| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/0181/Э |
| Дугаар | 0207 |
| Огноо | 2020-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 0207
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгч О.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Т овогт Оы Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т овогт Оы Ч нь Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ... албанд жолоочоор ажилладаг, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух бүртгэлтэй, ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 967 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 680 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялыг 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр эдэлж дууссан, (РД:УБ80111911).
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч О.Ч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.Мтэй “...явуулахгүй, цагдаа дуудаж өгнө гэж хэллээ...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний гар, хөл, цээж, нуруу, толгой, нүүрэн тус газруудад нь гараараа цохиж зодон, бие махбодид нь “...тархи доргилт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн эгэм, цээж, баруун, зүүн гарын бугалга, шуу, баруун, зүүн гуяны олон тооны цус хуралт...” бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ч мэдүүлэхдээ:
2019 оны 9 дүгээр сарын 25-ны өглөө эхнэр Мтэй маргалдаад, хувцсаа аваад явах гэхэд М намайг “хувцсаа аваад явах гэлээ” гэж уурлаж, хөлөөрөө цээжээр ороохоор нь түүний цээж, гар хэсэгт нь цохисон. Миний буруу. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1.Хохирогч Н.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд:
2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн:
“... О.Ч бид хоёр хууль ёсны эхнэр, нөхөр болоогүй. 2017 оны 8 дугаар сараас уулзаж Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд Чын ээжийн гэрт амьдрах болсон. 2019 оны 9 дүгээр сарын 22-ны орой бид хоёр караоке орж 0.5 литрийн архи авч уугаад, гэртээ ирээд маргалдсан. Чыг өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 18-22 тоот гэрээс 2019 оны 9 дүгээр сарын 22-ны шөнө хөөж явуулсан. Тухайн үед Ч намайг цохиж зодоогүй. Тэрнээс хойш 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 18-22 тоот гэртээ унтаж байсан чинь гаднаас Ч согтуу орж ирээд “пизда минь би юмаа аваад явлаа, чам шиг янхан, пизда байдаггүй юм” гэж хэл амаар доромжилсон. Хувцсаа аваад явах гэхээр нь би явуулахгүй гээд хоёр хөлөөрөө Чын бүсэлхийгээр ороосон чинь миний хоёр хөлийг тавиулах гээд гуя хэсгээс базаад байхаар нь би Чт “цагдаа дуудаж өгнө” гэж хэлтэл миний хоолойг багалзуурдаж, хоёр гарын булчин хэсэг, дал, цээж орчимд гараараа цохиж гэмтээсэн. ...Ч намайг гэрээс явуулахгүй байна гэх шалтгаанаар зодсон. ...Би эмчилгээ хийлгээгүй. Шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11795 дугаартай дүгнэлттэй танилцсан. Миний биед Чын учруулсан гэмтлүүдийг тодорхой бичсэн байна. Энэ гэмтлийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өглөө 11 цагийн орчим Ч надад учруулсан. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй.
Ч эхээс наймуулаа, Солонгос улсад 10 жил ажиллаж байгаад 2015 онд Монгол Улсад ирсэн. Зан араншингийн хувьд дуу муутай, архи уухаараа агсам тавьчих гээд байдаг. 2018 онд хөгшин настай хүнийг зодоод Сонгинохайрхан дүүргийн шүүхээс ял авч байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),
-2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн:
“... Ч намайг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цагийн орчимд зодсон. Би тухайн үед андуураад 11 цагийн орчимд гэж мэдүүлсэн байна. ...Би Чтай 2017 оны 8 дугаар сараас хойш хамт амьдарч байна. Надад гомдол санал, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримт байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),
2. Гэрч Г.Идэрмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн: “... Ч ах надад утсаар “М эгч чинь намайг цагдаад өгчихсөн байна” гэж хэлэхэээр нь юу болсон талаар асуухад “хувцсаа авах гээд гэрт нь очсон чинь М явуулахгүй гээд, тэрнээс болоод хэрүүл болсон гэсэн. Ч, М хоёр хууль ёсны эхнэр нөхөр болоогүй, дундаасаа хүүхэдгүй. Одоо Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд хамт амьдарч байгаа. Ах Ч Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээнд ажилладаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр тал),
3. Гэрч Э.Эрдэнэчулууны мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: “... Би 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр а/а Мөнгөнболдын хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад хэлтсийн жижүүрээс “Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 18-22 тоотод нөхөр намайг зодож байгаад гараад зугтаасан” гэх дуудлага ирсэн. Дуудлага өгсөн хаягт очиход М гэх эмэгтэй “манай нөхөр Ч хоолой боогоод, зүүн шанаа руу 2-3 удаа цохиод, баруун гарын шуу маажиж, хэл амаар доромжилсон” гэж хэлсэн. Тухайн үед Мийг харахад зүүн шанаа нь хавдсан, хоёр гарын бугалга, хүзүү нь улайсан харагдсан. Таныг хэн зодсон юм бэ гэж асуухад нөхөр Ч зодчихоод, цагдаа дуудлаа шүү гэсэн чинь зугтаад явчихлаа гэж хэлсэн. Мийн биед учирсан шарх шинэ шарх байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар тал),
4. Гэрч М.Мөнгөнболдын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дэслэгч Эрдэнэчулууны хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад хэлтсийн жижүүрээс “Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 18-22 тоотод нөхөр намайг зодож байгаад гараад зугтаасан” гэсэн дуудлага ирсэн. Дуудлага өгсөн хаягт очиход М гэх эмэгтэй “манай нөхөр Ч согтуу орж ирээд хоолой боогоод, зүүн шанаа руу 2-3 удаа цохиод, баруун гарын шуу маажиж, хэл амаар доромжилсон” гэж хэлсэн. Дэслэгч Эрдэнэчулуун дуудлага өгсөн эмэгтэйтэй уулзаж, мэдүүлэг авч, аюулын зэргийн үнэлгээ хийсэн. Тухайн үед Мийг харахад зүүн шанаа нь хавдсан, хоёр гарын бугалга, хүзүү нь улайсан харагдсан. Таныг хэн зодсон юм бэ гэж асуухад нөхөр Ч зодчихоод, цагдаа дуудлаа шүү гэсэн чинь зугтаад явчихлаа гэж хэлсэн. Мөн “хамтран амьдрагч Ч гаднаас орж ирээд зодож биед гэмтэл учруулсан, гомдолтой байна, өргөдөл бичиж өгнө” гэж байсан. Тэр үед Мээс өөр хүн гэрт нь байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар тал),
5. Гэрч Б.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн:
“... Би М гэх эмэгтэйн гомдлыг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шалгасан. Хойшлуулшгүй ажиллагааг тухайн шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн д/ч Эрдэнэчулуун материалжуулсан. Гомдол гаргагч Мийг дуудаж мэдүүлэг авахад “хамтран амьдрагч Ч гэдэг хүн өглөө согтуу орж ирээд зодсон, шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгож шалгуулна” гэсэн. Тухайн үед Мийг харахад зүүн, баруун гарын бугалга орчим улайж хөхөрсөн, зүүн шанаа орчим хөхөрч хавдсан харагдсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр тал),
6. Гэрч Н.Эрдэнэсувдын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн:
“... О.Ч, Н.М нар 2019 оны 3 дугаар сараас хойш хамт амьдарч байгаа. О.Ч хааяа архи согтууруулах ундаа хэрэглэдэг хүн байгаа юм. Гэхдээ дүү Мд гар хүрээд байдаггүй, өмнө нь гар хүрч байна гэж сонсож байгаагүй. Ч, Н.М нар хамтран амьдрагч нар юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),
7. Гэрч Б.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн:
“... Н.М 2017 онд О.Ч гэх хүнтэй танилцсан, хамт ээжийндээ амьдарч байна гэж хэлсэн. Тэгээд айлын хашаанд тусдаа амьдрахаар боллоо гээд явсан. Албан ёсны эхнэр, нөхөр биш. Харин хамтран амьдрагч нар байгаа юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар тал),
8. Шүүгдэгч О.Чын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“... 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хамтран амьдрагч Н.Мийн хамт нийтийн караоке орж архи уусан. ...Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 18-22 тоот гэртээ очиход М намайг “гэрээс зайл” гээд хөөгөөд байхаар нь би гэрээс гараад өөрийн ээж З.Зинаагийн гэрт ...очиж 3 хоночихоод, ...өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 18-22 тоотод очсон. Гэрт М ганцаараа байж байхаар нь “би чамтай амьдарна гэж юу байдаг юм” гээд хувцсаа аваад гарах гэтэл М намайг явуулахгүй гээд хоёр хөлөөрөө миний бүсэлхий хэсгээс зуурахаар нь би хоёр хөлийг нь гараараа базаад тавиулах гэж оролдсон. М “би цагдаа дуудна” гэхээр нь уур хүрээд Мийн хоолойг багалзуурдаж байгаад гар, цээж, дал орчимд нь гараараа цохисон. ...Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гуяны олон тооны гэмтлийг Н.М миний бүсэлхийнээс хоёр хөлөөрөө зуурахаар нь би хөлийг нь тавиулахын тулд гуянаас нь базаж учруулсан. Бусад гэмтлийг гараараа цохиж учруулсан. ...Би Н.Мтэй 2017 оны 8 дугаар сараас хойш хамтран амьдарч байна. ... албанд жолоочийн ажил хийж, сард 800.000-900.000 орчим төгрөгийн цалинтай ажиллаж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дугаар тал),
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11795 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн шанаа орчим бага зэрэг хавдартай, эмзэглэлтэй, зүүн эгэм орчимд 2х3 см, цээжний баруун дээд хэсэгт 1х3 см, баруун хавирганы нум орчимд 2х2 см, 1х1.5 см, баруун, зүүн гарын бугалга, шуунд 1х1.5 см-4х5 см хүртэл хэмжээтэй 10-аад тооны хөх ягаан, хөх ногоон өнгийн цус хуралтуудтай, баруун, зүүн гуяны урд дээд ба дотор хажуу дээд хэсэгт 8х8 см, 9х10 см, 5х5 см гүн хүрэн ягаан цус хуралттай.
Дүгнэлт: Д.Мийн биед тархи доргилт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн эгэм, цээж, баруун, зүүн гарын бугалга, шуу, баруун, зүүн гуяны олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /Шинжээч эмч Б.Ундармаа/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 42 дугаар тал),
10. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаартай хурлын тэмдэглэл /хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар шийдвэрлэсэн/ (хавтаст хэргийн 57-58 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 59-62 дугаар тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 63-64 дүгээр тал),
11. Шүүгдэгч О.Чын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 49 дүгээр тал), шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 52-55 дугаар тал), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хавтаст хэргийн 56 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 80 дугаар тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 81 дүгээр тал), шүүгдэгчийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр тал), эд хөрөнгө бүртгэлгүй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 79 дүгээр тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргий 82-83 дугаар тал), бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 84 дүгээр тал), шүүгдэгчийн “Хаан” банкинд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 85 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 87 дугаар тал), ... алба ОНӨААТҮГ-ын “О.Ч тус байгууллагад ажилладаг” тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 86 дугаар тал), эвлэрлийн гэрээ (хавтаст хэргийн 88 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Чт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч О.Ч нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Н.Мийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч О.Ч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч О.Чт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч О.Ч, хохирогч Н.М нар нь 2017 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байх ба, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна.
Шүүгдэгч О.Ч нь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.Мтэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “...гэрээс гаргаж явуулсангүй, цагдаа дуудаж өгнө гэж хэллээ...” гэх зэрэг шалтгааны улмаас маргалдаж, Н.Мийн гар, хөл, цээж, нуруу, толгой, нүүрэн тус газарт гараараа цохих, базах зэргээр бие махбодид нь “...тархи доргилт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн эгэм, цээж, баруун, зүүн гарын бугалга, шуу, баруун, зүүн гуяны олон тооны цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь:
-хохирогч Н.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 18-22 тоот гэртээ унтаж байхад гаднаас Ч согтуу орж ирээд “пизда минь би юмаа аваад явлаа, чам шиг янхан, пизда байдаггүй юм” гэж хэл амаар доромжилсон. Хувцсаа аваад явах гэхээр нь би явуулахгүй гээд хоёр хөлөөрөө Чын бүсэлхийгээр ороосон чинь миний хоёр хөлийг тавиулах гээд гуя хэсгээс базаад байхаар нь би Чт “цагдаа дуудаж өгнө” гэж хэлтэл миний хоолойг багалзуурдаж, хоёр гарын булчин хэсэг, дал, цээж орчимд гараараа цохиж гэмтээсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар тал), болон мөн дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),
-гэрч Г.Идэрмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Ч ах надад утсаар “М эгч чинь намайг цагдаад өгчихсөн байна” гээд ...юу болсон талаар асуухад “хувцсаа авах гээд гэрт нь очсон чинь М явуулахгүй гээд, тэрнээс болоод хэрүүл болсон” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр тал),
-гэрч Э.Эрдэнэчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад “Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 18-22 тоотод нөхөр намайг зодож байгаад гараад зугтаасан” гэх дуудлага ирж, ...очиход М гэх эмэгтэй “манай нөхөр Ч хоолой боогоод, зүүн шанаа руу 2-3 удаа цохиод, баруун гарын шуу маажиж, хэл амаар доромжилсон” гэж хэлсэн. Тухайн үед Мийг харахад зүүн шанаа нь хавдсан, хоёр гарын бугалга, хүзүү нь улайсан харагдсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дугаар тал),
-гэрч М.Мөнгөнболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад хэлтсийн жижүүрээс “Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 18-22 тоотод нөхөр намайг зодож байгаад гараад зугтаасан” гэх дуудлага ирсэн. Дуудлагаар очиход М гэх эмэгтэй “манай нөхөр Ч согтуу орж ирээд хоолой боогоод, зүүн шанаа руу 2-3 удаа цохиод, баруун гарын шуу маажиж, хэл амаар доромжилсон” гэж хэлсэн. ...Мийг харахад зүүн шанаа нь хавдсан, хоёр гарын бугалга, хүзүү нь улайсан харагдсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар тал),
-гэрч Б.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би М гэх эмэгтэйн гомдлыг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шалгасан. ...Тухайн үед Мийг харахад зүүн, баруун гарын бугалга орчим улайж хөхөрсөн, зүүн шанаа орчим хөхөрч хавдсан харагдсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр тал),
-шүүгдэгч О.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... “би чамтай амьдарна гэж юу байдаг юм” гээд хувцсаа аваад гарах гэтэл М намайг явуулахгүй гээд хоёр хөлөөрөө миний бүсэлхий хэсгээс зуурахаар нь би хоёр хөлийг нь гараараа базаад тавиулах гэж оролдсон. Миний уур хүрээд Мийн хоолойг багалзуурдаж байгаад гар, цээж, дал орчимд гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дугаар тал),
-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11795 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 42 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 57-58 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 59-62 дугаар тал), Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 63-64 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.
Шүүгдэгч О.Ч нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Н.Мийн бие махбодид халдаж, зодох зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно. Нөгөө талаас шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгч О.Ч нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Н.Мийн биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх шинжийг бүрэн хангасан байна.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч О.Ч, хохирогч Н.М нарын хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол зэрэг нь нөлөөлжээ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2015 онд шинэчлэн найруулсан, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” талаар заасан ба, дээрх хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон, 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт “санаатай” гэсэн нэмэлт орсон бөгөөд энэхүү хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь түүний эрх зүйн байдал дордохгүй гэж шүүх дүгнэсэн болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч О.Ч нь хохирогч Н.Мийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Н.М нь хохирол нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг тогтоолд дурдав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас дүгнэлтдээ “шүүгдэгч О.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч О.Ч нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо “Дүүргийн захилагчийн ажлын албанд жолоочоор ажиллаж байгаа боловч түр ажил зогссон тул, өдрийн 50.000 төгрөгийн цалин хөлстэй барилгын заслын ажил хийж байгаа, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн тайлбарыг гаргасан.
Шүүгдэгч О.Ч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 967 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 680 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн байх ба, уг ялыг эдэлж дууссан байна.
Шүүгдэгч О.Чт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч О.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч О.Чын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн орлого, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3.Бусад асуудлаар:
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Т овогт Оы Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чыг 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 (нэг сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Н.М нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч О.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА