| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/0180/Э |
| Дугаар | 0204 |
| Огноо | 2020-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 0204
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтлөн,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч П.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт Пын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Пын Д нь Монгол Улсын иргэн , 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гаалийн мэргэжилтэй, “...” ресторанд зөөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух бүртгэлтэй, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:
П.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 04 цагийн орчимд ... тоот гэртээ “гэртээ хоноогүй” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, улмаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай О.Эыг алгадаж, түлхэж унагаах зэргээр зодож, түүний эрүүл мэндэд зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины дотор булан, зүүн хөмсөг, зүүн ташаа, баруун чихний ард, баруун тохой, баруун бугалганд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Д мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1.Хохирогч О.Эын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн:
“...Хамтран амьдрагч Д бид хоёр 4-5 хоногийн хугацаанд гэр бүлийн маргаантай байсан. 2020 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 04 цагийн үед Д архи хэрэглэсэн байдалтай, нилээн ууртай гэртээ орж ирээд “чамтай ярих юм байна, унтаагүй байгааг чинь мэдэж байна” гээд оймс, углаашаа над руу шидсэн. Тэгэхээр нь би Дд “надад чамтай яриад байх юм байхгүй, ярих гээд байвал эрүүл болчихоод өглөө яриарай” гэж хэлтэл Д “би чамтай одоо ярьмаар байна” гэж хэлээд миний нөмөрч байсан хөнжлийг авч шидсэн. Тэр үед манай 2 хүүхэд ...айж сандраад босоод ирэхээр нь би “чи яах гэж шөнө орой болсон байхад хэрүүл хийж байдаг юм бэ, хүүхдүүд айгаад байна, би чамтай өглөө ярилцъя гэж хэлсэн шүү дээ” гэж хэлээд зүүн талын гар луу нь хүүхдийн хуванцар сандлаар 2-3 удаа цохисон. Д уурлаад миний цээж хэсэг рүү түлхэхэд би ор, хана хоёрын завсраар унасан. ...Миний толгой руу алгадаж цохисон, хөлөөрөө гэдэс, хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд Д унтлагын өрөө рүү 2 хүүхдийнхээ араас ороод 7 настай Энэрэлийг “яагаад уйлаад байгаа юм бэ, битгий орилоод бай, би чамайг зодсон уу” гээд байхаар нь Дыг “чи яагаад хүүхэд загнаад байгаа юм бэ, миний хүүхдээс хол бай” гэж хэлтэл миний зүүн хацар, шанаа орчим гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэр үед миний хамраас цус гараад, манарч байхдаа “цагдаа дуудаарай” гэж орилтол Д миний дээр гарч сууж, баруун гарын булчин, толгой руу гараараа цохисон. Бид албан ёсны гэр бүл биш. Хамт амьдраад 3 жил болж байна, дундаасаа нэг хүүхэдтэй. ...Зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины дотор булан, зүүн хөмсөгний гэмтлүүдийг гараараа нэг удаа цохиж учруулсан. Баруун тохой, зүүн шуу, зүүн ташаанд учирсан зулгаралт гэмтлүүдийг намайг түлхэх үед би шалан дээр унасан юм. Тэр үед үүсэх боломжтой. Баруун чихний ард талын зулгаралтыг толгой руу олон удаа алгадахад үүссэн байх. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар тал),
2. Шүүгдэгч П.Дын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“...Шөнийн 01 цаг 50 минутын үед гэрт ирэхэд эхнэр унтаж байхаар нь би гэрэл асаагаад “чамтай ярих юм байна, босоод ир” гэж хэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр эхнэр Э гэртээ ирээгүй хоногоор алга болсон болохоор нь “тэр үед чи хэнтэй, юу хийж, хаашаа явсан юм бэ” гэж асуутал эхнэр Э “одоо ярилцмааргүй байна” гэхээр нь би “одоо ярилцсан, маргааш өглөө ярилцах ямар ялгаа байна” гэхэд эхнэр дуугарахгүй байсан. Би эхнэрийг “чи айлын эмэгтэй хүн байж хоногоор алга болох чинь чинь зөв юм уу гэж асуутал дахиад над руу “дуугүй бай, чамтай харьцмааргүй байна” гэж хэлээд орноосоо босож ирэхээр нь би уурлаад түлхтэл эхнэр О.Э ор, хана хоёрын завсраар унасан. Эхнэр уурлаад сандлаар мөр рүү 2-3 удаа цохихоор нь би сандлыг нь булааж аваад гараараа нэг удаа зүүн талын хацар руу нь алгадсан. ...Бид хамт амьдраад 4 жил болж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-84 дүгээр тал),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1793 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн хацар нилэнхүйдээ хавдсан, зүүн хацарт 7х4.5 см, зүүн зовхины дотор буланд 4х2 см, зүүн хөмсөгт 3х2 см хэмжээтэй шар ногоон өнгийн цус хуралттай. Зүүн шууны ар дээд хэсэгт 7х1.5 см хүрэн улаан зулгаралт, зүүн ташаанд 7х5 см шар ногоон өнгийн цус хуралттай, баруун чихний ард хөхлөг орчим 8х5 см, баруун тохойд 4х3 см, баруун бугалганы гадна дээд хэсэгт 3х5.2 см, 1х1.5 см хэмжээтэй шар ногоон өнгийн цус хуралттай.
Дүгнэлт: О.Эын биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины дотор булан, зүүн хөмсөг, зүүн ташаа, баруун чихний ард, баруун тохой, баруун бугалганд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Т.Номинцэцэг/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),
4. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны хамтарсан багийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 5 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 51-53 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 54-58 дугаар тал),
5. Шүүгдэгч П.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 61 дүгээр тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 26 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 29 дүгээр тал), 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 27 дугаар тал), шүүгдэгчийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дүгээр тал), эд хөрөнгө бүртгэлтэй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 28 дугаар тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй тухайн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 30 дугаар тал), “Brown house” рестораны “...П.Д нь тус байгууллагад ажилладаг тухай” тодорхойлолт (хавтаст хэргийн 32-33 дугаар тал), шүүгдэгчийн “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 35-49 дүгээр тал), хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай оролцогчдын хүсэлт (хавтаст хэргийн 93-94 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч П.Д нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд П.Дд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч П.Д нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэрээ зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч П.Д нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.Дд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч П.Д, хохирогч О.Э нар 2016 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байх ба, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна.
Шүүгдэгч П.Д нь нь 2020 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 04 цагийн орчимд ... тоот дахь өөрийн гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн ирж, хамтран амьдрагч О.Эыг “чи өмнөх өдөр гэртээ ирж хоносонгүй” гэх шалтгааны улмаас алгадах, түлхэж унагаах зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины дотор булан, зүүн хөмсөг, зүүн ташаа, баруун чихний ард, баруун тохой, баруун бугалганд цус хуралт, зүүн шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:
-хохирогч О.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 04 цагийн үед Д архи хэрэглэсэн байдалтай, нилээн ууртай орж ирээд “чамтай ярих юм байна гээд оймс, углаашаа над руу шидэж, ... нөмөрч байсан хөнжлийг авч шидсэн. ...би “чамтай өглөө ярилцъя гэж хэлсэн шүү дээ” гэж хэлээд зүүн талын гар луу нь хүүхдийн хуванцар сандлаар 2-3 удаа цохиод “цаад өрөө рүү орж унт” гээд хөөсөн. Д уурлаад миний цээж хэсэг рүү түлхэхэд би ор, хана хоёрын завсраар унасан. ...“цагдаа дуудаарай” гэж орилтол Д миний баруун гарын булчин, толгой руу гараараа цохисон. ...Зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины дотор булан, зүүн хөмсөг гэсэн гэмтлүүдийг гараараа нэг удаа цохиж учруулсан. Баруун тохой, зүүн шуу, зүүн ташаанд учирсан зулгаралт гэмтлүүдийг намайг түлхэх үед би шалан дээр унасан юм. Тэр үед үүсэх боломжтой. Баруун чихний ард талын зулгаралтыг толгой руу олон удаа алгадахад үүссэн байх. Дээрх гэмтлүүдийг Д намайг зодож учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар тал),
-шүүгдэгч П.Дын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би эхнэрийг “чи айлын эмэгтэй хүн байж хоногоор алга болох чинь чинь зөв юм уу гэж асуутал ...над руу “дуугүй бай, чамтай харьцмааргүй байна” гэж хэлэхэд ...би уурлаад түлхтэл эхнэр О.Э ор, хана хоёрын завсраар унасан. Эхнэр уурлаад сандлаар мөр рүү 2-3 удаа цохихоор нь би сандлыг нь булааж аваад гараараа 1 удаа зүүн талын хацар руу нь алгадсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-84 дүгээр тал),
-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1793 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны хамтарсан багийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 5 дугаартай хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 51-53 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 54-58 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.
Шүүгдэгч П.Д нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч О.Эыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч П.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч П.Д нь хохирогч О.Эын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч О.Э нь хохирол нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг шүүхийн тогтоолд дурдав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч П.Дтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч П.Д нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч П.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байна.
Шүүгдэгч П.Дд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч П.Д нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 41 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр танилцуулахад, яллагдагч нь зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Иймд шүүгдэгч П.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзан шүүгдэгч П.Дд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3.Бусад асуудлаар:
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Пын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч О.Э нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч П.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА