Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
Хэргийн индекс | 188/2020/0223/Э |
Дугаар | 0247 |
Огноо | 2020-03-10 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 0247
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа хөтлөн,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт Дын Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... дугаартай, эрүүгийн нэг хавтаст хэргийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Дын Н, Монгол Улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, эх, хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Ц.Бтай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, үсдэж унагаан цохиж, улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн 1-р шүдний булгарал, баруун 1-р шүдний сулрал, нүүрний зулгаралт, дээд уруулын дотор талын язрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ:
Тухайн өдөр нөхөртэйгээ хамт гэрээс гараад цайны газарт ороход Б, Дуламсүрэн эгч хоёр тэнд байсан. Тэгээд бид архи хувааж уусан. Хохирогч Б намайг хоёр нөхөртэй гэж доромжилж муудалцсан, тэр намайг үсдсэн. Бид гадаа гараад хоорондоо зодолдсон. Бг түлхсэн чинь замын брожур мөргөөд нүүрээрээ газар унасан. Манай нөхөр хохирогчийг босгоход хамраас нь цус гарсан байсан. Тэгээд хохирогч цааш явсан гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өгсөн:
“... 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө 10 цагийн орчим Н, түүний нөхөр Пүл /Ж.Польхүү/-/тэй Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 30 айлын 1 дүгээр байрны гадаа зогсож байхад Сүхээ гэдэг залуу ирээд “надад мөнгө байна” гээд хоёр шил 0.75 литрийн хэмжээтэй “Хараа” архи авч өгсөн. Тэр архийг Н, Пүл, Сүхээ, түүний эхнэр гэх нэг эмэгтэй бид байрны орцонд уугаад байж байхад Н, Пүл хоёр маргалдаад байсан. “Та хоёр битгий маргалдаад бай” гэсэн чинь миний үгэнд орохгүй байсан. Тэгээд архиа ууж дуусгаад би хүүхдээ сургуульд нь хүргэж өгчихөөд буцаад гэртээ харих гээд явж байх замдаа нэрийг нь мэдэхгүй цайны газар ороход цайны газрын эгч Дууяа намайг “гурил илдээд өгөөч” гэхээр туслаад байж байтал гаднаас Цээгий орж ирсэн. “Миний дотор эвгүй байна, ганц юм авч уух уу” гэхээр нь би зөвшөөрсөн. 0.5 литрийн “Хараа” архи авч хувааж уугаад сууж байхад Н, Пүл хоёр гаднаас орж ирсэн. Би Нд цай хийж өгөөд Пүлд архи хундгалж өгсөн. Тэгсэн чинь Н “чи надад архи өгсөнгүй” гээд уурлаад байхаар нь би Нд “чи архи уухаараа нөхөртэйгөө байнга хэрэлдээд байдаг” гэж хэлэхэд “та яагаад Пүлийг өмөөрөөд байгаа юм” гэхээр нь би “өмөөрсөн хүн алга, чи яагаад нөхрөөсөө өөр хүнтэй явалдаад байгаа юм” гэсэн чинь “танд хамаагүй” гэсэн. Тэгээд Н, Пүл бид хамт байж байгаад би цайны газраас гарсан чинь Н миний араас үсдээд, газар унагааж чирээд, толгойны ар хэсэгт өшиглөсөн. Миний биед учирсан гэмтлийг Н учруулсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа баримтаар нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал),
-2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өгсөн:
“...Н нөхөртэйгөө маргалдаад байхаар нь би Нг “сайхан нөхөртэй байж орцны жижүүр балиар залуутай явалдлаа” гэж хэлсэн. Тэгэхэд Дондогдулам эгч бид хоёрыг гарч хэрэлд гэсэн. Би түрүүлээд гарахад Н араас гарч ирээд миний үснээс зулгааж нүүрээр газар унагасан. Тэгээд миний хүзүүн дээр гишгэсэн. Надад мөнгө байхгүй болохоор би шүд хийлгэж чадахгүй байна. Тухайн хүнээс мөнгө нэхэмжлэхээс илүү шүд хийлгэмээр байна. Би гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 74 дүгээр тал),
2. Гэрч Ж.Польхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн:
“...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх нэрийг нь мэдэхгүй цайны газар Н бид хоёр Б, Дуяа, Гансүх нартай хамт 0.75 литрийн архи ууж байтал Б агсам тавиад сүүлийн нэг шил архийг хагалсан. Тэгсэн Б цайны газраас гарч яваад удалгүй дахиж нэг шил 0.75 литрийн “Хараа” архи авч ирсэн. Архиа уугаад юм яриад сууж байсан чинь Б манай эхнэр Нг “хоёр нөхөртэй янхан” гээд доромжлоод байсан. Цайны газрын эзэн Дуяа “та нар манай цайны газраас гар” гэхэд Б, Н хоёр түрүүлээд гараад явсан. Би араас нь гарахад Б зам дээр хамраас нь цус гарсан сууж байсан. Юу болсон талаар асуухад надад юм хэлээгүй босоод явсан. Эхнэр Н надад хэлэхдээ Бг түлхээд унагасан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),
3. Гэрч Б.Дондогдуламын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн:
“...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цайны газартаа хоол бэлдээд байж байхад гаднаас Б, Н, Польхүү, Цээгий нар архи уусан орж ирсэн. Тэгсэн чинь Б Нд “чи нөхөртэй байж яагаад өөр хүнтэй явалдаад байгаа юм” гэхэд Н “би хэнтэй явалдах нь чамд хамаагүй” гэж хэлсэн. Б манай цайны газраас гараад явахад Н араас нь гарсан. Удалгүй гадаа хүмүүс маргалдаад байхаар нь гараад харахад Б, Н хоёр маргалдаад Н Бг үсдээд байсан. Би буцаад цайны газар ороод Польхүүд “Н, Б хоёр зодолдоод байна” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал),
4. Шүүгдэгч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өгсөн:
“...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед би нөхөр Польхүүгийн хамт Дондогдулам эгчийн ажиллуулдаг цайны газарт очиход Дондогдулам эгч, Гансүх, Б нар архи уугаад сууж байхаар нь нөхөр бид хоёр архинаас нь хамт уусан. 18 цагийн үед нөхөр гэртээ орж унтахаар явсан. Би согтоод байхаар нь Дондогдулам эгчийн гар утсаар нөхөр Польхүү рүү яриад хүрээд ирээч гэж дуудсан. Удалгүй нөхөр ирээд бид архиа уугаад сууж байхад Б намайг “хоёр нөхөртэй явдалтай хүүхэн, чи Польхүүг доош нь хийж байна” гээд байхаар нь би “та одоо юу яриад байгаа юм, миний яах өөрт чинь хамаагүй шүү” гэж хэлэхэд үнэн үгийг чамд хэлж байна гээд намайг доромжлоод байсан. Тэгээд Дондогдулам эгч “та хоёр гарч наад хэрүүлээ хий, би цайны газраа хаалаа” гээд бид хоёрыг түлхээд гаргасан. Энэ үед би Бд “чи олон хүмүүсийн дэргэд юу яриад байгаа юм” гэж хэлээд үснээс нь зулгаахад Б миний үснээс зулгаасан. Би Бг гараараа цааш түлхсэн чинь замын хашлагад бүдэрч, нүүрээрээ засмал зам дээр унасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дүгээр тал),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14393 тоот дүгнэлтэд:
“...Хэсэг газрын үзлэгт: Хамрын үзүүрт 3.0х2.5 см, хамрын нуруунд 1х1 см, дээд уруулд 1х0.5 см, оочинд 1.2х1.2 см тав тогтсон эмийн бодис түрхсэн зулгаралтуудтай, дээд уруулд 1.2х1.2 см хүрэн өнгийн цус хуралттай, үүдэн дээд зүүн 1 дүгээр шүд булгарч унасан, баруун 1 дүгээр шүд сул хөдөлгөөнтэй, дууд уруулын дотор талд 1х0.2 см өнгөр тогтсон язралтай.
2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Гэмтлийн бичигт: онош: Тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал.
Дүгнэлт: “...Ц.Бгийн биед тархи доргилт, зүүн 1 дүгээр шүдний булгарал, баруун 1 дүгээр шүдний сулрал, нүүрний зулгаралт, дээд уруулын дотор талын язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлийн аль ч үед үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. /Шинжээч эмч Т.Амартүвшин/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 7 дугаар тал),
6. Шүүгдэгч Д.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 59, 68 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 23 дугаар тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэх тухай лавлагаа (хавтаст хэргийн 50, 54 дүгээр тал), гэрлэлтийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар тал), Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 69 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Нд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Ц.Бтай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, үсдэж унагаан цохиж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Д.Н нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бөгөөд хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Д.Нд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Д.Н, хохирогч Ц.Б нар хамтдаа 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, иргэн Б.Дондогдуламын ажиллуулдаг цайны газарт согтууруулах ундаа хэрэглэн согтуурсан байх ба, улмаар согтуурсан үедээ Д.Н, Ц.Б нар нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан буюу хохирогч Ц.Б нь шүүгдэгч Д.Нг “хоёр нөхөртэй янхан” гэж доромжилсоны улмаас шүүгдэгч Д.Н нь хохирогч Ц.Бг үсдэж, нүүрээр нь газар түлхэж унагаан, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн 1-р шүдний булгарал, баруун 1-р шүдний сулрал, нүүрний зулгаралт, дээд уруулын дотор талын язрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:
-хохирогч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н, Пүл /Ж.Польхүү/, Сүхээ, түүний эхнэр гэх нэг эмэгтэй бид байрны орцонд уусан. ...буцаад гэртээ харих гээд явж байх замдаа нэрийг нь мэдэхгүй цайны газар ороход цайны газрын эгч Дууяа намайг “гурил илдээд өгөөч” гэхээр нь туслаад байж байхад ...Н, Пүл хоёр гаднаас орж ирсэн. ...Н “чи надад архи өгсөнгүй” гээд уурласан. Нд “чи архи уухаараа нөхөртэйгөө байнга хэрэлдээд байдаг” гэж хэлэхэд “та яагаад Пүлийг өмөөрөөд байгаа юм” гэхээр нь би “өмөөрсөн хүн алга, чи яагаад нөхрөөсөө өөр хүнтэй явалдаад байгаа юм” гэсэн чинь “таньд хамаагүй” гэсэн. ...би цайны газраас гарсан чинь Н миний араас үсдээд, газар унагааж чирээд, толгойны ар хэсэгт өшиглөсөн. Миний биед учирсан гэмтлийг Н учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал), мөн түүний дахин өгсөн “...би Нг “сайхан нөхөртэй байж орцны жижүүр балиар залуутай явалдлаа” гэж хэлсэн. ...Н ... миний үснээс зулгааж нүүрээр газар унагасан. Тэгээд миний хүзүүн дээр гишгэсэн. ...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 74 дүгээр тал),
-гэрч Ж.Польхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б манай эхнэр Нг “хоёр нөхөртэй янхан” гээд хэл амаар доромжлоод байсан. ...Б, Н хоёр түрүүлээд гараад явсан. Би араас нь гарахад Б зам дээр хамраас нь цус гарсан сууж байсан. ...Н надад хэлэхдээ Бг түлхээд унагасан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),
-гэрч Б.Дондогдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б Нд “чи нөхөртэй байж яагаад өөр хүнтэй явалдаад байгаа юм” гэхэд Н би “хэнтэй явалдах нь чамд хамаагүй” гэж хэлсэн. ...Удалгүй гадаа хүмүүс маргалдаад байхаар нь гараад харахад Б, Н хоёр маргалдаад Н Бг үсдээд байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр тал),
-шүүгдэгч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б намайг “хоёр нөхөртэй явдалтай хүүхэн, чи Польхүүг доош нь хийж байна” гэсэн. ...намайг доромжлоод байсан. ...би Бд “чи олон хүмүүсийн дэргэд юу яриад байгаа юм” гэж хэлээд үснээс нь зулгаахад Б миний үснээс зулгаасан. Би Бг гараараа цааш түлхсэн чинь замын хашлагад бүдэрч, нүүрээрээ засмал зам дээр унасан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дүгээр тал) болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),
-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14393 тоот дүгнэлтийн “...Ц.Бгийн биед тархи доргилт, зүүн 1 дүгээр шүдний булгарал, баруун 1 дүгээр шүдний сулрал, нүүрний зулгаралт, дээд уруулын дотор талын язрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар ...хөнгөн зэрэгт хамаарна. ...гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 7 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл ба, шүүгдэгч Д.Н нь хохирогч Ц.Бгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Нг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
2015 онд шинэчлэн найруулсан, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” талаар заасан ба, дээрх хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон, 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт “санаатай” гэсэн нэмэлт орсон бөгөөд энэхүү хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь түүний эрх зүйн байдал дордохгүй гэж шүүх дүгнэсэн болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Д.Н нь хохирогч Ц.Бгийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан байх ба хохирогч Ц.Б нь “эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн боловч холбогдох нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул шүүгдэгч Д.Н нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Харин хохирогч Ц.Б нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Д.Н нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүгдэгч Д.Н нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Д.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3. Бусад асуудлаар
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Дын Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нгийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн ... дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Нд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.Бд энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь зааснаар хохирогч Ц.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА