Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2021/0310

 

 

 

 

 

 

 

А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хосбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, хариуцагч Э.Б, Н.Г, О.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 200 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, А-ын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын ахлах байцаагч Э.Б, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Г, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч О.О нарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 200 дугаар шийдвэрээр: “...Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Э.Б, Н.Г, О.О нарын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2419076 дугаар актын өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь шийдвэрийн Үндэслэх хэсэгт Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 246 дугаар шийдвэрийг үндэслэл болгон маргаан бүхий нөхцөл байдлыг тогтоогдсон гэж үзсэн. Гэтэл энэхүү иргэний шүүхийн энэхүү шийдвэр нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 674 дүгээр магадлалаар хүчингүй болсон байна. Хэдийгээр захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарах үед иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гараагүй байсан боловч шүүхийн хүчин төгөлдөр болоогүй байгаа шийдвэрийг нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

Маргаан бүхий 2419076 дугаар улсын байцаагчийн актыг нэхэмжлэгч талд мэдэгдээгүй бөгөөд түүнийг нийгмийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудал үүссэн болохыг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэл гардаж авах үедээ мэдсэн болно. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч А-ыг утсаар дуудсан, тайлбараа өгсөн гэх байдлаар нотлох баримтын шаардлага хангахгүй утасны дуудлагын жагсаалт болон өөрийнх нь оролцоогүй хурлын тэмдэглэлийг үндэслэн улсын байцаагчийн актыг мэдэж байсан хэмээн дүгнэсэн нь буруу болсон.

Нэхэмжлэгчийн зүгээс тэтгэмжийн байцаагчийн албан тушаалыг хашиж байх үедээ нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн хуудас зэргийг үндэслэн жирэмсний тэтгэмжийн хувь хэмжээг бодож гарын үсэг зурсан байтал түүнийг заавал мэдээллийн сантай баримтуудаа харьцуулж шалгах үүргээ биелүүлээгүй гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Энэ тухай нарийвчилсан зохицуулалт түүний үр дүнгийн гэрээ болон ажил байдлын тодорхойлолтод байхгүй. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаал байгаа гэх боловч энэ тухай ажилчиддаа дор бүрнээ танилцуулсан эсэх нь тодорхойгүй байдаг. Харин хариуцагч нарын тайлбарт “угаасаа” ингэж явдаг, хэрэгжээд эхэлчихсэн гэсэн ойлгомжгүй, аман тайлбарыг үндэслэн хяналт шалгалт хийх үүргээ биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэгчийг буруутгаад байна.

Гэтэл нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгохдоо орлого шимтгэлийн байцаагч, тэтгэмжийн байцаагч, нягтлан, албаны дарга, хэлтсийн дарга гэсэн 5 үе шаттайгаар олгогддог байхад тухайлан нэхэмжлэгчийг буруутган хохирол барагдуулахаар гаргасан акт, түүнийг зөвтгөсөн шүүхийн шийдвэр нь эргэлзээ төрүүлж байх тул хууль ёсны байх чадвараа алдсан гэж үзэж байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А- нь “Нийгмийн даатгалын улсын байцаагч Э.Б, Н.Г, О.О нарын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2419076 дугаар актын өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ “ажил үүргийн хувьд нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулах эрх бүхий этгээд нь орлого, шимтгэлийн байцаагч Ж.М бөгөөд миний бие баталгаажсан нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн тэтгэмжийн хувь, хэмжээг хянан үзэж, тэтгэмжийн хэмжээг програмд оруулж, маягтыг болон эмнэлгийн хуудсыг баталгаажуулсан нь хууль зөрчөөгүй” гэж тайлбарлан маргажээ.

Анхан шатны шүүх “...Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон эдгээр хуулийг хэрэгжүүлэх зорилгоор баталсан дүрэм, журмын дээрх зохицуулалтаас үзэхэд тэтгэмжийн байцаагч иргэний жирэмсний тэтгэмж тогтоолгохоор ирүүлсэн материалыг тэтгэмжийн тооцооллын программын мэдээлэлтэй тулган шалгах үүрэгтэй ... нэхэмжлэгч тэтгэмжийн байцаагчийн хууль журмаар хүлээсэн хянан шалгах чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй үйлдэлд хариуцлага оногдуулсан маргаан бүхий улсын байцаагчдын акт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасантай нийцсэн байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй”, 25 дугаар зүйлийн 3-т “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмыг нийгмийн даатгалын төв байгууллагад тогтооно”,  29 дүгээр зүйлийн 2-т “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна”, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/356 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Нийслэлийн дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нэгжийн ажлын чиг үүрэг”-ийн 2.1.5-д “Дараах төрлийн тэтгэмжүүдийн бодолт тооцоог.....холбогдох хууль тогтоомжийн дагуу ажил олгогч, даатгуулагчаас ирүүлсэн тэтгэмж олгосон тухай жагсаалт, нэхэмжлэл, баримтуудыг үндэслэн хариуцсан байцаагч, ажилтан бүрээр нь давхар хянаж шийдвэрлэх:”, 2.1.5.2-т “Жирэмсний болон амаржсаны тэтгэмж;”, 2.1.6-д “Тэтгэмжийн....сангаас олгох.....жирэмсний тэтгэмжийн хэмжээг уг тэтгэмж олгосон сар, улирлын жагсаалт, эмнэлгийн хуудас, нэхэмжлэл, шимтгэлийн тайлан, мэдээллийн сан, нийгмийн даатгалын дэвтрийг тус тус үндэслэн шалгаж, эдгээр тэтгэмжийн тооцоог ажил олгогч, даатгуулагч тус бүрээр мэдээллийн санд бүртгэж баталгаажуулсан эсэхийг шалгах;”, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 1995 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 77 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын дэвтэр хөтлөх журмын тухай заавар”-ын 18-д “Нийгмийн даатгалын байцаагч нь тухайн дэвсгэр нутгийн болон хариуцсан аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны дэвтрийн хөтлөлтийг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн аж ахуйн нэгж, байгууллагын дарга, эзний тушаал шийдвэр, цалингийн карт, амралт, цалин, шагнал, түр хүчээ алдсаны тэтгэмж олгосон болон төлбөрийн даалгавар, сар улирлын тайлан, шимтгэл төлсөн тооцооны хуудас зэрэг баримт бичигтэй тулган шалгана” гэж тус тус зохицуулжээ.

А- нь “Т” ХХК-ийг нийгмийн даатгалын байгууллагад шимтгэлийн тайлангаа цахимаар болон цаасаар ирүүлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, шимтгэлийн тайлан системд шивэгдээгүй байхад нь тэтгэмжийн систем дээр цалин татагдсан эсэхийг тулгаж шалгалгүй, тухайн компанийн ажилтан Э.Энхзаяагийн тэтгэмжийг тогтоож, эмнэлгийн хуудсыг баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Өргөдлийн хариу” 903 дугаар албан бичиг, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, болон орлого, шимтгэлийн байцаагч Ж.М-ийн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байх бөгөөд дээр дурдсан журамд заасан тухайн дэвсгэр нутгийн болон хариуцсан аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны дэвтрийн хөтлөлтийг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн аж ахуйн нэгж, байгууллагын дарга, эзний тушаал шийдвэр, цалингийн карт, амралт, цалин, шагнал, түр хүчээ алдсаны тэтгэмж олгосон болон төлбөрийн даалгавар, сар улирлын тайлан, шимтгэл төлсөн тооцооны хуудас зэрэг баримт бичигтэй тулган шалгах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/356 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Нийслэлийн дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нэгжийн ажлын чиг үүрэг”-ийн 2.1.6-д “Тэтгэмжийн....сангаас олгох.....жирэмсний тэтгэмжийн хэмжээг уг тэтгэмж олгосон сар, улирлын жагсаалт, эмнэлгийн хуудас, нэхэмжлэл, шимтгэлийн тайлан, мэдээллийн сан, нийгмийн даатгалын дэвтрийг тус тус үндэслэн шалгаж, эдгээр тэтгэмжийн тооцоог ажил олгогч, даатгуулагч тус бүрээр мэдээллийн санд бүртгэж баталгаажуулсан эсэхийг шалгах;” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл нэхэмжлэгч А нь нэгэнт журамд заасан үүргээ биелүүлээгүй энэ тохиолдолд “нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн хуудас зэргийг үндэслэн жирэмсний тэтгэмжийн хувь хэмжээг бодож гарын үсэг зурахдаа баримтуудыг заавал мэдээллийн сантай тулгах шаардлагагүй, энэ талаар нарийвчилсан зохицуулалт түүний үр дүнгийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод байхгүй” гэх үндэслэлээр илүү олгосон тэтгэмжийг төлүүлэх тухай актыг хууль бус гэж дүгнэх боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 246 дугаар шийдвэрээр “...хариуцагч А нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болох 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2419076 дугаар улсын байцаагчийн акт хууль бус болохыг тогтоож, өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч А-д холбогдох нэхэмжлэлийн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна” гэж дурдсанаас үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүхийн хүчин төгөлдөр болоогүй байгаа шийдвэрийг нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь иргэний хэргийн шүүхэд хянагдаж байсан Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.М, А нарт холбогдох иргэний хэргийн А-д холбогдох хэсгийг “...маргааны асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосноос бус маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг шалгаж тогтоогоогүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН 

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ