| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0110/Э |
| Дугаар | 112 |
| Огноо | 2020-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 112
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Б.Хурц,
шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт С-ын Н холбогдох эрүүгийн 2010000150076 дугаартай, 187/2020/0110/Э индекстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны..... дугаар сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ......... ажилтай, ам бүл ...... хамт, Сүхбаатар дүүргийн ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт С-ын Н /РД:............/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Н нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн цогцолборт Т.А хувийн таарамжгүй харьцааны улмаас үснээс нь зулгааж, гараараа цохиж түүний биед тархи доргилт, зулайн хуйхны үс халцрал, баруун шууны зулгаралт, 2 бугалганы цус хуралт, шууны цус хуралт, умдагны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч С.Н нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн цогцолборт Т.А хувийн таарамжгүй харьцааны улмаас үснээс нь зулгааж, гараараа цохиж түүний биед тархи доргилт, зулайн хуйхны үс халцрал, баруун шууны зулгаралт, 2 бугалганы цус хуралт, шууны цус хуралт, умдагны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч С.Н ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Т.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Хан- Уул дүүргийн 15 дугаар хороо Гэгээнтэн цогцолборын Кюү гэх ресторанд бүжгийн талбай дээр бүжиглэж байтал зүс таних нэг охин ирээд сайн уу гичий минь гэснээ шууд намайг үсдэж 2 тийш гараараа хөдөлгөсөн. Доош газар унагаж дээр зогсч байхад үл таних хүн ирж салгасан...Н дахин над руу дайрч үсдээд гарыг мушгиад байсан, миний гар утсыг шүүрч аван эвдээд дэлгэцийг нь эвдэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-8/
3. Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Анударъяа хэлэхдээ намайг Нарка зодчихлоо гэсэн...Нэбла ресторанд орж ариун цэврийн өрөө орж үсээ янзалж байхад нь Н орж ирээд Анударъяаг үсдээд авсан ба би салгах гээд дийлэхгүй байсан...Н Анударъяагийн гар утсыг аваад гүйж гараад буцаагаад шидчихсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/
4. Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Анударъяа дээр нэг өндөр охин ирээд юу байна гичий гэж хэлээд ойртоод түлхтэл Анударъяа яагаад байгаа юм бэ гэхэд түүний үснээс нь зулгаагаад газар унагасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№561/-ний дүгнэлт:
-Т.А биед тархи доргилт, зулайн хуйхны үс халцрал, баруун шууны зулгаралт, 2 бугалганы цус хуралт, шууны цус хуралт, умдагны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
-Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой /хх-ийн 18-19/
6. Шүүгдэгч С.Н ийн иргэний бүртгэлийн лавлагаа мэдээллүүд /хх-51-54/
7. Шүүгдэгч С.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, сонсгосон зүйл ангийн талаар маргаан байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Н нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№561/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч С.Н нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн цогцолборт Т.А хувийн таарамжгүй харьцааны улмаас үснээс нь зулгааж, гараараа цохиж түүний биед тархи доргилт, зулайн хуйхны үс халцрал, баруун шууны зулгаралт, 2 бугалганы цус хуралт, шууны цус хуралт, умдагны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч С.Н ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Т.А эх Д.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хохирол төлбөр 1.000.000 төгрөг авсан, цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн баримт /хх-ийн 64/, түүний хувийн байдал /....22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эхлэл ургац ХХК-нд борлуулалтын менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан С.Н ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Шүүгдэгч С.Н ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.
Шүүгдэгч С.Н холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-ын Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт С-ын Н ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Н оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. С.Н холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг С.Н сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТБОЛОР