| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 141/2016/00209/и |
| Дугаар | 223 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 223
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сонгинхайрхан дүүргийн 22 дугаар хорооны хилчний 26 дугаар гудамжны 13 тоотод оршин суудаг Хүрэн морь овогт Самданцогтын Авирмэдийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвд холбогдох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булгантамир, нэхэмжлэгч С.Авирмэд, хариуцагч Б.Ариунзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Авирмэд нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Завхан аймгийн Их-Уул сумын эрүүл мэндийн төвийн жолоочоор 2015.10.01-нд ажилд орсон ба 2016.04.01-нд ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас шүүхэд хандаж 2016.06.27-ны өдрийн 144 тоот шүүхийн шийдвэр гарсан боловч тус Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Ариунзаяа нь шүүхийн шийдвэр яаж гарсаныг мэдэхгүй байна, надад тэр шийдвэр ирээгүй гэх шалтгаанаар миний ажилд орох хугацааг 1 сараар хойшлуулсан нь Хөдөлмөрийн хуулийн 36.1.2 дахь заалт болон 2016.06.27-ны өдрийн шүүхийн шийдвэрийг зөрчсөн. Б.Ариунзаяа нь хөдөлмөрийн гэрээ хийхдээ гэрээний хугацааг 1 жилээр төлөвлөж шахалт үзүүлж байгаа нь Хөдөлмөрийн хуулийн 21.2, 23.2.1 дэх заалтыг тус тус зөрчсөн. 2016.8.09-ний өдөр гаргасан сануулах арга хэмжээ авсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2 болон 24.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн нь миний эрхийг зөрчиж байна. Иймд 2016 оны 6 дугаар сарын 27-ноос 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг сарын үндсэн цалин 419556 төгрөгөөр тооцон гаргуулж өгнө үү. Мөн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан 2016 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн 74 дугаартай тушаалыг хүчингүй болгож, хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Ариунзаяа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Авирмэдийг Их-Уул сумын ЭМТ-д 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс томилсон нь хууль зөрчөөгүй. Учир нь шүүхийн шийдвэрийг Эрүүл мэндийн төв нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гар дээр авснаас хойш 14 хоногийн дотор гүйцэтгэх ёстой байдаг. Шүүхийн шийдвэрийг гар дээрээ авч байж хэдэн тоот шүүхийн шийдвэр болох тал дээр түшиглэж тушаалаа гаргасан. С.Авирмэдтэй 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа, түүнийг хүчингүй болгосон зүйл заалт байхгүй байна. Ажил олгогчийн зүгээс С.Авирмэдэд шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Хөдөлмөрийн тухай хууль, дотоод журмаа баримтлаж ажиллах нь ажилтан, ажил олгогчийн хэн хэнийх нь үүрэг, хариуцлага байх ёстой. Гэтэл С.Авирмэд нь ажилд орсон өдрөөсөө машинаа барьж чадахгүй хэд хэдэн удаа жолоогоо хүнд шилжүүлсэн. Мөн хүний амь насанд аюул учирч болзошгүй нөхцөлд бэлэн байдал хангаагүйгээс осол гарахад байгаагүй зэргээс үүдэн түүнд сануулах сахилгын арга хэмжээ авсан гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Авирмэд нь хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан ажилгүй байсан хугацаанд буюу 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулах, Завхан аймгийн Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн сануулах арга хэмжээ авсан 74 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.Авирмэд нь Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвд жолоочоор ажиллаж байгаад Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 38 дугаартай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 144 дугаар шийдвэрээр С.Авирмэдийг Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1.500.000 төгрөгийг Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулж С.Авирмэдэд олгож шийдвэрлэсэн байна.
Уг шийдвэрийг үндэслэн Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаартай “Ажилд авах тухай” тушаалаар С.Авирмэдийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвд жолоочоор томилсон, түүнчилэн Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 74 дугаартай “Сануулах арга хэмжээ авах тухай” тушаалаар С.Авирмэдэд хүний эрүүл мэнд, амь насанд аюул учирч болзошгүй онцгой нөхцөлд эмнэлгийн яаралтай бэлэн байдлыг хангаж ажиллаагүй үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.4.2 дахь зааснаар сануулах сахилгын арга хэмжээ авсан болох нь хэрэгт авагдсан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 144 дугаар шийдвэр, Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаартай “Ажилд авах тухай” тушаал, Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 74 дугаартай “Сануулах арга хэмжээ авах тухай” тушаал, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажил олгогч нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох үүрэгтэй тул нэхэмжлэгч С.Авирмэд нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхтэй байна.
Түүнчилэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д ажил олгогч буюу түүний төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл оногдуулахаар заажээ.
Сахилгын зөрчил гэдэг нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтны гэм буруутай үйлдлийг ойлгоно.
С.Авирмэд нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь хэсэгт заасан аль үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн дотоод журмын 6.1 дэх хэсэгт заасан хориглосон ямар үйлдэл гаргасан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл хүний эрүүл мэнд, амь насанд аюул учирч болзошгүй онцгой нөхцөлд жолооч ямар үүрэгтэй ажиллах талаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамдаа тусгаагүй байхад дээрхи үндэслэлээр С.Авирмэдэд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Иймд Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвөөс С.Авирмэдийн ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 485600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Авирмэдэд олгож, С.Авирмэдэд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 74 дугаартай тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчид олгох ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хэрэгт авагдсан Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд авах тушаалыг үндэслэн 1 сарын дундаж цалинг 419556 төгрөгөөр тооцсон болно.
Завхан аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч болон С.Авирмэд нарын байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба дахин шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй байх тул С.Авирмэд нь хөдөлмөрийн гэрээг хуулийн дагуу байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 116, 118-д зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Завхан аймгийн Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 485000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Авирмэдэд олгож, нэхэмжлэлийн шаардалгаас хөдөлмөрийн гэрээг хуульд заасны дагуу байгуулахыг даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар С.Авирмэдэд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан Завхан аймгийн Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 74 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь С.Авирмэдэд шүүхийн шийдвэрээр олгохоор заасан олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож суутган нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 85418 төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулсугай.
5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР