Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 0209

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1851/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Бийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Бийн О нь Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д ачигчаар ажилладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 445 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ял,

2. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 652 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

3. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 785 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар дээрх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 652 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 3 хоногийн зарим болох 7 сарын хорих ялыг нэмж нэгтгэн хорих ялыг 2 жил 8 сарын хугацаагаар тогтоосон,

4. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 311 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 245 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн (РД:НЫ86081274).

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ... тоот гэртээ 2019 оны 3 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Д.Сг хардсаны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед тархи доргилт, хамар, 2 нүдний доод зовхи, баруун хацар, уруул, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэлний язралт, үүдэн хоёр шүдний сулрал зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оаас: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1.Хохирогч Д.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд:

2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн:

“...Би Отай 2015 оноос хойш хамт амьдарсан. 2019 оны 3 дугаар сарын 07-ны орой ажлынхаа хүмүүстэй тоглолт үзээд шөнийн 00 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд нөхөр хажуу талын хүмүүстэй архи уугаад сууж байсан. Тэгээд унтах гэсэн чинь тэд муудалцаад байхаар нь би ороод “больцгоо” гэсэн. Гэртээ ороод байж байтал нөхөр дахиж хэрүүл, зодоон хийх гээд байхаар нь гаднаас нь цоожилсон чинь гарна гэж орилсон. Байр хариуцсан эгчийг дуудахад эгч орж ирээд нөхрийг загнасан. Тэгээд би цагдаа дуудах гэж байснаа болиод унтуулсан чинь цаг гарны дараа босч ирээд намайг архи аваад өг гэснээ миний гар утсыг үзэж байхад дээд талын эгч залгасан чинь хардаад, гар утас дундуур нь хуваагаад эвдсэн. ...Нөхөр явлаа гээд хувцсаа цэгцэлж байснаа миний иргэний үнэмлэхийг хугалах гээд байхаар нь булааж аваад далд хийчихээд эргээд харсан чинь нүүрэн тус газар цохиж унагаагаад, толгой руу өшиглөж зодсон. Энэ үед хажуу өрөөний Дуламсүрэн орж ирээд цагдаа дуудлаа гэхэд нөхөр гараад зугтсан. Тэгээд миний хамраас цус гараад байж байхад цагдаа ирээд аваад явсан. Гар утас LG-230 маркийн, 150.000 төгрөгөөр аваад сар гаран болж байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал),

-2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн:

“... Хамтран амьдрагч О хардалтын улмаас миний нүүр рүү гараараа цохиж, гуя руу өшиглөж зодсон. Эмчилгээ хийлгээгүй. Миний 150.000 төгрөгийн үнэтэй LG маркийн гар утсыг хугалсан. Хуучин, эвдэрхий гар утас байсан тул үнэлгээний газраар үнэлүүлэхгүй. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг О гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж байхдаа учруулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр тал),

 

2. Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...Манай бага хүү О нь эхнэр Стай 2011 онд гэр бүл болсон. ...2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Оыг эхнэрээ зодсон гэж сураг сонссон.  ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дугаар тал),

 

3. Гэрч Ж.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр ...гэртээ амарч байтал хөрш айлын О ах орж ирээд “манай ах ирсэн байна, дүү 10.000 төгрөг зээлээч, удахгүй өгнө” гэж хэлсэн. Тэр үед Оын эхнэр тоглолт үзэх гээд явсан байсан. Удалгүй О согтсон байдалтай явж байсан. Орой 19 цагийн үед эхнэр С нь гэртээ ирсэн. Тэр үед манай байрны Нямаа ах эхнэрийн хамтаар Соёлоо эгч бид хоёрт дарс задалж өгөөд, уугаад сууж байтал О ах мэдчихээд С эгчийг хардаж, хэрүүл маргаан болсон. Тэгэхээр нь би С эгчийг манайд орж ирээд унтчих гэж хэлээд гэртээ оруулаад хонуулсан чинь өглөө нь О орж ирээд гар утас нэхэж хэрүүл хийж байгаад С эгчийн гар утсыг эвдлээд гараад явсан. Араас нь С эгч гарахаар нь би яаж байгаа бол гэж бодоод гэрт нь ортол С эгчийн хамраас цус гарсан байдалтай байсан. О ах байхгүй байхаар нь юу болсон талаар асуухад О намайг зодчихоод явчихлаа гэхээр нь цусыг нь цэвэрлэж өгөөд, би өөрийн 85759324 дугаараас цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар тал),

 

4. Гэрч Б.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 07-ны орой Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монос орчмоор явж байтал өөрийн дүү Отай тааралдахад ганцаараа, нилээн согтуу байдалтай явж байхаар нь ажилчдын түрээсийн байранд нь хүргэж өгсөн. Гэрт нь хамтран амьдрагч С нь байсан. Тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад, Оыг архи уулаа гээд байх шиг байсан. Маргааш нь С Оад зодуулсан гээд цагдаад өргөдөл өгсөн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дугаар тал),

 

5. Шүүгдэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн:

“...Би хоёр жилийн өмнөөс Стай танилцаж, ажилчдын байр болох Сонгинохайран дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн 18-01 тоотод түрээсийн байранд амьдраад 1-2 жил болж байна. ...2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байраараа нийлж, архи ууж, Мартын баяр тэмдэглэсэн. Тухайн үед би тасраад гэртээ унтаж байгаад сэртэл С байхгүй байхаар нь хайхад, хөрш айлын эмэгтэй Дуламсүрэнгийн гэрт танихгүй залуустай хамт унтаж байсан. Би сэрээж босгоод гэртээ орсон. Сг хардаж, уурандаа Сгийн нүүр рүү гараараа 1-2 удаа цохисон, гуя руу нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. ...Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг би гар, хөлөөрөө цохиж учруулсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хамтран амьдрагч Сгаас уучлалт гуйж, хоорондоо эвлэрсэн тул хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дүгээр тал),

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3159 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Хамар, хоёр нүдний доод зовхи хавдартай. Хамар, хоёр нүдний доод зовхинд хөхөлбөр өнгийн цус хурсан, эмзэглэлтэй. Баруун хацарт 4х3 см хөх ягаан цус хурсан хавдартай. Уруул хавдартай, дээд уруулын дотор салстад хүрэн улаан цус хурсан. Үүдэн дээд хоёр шүд хөндүүртэй, суларсан, хөдөлгөөнтэй. Баруун гуяны урд дээд хэсэгт цавины нугалаасны доор 5х4 см хөх ягаан цус хурсан. Баруун гуяны урд дээд хэсэгт уг цус хуралтаас доош 8 см зайд 4х2 см шимэгдэж шаргал туяатай болсон хүрэн шаргал өнгийн цус хуралттай. Хэлний үзүүрт хоёр газарт 0.5х0.2 см язарсан байв.

Нэмэлт шинжилгээнд явуулсан боловч хариуг авчраагүй тул дүгнэлтийг гаргав.

Дүгнэлт: Д.Сгийн биед тархины доргилт, хамар, 2 нүдний доод зовхи, баруун хацар, уруул, баруун гуяны зөөлөн эдийн няцралт, цус хуралт, хэлний язралт, үүдэн хоёр шүдний сулралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр үүссэн байх боломжтой байна. Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /Шинжээч эмч М.Энхбаяр/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31 дүгээр тал),

 

7. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны хамтарсан багийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дугаартай хурлын тэмдэглэл /хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар шийдвэрлэсэн гэх/ (хавтаст хэргийн 68-70 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 71-75 дугаар тал),

 

8. Шүүгдэгч Б.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 106 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 122 дугаар тал), шийтгэх тогтоолууд (хавтаст хэргийн 126-160 дугаар тал), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хавтаст хэргийн 161 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 166 дугаар тал), Б.Оын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 118 дугаар тал), эд хөрөнгө бүртгэлгүй тухай Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа (хавтаст хэргийн 115 дугаар тал), “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 121 дүгээр тал), “...” ХХК-ийн “...Б.О нь тус компанид ачигч, туслах ажилтнаар ажилладаг тухай” тодорхойлолт (хавтаст хэргийн 170 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Оад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ... тоот дахь өөрийн гэртээ 2019 оны 3 дугаар сарын 08-нд хамтран амьдрагч Д.Сг хардсаны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед тархи доргилт, хамар, хоёр нүдний доод зовхи, баруун хацар, уруул, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэлний язралт, үүдэн хоёр шүдний сулрал зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан;

-шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар, шүүгдэгч Б.О нь гэм буруугийн талаар тус тус маргаагүй.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Б.Оад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.О, хохирогч Д.С нар 2015 оноос гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байх ба, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байна.

 

Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ... тоот дахь өөрийн гэртээ 2019 оны 3 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Д.Сг хардсаны улмаас маргалдаж, түүний биед тархи доргилт, хамар, хоёр нүдний доод зовхи, баруун хацар, уруул, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэлний язралт, үүдэн хоёр шүдний сулрал зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь:

-хохирогч Д.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...нөхөр хажуу талын айл руу дахиж хэрүүл, зодоон хийх гээд байхаар нь гаднаас нь цоожилсон чинь гарна гэж орилсон. ...намайг архи аваад өг гэснээ миний гар утсыг үзэж байхад дээд талын эгч залгасан чинь хардаад, гар утас дундуур нь хуваагаад эвдсэн. ...Нөхөр явлаа гээд хувцсаа цэгцэлж байснаа миний иргэний үнэмлэхийг хугалах гээд байхаар нь булааж аваад далд хийгээд эргээд харсан чинь нүүрэн тус газар цохиж унагаасан, толгой руу өшиглөж зодсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр тал), мөн түүний дахин өгсөн “... Хамтран амьдрагч О хардалтын улмаас миний нүүр рүү гараараа цохиж, гуянд өшиглөж зодсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр тал),

-гэрч Ж.Дуламсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай байрны Нямаа ах ...Соёлоо эгч бид хоёрт дарс задалж өгөөд, ууж байтал О ах мэдчихээд С эгчийг хардаж, хэрүүл маргаан болсон. ...өглөө нь О орж ирээд гар утас нэхэж хэрүүл хийж байгаад С эгчийн гар утсыг эвдлээд гараад явсан. Араас нь С эгч гарахаар нь би яаж байгаа бол гэж бодоод гэрт нь ортол С эгчийн хамраас цус гарсан байдалтай байсан. ...юу болсон талаар асуухад О намайг зодчихоод явчихлаа гэхээр нь цусыг нь цэвэрлэж өгөөд цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар тал),

-гэрч Б.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Отай тааралдахад ганцаараа, нилээн согтуу байдалтай явж байхаар нь ...түрээсийн байранд нь хүргэж өгсөн. ...гэрт нь хамтран амьдрагч С нь байсан, тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад, Оыг архи уулаа гээд байх шиг байсан. ...маргааш нь С Оад зодуулсан гээд цагдаад өргөдөл өгсөн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дугаар тал),

-гэрч Д.Бийн мөрдөн шалгах өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Оыг эхнэрээ зодсон гэж сураг сонссон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дугаар тал),

-шүүгдэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Сг хардаж, хэрэлдэж, уурандаа Сгийн нүүр рүү гараараа 1-2 удаа цохисон, гуя руу нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дүгээр тал),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3159 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 31 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны хамтарсан багийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дугаартай хурлын тэмдэглэл  (хавтаст хэргийн 68-70 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 71-75 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан. Шүүгдэгч Б.О нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Д.Сг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл болно. Нөгөө талаас шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.О нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Д.Сг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх шинжийг бүрэн хангасан байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Б.О, хохирогч Д.С нарын хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол, эр, эмийн хардалт зэрэг нь нөлөөлжээ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

2015 онд шинэчлэн найруулсан, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” талаар заасан ба, дээрх хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон, 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт “санаатай” гэсэн нэмэлт орсон бөгөөд энэхүү хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь түүний эрх зүйн байдал дордохгүй гэж шүүх дүгнэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.О нь хохирогч Д.Сгийн бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн түүний эзэмшлийн гар утсыг эвдэлсэн байх боловч хохирогч Д.С нь хохирол нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор  “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг шүүхийн тогтоолд дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.О нь хувийн байдлын тухайд өмнө дөрвөн удаа ял шийтгэгдэж байсан, мөн энэ удаа холбогдсон хэргийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагчаа хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хардаж, түүний бие эрх, чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогддог тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Өмгөөлөгч Ж.Энх-Амгалангаас “хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн Б.О нь гэм буруугийн талаар маргаагүй, төлөх төлбөргүй тул түүнд торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч Б.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар дөрвөн удаа ял шийтгүүлж байсан байх ба сүүлд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 311 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 245 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялыг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр эдэлж дууссан байна.

Шүүгдэгч Б.Оад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, ажил эрхэлдэг зэргийг харгалзан түүнд 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг дөрвөн сарын заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

 

3.Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

1. Б овогт Бийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн ... дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг, хохирогч Д.С нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА