Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 408

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

             Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, РД:*******, *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, *******регистрийн дугаартай, ******* овогтой гийн т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж тогтоолгож, дундын хөрөнгөөс өөрт ногдуулах хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* овогтой ******* нь 1990 оны 12 дугаар сарын 13-нд Ховд аймгийн Жаргалант сум, БОЭТ-д төрсөн. Миний бие Б.******* нь 2007 онд Д.тай танилцаж түүнээс хойш 2011 он хүртэл үерхэж, 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр анхны хүү П., 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр охин П. маань төрсөн. бид хоёр 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хуримаа хийж 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймаг Жаргалант сумын дугаарт гэрлэлтээ бүртгүүлсэн. Д. нь хуримаа хийсэн цагаасаа хойш байнга архи ууж, архи уусан үедээ намайг дарамталж, зовоодог болсон. Би Сэргэлэнбааатарыг өдийг хүртэл зан ааш нь засагдана гэж итгэж байсан. 2012-2013 оны хооронд MCS-д ачигч буюу түгээгчийн ажил хийдэг байсан. Ажил хийж байх хугацаандаа цалингаа гэр орондоо, эхнэр хүүхдүүддээ зарцуулдаггүй байсан бөгөөд авсан цалингаараар архидаж, архиныхаа өрөнд суутгуулчихлаа гээд гэртээ шөнөөр орж ирдэг болсон. Би Д.тай гэр бүл болон амьдрах хугацаандаа мөнгө төгрөг авч үзээгүй. Д.ыг болон 2 хүүхдээ тэжээдэг байсан. Д. ажил хийж мөнгө олдог хирнээ байнга надаас мөнгө нэхэж өгөхгүй болохоор надруу дайрч, олон янзын үгээр доромжилж, хашгирч орилдог байсан. 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр охин П.гаа төрүүлсэн. 2 хүүхэдтэй эцэг хүн засрах байх амьдралыг өөрөөр харж, амьдралынхаа төлөө үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зүтгэж чадах байх гэж итгэж байсан боловч улам их архи ууж зан ааш нь эвдрэх болсон. Би дөнгөж төрөөд нялх биетэй 2 сартай охинтойгоо байхдаа ажлаа хийж эхэлсэн. Ийм үед ч гэр бүлээ тэжээх ухамсар байдаггүй бүр нэмээд архи ууж өр тавьдаг байсан 2 сартай хүүхдээ орхиод ажилдаа ороод Д.ын энд тэнд тавьсан өрнүүдийг төлөөд гэртээ идэж уух юм хэрэгтэй эд зүйлсээ авдаг байсан. Д. нь тодорхой эрхэлсэн ажилгүй байтлаа ядаж 2 хүүхдээ хардаггүй, хараад үлдэхээрээ араас хэрүүл хийгээд эсхүл нялх хүүхэд ажил дээр авчраад байхаар нь би хувийн цэцэрлэгт өгсөн. Охиныхоо хувийн цэцэрлэгийн төлбөрийг би өөрөө хийдэг. 5 сард миний ээж нас барсан Энэ үеэс эхлэн намайг өмөөрч хамгаалах хүнгүй боллоо гэж бүр их загнаж хараадаг байнга гар хүрдэг болсон. Гэртээ намайг амар тайван байлгах нь байтугай шөнөжингөө юм шидэж орилж хашгирч намайг болон бага насны хүүхдүүдээ янз бүрээр хэлж доромжилдог. Хүү П. их аймхай, хурдан уйлдаг. Би сүүлдээ засрах байлгүй гэж бодоод таксинд яваад амьдрал ахуйдаа нэмэр болог гээд 5,000,000 төгрөгний зээл Хас банкнаас авч машин авсан, зээлийн хүүг нь одоо хүртэл би хийгээд явж байна. ХОА улсын дугаартай Coralla маркын машин нь Д.ын нэр дээр байдаг. Мөн бидний дундын эд хөрөнгө болох 5 ханатай гэрийг Д.т үлдээж, Хас банкны зээлээр авсан авто машины зээлийг би өөрийнхөө нэр дээр гаргуулсан, зээлийн эргэн төлөлтийг би төлдөг тул өөрийн эзэмшилд авахыг хүсэж байна. 2016 оны 02 дугаар сарын 20-нд бэр эгчийнх нь төрсөн өдөр ахынд нь очсон байхад надад гар хүрч намайг зодож элдэв үгээр дайрч доромжилсон. Энэ байдлыг би аавдаа тэр болгон хэлээд байж чаддаггүй байсан хэлнэ гэхээр аавтай чинь ална гэж сүрдүүлдэг. 2016 оны 05 дугаар сарын сүүлээр миний ажил дээр ирж хамт олны өмнө гар хүрсэн үүний дараагаар гэр орондоо үр хүүхдүүдийнхээ дэргэд намайг байнгын цохиж, хашгирч, дээрхэлдэг. Мөн ахынхаа хажууд миний уруулыг сэтэртэл цохьдог байсан учраас би шүүхэд гэрлэлтээ цуцлуулахаар хандсан.

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Д. бид 2 шүүхийн шатанд байх хугацаандаа эвлэрсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тухай хүсэлтээ бичгээр шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь Д.аас гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж тогтоолгож, дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан талаар хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Б.*******ын нэхэмжлэлтэй Д.т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж тогтоолгож, дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ