| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2013/0458/И |
| Дугаар | 130/ШШ2016/00638 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 130/ШШ2016/00638
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэг /эрхлэгч М.С, утас ***********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, утасны дугаар ***********, РД:**************** И овогт Хын М, утасны дугаар *********, РД:************** У овогт Бы Г, утасны дугаар **********, РД:************** М овогт Бий Р нарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ө сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эзэмшил бүхий газрыг чөлөөлүүлэх тухай.
Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч М.С анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэг нь 1999 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Ө сумын Засаг дарга асан Ы.Хн захирамжаар 4540м.кв газрыг эзэмших эрхийг 30 жилийн хугацаатай эзэмшиж байлаа. Гэтэл уг газрыг цэцэрлэгийн эрхлэгч байсан Б.Г нь албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж 3 удаагийн үйлдлээр газрын зураг кадастр хариуцсан хүмүүстэй гуйвалдан багасгаж, улмаар аймгийн Засаг дарга нарыг залилан мэхэлж хууль бус шийдвэр гаргуулан нөхөр Х.Мтай хамт хувьдаа завшиж мөн нөхрийн хамсаатан болох Б.Р нарт хууль бус эзэмшүүлсэн нь иргэн Б.Мын гомдлын дагуу шалгасан шалгалтын явцад нотлон тогтоосон талаар аймгийн прокурорын 5/327 тоот тогтоолд тодорхой дурджээ. Энэ асуудлын талаар аймгийн удирдлагад хүсэлт тавихад дээрх хууль бус захирамжуудыг хүчингүй болгож 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 336 тоот захирамж гаргасан болно. Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн хууль бус хасагдсан нийт 1250,9м.кв газрыг Х.М, Б.Г нар хашаа татаж байшин хаус барьж өдөр тутмын гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байна. Бид уг газарт наадмаас өмнө хүүхдийн тоглоомын талбай тохижуулахаар төлөвлөөд байгаа юм. Иймд гарч байгаа эрхийн актуудыг үндэслэн цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглож наадах дээрх эзэмшил газруудыг Х.М, Б.Г, Б.Р нарын эзэмшлээс газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан нэмэгдүүлэн шүүхэд гаргасан тайлбарт: Хариуцагч Х.М, Б.Г, Б.Р нарын хууль бус эзэмшиж байсан цэцэрлэгийн газрын хэмжээ, хилийн зааг, зураглалыг тодорхой болгож Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 3 тоот шийдвэр, УДШ-ийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 19 тоот захирамж гаргаж хүчин төгөлдөр болсон байгаа. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар хэргийн оролцогчид болон хэн ч маргах эрхгүй. Одоогоор Б.Раас чөлөөлүүлэх 397м.кв газарт Х.Мы авто гараж байрлаж байгаа ба мөн тус газрын доод хоёр өнцгийг холбосон газарт Х.М хашаа татсан байгаа. Өөрөөр хэлбэл Б.Раас чөлөөлүүлэх газарт Х.М автогараж барьж, 18.94м хашаа татсан байгаа юм. Харин Х.М, Б.Г нараас чөлөөлүүлэхээр шаардаж буй 243м.кв цэцэрлэгийн эзэмшил газарт тэдний зуны амбаар баригдсан байгаа ба мөн доод хоёр өнцгийг холбосон 11,8м газарт тэд хашаа татсан байна. Хариуцагч Б.Раас хууль бус эзэмшиж буй цэцэрлэгийн эзэмшил бүхий 397м.кв газраас автогараж болон 18,94м хашааг албадан нүүлгэж, Х.М, Б Г нараас цэцэрлэгийн эзэмшиж бүхий 243м.кв газарт байгаа зуны амбаар 11,8м хашааг тус тус албадан нүүлгэж урьд нь газрыг албадан чөлөөлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан нэмэгдүүлж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ө сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баян-Өлгий аймгийн Ө сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэг нийт 3937м.кв газрын хууль ёсны эзэмшигч байгаа. Үүнээс Ө сумын иргэн Б.Р нь 397м.кв газрыг хууль бус эзэмшиж байсныг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Хариуцагч Х.М, Б.Г нар нь тус цэцэрлэгийн эзэмшил газраас 243м.кв газрыг хууль бусаар эзэмшиж байсан нь анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдсон. Гэвч хяналтын шатны шүүхийн шатанд зохигчид эвлэрч, хариуцагч Х.М 243м.кв газрыг Ө сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эзэмшилд олгож, өөрийн байшингийн газрын хажуунаас 337м.кв газрыг өөрийн эзэмшилд авахаар аймгийн Засаг даргатай эвлэрлийн гэрээ байгуулж тохиролцсоноор хяналтын шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Уг захирамж нь хүчин төгөлдөр болсон. Ө сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн гол утга нь цэцэрлэгийн эзэмшлийн газрын тодорхой хэмжээний газарт хариуцагч Б.Р нь хашаа барьж хашаан дотор авто машины гараж барьсан. Хариуцагч Х.М мөн адил тус цэцэрлэгийн эзэмшил газарт нь хашаа татаж зуны амбаар барьсан. Иймд Ө сумын Хүүхийн 2 дугаар цэцэрлэг өөрийн хууль ёсны эзэмшил газарт байгаа бусдын үл хөдлөх эд хөрөнгийг албадан нүүлгүүлж, газрыг чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Тийм учраас хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон бусад нотлох баримтыг үндэслэн Ө сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эзэмшил газарт байгаа хариуцагч нарын дээрх обьектийг албадан нүүлгэж, тус цэцэрлэгийн эзэмшил газрыг чөлөөлж өгөхийг хүсэж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Б.Г, Х.М нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Г, Х.М нар нь шүүх хуралдааны товыг шүүхээс асуух үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар нэхэмжлэгч Б.Г, Х.М нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүргээ тус тус биелүүлээгүй болно.
Иймээс Хариуцагч Б.Г, Х.М нар нь оршин суугаа хаягтаа байгаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д зааснаар Ө сумын 5 дугаар багийн Засаг даргад мэдэгдэх хуудас хүргүүлсэн ба тус багийн Засаг дарга Х.Каморов нь хариуцагч нар Казахстан Улс руу явсан тухай тодорхойлолт гаргаж өгсөн болно. /хх-286,288-290 хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-д зааснаар шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хариуцагч Б.Рад мэдэгдсэн боловч хариуцагч Б.Р нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно. /хх-287 хуудас/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн өмгөөлөгчийн хүсэлтээр хэргийг хариуцагч нарын эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүхээс зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь, Ө сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн 3930м.кв эзэмшил газраас Х.Мд 580 м.кв газрыг нэмж /120м.кв+580м.кв/ нийт 700м.кв газар эзэмшүүлсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 140 дугаартай захирамж, иргэн Б.Рад 397м.кв газрыг эзэмшүүлсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 501 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгосон нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 336 дугаартай захирамжаар нотлогдож байна.
1.Хариуцагч Б.Р нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 336 дугаар захирамжийн өөрт нь холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Б.Рын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. /хх-67-72 хуудас/.
2.Хариуцагч Х.М нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 336 дугаартай захирамжийн өөрт нь холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргасан боловч талууд эвлэрлийн гэрээ байгуулснаар захиргааны хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаартай Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Монгол Улсын Дээд Шүүхийн Шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр байна./хх-50-51 хуудас/
Энэ 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Д, нэхэмжлэгч Х.М нарын байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд Х.Мы эзэмшлийн 120м.кв газарт нэмж эзэмшүүлсэн 580м.кв газрын зарим хэсэг буюу 243 м.кв газар 2 дугаар цэцэрлэгийн газартай давхацсан, энэхүү давхацсан 243м.кв газрыг 2 дугаар цэцэрлэгийн эзэмшилд үлдээж, үлдсэн сул чөлөөтэй 337м.кв газрыг Х.Мы эзэмшлийн 120м.кв газарт нэмж нийт 457м.кв м газрыг эзэмшүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх-58 хуудас/
Улмаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/77 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар нэхэмжлэгч Х.Мд Ө сумын 5 дугаар багт кадастрын зургийн байршлын дагуу Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийнбаруун залгаа орших 2 давхар амины орон сууцны 457м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 23 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна./хх-57 хуудас/
3.Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/498 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар Монгол Улсын Дээд Шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаартай захирамжийн дагуу Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай 20044828 регистртэй Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эзэмшил газрыг хуучин хэмжээгээр нь тогтоож 3930м.кв газрыг төрийн байгууллагын зориулалтаар 51 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. /хх-114 хуудас/
Улмаар Ө сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгт Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/498 дугаартай захирамжийг үндэслэн, нэгж талбарын ************** дугаар бүхий 3930м.кв газрыг Ө сумын 5-р баг, Х 1-60 айлын орон сууцны хойд талд байршилтай газрыг 51 жилийн хугацаатай төрийн байгууллагын зориулалтаар эзэмшүүлэн Дугаар ************ Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ-г Баян-Өлгий аймгийн Газрын албанаас 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр олгож, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан байна./хх-191-195 хуудас/
Шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар шүүх хуралдаанд оролцогч нар гаргах эрхтэй тул хариуцагч Х.Мы шүүхэд бүрдүүлж өгсөн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 293 дугаартай Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч К.Болатын албан бичиг нь энэ хэрэгт хамааралгүй болно. /хх-281 хуудас/
Нэхэмжлэгч Ө сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эзэмшлийн 3930 м.кв газартай холбоотой үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 336 дугаартай, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/77 дугаартай, 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/498 дугаартай захирамжууд болон Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай шийдвэр, мөн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаартай Монгол Улсын Дээд Шүүхийн Шүүгчийн захирамж, 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5/327 дугаартай Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэг нь 3930м.кв газрыг өөрийн эзэмшлийнх гэдгийг, уг 3930 м.кв газраас хариуцагч Х.М, Б.Г, Х.Р нарын тус бүр газар эзэмших эрхтэй эсэхийг шүүхэд дахин нотлох шаардлагагүй болно. Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ө сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэг нь Х 1-60 айлын орон сууцны хойд талд байршилтай нэгж талбарын ************** дугаар бүхий 3930м.кв газрыг 51 жилийн хугацаатай төрийн байгууллагын зориулалтаар эзэмших эрхтэй болох нь тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шударга эзэмшигч байна. Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-нд зааснаар Шударга эзэмшигч Ө сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэг нь эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Ө сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эзэмшил бүхий 3930 м.кв газрын 397 м.кв талбайд Б.Рын хууль бус барьсан 13,14м урттай хашаа болон Х.Мы эзэмшлийн 22,95м.кв талбайтай автогарааш, мөн тус цэцэрлэгийн эзэмшлийн газрын 243м.кв талбайд Х.М, Б.Г нарын хууль бусаар барьсан 11,35м урттай хашаа болон 13.0м.кв талбайтай амбаар байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл болон Ө сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эзэмшил газарт хийсэн газрын хэмжилтийн схем зургаар тус тус нотлогдож байна. /хх-268-271 хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д зааснаар хариуцагч Б.Рад шүүхэд ирж хэргийн материалтай танилцах тухай албан ёсоор мэдэгдсэн боловч шүүхэд ирээгүй /хх-285 хуудас/, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр үзлэг хийхэд хариуцагч Х.М, Б.Р нар нь байлцсан боловч үзлэгийн тэмдэглэлд гарын үсэг зураагүй хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл-ийг нотлох баримтаар үнэлэхэд саад болохгүй гэж дүгнэв. /хх-268-270 хуудас/
Иймд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ө сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эзэмшил бүхий 3930м.кв газраас 3930м.кв газрын 397м.кв талбайд Б.Рын хууль бус барьсан 13,14м урттай хашаа болон Х.Мы эзэмшлийн 22,95м.кв талбайтай автогарааш, мөн тус цэцэрлэгийн эзэмшлийн газрын 243м.кв талбайд Х.М, Б.Г нарын хууль бусаар барьсан 11,35м урттай хашаа болон 13.0м.кв талбайтай амбаарыг тус тус албадан нүүлгэж эзэмшил газрыг чөлөөлөх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ө сумын Хүүхдийн 2 дугаар цэцэрлэг нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч Х.М, Б.Г нараас 35100 төгрөг, Б.Раас 35100 төгрөгийг тус тус гаргуулан бүгд 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-ийг баримтлан нэхэмжлэгч Ө сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эзэмшлийн 3930м.кв газрын 397м.кв талбайд Б.Рын хууль бус барьсан 13,14м урттай хашаа болон Х.Мы эзэмшлийн 22,95м.кв талбайтай автогарааш, мөн тус цэцэрлэгийн эзэмшлийн газрын 243м.кв талбайд Х.М, Б.Г нарын хууль бусаар барьсан 11,35м урттай хашаа болон 13.0м.кв талбайтай амбаарыг тус тус албадан нүүлгэж эзэмшил бүхий газрыг чөлөөлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ө сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэг нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Х.М, Б.Г нараас 35100 төгрөг, Б.Раас 35100 төгрөгийг тус тус гаргуулан, нийт 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК