Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 130/ШШ2016/00643

 

Хариуцагч хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай                       

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт байрлалтай, утас *********, регистрийн дугаар *******, Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /захирал З.Ү/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух, утас **********, РД:**************, Ж Е овогт Мын Д,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух, утас ***********, РД:**************, Н овогт Дийн А нарт холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үлдэгдэл 7758516 /долоон сая долоон зуун тавин найман мянга таван зуун арван зургаан/ төгрөгийг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал З.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Д, Д.А нар нь Х банкны Баян-Өлгий салбараас 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 8,201,024 /Найман сая хоёр зуун нэг мянган хорин дөрөв/ төгрөгийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 909,275 төгрөг, зээлийн хүүд 558,475 төгрөг, нийт 1,467,750 төгрөгийг төлж барагдуулсан болно. Хариуцагч М.Д нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл нь 72 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд байна. Иймд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 7291749 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 464592 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2175 төгрөг, нийт 7758516 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Д, Д.А нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Бид 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр цалингийн зээл авсан юм. Тухайн үед Д Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын харуулаар ажиллаж байсан ба ажиллаж байсан хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй бөгөөд банкны санаачлагаар ажлаас гэнэт халагдсан болно. Цалингийн зээлийг цалингийн оролгоор төлж байсан ба цалингийн орлогогүй болсон тул уг зээлийг төлж чадаагүй болно. Бид авсан зээлийг иргэний үүргээ ухамсарлан ямар нэгэн аргаар 7758516 /долоон сая долоон зуун тавин найман мянга таван зуун арван зургаан/ төгрөгийг төлж барагдуулах болно. Иймд хариуцагч бид нэхэмжлэлийн шаардалагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч М.Д, Д.А нар нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч зээлийн нийт төлбөр 7758516 /долоон сая долоон зуун тавин найман мянга таван зуун арван зургаан/ төгрөгийг төлж өгөх тухай тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн ****************** дугаартай Барьцаат зээлийн гэрээний 2 дугаар хавсралтад барьцаа хөрөнгийн жагсаалтыг гаргасан боловч тоо хэмжээ, ялгагдах шинж, хөрөнгийн чанар байршил, хөрөнгийн үнийг тусгаагүй байна. Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллаааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн үнэлгээг зээлийн гэрээ байгуулахдаа харилцан тохиролцоно гэж заасныг зөрчсөн тул Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцээгүй байна.

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139086 төгрөгийн тал нь болох 149380 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын ************ дугаартай данснаас 69543 төгрөг, мөн хариуцагч М.Д, Д.А нараас 69543 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ж Е овогт Мын Д, Н овогт Дийн А нар нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрч, зээлийн нийт төлбөр 7758516 /долоон сая долоон зуун тавин найман мянга таван зуун арван зургаан/ төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139086 төгрөгийн тал нь болох 149380 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын ************ дугаартай данснаас 69543 төгрөг, мөн хариуцагч М.Д, Д.А нараас 69543 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Д, Д.А нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МАНГИЛИК