Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 119

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч Б.Хурц,       

хохирогч Ч.Д ,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Д овогт Б   Б   холбогдох эрүүгийн 1910024240009 дугаартай 187/2020/0095/Э индекстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ...-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... хамт, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Д овогт Б   Б   /РД:............../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь Бүгд найрамдах солонгос улсын визний баталгаанд байршуулах шаардлагатай байна гэж Ч.Д г хуурч 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөгийг авсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Бүгд найрамдах солонгос улсын визний баталгаанд байршуулах шаардлагатай байна гэх шалтгаанаар Ч.Д г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн 10.000.000 төгрөг авсан болох нь:

1. Шүүгдэгч Б.Б  ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...хохирогчид үлдэгдэл хохирлоо төлөхөө илэрхийлж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Ч.Д гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирол 10.000.000 төгрөг нэхэмжилснээс 5.020.000 төгрөг авсан, үлдэгдэл хохирлоо Б.Б  аас нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

             3. Хохирогч Ч.Д г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б   мессенжер чатаар холбогдоод чамд мөнгө хэрэгтэй байна уу гэхээр нь 5.000.000 төрөг хэрэгтэй байна гэдгийг хэлсэн. Тухайн үед Б.Б нь Хаан банкны Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Номин юнайтед салбарын эрхлэгчээр ажиллаж байсан...чиний нэр дээр 10.000.000 төгрөг нэмж аваад 3 сарын дотор хаачихна гэхээр нь өөрийн авах 5.000.000 төгрөг дээр нэмээд нийт 15.000.000 төгрөгийн зээл гаргуулан авч, 10.000.000 төгрөгийг Б.Б  ын ажил дээр нь аваачиж өгсөн...манай ах эгч 2 БНСУ-ын визэнд орох гэж байгаа болохоор барьцаа мөнгө байршуулчихаад 3 сарын дотор буцаагаад өгнө гэж хэлж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/

             4. Б.Б  ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 32-41/

             5. Хаан банк дахь Б.Б  ын 5753952242 дугаарын дансны гүйлгээний хуулга /хх-ийн 19-20/

            6. Шүүгдэгч Б.Б  ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Ч.Д гээс авсан 10.000.000 төгрөгнөөс сүүлд 3.000.000 төгрөгийг түүний данс руу нь шилжүүлэн өгсөн байгаа. Цаашид үлдэгдэл мөнгийг нь бүрэн төлж барагдуулна. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож, ухамсарлаж байгаа, цаашид хохирлыг бүрэн төлж барагдуулна...цалингийн зээл болон байрны зээлүүдийн төлөлт сүүлийн 3 сар хийгдээгүй байсан болохоор нийт 5.100.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.    

            Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Бүгд найрамдах солонгос улсын визний баталгаанд байршуулах шаардлагатай байна” гэх шалтгаанаар Ч.Д г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн 10.000.000 төгрөг авсныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.   

Иймд шүүгдэгч Б.Б  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан буюу нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Ч.Д д хохиролд 5.020.000 төгрөг төлж барагдуулсан ба үлдэгдэл 4.980.000 /дөрвөн сая есэн зуун наян мянга/ төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хохирогч Ч.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Хохирол 10.000.000 төгрөг нэхэмжилснээс 5.020.000 төгрөг авсан, үлдэгдэл хохирлоо Б.Б  аас нэхэмжилж байна…” гэсэн, шүүгдэгч Б.Б  ын хувийн байдал /...38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нагац  дүү, 5-7 насны 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д овогт Б   Б  ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж үзлээ.  

            Шүүгдэгч Б.Б нь шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан буюу нөхөн төлөхөө илэрхийлсэн, 5-7 насны бага насны 2 хүүхэдтэй зэргийг харгалзан Б.Б   240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.    

            Б.Б   холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.  

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  аас 4.980.000 /дөрвөн сая есэн зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Д д олгохоор шийдвэрлэв.   

       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д овогт Б   Б  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д овогт Б   Б  ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Б.Б   холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  аас 4.980.000 /дөрвөн сая есэн зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Д д олгосугай.       

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Б   сануулсугай.     

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР