Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 0010

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Д.Ганчимэг, шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М овгийн П.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 00848 1441 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

М овгийн П.М, Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл тав, эцэг, ах, дүү нарын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн тойруу 75 дугаар гудамж, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 542 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, хуульд зааснаар хоёр дахин багасган нэг жилийн хорих ялаар тогтоогдсон бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 245 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоолгосон.

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч П.М нь Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шөлөндөө” зоогийн газарт 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 цагийн орчимд үйлчлүүлж байсан иргэн Д.Г-ын эзэмшлийн Самсунг эс-9 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 845,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, мөн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.М-ийн өмчлөлийн Самсунг галакси эс-8 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсны улмаас бусдад 800,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч М овгийн П.М нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шөлөндөө” зоогийн газарт үйлчлүүлж байсан хохирогч Д.Г-ын эзэмшлийн Samsung S9 plus загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 845,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, мөн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.М-ийн өмчлөлийн Samsung galaxy S8 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсны улмаас бусдад 800,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч П.М-ын шүүх хуралдаанд өгсөн: “...хулгайн үйлдэл дээр маргахгүй байна. Харин дээрмийн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би тэр өдөр гэртээ байсан...” гэсэн мэдүүлэг;

2. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хх-ийн 5-6 дугаар хуудас);

3. Хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хар, хөх өнгийн Самсунг Галакси эс-8 маркийн гар утсыг 2018 оны 11-р сард таньдаг хүнээсээ хайрцаг, савтай шинээр нь 850,000 төгрөгөөр авч байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Улаан гэртэй, сериал дугаарыг нь мэдэхгүй байна. Гэхдээ гэрт хайрцаг нь байгаа би аваад ирж болно. Одоо гар утсаа 850,000 төгрөгөөр үнэлж байна. ...Тухайн үед хар куртиктэй залуу нь миний хажуугаар зөрөхдөө гарт байсан гар утсыг шууд булаагаад зугтаасан. Хамт алхаж байсан хар ногоон урт куртиктэй залуу нь нөгөө залуугаа миний гар утсыг булаагаад зугтаахыг хараад хэсэг над руу гайхаж харж байснаа ардаас нь гүйгээд явсан. Би тэгээд хар куртиктэй залуу нь миний гар утсыг аваад зугтсан болохоор тэрийг л хөөсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29-30 дугаар хуудас);

3. Гэрч Д.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ер нь бол би М-ыг утасгүй гэдгийг нь мэддэг бөгөөд тэр өдөр нэг ухаалаг утас барьчихсан явж байгааг нь хараад асуухад О М-ыг утсыг нь авчихсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26 дугаар хуудас);

4. “Дамно” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн СХЗ-19-112 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 35-36 дугаар хуудас), “Дамно” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн БЗД2-19-652 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 137-138 дугаар хуудас);

5. Хохирогч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд би буцаад сууж байсан ширээндээ иртэл ширээн дээр байсан миний гар утас байхгүй болчихсон байсан. ...Гар утсаа би 2018 оны 04 дүгээр сард Америкийн нэгдсэн улсаас 980 доллароор захиж авч байсан, хар өнгөтэй Самсунг эс-9 плас маркийн гар утас байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 124-125 дугаар хуудас);

6. Насанд хүрээгүй гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид хоёр гарч яваад Баянгол дүүрэг “Өргөө” кино театрын ар талын “Такара" гэх нэртэй зочид буудалд 03 цаг 30 минутын орчимд очсон. М надад би Шөлөндөө хоолны газрын ширээн дээрээс Самсунг эс 9 плас загварын гар утас хулгайлсан гэж хэлсэн. Уг гар утсыг харахад хар өнгийн гадна талаараа хар өнгийн сөхөгддөг гэртэй гар утас байсан. Утас нь түгжээ код байхгүй байсан ба М код хийсэн. Тэгээд буудалд унтаж байхад үүрээр цагдаа нар орж ирсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 126-127 дугаар хуудас);

7. Шүүгдэгч П.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 61 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 49 дүгээр хуудас), шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, шүүгчийн захирамжийн хуулбарууд (хх-ийн 72-92 дугаар хуудас);

8. Шүүгдэгч П.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...манай найз Барсболд бие засах гээд 00 өрөө рүү явсан ба хоолны газарт үйлчлүүлж байсан ах нар хоорондоо маргалдаж зодоон үүссэн. Энэ үед би хоолны ширээн дээр байсан Самсунг галакси эс-9 маркийн гар утсыг нь аваад халаасандаа хийчихсэн юм. ...Би гар утсыг хулгайлсан талаараа буудалд очсон хойноо найз Барсболдод хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 148-149 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “шүүгдэгч П.М нь дээрэмдэх гэмт хэргийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд тухайн цаг хугацаанд хэргийн газарт байгаагүй, харин гэртээ аавтайгаа хамт байсан гэдэг. Иймд түүнд холбогдох дээрэмдэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Дээр дурдсан буюу шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч Б.М-ийн П.М-ыг заасан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон түүний мэдүүлэг, гэрч Оюунтөгс, О, Э нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч П.М нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.М-ийн өмчлөлийн Samsung galaxy S8 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр шүүрч аван зугтаасан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэдэгт бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч явсан, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч П.М-ын үйлдэл нь дээрх гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас дээрмийн эд зүйл болох “Samsung S8” загварын гар утсыг 800,000 төгрөгөөр, хулгайн эд зүйл болох “Samsung S9 plus” загварын гар утсыг 845,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул дээрэмдэх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 800,000 төгрөгөөр, хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 845,000 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч П.М-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч явсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” шинжийг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын бага хэмжээнээс дээш үнэлгээ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч П.М-ыг “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн, мөн хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Г-ын хохирол биет байдлаар буцаан олгогдсон, хохирогч Б.М-ийн хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч П.М-аас 800,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.М (рд:***)-д олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.М нь хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд уг хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан талаарх баримтыг хохирогч Б.М шүүхэд гаргаж өгсөн тул шүүгдэгч П.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:             

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.М нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч П.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 542 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 4 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 10 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...хулгайн  гэмт хэрэг нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үйлдэгдсэн, дээрмийн гэмт хэрэг нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн. Миний үйлчлүүлэгчийн хувьд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 18 нас хүрсэн буюу гэмт хэрэг хүрэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй байсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Хулгайн гэмт хэргийн хувьд гар утсыг биет байдлаар эргүүлэн өгсөн, бусдад төлөх төлбөргүй. Дээрмийн гэмт хэргийн хувьд хохирогч М өөрөө мөнгөө авсан, гомдол саналгүй гэж бичиг хийж өгсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг  нөхөн төлсөн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй байгааг харгалзан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Мөн хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар миний үйлчлүүлэгчид оногдуулсан 1 жилийн хорих ял биелүүлэхийг хойшлуулж үүрэг хүлээлгэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. Эдлээгүй үлдсэн ялын хувьд 4 сар 10 хоногийн тэнсэнтэй байсан. Эхний гэмт хэрэг үйлдэгдэхэд тэнсэнгийн хугацаа дуусахад 48 хоног дутуу байсан. Иймд энэ 48 хоногийн ялыг дээрмийн гэмт хэрэгт оногдуулах 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн ялыг хойшлуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч П.М нь энэ тогтоолоор гэм буруутайд тооцогдсон хоёр гэмт хэргийг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй байсан бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад арван найман насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмаар ял шийтгэл оногдуулж, харин оногдуулсан хорих ялыг насанд хүрэгсдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч П.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон гуч хоногийн хугацаагаар тооцон мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг дөрвөн сарын хугацаагаар тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.

Түүнчлэн, шүүгдэгч П.М нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 542 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял оногдуулж 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан байх үедээ санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас элээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зааснаар түүний эдлээгүй үлдсэн 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч П.М-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.М нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.М овгийн П.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаархулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, мөн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар “дээрэмдэх” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч П.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-д оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-д мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон гуч хоногийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг дөрвөн сарын хугацаагаар тогтоосугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.М-д энэ тогтоолоор оногдуулсан дөрвөн сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 542 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг найман сар арав хоногоор тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-д оногдуулсан найман сар арав хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.М нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч П.М-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.М-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                    

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА