэх хооронд М Г гэх залуугийн зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84 дүгээр тал),
7. Шүүгдэгч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн:
“... 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Буянжаргал, Тогтохжаргал нарын хамт 1 дүгээр хороололд найз Хунцагааны гэрт нь том пиво нэгийг хувааж уугаад, орой 23 цагийн үед гэрээс нь гараад Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “...” нэртэй караокед орсон. Тухайн караокены VIP өрөөнд ороод 0.75 литрийн хэмжээтэй архи, пиво захиалаад уусан. Өрөөний цаг дуусахаар нь заал руу гараад, дуулаад сууж байтал гаднаас 6 хүн орж ирээд манай хажуугийн ширээнд суусан. Тэр хүмүүс бид гураваас микрофон нэхэхэд Буянжаргал микрофон аваачиж өгсөн. Тэр үед Г ширээн дээр очоод буйдан дээр нь суусан байсан. Би босоод Гын нүүр рүү гараараа нэг удаа цохиход Буянжаргал, Тогтохжаргал хоёр намайг салгаад аваад явсан. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. Г эрүүл байсан, би нилээн согтуу байсан. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр Гын биед учирсан гэмтлүүдийг би гараараа цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар тал),
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13021 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний доод зовхинд хүрэн өнгийн цус хуралттай, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар хавдсан, эмзэглэлтэй, зүүн нүдний доод зовхинд 1.0х1.0 см хэмжээтэй ногоон эм түрхсэн хүрэн өнгийн зулгаралттай.
ГССҮТ-ийн 2019.10.27-ны өдрийн үзлэгт: Тархи доргилт гэжээ.
2019.10.27-ны өдрийн Натур толгойн КТГ-т “...Хамар ясны баруун хажуу хана бага зэргийн цөмөрсөн, бороолсон хуучин хугаралтай, хамрын таславч доод 1/3 хэсгээр зүүн тийш хуучин мурийлттай. ...зүүн нүд болон хацар орчмын зөөлөн эдэд хаван хавдартай. /эмч С.Мөнхбаатар/ гэжээ.
Дүгнэлт: Д.Гын биед зүүн нүдний зовхи, хацар орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч Ө.Сарангэрэл/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дугаар тал),
9. Шинжээч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өгсөн:
“... 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн үзлэгээр Галбадрахын биед тархи доргилт гэмтэл тогтоогдоогүй учир дүгнэлтэд тусгаагүй юм. Гэмтлүүд нь нэг удаагийн, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86 дугаар тал),
10. Хохирогч Д.Гын шинжилгээ, үзлэг хийлгэсэн төлбөрийн баримт (хавтаст хэргийн 23 дугаар тал),
11. Шүүгдэгч М.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 87 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн албан бичиг (хавтаст хэргийн 52 дугаар тал), эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг (хавтаст хэргийн 55 дугаар тал), “Галаксий Стар Майнд” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт (хавтаст хэргийн 102 дугаар тал), хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай оролцогчдын хүсэлт (хавтаст хэргийн 91-92 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч М.М нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Мт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч М.М нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” караокед Д.Гтай маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхи, хацар, орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.М нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Мт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч М.М нь нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” караокед Д.Гын нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхи, хацар, орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхины цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:
-хохирогч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Буянжаргал гэх залуу бид нар дээр ирээд хэрүүл өдөөд байсан. ...тоохгүй байж байтал Хандсүрэн тэдэнд хандаж “та нар больцгоо, ууснаа шингээ” гэж хэлсэн, би хажуунаас нь “больцгоо” гэж хэлсэн чинь ...М гэх залуу зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. ...гэмтлийг М гараараа нэг удаа цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар тал),
-гэрч Я.Хандсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М гэх залуу Гын нүүр рүү гараараа нэг удаа цохиход зүүн нүднийх нь доороос цус гарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дүгээр тал),
-гэрч Т.Доржбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г Хандсүрэнг өмөөрөөд босоод ирсэн чинь хажуугийн ширээнээс сүүлд нэрийг нь мэдсэн М гэх залуу манай ширээн дээр ирээд Гын нүүр рүү гараараа нэг удаа цохиход Гын зүүн нүднийх нь тэр хавиас цус гарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дугаар тал),
-гэрч А.Солонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчим намайг “...” нэртэй нийтийн караокед ажил дээрээ байж байхад 4-5 залуучууд 4 дүгээр ширээн дээр сууж байсан хүмүүстэй маргалдаад байх шиг байсан. ...нэг шардуу залуу нэг залуугийнх нь нүүр рүү гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дугаар тал),
-гэрч Л.Буянжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М босож ирээд нэг эмэгтэйтэй нь маргалдах гээд байсан. М Г гэх залуугийн зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дүгээр тал),
-гэрч Д.Тогтохжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М босож ирээд нэг эмэгтэйтэй нь маргалдах гээд байсан. Зөөгч нь ирээд больцгоо гэх хооронд М Г гэх залуугийн зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. М нилээн согтсон байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84 дүгээр тал),
-шүүгдэгч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би босоод Гын нүүр рүү гараараа нэг удаа цохиход Буянжаргал, Тогтохжаргал хоёр намайг салгаад аваад явсан. ...би нилээн согтуу байсан. Гын биед учирсан гэмтлүүдийг би гараараа цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар тал),
-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13021 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дугаар тал), шинжээч Ө.Сарангэрэлийн мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч М.Мын согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлжээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Шүүгдэгч М.М нь хохирогч Д.Гын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх ба, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Мыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч М.М нь хохирогч Д.Гын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч Д.Гаас хэрэгт компьютер томографид үзүүлсэн гэх “Натур” эмнэлгийн 120.000 төгрөгийн орлогын баримтыг ирүүлсэн байх боловч хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, мөн гомдолгүй гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас дүгнэлтдээ шүүгдэгч М.Мтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч М.М нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч М.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Шүүгдэгч М.Мт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад М.М нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 51 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Иймд шүүгдэгч М.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй ба, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн санал, мөн шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан шүүгдэгч М.Мыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний сарын цалин 600.000 төгрөг болох орлогын байдал, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрт үндэслэн торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3.Бусад асуудлаар:
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Мын Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн ... тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Г нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч М.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА