Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 347

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* ******* айлын орон сууцны *******тод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* ******* *******ын ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролынаар бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., хариуцагчийн өмгөөлөгч Ц., гэрч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага: Д. нь Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар бүрэн дунд сургуулийн захиралын 2016 оны 01 сарын 22 өдрийн Б/09 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүсжээ.

Нэхэмжлэгч Д. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ховд их сургууль буюу тухайн үеийн МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийг түүхийн багш мэргэжлээр бакалавр зэрэгтэй 2004 онд төгссөн. 2008 онд аймгийн багшийн коллеж Ховд аймагт ирж элсэлт авч сургалт хийж бакалаврын зэрэгтэй багш мэргэжилтэй хүмүүсийг бага ангийн багшийн мэргэжлээр хөрвөх сургалтанд хамруулж бага ангийн багшийн мэргэжил олгож, диплом олгосон. Тухайн үедээ олон хүн хамрагдаж одоо бага ангийн багш хийж байгаа хүмүүс олон байна. миний бие 2009 оны 8 сард аймгийн Боловсролын газраас зохион байгуулдаг багшийн сонгон шалгаруулалтанд орж оноогоороо 42 багшаас 9 дүгээр байранд орж, мөн оны 09 дүгээр сараас Ховд аймгийн Жаргалант сумын 2дугаар дунд сургуулийн бага ангийн багшаар томилогдсон. Тус сургуульд 2 жил ажиллаж байгаад, 2011 онд 7 дугаар дунд сургууль шинээр нээгдэхэд бага ангийн багшаар шилжин ажилласан. Бага ангийн багшаар ажиллах хугацаандаа Шилдэг бүтээлч багш, аймгийн Соёлын газраас Эрхэм үйлстэн тэмдэгээр шагнуулж, 2014 онд Заах аргач багш мэргэжлийн зэрэг авсан.

БСШУЯ-наас олгодог Багшлах эрх 2019 он хүртэл сунгагдсан.

2016 оны 01 дүгээр сарын дундуур захиралын нарийн бичиг Чамайг ажлаас халсан тушаал гарсан тушаал гарсан шүү гэж хэлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр буюу 1 дэхь өдөр ажилдаа очиход менежер Ц. Чи халагдчихсан шүү дээ. Чи ажил хийхгүй шүү гээд байсан. Надад ажлаас халсан тушаал өгөөгүй. Сургуулийн захирал удалгүй хотруу явчихсан байсан. Миний ажлыг хэн ч хүлээж аваагүй. Би бага ангийн Q-гийн кабинетыг 2011 онд өөрөө санаачлан байгуулж, өөрийн 1,200,000 төгрөг, эцэг эхчүүдийн 300,000 төгрөгийн дэмжлэгтэйгээр тохижуулсан. Тэр кабинетийн бүх эд хогшил, үзүүлэх самбар, гарын авлага, тараах материалыг би хариуцдаг байсан. Өнөөдрийг хүртэл тэр эд хөрөнгийг хэн ч хариуцан хүлээж аваагүй байна.

Захирал эзгүй, сурагчдын амралт 2016 оны 01 сарын 22-ноос эхлээд 02 дугаар сарын 15 хүртэл цагаан сарын амралт үргэлжлээд, ерөнхийдөө сургууль эзгүй байсан. ******* сарын амралт өнгөрөөгөөд менежер тэй холбогдоод ...Хичээл хэдэн цагаас эхлэх вэ. Хүүхдүүдээ хүлээж авмаар байна... гэж ярихад ...Чи ирэх шаардлагагүй. дараагийн багш томилогдохоор дуудаж ажлыг чинь хүлээлцүүлнэ гэсэн боловч ажлаас халсан тухай тушаал өгөөгүй, ажил одоо хүртэл хүлээж аваагүй байна.

Ажлаас халсан тушаалаа аваагүй тул нийгмийн даатгалын байгууллагад хандаж ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадалгүй хохироод байна.

Тушаал гарсан гэсэн үеэс хойш захирал Ц.тай уулзах гээд очихоор байхгүй, дандаа л Улаанбаатар хотод байгаа гэдэг. Ингээд би ажлаас халагдсан шийдвэрээ авч чадахгүй, ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй, ажилгүйдлийн тэтгэмжээ ч авч чадахгүй болохоор 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нарийн бичиг дээр очиж тушаалын хуулбарыг үнэн гэж даруулж аваад шүүхэд хандаж байна.

Намайг ажлаас халсан тушаалд аймаг дахь Багшийн коллежийг 2008 онд төгссөн D дугаартай дипломыг хуурамчаар авч ашигласан гэсэн байна. Би дипломыг өөрөө хуурамчаар авч ашиглаагүй бөгөөд тус сургууль нь орон нутагт сургалт хийж, маш олон хүнд хөрвөх мэргэжлийн диплом олгосон байдаг.

Д. миний бие одоо 1 нас 10 сартай болон 13 настай 2 хүүхэдтэй. Ажлаас халах тушаал гарах үед бага хүүхэд минь 1 нас 7 сартай байсан.

Намайг ажлаас халсан 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалыг 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгууллагаас хуулбарлуулж авснаар шүүхэд хандах эрхтэй болсон.

Д. миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан тул Ховд аймгийн Жаргалант сумын 7 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/09 дугаартай Д.ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож тус сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалийн шимтгэлийг нөхөн төлүүлж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 7 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Ц. нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д. нь 2013 оны 09 дүгээр сараас эхлэн Ховд аймгийн ерөнхий боловсролын 7 бүрэн дунд сургуульд Жаргалант сумын 2 дугаар сургуулиас шилжин ажилсан байдаг.

7 дугаар сургуульд ажиллахдаа 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 09 цагт давтлага өгч байхдаа анхгийн сурагч Н.ыг хичээлээ ойлгохгүй байна гэж уурлан духруу нь балаар хүчтэй цохиж, арьсыг нь цоолж, цус гоожуулж, уйлуулан гэрлүү нь явуулсан байдаг. Мөн өдрөө эцэг эх нь сургуулийн захиргаанд утсаар мэдэгдэж, мөн түүнчлэн Мэргэжлийн хяналтын газрын утсанд гомдол гаргасан. Сургуулийн захиргаанд мэдэгдсэний дагуу Д.т анхааруулж арга хэмжээ авсан. Ангийн сурагчид нотолдог. Үүнээс үзэхэд Д. нь бага насны хүүхэдтэй ажиллах ёс зүйн доголдолтой байна.

2015 оны 08 дугаар сарын 26-нд Аймгийн мэргэжлийн хяналтын газар-ын Улсын байцаагч Ц. захирал руу утасдаж Д. нь  аймаг дахь Багшийн сургуулийг төгсөөгүй бөгөөд D дипломын дугаартай бакалаврын диплом хуурамч болох нь тогтоогдсон ба албан бичиг явуулна гэсэн. Энэ тухайгаа 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Д.т мэдэгдсэн. Д.ийг хөндлөнгийн эрх бүхий байууллагаас хуурамч дипломтой болохыг тогтоосон. Иймд Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу багшаар ажиллах эрхгүй тул ажлаас халсан болно.

Нэхэмжлэгч Д.ийн гомдлын шаардлагыг үндэслэлгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д. нь 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр сурагч ын толгойд 4 шарх үүсгэсэн байсан. Нэхэмжлэгч Д. нь ...би ыг зодъё гэж зодоогүй. Юм ойлгохгүй болохоор тэгсэн ... гэж хэлсэн байдаг. Энэ нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Үүнээс 7 хоногийн дараа Мэргэжлийн хяналтын байцаагч манай байгууллага дээр ирсэн. Ингээд мэргэжлийн хяналтын байцаагч тус уулзалтын тэмдэглэл болон нэхэмжлэгчийн дипломыг авч ирж өгөөрэй гэсэн. Маргааш нь Д. өөрөө дипломоо мэргэжлийн хяналтын байцаагчид хүргэж өгсөн байдаг. Үүнээс эхлэн нэхэмжлэгчийн диплом шалгагдсан байдаг. Ингээд 9 сарын 1 болохоос өмнө нэхэмжлэгчийн дипломыг хуурамч байна, багшлах ёсгүй шүү гэж хэлсэн. Өөрт нь бас дуудаж хэлсэн байдаг. Үүнийгээ ч гэсэн өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Ингээд захирал Д.ийг жижүүрийн ажил хийгээд хажуугаар нь сургуульд сураад төгсөөд ирсний дараа бага ангийн багшаар авч ажиллуулъя гэсэн санал тавьж байсан. 11 сард мэргэжлийн хяналтын байцаагчаас Д.ийн диплом хуурамч гэсэн бичиг ирсэн, бас аймгийн багшийн сургуулиас Д. гэх хүн тус сургуулийг төгсөөгүй болно гэсэн бичиг ирсэн. Энэ талаар Д.т өөрт нь хэлсэн. Хуурамч дипломтой бол ажлаас чөлөөлнө шүү гэдгийг өөрт нь хэлсэн. Өөрөө хүлээн зөвшөөрсөн. Дараа нь 2015 оны 12 сарын 22-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Тушаал хүргүүлсэн баримт дээр Д. өөрөө гарын үсэг зурж хүлээж авсан байдаг. Ингээд 2016 оны 1 сарын 22- ны өдөр Д.ийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж, өөрт нь хүлээлгэж өгсөн. Д. өөрөө гарын үсэг зураад хүлээж авсан байдаг. Манай сургуулийн 1 дүгээр сарын цалин 1 сарын 22-ны өдөр буусан. Цалин буухаас өмнө Д.т чамайг 22-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж байгаа учраас цалин чинь ийм гарч байгаа шүү гэдгийг би өөрийн биеэр хэлээд гарын үсэг зуруулсан байдаг. Дараа нь 25-ны өдөр над уруу ярьсан нь үнэн .Гэхдээ ажлаа өгмөөр байна, миний ажлыг хэзээ авах вэ гэж надаас асуусан. Тэгэхээр нь би чиний оронд ажиллах багш томилогдоогүй байна хичээл эхлэхээр томилогдох байх тэр болтол хүлээж бай гэж би хэлсэн. Дараа нь хичээл орсон. Тэгээд Д.ийг ажлаа өг гэж дуудуулсан. Гэвч ирж ажлаа өгөөгүй. Удаа дараа ажлаа өг гэсэн боловч юуг нь өгөөд байдаг юм гэсэн хариу өгсөн. Д.ийн бага ангийн багшийн дипломыг устгалд оруулж, Д.ээр торгууль төлүүлсэн. Түүнийг өөрөө хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан байдаг. Одоо Д. нь бага ангийн багшийг дипломгүй учраас би түүнийг бага ангийн багшаар ажиллах үндэслэлгүй гэж үзэж байна гэв. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д. нь Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/09 дугаартай Д.ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүсжээ.

Хариуцагч Ховд аймгийн ерөнхий боловсролын 7 дугаар бүрэн дунд сургууль нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.

Ажил олгогч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ажилтан Д. нь аймаг дахь Багшийн коллежийг 2008 онд төгссөн D дугаартай Математик-бага ангийн багшийн мэргэжлийн бакалаврын зэргийн дипломыг хуурамчаар авч ашигласан гэж маргаж байгаа нь хариуцагчийн тайлбар болон 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тоот Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн албан тоот /хх-ийн 31 хуудас/ , аймаг дахь Багшийн сургуулийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2/114 тоот /хх-ийн 32 хуудас/ албан бичиг, Зөрчлийн тухай тэмдэглэл /хх-ийн 33 хуудас/, захиргааны шийтгэл ногдуулсныг төлсөн баримт /хх-ийн 34 хуудас/ Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн боловсролын баримт бичиг хураан авах тухай /хх-ийн 35 хуудас/ баримтуудаар тогтоогдож байна.

Ажил олгогч Ховд аймгийн ерөнхий боловсролын 7 дугаар бүрэн дунд сургууль нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/09 дугаартай Д.ийг ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаалыг нэхэмжлэгчид гардуулж өгсөн нь мэдэгдэх хуудас,/хх-ийн 36 хуудас/ мэдэгдэх хуудасыг хүлээн авч гарын үсэг зурсан /хх-ийн 37 хуудас/ баримт болон тушаал хүлээлгэн өгөх дэвтэр /хх-ийн 40 хуудас/ баримт болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар ажил олгогчоос 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/09 дугаартай тушаалыг ажилтанд гардуулж өгсөн байна.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй ба ажил олгогч энэ үүргээ биелүүлсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан Ажилтан ажлаас буруу халсан ...тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн заалтыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэгч Д. зөрчиж гомдлоо гаргасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан тушаал хүлээлгэн өгөх дэвтэр /хх-ийн 40 хуудас/ баримтаас харахад Ховд аймгийн ерөнхий боловсролын 7 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/ тоот ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг нэхэмжлэгч хүлээн авсан болох нь нэхэмжлэгч Д.ийн гарын үсэг, хүлээлгэн өгсөн нарын гарын үсэг баримтаар бүрэн нотлогдож, гэрч Д., нэхэмжлэгч Д. нарын тайлбар нь няцаагдаж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116. 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-д зааснаар *******ын ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. .

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгтзааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.