Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 095

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,     

улсын яллагч С.Мөнхгэрэл,       

шүүгдэгч Г.А , түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н  овогт Г-ийн  А  холбогдох эрүүгийн 1902009920014 дугаартай, 187/2020/0084/Э индекстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .....оны ... дүгээр сарын .....-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, ....настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..... хамт Хан-Уул дүүргийн .... хороо ......  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Н  овогт Г-ийн  А   /РД:.........../  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/  

Шүүгдэгч Г-ийн  А   нь 2019 оны 10 дугаар сарын 15-20-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 85 граммын жинтэй ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисоо 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хорооллын И7-05-01 тоотод хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г-ийн  А   нь 2019 оны 10 дугаар сарын 15-20-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 85 граммын жинтэй ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисоо 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хорооллын И7-05-01 тоотод хадгалсан болох нь:  

1. Шүүгдэгч Г.А ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/    

2. ...шкафны доод нүднээс 27.1 грмм жинтэй өвс мэт зүйл, уг тавиурын дээд талын нүднээс 122.5 грамм жинтэй, 0.5 литрийн хуванцар савтай нойтон ургамал мэт зүйл зэрэг байсныг эд мөрийн баримтаар хураан авлаа...” гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-7х/

3. “...бодис хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав...” гэх хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 10-12х/

4. "...Г.А  "би биедээ мансууруулах бодис хадгалж байгаа” гэж хэлээд өөрийн өмсөж явсан саарал өнгийн куртикны гадна талын баруун халааснаас цэнхэр уутанд боосон ургамал мэт зүйлийг сайн дураараа гаргаж өгснийг стандарт бус жин дээр жинлэхэд 8.5 грамм хэмжээг заасныг гэрэл зургаар бэхжүүлж, уг ургамал мэт зүйлийг эд мөрийн баримтаар хураан авч..." гэсэн хүний /Г.А / биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-8-9/    

5. "...Шинжилгээнд ирүүлсэн хуванцар савтай шээсний дээжүүд нь хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Танзориг А   гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол/ТНС/ илрэв. Шинжилгээнд ирүүлсэн “Алтангадас Нямбаяр” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол/ТНС/ илрэв. З.Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг...” гэсэн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 82 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх- ийн 37-39/

6. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан хар өнгийн ууттай ургамал мэт зүйл, 3 гэж дугаарласан ханыг нь цоолж хуйлсан мөнгөн дэвсгэрт, тугалган цаас хийсэн 0,5 литрийн хэмжээтэй хуванцар сав, 4 гэж дугаарласан цэнхэр өнгийн ууттай ургамал мэт зүйл. 5 гэж дугаарласан ууттай цагаан өнгийн нунтаг бодис зэрэг шинжилгээнд тэнцэнэ. 

Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан хуванцар савтай 65 г ургамал мэт зүйл , “2” гэж дугаарласан хар өнгийн ууттай 15 г ургамал мэт зүйл, “3” гэж дугаарласан ханыг нь цоолж хуйлсан дотор хэсэг нь бохирлогдсон байдалтай 20- тын АИ376807 серийн дугаартай мөнгөн дэвсгэрт, бортого хэлбэртэй тугалган цаасанд 0.5 литрийн хуванцар сав, “4" гэж дугаарласан цэнхэр өнгийн уутны 5 г ургамал мэт зүйл тус тус дельта-9-тетрагидроканнабинол ...илрэв. “5” гэж дугаарласан 0,0928 г цагаан өнгийн нунтаг бодист декстрометорфан...илрэв.

Дельта-9-тетрагидроканнабинол...нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг...Декстрометорфан...нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд хамаарахгүй болно...” гэсэн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 81 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-51/,

7. Гэрч А.Т   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би уг хаяг дээр байж байгаад цагдаа нарт баригдсан. Хөлсөлж байгаа байранд хийсэн үзлэгээр өвс илэрсэн. Уг өвсийг 2019 оны 11 дүгээр сарын үед А   хөдөөнөөс авч ирсэн. А   надад ярихдаа “Мань чинь Сэлэнгээс өвс түүж ирсэн” гэсэн бөгөөд, тэр өвсийг нь сонирхоод А   бид хоёр 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 7 хоногийн өмнө хэрэглэсэн. Өвс хэрэглэх үед Нямбаяр дэргэд байгаагүй. Мөн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр би ганцаараа өвс хэрэглэсэн. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би ганцаараа байж байтал А   миний индүүг оруулж өгөх гээд манай гэрт орж ирсэн байж таараад хамтдаа баригдсан ...” /хх-30-31/  

8. Гэрч А.Н-ын   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би гадуур явж байгаад орой очих үед цагдаа нар ирчихсэн байсан. Үзлэг шалгалтын үеэр гэрээс өвс илэрсэн. Уг өвсийг 2019 оны 11 дүгээр сарын үед А   хөдөөнөөс авч ирсэн. А   хөдөө Сэлэнгэ аймагт мод үржүүлгийн ажпаар явдаг юм. Энэ хугацаандаа өвс түүсэн гэсэн. Ажпынх нь газрын ойролцоо өвс ургаж байсан гэсэн. 2019 оны 11 дүгээр сарын сүлээр А   Төгөлдөр бид гурав хамт өвс хэрэглэсэн. Үүнээс хойш 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 7 орчим хоногийн өмнө бас хэрэглэсэн ...” /хх-28-29/  

          9. Шүүгдэгч Г.А ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн:  “…хураан авсан өвснүүдийг би түүж авч ирсэн. Хуванцар сав болон уутанд хадгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

          Шүүгдэгч Г.А  нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116/-аар тогтоогдлоо.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№81,82/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.    

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь Г-ийн  А   нь 2019 оны 10 дугаар сарын 15-20-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 85 граммын жинтэй ургамал мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисоо 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хорооллын И7-05-01 тоотод хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.    

Мансууруулах төрлийн эм, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсан аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзэх учиртай.  

Харин мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилго гэдэг нь мансууруулах төрлийн эм, сэтгэцэт нөлөөт бодисыг ашиг олох зорилгоор бусдад шилжүүлж, худалдаж байгаа үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.А ын үйлдэл нь өөртөө ашиг олох, худалдаалах зорилго агуулаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

Иймд шүүгдэгч Г.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.     

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ. 

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.   

Шүүх тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн төрлийн бодисын хамрах хүрээ, хор уршиг, үр дагавар ихтэй байдал, хүүхэд залуучуудын дунд хэрэглээ ихэссэн, мөн удмын санд нөлөөлж, үндэстэн мөхөөх аюултай зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Г.А т хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.А ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.А ын хувийн байдал /...26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ах, эгч нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н  овогт Г-ийн  А  улсын яллагчаас санал болгосон 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.      

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон Г.А ын баривчлагдсан 1 /нэг/ хоногийг эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй.      

            Шүүгдэгч Г.А т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зүйлгүй болохыг дурдъя.   

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан хар өнгийн ууттай ургамал мэт зүйл, тугалган цаас хийсэн 0.5 литрийн хэмжээтэй хуванцар сав, Г.А ын биед хийсэн үзлэгээр хураан авсан цэнхэр өнгийн ууттай ургамал мэт зүйл, А.Н-ын   биед үзлэгээр хураан авч 5 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг бодис зэрэг эд зүйлс нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 3 гэж дугаарласан ханыг нь цоолж хуйлсан мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

 

            1. Шүүгдэгч Н  овогт Г-ийн  А  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н  овогт Г-ийн  А  ыг 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.А ын эдлэх 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.   

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон Г.А ын баривчлагдсан 1 /нэг/ хоногийг эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай.

            5. Шүүгдэгч Г.А т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зүйлгүй болохыг дурдсугай.    

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан хар өнгийн ууттай ургамал мэт зүйл, тугалган цаас хийсэн 0.5 литрийн хэмжээтэй хуванцар сав, Г.А ын биед хийсэн үзлэгээр хураан авсан цэнхэр өнгийн ууттай ургамал мэт зүйл, А.Н-ын   биед үзлэгээр хураан авч 5 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг бодис зэрэг эд зүйлс нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 3 гэж дугаарласан ханыг нь цоолж хуйлсан мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлсүгэй.

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.А т  авсан хувийн баталгаа, гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж түүний эдлэх ялыг 2020  оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.     

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.А т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

            9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР