Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00604

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2017/02562 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 159 дүгээр магадлалтай

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д.Гд холбогдох

Гэм хорын хохиролд 2 786 260 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвалын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М” ХХК-ийн тээврийн хэрэгслийн даатгалын №1300100139 тоот гэрээт даатгуулагч Х.Бат-Эрдэнийн 02-16 УНГ улсын дугаартай Subaru Foresight маркийн машиныг  2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүрэг зурагтын хуучин эцсийн замд Л.Мөнхцэцэг нь жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үед 66-94 УБЕ улсын дугаартай Ниссан пулсар маркийн автомашины жолооч Д.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 37.6, 3.9-р заалтыг зөрчсөний улмаас Э.Анхбаярын жолоодон явсан 26-95 УНУ улсын дугаартай Приус маркийн автомашиныг шүргэсний улмаас эсрэг урсгал руу орж Х.Бат-Эрдэнийн тээврийн хэрэгсэлд нийт 3 890 500 төгрөгийн хохирол учирсан. Д.Г-ын албан журмын даатгалаар даатгагч “Бодь даатгал” ХХК-иас 2 750 250 төгрөгийг олгож, үлдэгдэл 1 140 250 төгрөгийн хохирлыг манай компани тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу олгож,Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхийг гэрээгээр шилжүүлэн авсан. Иймд буруутай этгээд Д.Гас гэм хорын хохирол 1 140 250 төгрөгийг гаргуулж өгнө үү.Мөн “М” ХХК-ийн тээврийн хэрэгслийн даатгуулагч Х.Баянжаргалын 26-95 УНУ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг Э.Анхбаяр нь жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үед 66-94 УБЕ улсын дугаартай Ниссан пулсар маркийн автомашины жолооч Д.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 37.6, 3.9-р заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд 3 714 000 төгрөгийн хохирол учруулсан. Иймд буруутай этгээдийн албан журмын даатгалаар даатгагч “Бодь даатгал” ХХК-иас 2 067 990 төгрөг, “М” ХХК-иас 1 646 010 төгрөгийн нөхөн төлбөр олгосон тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхийг гэрээгээр шилжүүлэн авсан. Иймд буруутай этгээд Д.Гас гэм хорын хохиролд 1 646 010 төгрөгийг гаргуулж, “М” ХХК-д олгож өгнө үү. Нэг хохирлоос үүдсэн хоёр хэрэг байгаа учир нэгтгэсэн байгаа. Уг осол гарахад хариуцагч Д.Г нь гэм буруутай болох нь прокурорын тогтоолоор нотлогдсон. Гэм буруугийн тухайд гэм буруутайг нь тогтоогоод, түүний дагуу албан журмын даатгалаас нь 5 000 000 төгрөгийн хохирлыг нь барагдуулсан. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоолд хариуцагч гарын үсэг зурсан байгаа. Хаан банкнаас лизингээр авдаг ч өөрсдөө даатгалын хураамжаа төлдөг. Гэрээнд тухайн этгээдүүд нь өөрсдөө даатгуулагч болдог. Хариуцагчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар манайх олгох ёсгүй байсан нөхөн төлбөрийг олгож, буруутай этгээдээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм гэж тайлбарлаж байна. Энэ нь даатгагч, даатгуулагч нарын хоорондын маргаан биш. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар даатгагч болон буруутай этгээдийн хооронд маргаан үүссэн. Иймд гэрээний нөхөн төлбөр олгох ёстой байсан эсэхийг ярих ёсгүй. Нөхөн төлбөр хүлээж авах эрх нь даатгуулагчид байдаг. Хаан банк өөрөө зуучлаад гэрээ байгуулсан байгаа. Даатгалын тухай хуульд зааснаар даатгуулагчаас шаардах эрхээ шилжүүлж авах эрхтэй тул нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй гэж үзэж байна. Иймд Д.Гас гэм хорын хохиролд 2786 260 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шинэ зурагтын эцсийн буудалд хүн буулгаад хөдлөх гээд зогсож байхад миний хажуугаар автомашин өнгөрөөд эргээд эсрэг урсгалд байгаа автомашиныг очиж мөргөсөн. Тухайн үед би хагалгаанд орсон, суга таягтай байсан. Автомашины осол энд болоогүй, цаана болсон үйл явдал шүү гэж цагдаад хэлэхэд тэнд нь хэмжилт хийгээд намайг буруутан болгосон. Баянгол дүүргийн шүүх, прокурорын газраас иргэний маргаан учраас даатгалын байгууллагад ханд гэсэн. Иймээс даатгалын газарт хандаж хохирлоо барагдуулсан. Мөн нэхэмжлэгч тал явган зорчигч гэмтээсэн гэж байна. Тэр явган зорчигч биш, автомашиныг жолоодож явсан Л.Мөнхцэцэг гэж эмэгтэй хүн байсан. 26-95 УНУ улсын дугаартай Приус маркийн автомашиныг Э.Анхбаяр жолоодож явсан. Л.Мөнхцэцэг, Э.Анхбаяр нар нь даатгалын гэрээг байгуулаагүй хүмүүс байсан. Уг ослоос миний автомашины зүүн гар талын дохио мултарсан. Үүнийг “Бодь даатгал” ХХК-иас ирж үзсэн. Иймд би уг автомашиныг мөргөж эсрэг урсгал руу оруулаагүй учир буруугүй гэж үзэж байна. Мөргөж эсрэг урсгалд оруулсан бол хамаа алга. Би хохирлыг барагдуулна. Гэтэл би тэгээгүй болохоор даатгалын газар надаас мөнгө нэхээд байгааг зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2017/02562 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 443.1 дугаар зүйлийн 443.1, 443.7, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Гд холбогдох гэм хорын хохиролд 2 786 260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73 210 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 159 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2017/02562 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1, 443.7, 499 дүгээр зүйлийн 499.1” гэснийг, “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 210 төгрөгийг төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 13 680 төгрөгийг төсвөөс /Улаанбаатар хотын банк 2601025961 тоот данс/ гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 540 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Манай компани даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нөхөн төлж, буруутай этгээдээс хохирол шаардах эрхийг шилжүүлж авсны хувьд хариуцагч Д.Гд холбогдуулан гэм хорын хохиролд 2 786 260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Тус магадлалын хянавал хэсэгт “...02-16 УНГ, 26-95 УНУ улсын дугаартай автомашинууд нь даатгалын гэрээний зүйл байсан гэдэг нь нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар шаардах үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ.

Иргэний хуулийн 497.1 дэх зохицуулалтын агуулгаас үзэхэд гэм хорын хариуцлага хүлээлгэхэд дараах үндсэн нөхцөл, шалтгаан бүрдсэн байх ёстой. Үүнд Зөрчил үйлдсэн объект нь бусдын амь нас, эрүүл мэнд алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгө байх бөгөөд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас дээрх нэрлэн заасан хөрөнгөнд гэм хор учирсан байх, үйлдэл болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх зөрчил үйлдэгч нь гэм буруутай (санаатай, болгоомжгүй) байхыг хуулиар тогтоосон байх бөгөөд эдгээр нөхцөлүүд тогтоогдсоноор гэм хор, түүнд ногдуулах хариуцлагын асуудлыг шүүх шийдвэрлэдэг. Манай тохиолдлын хувьд Иргэний хуулийн 497.1-т заасан үндсэн нөхцөл, шалтгаан бүрдсэнийг дараах байдлаар тогтоолоо:

1. Объект: Даатгуулагч Х.Бат-Эрдэнийн 02-16 УНГ улсын дугаартай автомашин, даатгуулагч Х.Баянжаргалын 26-95 УНУ улсын дугаартай автомашин,

2. Хууль бус үйлдэл: хариуцагч Д.Г нь 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүрэг зурагтын хуучин эцсийн замд 66-94 УБЕ улсын дугаартай Ниссан Пулсар маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан болохыг тээврийн прокурорын газрын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 341 дугаар тогтоолоор тогтоосон,

3. Хууль бус үйлдэл учирсан хохирлын хоорондын шалтгаант холбоо: Д.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь заалтыг зөрчсөний улмаас Э.Анхбаярын жолоодон явсан 26-95 УНУ улсын дугаартай Тоёото Приус маркийн автомашиныг шүргэсний улмаас эсрэг урсгал уруу орж, Л.Мөнхцэцэг нь жолоодон явсан 02-16 УНГ улсын дугаартай Субару маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан байх тул Д.Г-ын дүрэм зөрчсөн үйлдэл болон хохирлын хооронд шалтгаант холбоо байна.

4. Гэм буруутай байх: Д.Г нь “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангах” үүрэгтээ болгоомжгүй хандсан буюу Д.Г-ын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Иргэний хуулийн 510.1-т зааснаар шаардлага гаргахын тулд “хариуцагч нь Иргэний хуулийн 497.1-д заасан хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдлээр бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан нь нотлогдсон байх ёстой”. Хариуцагч Д.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан болохыг тээврийн прокурорын газрын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 341 дугаар тогтоолоор тогтоосон бөгөөд хохирлын хэмжээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг хохирол үнэлгээний байгууллага тогтоосон бөгөөд тус дүнгээр нэхэмжилж байгаа.

Хохирлыг буруутай этгээдээс гаргуулах шаардах эрхийг Иргэний хуулийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө.” гэж зааснаар болон Даатгалын тухай хуулийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.” гэж зааснаар Даатгагч нь шилжүүлж авсан. Шаардах эрх шилжихийн тулд дараах урьдчилсан нөхцөл хангагдсан байх шаардлагатай. Үүнд:

1. Даатгуулагч гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох

2. Даатгагч гэм хорыг даатгуулагчид нөхөн төлсөн байх

3. Даатгалын гэрээнд буруутай этгээдээс шаардах эрхийг шилжүүлэн авах тухай заасан байх

4. Төлсөн нөхөн төлбөрийн хэмжээгээр шилжих

Даатгуулагч нь Х.Бат-Эрдэнэ (Л.Мөнхцэцэг), Х.Баянжаргал (Э.Анхбаяр) нар нь өөрийн эд хөрөнгөнд учирсан хохирлоо буруутай этгээд Д.Гас Иргэний хуулийн 497.1, 510.1-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд “М” ХХК-иас даатгуулагч нарт нөхөн төлбөрийг шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 6.4-т буруутай этгээдээс шаардах эрхийг шилжүүлэн авах тухай заасан бөгөөд олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнээс үзэхэд шаардах эрх шилжүүлэх хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Гэвч даатгалын гэрээнд машины улсын дугаар бичигдээгүй гэх үндэслэлээр даатгагчийн шаардах эрх үгүйсгэгдэх, буруутай этгээд гэм хор хариуцах үүргээс чөлөөлөгдөх ямар хуульд заасан боломж байгааг олж харахгүй байна. Даатгагч даатгуулагч талууд өөрсдөө даатгалын зүйлээ таниад Иргэний хуулийн 431.1-д заасан үүргээ харилцан биелүүлсэн байхад гэм хор хариуцах буруутай этгээдээс шаардах эрх үгүйсгэгдэх хуульд заасан үндэслэл байхгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх тогтоох хэсэгтээ гэм хорын хэм хэмжээг баримталсан атлаа гэм хорын хариуцлага хүлээх үүрэгтэй холбоогүй асуудлыг үндэслэж, хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 159 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч “М” ХХК нь Д.Гд холбогдуулан даатгуулагчийн эд хөрөнгөд гэм хор учруулсны нөхөн төлбөрт төлсөн 2 786 260 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зам тээврийн осол гарахад би буруугүй, түүнчлэн осол гарахад автомашиныг жолоодож явсан хүмүүс нь даатгалын гэрээ хийгээгүй байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1., 443.7.-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хуулийн зүйлчлэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1. болгон шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “М” ХХК нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 7-д зааснаар даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан гэм хорын хохирлыг шаардсан гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь нэхэмжлэлийн шаардлага, хэргийн үйл баримттай нийцээгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. дэх заалт нь гэрээний бус үүрэгтэй холбоотой зохицуулалт бөгөөд бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, нэр төр, алдар хүндэд гэм хор учруулсан этгээд хохирсон этгээдэд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээдэг. Хохирогчид учирсан хохирол нь гэм хор учруулсан этгээдийн санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байдаг тул уг хохирсон этгээд учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй.

Харин нэхэмжлэгч  “М” ХХК нь Даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж даатгуулагчид төлсөн нөхөн төлбөрөө гэм хор учруулсан этгээдээс шаардсан байх бөгөөд түүний шаардах эрх нь даатгалын гэрээ, хуулиар үүссэн агуулгатай байхад давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Мөн давж заалдах шатны шүүх шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой заалтад өөрчлөлт оруулсан нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад нийцээгүй, тооцоог буруу хийсэн байх тул дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Х.Бат-Эрдэнэтэй, 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Х.Баянжаргалтай тус тус Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, тус гэрээгээр даатгуулагч нь даатгалын зүйлийн даатгуулж, даатгалын хураамж төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол болсон нөхцөлд даатгалын зүйлд учирсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Даатгагч “Мандал женерал даатгал” ХХК нь оноосон нэрээ “М” ХХК болгон өөрчилсөн нь хэргийн 70 дугаар талд авагдсан Оюуны өмч улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч Б.Амартүвшингийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул “М” ХХК нь даатгалын гэрээний нэг тал байна.

Иймд даатгуулагч Х.Бат-Эрдэнэ, Х.Баянжаргал нартай байгуулсан эд хөрөнгийн даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол бий болсон бол “Мандал женерал даатгал” ХХК даатгуулагчид төлсөн гэм хорын хохирлыг гуравдагч этгээдээс шаардах эрхийг “М” ХХК хэрэгжүүлэх эрхтэй байна.

Даатгагч гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэсэн зохицуулалт нь зөвхөн гэм хорыг төлснөөр хязгаарлагдахгүй, уг гэм хорыг төлөх үндэслэл байгаа эсэх нөхцөл тогтоогдсон байхыг шаардана. 

2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зам тээврийн осол гарч, хариуцагч Д.Г нь 66-94 УБЕ дугаарын Ниссан пулсар маркийн автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчснөөс даатгуулагч Х.Бат-Эрдэнийн өмчлөлийн 02-16 УНГ автомашин, даатгуулагч Х.Баянжаргалын өмчлөлийн 26-95 УНУ дугаарын автомашинуудыг мөргөж, хохирол учруулсан гэж үзэж “М” ХХК даатгуулагч нарт учирсан хохирол 2 786 260 төгрөгийг төлсөн, уг хохиролоо буруутай этгээд Д.Гас гаргуулахаар нэхэмжилсэн үйл баримт тогтоогджээ.

Хэргийн 6, 71 дүгээр талуудад авагдсан “Мандал Женерал даатгал” ХХК-ийн А.Бат-Эрдэнэ, Х.Баянжаргал нартай байгуулсан Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн даатгалын гэрээнд даатгалын зүйл болох автотээвэр өөрөө явагч хэрэгслийн марк, улсын дугаар бичигдээгүй байх тул осолд орсон тээврийн хэрэгсэл хэдийгээр даатгуулагч нарын өмчлөлийн эд хөрөнгө мөн боловч даатгуулсан эд хөрөнгө буюу даатгалын зүйл мөн эсэх нь тодорхойгүй байна. 

Түүнчлэн гэрээний 8.2.1.-д “Даатгалын гэрээ болон баталгаанд нэр заасан эрх бүхий жолоочоос бусад этгээд, мөн жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгслийг ашиглаж, хэрэглэх үед учирсан хохиролд даатгагч нөхөн төлбөр олгохгүй” гэжээ.

Зам тээврийн осол болох үед даатгуулагч Х.Бат-Эрдэнийн өмчлөлийн авто машиныг Л.Мөнгөнцэцэг, даатгуулагч Х.Баянжаргалын өмчлөлийн автомашиныг Э.Анхбаяр нар тус тус жолоодож явсан, тэдгээр нь даатгалын гэрээний оролцогч биш тул гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл байдалд хамаарахаар байна.

Иймд даатгагчаас даатгуулагч бус этгээдэд төлсөн нөхөн төлбөрийг гуравдагч этгээдээс гаргуулахаар шаардах эрхгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн даатгалын гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1., 443 дугаар зүйлийн 443.7.дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 159 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2017/02562 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59 540 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ЗОЛЗАЯА

       ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД