Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 195

 

 

 

 

 

 

 

   2020          02                20                                 195

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогч: М.Х, түүний хэлмэрч П.Сайнбаяр,

иргэний хариуцагч: М.Ө,

шүүгдэгч: А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бод холбогдох эрүүгийн 1903 0141 10046 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, лифтчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,

2001 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 620 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,  Б.

 

           Шүүгдэгч А.Б нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10 цаг 30 минутын орчимд Баянгол  дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны баруун талын замд “Хюьндай Грейс” загварын 73-18 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Хг мөргөн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдэснээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-А.Б мэдүүлэхдээ:

Би 5 жил тээврийн хэрэгсэл жолоодож байна. Тухайн үед би цэвэр ус түгээлтийн ажил хийж байсан. Машиндаа суугаад баруун, зүүн гар талын толиндоо харсан. Харин миний машин голын толиндоо хойд талаа харах боломжгүй, машины ар тал цантсан байсан. Миний машины хоёр талын толинд хүн харагдаагүй. Ус ачиж явдаг учраас машины арын цонх байнга цанатай байдаг. Хэрэг болсоны дараа хохирогчийг улсын эмнэлэгт үзүүлэх гэсэн боловч улсын эмнэлэг хүлээж аваагүй тул хувийн эмнэлэгт эмчлүүлсэн. 1 058 750 төгрөг өгсөн. Дараа нь мөн 500 000 төгрөг нэмж өгсөн. Хойшид хохирогч эмчилгээ хийлгэвэл туслаж дэмжих болно гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-М.Х мэдүүлэхдээ:

Анх осолд орсоны дараа миний бие хүнд байсан. Одоо ч хэвийн бус байгаа. Хэвтэхэд хүндрэлтэй байдаг. Ойр зуурын юм хийх үед зовиуртай байна. Эмнэлэгт очиж үзүүлэх гэхээр хот сайн мэдэхгүй учраас хүний тусламжтайгаар явдаг. Дахин эмчилгээ хийлгэх гэхээр явж чадахгүй хүндрэлтэй байгаа. Заримдаа бие огцом өвддөг. Хохирол төлбөрт 1 800 000 төгрөг авсан. Одоогоор надад эмчид үзүүлсэн баримт байхгүй. Эмнэлэгээр явж амжаагүй, дахиад нурууны зураг авхуулаад ямар эмчилгээ хийлгэх талаар зөвлөгөө авмаар байна. Өмнө нь би СӨХ-д орцны жижүүр хийж байсан. Одоо эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ажил хийж чадахгүй гэртээ байгаа. Надад шинээр гаргаж өгөх баримт байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардалаа нэхэмжлэнэ. Одоогоор би 31 дүгээр байрны СӨХ-ийн 0 тоотыг дүүтэйгээ хамт сарын 95 000 төгрөгөөр түрээслэж амьдардаг. Дүү маань ажил хийдэггүй юм. Гомдотой байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч-М.Ө мэдүүлэхдээ:

Тус тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг бөгөөд манай ахын компани учраас төлбөр өгөхгүй машинаа компанид байлгадаг. Хохирогчид миний зүгээс ямар нэгэн байдлаар хохирол төлбөр төлөөгүй. Хохирогч эмчилгээ хийлгэвэл түүнтэй холбоотой хохирол төлбөрийг төлнө гэв. 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 272 тоот дүгнэлтэд:

           1. М.Хгийн биед сээрний 12 дугаар нугалам, бүсэлхийн 1 дүгээр нугалам, бүсэлхийн L2 дугаар нугламайн их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн L1 нугалмайн баруун хажуу болон арын сэртэн, бүсэлхийн L2 нугалмайн баруун хажуу сэртэнгийн зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

           5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэжээ. (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас)

 

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинээчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 39 тоот дүгнэлтэд:

1. “Хюьндай Грейс” загварын 73-18 УБП улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч А.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-т заасан “жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан “эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” тав/. Гадна талын гэрэлтүүлэг хэрэгсэл 5.1. гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим, гэрэлтүүлэх хүч нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохирохгүй, 5.3. гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч М.Х нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл, гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Хюьндай Грейс загварын 73-18 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осол гаргах үедээ хэдэн км/цагийн хурдтай явсаныг тодорхойлох боломжгүй байна гэжээ. (хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

А.Б нь 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 620 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 84 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10 цаг 30 минутын орчимд Баянгол  дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны баруун талын замд “Хюьндай Грейс” загварын 73-18 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Хг мөргөн эрүүл мэндэд сээрний 12 дугаар нугалам, бүсэлхийн 1 дүгээр нугалам, бүсэлхийн L2 дугаар нугламайн их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн L1 нугалмайн баруун хажуу болон арын сэртэн, бүсэлхийн L2 нугалмайн баруун хажуу сэртэнгийн зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Х, иргэний хариуцагч М.Ө нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 272 тоот дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны техникийн шинээчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 39 тоот дүгнэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, өвчний түүх, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, бүсэлхийн нурууны комьпютер томографийн шинжилгээний хуулбар, сувилгааны тэмдэглэл, зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Тээврийн прокурорын газраас А.Бын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтыг хэрэгт гаргаагүй боловч шүүгдэгч нь эмчилгээний зардалд 1 558 750 төгрөг төлсөнийг хохирогч хүлээн зөвшөөрч байна.

 

А.Быг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой хохирлыг төлсөн гэж үзэв.

 

Хохирогч М.Х нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хор уршигийг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шийтгэх тогтоол хүчин хуулийн төгөлдөр болмогц А.Бын 972052 дугаартай В, C ангиллын жолооны үнэмлэхийг түүнд буцаан олгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Жавхлант овогт Авидын Быг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Быг ........ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ......... 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч М.Х нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин хуулийн төгөлдөр болмогц А.Бын 972052 дугаартай В, C ангиллын жолооны үнэмлэхийг түүнд буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН