Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 294

 

 

 

 

 

 

 

 

  2020           3           26                                         294    

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Г.Энхтуул, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбат,

шүүгдэгч: Р.Гомбо  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Гомбо д холбогдох эрүүгийн 2005 0076 90429 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Таун компорт” ХХК-д барилгын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ял шийтгэлгүй, регистрийн Гомбо .

 

Шүүгдэгч Р.Гомбо  нь 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны 1 давхарт иргэн М.Жорж ийг зодож, баруун нүдний зовхи, алиманд цус хуралт, зовхинд шалбаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Р.Гомбо  мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчийн биед учирсан гэмтлийг эмчлүүлсэн эмчилгээний зардалд 40 000 төгрөг өгч, бид хоёр эвлэрсэн. Улсын яллагчийн санал болгосон 450 000 төгрөгөөр торгох торгуулийн ялыг сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-М.Жорж  мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны 7 тоотод  ариун цэврийн өрөөнөөс ус алдаад байхаар нь доошоо сантехникчид дуудлага өгөөд гэртээ орж ирээд 20-30 минут хүлээсний дараа сантехникч гэх залуу нилээн уцаарлангуй орж ирээд засаж өгөөд гарсан. Өмнө нь бас ус алдаж байсан учир гомдол мэдүүлэхээр СӨХ-ийн байр руу ортол нэг эмэгтэй, хоёр залуу сууж байсан. Намайг үг хэлэхийн завдалгүй цагаан царайтай залуу нь намайг түлхээд гаргах үед хажуу талаас бор царайтай Гомбо  гэх залуу миний баруун талын хацар руу нэг удаа алгадсан. Цагаан царайтай залуутай  нь маргаад зогсож байхад үеэл Эрдэнэбаатар гарч ирсэн. Энэ үед бор царайтай Гомбо  гэх залуу нь миний толгой, нүүр рүү гараараа цохиж байгаад баруун нүдийг маань гэмтээсэн. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлийг зөв тогтоосон байна.

Болор мэлмий эмнэлэгт 35 000 төгрөгөөр шинжилгээ өгч, 15 000 төгрөгөөр үзүүлсэн. Мөн шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн. Өрхийн эмнэлгээс 4 хоногийн акт бичиж өгсөн. Өвчин намдааж нүдний цус хуралт арилгах эм өрхийн эмнэлгээс үнэгүй авсан.

Нүдний дусаалга дусааж байгаад нүд эдгэрсэн. Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй. Гомбо  надаас уучлалт гуйж бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ. (хэргийн 8-10 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Мөнхжаргал мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны 7 дугаар орцны 7 тоотод ус алдаж байна гэсэн дуудлага өгсний дагуу уг айлд очтол хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь деспитчер рүү яриад “энэ айлд чинь хүн алга” гэтэл “контор дээр согтуу 2 хүн орж ирсэн байна” гэхээр нь контор руу яваад ортол 7 тоотын эзэн гэх залуу согтуу орилж, хашгирч байснаа бүдүүн залуу нь намайг заамдаад авахаар нь одоо танайх руу орох гэж байна гээд дагуулж гараад гэр рүү нь ороод ариун цэврийн өрөөний бочкиноос нь ус дусаж байсныг янзалж өгөөд буцаад контортоо ороод сууж байтал намайг заамдсан бүдүүн залуу араас орж ирээд намайг шууд заамдаад бид хоёр харилцан зууралдаад өрөөнөөс гартал цахилгаанчин Гомбо  бид хоёрыг салгах гэж байхдаа бүдүүн залуугийн нүүр рүү нэг удаа алгадсан. Би тэр залууг тавь гэтэл тавихгүй надаас зуураад байсан. Тэгтэл хамт явж байсан залуу нь гаднаас орж ирээд биднийг Гомбо  ахтай хамт салгасан. Бүдүүн залуу согтуу агсараад байсан ба би салгасан залуутай нь хамт гадагшаа гарах гэж байтал Гомбо  нөгөө бүдүүн залууг цохичихоор нь буцаж очоод салгаад байж байтал цагдаа ирээд бүдүүн залууг аваад явсан гэжээ. (хэргийн 12 дугаар хуудас)

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

00 минут 43 секундэд хохирогч М.Жорж  нь гаднаас согтуу, гуйвсан байдалтай орж ирэн гадуур хүрмээ тайлан өрөө рүү орж байна.

00 минут 22 секундэд хохирогч М.Жорж  нь сантехникч Мөнхжаргалтай зууралдан гарч ирэхэд Гомбо  нь хохирогч М.Жорж ийн нүүр рүү алгадаж байна.

01 минут 58 секундэд хохирогч М.Жорж  нь согтуу Таун компорт компанийн ажилчид руу дайрч байна.

03 минут 26 секундэд хохирогч М.Жорж  нь Балдангомбыг мөргөх гэж оролдох үед Гомбо  нь зүүн гараараа хохирогч М.Жорж ийн зүүн нүдэн тус газар нь цохиж байна гэжээ. (хэргийн 32-35 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2676 тоот дүгнэлтэд:

1. М.Жорж ийн биед баруун нүдний зовхи, алиманд цус хуралт, зовхинд шалбаралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 15 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Р.Гомбо  ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 18 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Р.Гомбо  нь 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны 1 давхарт хохирогч М.Жорж ийг зодож, баруун нүдний зовхи, алиманд цус хуралт, зовхинд шалбаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Жорж , гэрч Б.Мөнхжаргал нарын мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2676 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Р.Гомбо д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч М.Жорж  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийн эмчилгээтэй холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй, “Р.Гомбо той сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Цэнд овогт Раншингийн Балдангомбыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Балдангомбыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Р.Гомбо  нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.  

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Р.Гомбо  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Гомбо д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН