Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 0223

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч Б.Г, өмгөөлөгч Л.Батаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Бгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... дугаартай, эрүүгийн нэг хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Бгийн Г нь Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 549 дугаар тогтоолоор 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 17 хоногийн хорих ялаас 3 жилийг өршөөн хасаж, үлдсэн 2 сар 17 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж, 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 109 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 91 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 08 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон (РД:ВЮ87122471).

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Б.Г нь согтуугаар 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 14 цагийн орчимд ... тоотод хамт архи уусан Б.Эыг “жаахан хүүхэдтэй айлд бусадтай хэрэлдлээ” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, Б.Эыг гэрээс гарч, хашааны хаалгаар гарах үед нь түүний хэвлий, нуруу, баруун бугалган тус газар нь гурван удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр буюу хохирогчийн биед олон тооны шарх үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гаас: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан боло хэрэгт цугларсан нотлох баримтууд:

  1. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд:

“...Иргэн Б.Э хутгалуулсан гэх хутгыг хайхад. ...хана дагуу байх модон жижиг сандлын доороос эвхдэг загварын саарал өнгийн жижиг хутга гарч ирсэн. ...” гэсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-9 дүгээр тал),

 

2. 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэлд:

“...Хохирогч Б.Эы өмсөж явсан гэх шар саарал өнгийн фудволкод үзлэг хийхэд зүүн суганд 3х3 см хэмжээтэй цус мэт хүрэн өнгийн зүйл, баруун мөрний дээр 10х2 см цус мэт хүрэн өнгийн зүйл, энгэр дээрээ 2х2 см цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, мөн хэсэгт 0.7 см урагдал, цоорхойтой. ...Фудволкыг эргүүлж газар тавиад үзлэгийг цааш хийхэд ар нурууны хэсэгт 20х30 см хэмжээтэй талбайд цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, захнаас доош 10 см зайд 1 см урагдсан цоорхойтой. ...” гэсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал), 

 

3. Хохирогч Б.Эы мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өгсөн:

            “...2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ичинхорлоо над руу утсаар яриад “би хөдөөнөөс ирсэн байна, чамтай уулзмаар байна” гэж хэлэхээр нь би хариуд нь “ажилтай байна, маргааш уулзъя” гэсэн. Маргааш өглөө нь ажлаасаа буугаад явж байхад Ичинхорлоо надруу 11 цагийн үед утсаар яриад “Одгэрэлийн гэрт хүрээд ир” гэж хэлсэн. Би Одгэрэлийн гэрт 12 цагийн үед явж очсон. Одгэрэлийн гэрт ороход Г, Одгэрэл, Ичинхорлоо гурав архи үнэртүүлсэн сууж байсан. Ичинхорлоо надад архи авч өгнө гээд Гыг архинд явуулаад 0.75 литрийн архи авчирсан. Бид дөрөв архиа хувааж уугаад дууссан. Би шөнө нойргүй хоносон байсан болохоор их хурдан согтсон. Ичинхорлоо намайг “хамт амьдраач” гэж хэлэхээр нь би “эхнэр хүүхэдтэй, чамтай амьдарч чадахгүй” гэж хэлсэн. Тэр үед Г Ичинхорлоо бид хоёрыг гарч хэрүүлээ хий гэж хэлсэн. Би зуухны ард байсан хутгыг далд хий гэж Одгэрэлд хэлсэн. Гыг гарч уулзъя гэж хэлсэн. Би гэрээс түрүүлж гараад хашааны хаалгаар гарах гэж байхад Г миний ар нуруу руу хутгалсан. Эргэж харахад хэвлий рүү хутгаар хатгасан. Нэг мэдсэн чинь би гадаа хашаа налаад сууж байхад Ичинхорлоо, Одгэрэл хоёр намайг дуудаж сэрээсэн. Удалгүй цагдаа, түргэний эмч ирсэн. Эмнэлэг дээр очиж миний нуруунд 4 оёдол, суганд хоёр, гэдсэнд хоёр оёдол тус бүр тавьж боолт хийсэн. Эмч зургийг нь авч үзээд дотогш хутга нь нэвтрээгүй байна гэж хэлсэн. Би Г гэж хүнийг танихгүй. Г бид хоёрын дунд өш хонзон, маргаантай асуудал байхгүй. Намайг ямар шалтгаанаар хутгалсныг мэдэхгүй. Миний биед учирсан гэмтлүүдийг Г гэх хүн хутгалж учруулсан. Би Гт гар хүрч, цохиогүй. Г 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр миний данс руу хохирлын 350.000 төгрөг шилжүүлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал),

 

            4. Гэрч Б.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн:

            “...Би Гыг гэртээ хүүхэд харуулах гэж дуудсан юм. Г манай гэрт 01 дүгээр сарын 28-ны өдөр ирсэн. Ичинхорлоо гэж эмэгтэй манайд 01 дүгээр сарын 27-ны өдөр ирсэн. Би өчигдөр ажил дээрээ байж байхад 17 цагийн үед эхнэр Одгэрэл над руу утсаар яриад Г Сайхнааг хутгалчихлаа, цагдаа ирээд аваад явсан гэж хэлсэн. Би гэртээ ирэхэд эхнэр архи уусан, халамцуу байсан. Эхнэр надад хэлэхдээ Г, Ичинхоролоо, Сайхнаа бид дөрөв архи уугаад Г, Сайхнаа хоёр муудалцсан. Гэрээс гараад Г Сайхнааг хутгалсан байна гэж хэлсэн.

Би Г гэж хүний төрсөн ах, бид эхээсээ тавуулаа юм. Г 1987 онд Завхан аймагт төрсөн. Баянхонгор аймгийн Баацагаан суманд хөдөө мал дээр байсан. Суруульд сураагүй. Манайх 2001 онд Улаанбаатар хотод шилжиж ирсэн. Г барилга дээр туслах ажил хийдэг. Урьд нь хоёр удаа ял шийтгэл эдэлж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал),

 

5. Гэрч Д.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:

            “...Эгч Ичинхорлоо 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хөдөөнөөс манайд ирсэн юм. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний 10 цагийн үед манай нөхрийн дүү Г манайд ирсэн. Гт хүүхдүүдээ харуулж үлдээгээд би Ичинхорлоо эгчийн хамт эмийн сан орж эм аваад ирэх замдаа дэлгүүр орж 0.75 литрийн нэг шил архи авсан. Г, Ичинхорлоо бид гурав авсан архиа хувааж уусан. Ичинхорлоо Этай утсаар “хаана явж байгаа юм, ирэх юм уу” гээд ярьж байсан. Ичинхорлоо Эд архи авч өгнө гээд гарч яваад 0.75 литрийн архи авч ирсэн. Бид дөрөв авсан архийг нь хувааж уугаад дуусах гэж байхад Ичинхорлоо, Э хоёр урьдын амьдралаа яриад хоорондоо маргалдаад, хоёр биенийгээ янз бүрийн үгээр хараагаад байсан. Тэр үед Г тэр хоёрт хандаж “та хоёр бөгсний хэрүүлээ гэрээс гарч хий, нялх хүүхэдтэй айлд байж” гэж шаардлага тавихад Э Гыг “гараад ир банди минь” гэж хэлээд өөрөө түрүүлээд гарсан. Г араас нь гараад явсан. Удалгүй 1-2 минутын дараа Г гэрт орж ирээд “би Эыг хутгаар хатгачихлаа” гэж хэлэхээр нь би гүйгээд гарахад Э хашааны үүдэнд хөлөө жийгээд сууж байсан. Би Э дээр явж очоод “хаана чинь хутгалсан юм бэ” гэж хэлээд куртикийг нь тэмтэрч үзэхэд Э зүүн дал руугаа гараараа заахаар нь эргүүлээд нурууг нь харахад нурууны ар хэсгээс нь цус гарч байсан. Удалгүй цагдаа, түргэний машин ирсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал),

 

            6. Гэрч Д.Ичинхорлоогийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн:

            “...Би танил дүү Ганбаатарын Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 39-3 тоот гэрт нь ирсэн. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ганбаатарын гэрт байж байгаад найз Сайхнаатай утсаар яриад дуудахад Сайхнаа 11 цагийн үед ирсэн. Би дэлгүүр гарч 0.75 литрийн хоёр шил архи авч Сайхнаа, Г, Одгэрэл бид хувааж уусан. Нилээн согтсон сууж байхад гадаа Г “би Сайхнаа ахыг хутгалчихлаа” гэж хэлээд орилох чимээ гарсан. Би гараад очиход Сайхнаа хашаа налаад сууж байхаар нь очоод “хаана чинь хутгалсан юм бэ” гэхэд “би зүгээр ээ” гээд байсан. Би гадуур хувцсыг нь сөхөж үзэхэд зүүн далнаас нь цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),

 

            7. Шүүгдэгч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ах Ганбаатар над руу утсаар яриад “чи манай гэрт хүрээд ир, би ажилтай байна, чи эгчдээ усыг нь зөөж, гал түлж өгөөд манай гэрт байж байгаач” гэсэн. Би 01 дүгээр сарын 28-ны өглөө 10 цагийн үед ах Ганбаатарын гэрт ирэхэд Одгэрэл эгч гурван хүүхдийн хамт, мөн миний зүс таньдаг Ичинхорлоо гэж эмэгтэйтэй хамт байсан. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө Ичинхорлоо босоод нэг хүнтэй утсаар яриад “хүрээд ир” гэж дуудаад байсан. Удалгүй Ичинхорлоо, бэр Одгэрэл хоёр эмийн сан орж эм авч ирнэ гээд гарч яваад буцаж орж ирэхдээ 0.75 литрийн архи авч ирээд бид гурав хувааж уусан. Өдөр 12 цагийн үед Ичинхорлоогийн утсаар дуудсан зүс танихгүй залуу Б.Э ирсэн. Ичинхорлоо дахиж 0.75 литрийн нэг шил архи дэлгүүрээс авч ирсэн. Бид архийг хувааж уусан. Ичинхорлоо эгч согтоод Этай урьдын амьдралаа яриад тэр хоёр хоорондоо хэрэлдээд, янз бүрийн хараалын үг хэлээд байсан. Би Э, Ичинхорлоо хоёрт хандаж “та хоёр хэрүүлээ боль, жаахан хүүхдүүдтэй айлд байж” гэж хэлэхэд Э над руу уурлаад намайг “дуугай байгаарай банди минь, гарч уулзъя, чамайг ална” гэж хэлээд өөрөө түрүүлээд гарсан. Би араас нь гарсан. Э хашааны хаалгаар гарах гэж байхад нь би Эаас айгаад халаасандаа байсан хутгаараа Эыг айлгах гээд нуруу руу нь нэг удаа хатгахад Э эргэж хараад намайг бариад авахаар нь би ноцолдож байгаад хэвлий, баруун бугалгыг нь хутгаараа зүссэн байна лээ. Гэрт ороод Ичинхорлоо, Одгэрэл хоёрт Эыг хутгалснаа хэлсэн. Тэр хоёр гүйж гараад цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан. ...Би Эы араас нь гарахдаа зуухны хажууд байсан хутгыг халаасандаа хийгээд гарсан. Сайхнаа том биетэй болохоор нь би айгаад зодуулахаасаа өмнө хутгалсан юм. Сайхнаа надад гар хүрч, цохисон асуудал байхгүй. Би Эы биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Эаас уучлал гуйж, хохирлын мөнгө 500.000 төгрөгийг хоёр хувааж өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар тал),

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2157 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Хэвлийн зүүн дээд хэсэгт 1х0.2 см, нурууны дээд дунд хэсэгт 1.5х0.2 см, баруун бугалганы дотор дээд хэсэгт 1х0.2 см зах ирмэг тэгш оёдол тавигдсан шархтай, шархнуудад боолт хийгдсэн. Баруун бугалганы урд дээд хэсэгт 15х14 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай.

Цэргийн төв эмнэлгийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн үзлэгт: Хутгалуулсан газраар өвдөнө, ...АД/130/90, Хэсэг газрын үзлэгт: зүүн хавирганы нум орчим, баруун бугалга суганы орчим, мөн хоёр далны дунд хутгалагдсан шархнуудтай.

 

ДҮГНЭЛТ: “...-Б.Эы биед хэвлий, нуруу, баруун бугалганд шарх, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /Шинжээч эмч Т.Чимэд-Очир/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дугаар тал),

 

9. Б.Эд 150.000 төгрөг шилжүүлсэн талаарх төлбөрийн баримт (хавтаст хэргийн 59-60 дугаар тал), хохирлын мөнгө хүлээн авсан тухай хохирогч Б.Эы хүсэлт (хавтаст хэргийн 101 дүгээр тал),  яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 94-95 дугаар тал),

 

10. Шүүгдэгч Б.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 65 дугаар тал), шийтгэх тогтоолуудын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 70-91 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 55 дугаар тал), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 57-58 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч  Б.Г нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Гт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Б.Г нь согтуугаар 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 14 цагийн орчимд ... тоотод согтуурсан үедээ Б.Этай“жаахан хүүхэдтэй айлд бусадтай хэрэлдлээ” гэх шалтгаанаар маргалдан, улмаар Б.Эы хэвлий, нуруу, баруун бугалган тус газарт гурван удаа хутгалж, хохирогчийн биед олон тооны шарх үүсгэж, онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг;

Өмгөөлөгч Л.Батаа “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, дүгнэлтдээ шүүгдэгч Б.Г нь гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тайлбар хийж, дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Гын холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Г нь нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 14 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан үедээ ... тоотод хамт архи уусан Б.Этай “жаахан хүүхэдтэй айлд бусадтай хэрэлдлээ” гэх шалтгаанаар маргалдан, улмаар иргэн Б.Эы биед хэвлий, нуруу, баруун бугалган тус газар нь гурван удаа хутгалж, хохирогчийн биед олон тооны шарх үүсгэж, онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь хэвлий, нуруу, баруун бугалганд шарх, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:

-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-9 дүгээр тал),

-хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-11 дүгээр тал), 

-хохирогч Б.Эы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г Ичинхорлоо бид хоерыг гарч хэрүүлээ хий гэж хэлсэн. Би ...Гыг гарч уулзъя гэж хэлсэн. Би гэрээс түрүүлж гараад хашааны хаалгаар гарах гэж байхад Г миний ар нуруу руу хутгалсан. Эргэж харахад хэвлий рүү хутгаар хатгасан. ...Миний биед учруулсан гэмтлүүдийг Г гэх хүн хутгалж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал),

            -гэрч Б.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Гыг гэртээ хүүхэд харуулах гэж дуудсан юм. Г манай гэрт 01 дүгээр сарын 28-ны өдөр ирсэн. Ичинхорлоо гэж эмэгтэй манайд 01 дүгээр сарын 27-ны өдөр ирсэн. ...Эхнэр надад хэлэхдээ Г, Ичинхорлоо, Сайхнаа бид архи уугаад Г, Сайхнаа хоёр муудалцсан. Г Сайхнааг хутгалсан байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал),

-гэрч Д.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ичинхорлоо, Э хоёр урьдын амьдралаа яриад хоорондоо маргалдаад, хоёр биенийгээ үгээр хараагаад байсан. Г тэр хоёрт хандаж “та хоёр бөгсний хэрүүлээ гэрээс гарч хий, нялх хүүхэдтэй айлд байж” гэж шаардлага тавихад Э Гыг “гараад ир банди минь” гэж хэлээд өөрөө түрүүлээд гарсан. Г араас нь гараад явсан. Удалгүй 1-2 минутын дараа Г гэрт орж ирээд “би Эыг хутгаар хатгачихлаа” гэж хэлсэн. Би гүйгээд гарахад Э хашааны үүдэнд хөлөө жийгээд сууж байсан. Би Э дээр явж очоод “хаана чинь хутгалсан юм бэ” гэж хэлээд куртикийг нь тэмтэрч үзэхэд Э өөрөө зүүн далруугаа гараа заахаар нь эргүүлээд нурууг нь харахад нурууны ар хэсэгт куртик нь нэвтрээд цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал),

            -гэрч Д.Ичинхорлоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сайхнаа, Г, Одгэрэл бид архи хувааж уусан. ...Г “би Сайхнаа ахыг хутгалчихлаа” гэж хэлээд орилох чимээ гарсан. Би гараад очиход Сайхнаа хашаа налаад сууж байхаар нь очоод “чиний хаана чинь хутгалсан юм бэ” гэж хэлэхэд “би зүгээр ээ” гээд байсан. Би гадуур хувцсыг нь сөхөж үзэхэд зүүн далнаас нь цус гарч байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),

            -шүүгдэгч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 01 дүгээр сарын 28-ны 10 цагийн үед ах Ганбаатарын гэрт ирэхэд Одгэрэл эгч гурван хүүхдийн хамт, мөн миний зүс таньдаг Ичинхорлоо гэж эмэгтэйтэй хамт байсан. ..зүс танихгүй залуу Б.Э ирсэн. Бид архи хувааж уусан. Ичинхорлоо эгч согтоод Этай урьдын амьдралаа яриад тэр хоёр хэрэлдээд, хараалын үг хэлээд байсан. Би Э, Ичинхорлоо хоёрт хандаж “та хоёр хэрүүлээ боль, жаахан хүүхдүүдтэй айлд байж” гэж хэлэхэд Э “дуугай байгаарай банди минь, гарч уулзъя, чамайг ална” гэж хэлээд өөрөө түрүүлээд гарсан. Би араас нь гарсан. Э хашааны хаалгаар гарах гэж байхад би Эаас айгаад халаасандаа байсан хутгаараа айлгах гээд нуруу руу нь нэг удаа хатгахад Э эргэж хараад намайг бариад авахаар нь би ноцолдож байгаад хэвлий, баруун бугалгыг нь хутгаараа зүссэн. Гэрт ороод Ичинхорлоо, Одгэрэл хоёрт Эыг хутгалснаа хэлсэн. ...Би Эы араас нь гарахдаа зуухны хажууд байсан хутгыг халаасандаа хийгээд гарсан. ...би айгаад зодуулахаасаа өмнө хутгалсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар тал),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2157 дугаартай дүгнэлтэд “...Б.Эы биед хэвлий, нуруу, баруун бугалганд шарх, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дугаар тал), яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 94-95 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч Б.Г, хохирогч Б.Э нарын хэн аль нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь нөлөөлжээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Онц харгис хэрцгийгээр гэдгийг хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэх, өвтгөн шаналгах, тарчилган зовоох зэргийг ойлгох ба шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Гын биед олон тооны гэмтэл учирсан 3 удаагийн зүсэгдсэн шархтай болох нь тогтоогдсон, гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх бөгөөд, уг гэмтлийг шүүгдэгч Б.Г нь мэс буюу хутга хэрэглэж үйлджээ.

Шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Эд онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Гыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2015 онд шинэчлэн найруулсан, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” талаар заасан ба, дээрх хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон, 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт “санаатай” гэсэн нэмэлт орсон бөгөөд энэхүү хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь түүний эрх зүйн байдал дордохгүй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Эы бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч Б.Г нь хохирол нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Эд 500.000 төгрөг төлж барагдуулсан болох нь 150.000 төгрөг төлсөн төлбөрийн баримт, 350.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /хх59-60/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас дүгнэлтдээ шүүгдэгч Б.Гтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.Г, өмгөөлөгч Л.Батаа нар улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч Б.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 2007, 2013 онд ял шийтгүүлж байсан байх боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүхээс шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Б.Г нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт  гаргасныг прокурор 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 65 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Г  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд шүүгдэгч Б.Гыг 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3.Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга, цусны толбо бүхий саарал өнгийн фудволк тус бүр 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 650 (зургаан зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм) цагаас дээшгүй  хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн ... тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Эд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга, цусны толбо бүхий саарал өнгийн фудволк тус бүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА