Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 930

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хуралдсан шүүх хуралдаанаар С.А гийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, түүний өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн агуулга: С.А  нь 2001 онд ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуулийг Эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2017 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Бизнесийн ахисан түвшний сургуулийг Санхүүгийн менежмент мэргэжлээр Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төгссөн. 

Нийслэлийн Аудитын газарт /хуучин нэрээр/ 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаар тушаалаар гүйцэтгэлийн аудитын албанд аудитор /шинжээч/-р томилогдож 2014 оны 12 дугаар сард төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. 

Төрийн аудитын байгууллагад ажиллах хугацаандаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин ажиллаж, аудитын олон улсын стандарт, үндэсний аудитын газраас батлагдсан заавар журам, гарын авлагын дагуу ажиллахад анхаарч, хариуцсан ажлаа цаг хугацаанд нь үр дүнтэй гүйцэтгэхэд мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллаж ирсэн бөгөөд төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж сүүлийн 3 жилд сайн үнэлгээтэй дүгнэгдэж байсан. 

Гэвч Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/247 дугаар тушаалаар аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, ажлын байрны тодорхойлолтонд заасан шаардлагад нийцэхгүй болсон гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн:”, 40.5 дахь хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заасан байдаг. Гэвч хуульд заасны дагуу мэдэгдээгүй. 

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагааг хийсэн боловч уг сонсох ажиллагаа нь ажлаас халах талаар биш ерөнхий аудиторын бүтцийн өөрчлөлт хийж буй тушаалын талаар танилцуулсан сонсох ажиллагаа байсан. 

Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлүүдэд төрийн жинхэнэ хаагчийн төрийн албанаас чөлөөлөх болон халах үндэслэлүүдийг тоочин зааж өгсөн байна. Ерөнхий аудиторын дээрх тушаал нь уг хуулийн зүйл заалтад хамаарахгүй байна. Тушаалын 1 дүгээр заалтад Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, өөрчлөгдөж батлагдсан ажлын байрны тодорхойлолтонд заасан шаардлагад нийцэхгүй гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасны дагуу бүтцийн өөрчлөлт орсон нөхцөлд төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлж болох ч яг ямар бүтцийн өөрчлөлтөөр ажилтанг ажлаас халж байгаа нь тодорхойгүй өөрөөр хэлбэл орон тоо цөөрүүлсэн, орон тоо хасагдсан, салбар нэгж татан буугдсан зэрэг нь тодорхойгүй тушаал гарснаас гадна ажлаас халах нэг үндэслэлийг ажлын байрны тодорхойлолтонд нийцэхгүй болсон гэжээ. Миний хувьд анх ажилд орохдоо ажлын байранд тавигдсан тодорхойлолт, шаардлагад нийцэн ажилд орсон учраас шинээр нэмэгдсэн төрийн албанд 5-иас дээш жил ажилласан гэсэн шаардлагад нийцэхгүй хэмээн ажлаас чөлөөлж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. 

Иймд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/247 дугаар “С.А г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Монгол Улсын Ерөнхий аудиторт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, ажил албан тушаал, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт зэргийг шинэчлэн баталж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор дараах тушаал шийдвэрүүдийг гарсан байдаг.        

1.1 Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Төрийн аудитын байгууллагын тогтолцоо нь төрийн аудитын дээд байгууллага, ... төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагаас бүрдэнэ.” гэж заасанд нийцүүлэн "Үндэсний аудитын газрын харьяа Нийслэлийн аудитын газар” байсныг Монгол Улсын Ерөнхий Аудиторын  2017 оны А/59 дүгээр тушаалын хавсралтаар “Нийслэл дэх Төрийн аудитын газар” болгож өөрчилсөн. Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 13 дугаар зүйлийн 13.4.7-д заасан бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тушаал юм.

1.2. Нэхэмжлэлд дурдагдсан Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үурэг үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан. Өмнө нь Төрийн аудитын байгууллагын орон нутаг дахь салбар байгууллагад Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан төрөлжсөн аудитын нэгж /нийцлийн аудитын/ байгаагүй тул зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийг бий болгон, хэрэгжүүлэх чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгож, албан тушаалын жагсаалтыг баталсан. Түүнчлэн Гүйцэтгэлийн аудитын 2 албатай байсныг 1 хэлтэс 3 албатай байхаар, Санхүүгийн 3 албатай байсныг 2 хэлтэс тус бүрдээ 2 албатай байхаар, Нийцлийн аудитын алба байгаагүйг шинээр бий болгож 1 хэлтэс 1 албатай байхаар, Тамгын хэлтэстэй байхаар тус тус өөрчлөн зохион байгуулсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан стандартын хэрэгжилтийг хангах, Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.3, 13 дугаар зүйлийн 13.4.7-д заасан бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тушаал юм.

1.3 Мөн нэхэмжлэлд дурдагдсан Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2017 оны А/88 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан тушаалын жагсаалт, ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтыг баталсан. Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 7.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.2 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын дагуу батлан гаргасан нь тухайн ажлын байрны зорилго, зорилт, гүйцэтгэх үндсэн үүргүүд, ажлын төрлүүд, мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшил, гүйцэтгэлийн шалгуур зэргийг нарийвчлан тогтоож гаргасан хүчин төгөлдөр тушаал юм. Өмнө нь Нийслэлийн Ерөнхий аудиторын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаар тушаалын хавсралт 3-р батлагдсан ажлын байрны тодорхойлолт нь хэт ерөнхий, бүхий л төрлийн мэргэжлийг хамруулдаг, албан хаагчдад тавигдах шаардлага сул зэрэг нь Төрийн жинхэнэ албанд цаашлаад Төрийн аудитын тусгай албанд туршлагагүй, мэргэшээгүй, мэргэжлээрээ ажиллаагүй, мэргэжлийн бус албан хаагч нар ажил албан тушаал эрхэлж, төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байсан нь төрийн аудитын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан ард түмэнд үйлчлэх, мэргэшсэн тогтвортой байх зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж байсан тул Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад тавигдах шаардлагыг ажлын байр тус бүрээр нь нарийвчлан тогтоож, хэрэгжүүлэх боломжит жишиг хувилбарыг боловсруулж системийнхээ хэмжээнд мөрдүүлж эхлээд байна.

Дээр дурдсан тушаалууд нь Монгол Улсын Ерөнхий аудиторын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гарсан бөгөөд Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ...” гэж үзэх үндэслэлтэй юм.

Улсын дээд шүүхийн 2010 оны “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 08 дугаар тогтоолын 15-д “Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ...” гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ.” гэж, Иргэний хуулийн 31 дүгзэр зүйлийн 31.6-д “хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл, хэлбэр, ... ээ өөрчлөх замаар зохион байгуулагдаж болно.” гэж, мөн тус тайлбарт “Энэ хэсэгт заасан “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно.” гэж тус тус тайлбарласан байдаг.

Дээрх хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангах үүднээс Үндэсний аудитын газрын харьяа Нийслэлийн аудитын газар /хуучин нэрээр/-ийн албан хаагчдыг Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т заасны дагуу батлагдсан “Нийслэл дэх Төрийн аудитын газар”-ын ажилтан, албан хаагчдыг шинэ бүтэц зохион байгуулалтын дагуу томилох шаардлага үүссэн.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д “Мөн хэсэгт заасан “...шалгаруулж авна гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ” гэсэн тайлбарын дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/177 дугаар тушаалын 4 дүгээр заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагаа явуулж, шинэчлэн батлагдсан ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангасан албан хаагчдыг сонгон шалгаруулж танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын комисст даалгасугай” гэж үүрэг болгосны дагуу Сонгон шалгаруулалтын комисс сонсох ажиллагаа явуулж, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг шалгуур үзүүлэлт болгон сонгон шалгаруулалт явуулж, танилцуулсан.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газар нь Газрын дарга 1, Дэд дарга 1, Хэлтсийн дарга бөгөөд менежер 4, Ахлах аудитор 8, Аудитор 26, нягтлан бодогч 1, Хуульч 1, Мэдээлэл технологийн ажилтан 1, Даргын туслах 1 нийт 45 орон тоотойгоор батлагдсан бөгөөд өмнө нь 2014 оны 23 дугаар тушаалаар 50 орон тоотой байснаас шинжээч гэдэг орон тоо хасагдсан юм. Шинжээчийг Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д “аудитын баг" гэж ... аудитын хуулийн этгээдээс томилогдсон партнер, аудитор, аудиторын туслах болон шинжээчийг гэж тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч нь Нийслэлийн аудитын газарт /хуучнаар/ “шинжээч”-ийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд шинэчлэн баталсан бүтэц, орон тоо, албан тушаалын чиг үүргээр Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтцэд шинжээч буюу аудиторын туслах гэсэн орон тоо нь хасагдсан нь түүнийг ажил, албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/247 дугаар тушаал нь хууль тогтоомжийн хүрээнд, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлүүлж зохих журмын дагуу гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэр юм. Уг тушаалын дагуу түүний үүрэгт ажлаас чөлөөлөгдсний тэтгэлэг болох 3 сарын цалинтай тэнцэх тэтгэлгийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд батлагдсан төсвийн хүрээнд 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн болно. Гэтэл нэхэмжлэгч нь холбогдох дүрэм, журмын дагуу төрийн албанд томилогдоогүйн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/88 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан тушаалын жагсаалт, ажлын байр /албан тушаал/ болох аудитор болон удирдах ажилтны шаардлагыг хангахгүй бөгөөд “Эдийн засагч, менежер” мэргэжилтэй нь Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаартай “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 4-т "Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг “сул орон тоо гарсан” гэдэгт хамааруулж үзнэ.” гэсний дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болсон юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн”, 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ,” гэж заасан байдаг. Гэвч хуульд заасны дагуу мэдэгдээгүй.” гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна:” гэж хөдөлмөрийн гэрээгээр ажиллах албан тушаалыг тодорхойлсон. Нэхэмжлэгч нь үүнд хамаарахгүй бөгөөд Төрийн захиргааны ангилал, зэрэглэл болох АА-7 буюу Төрийн жинхэнэ албаны “Ахлах түшмэл”-ийн албан тушаалд томилодон ажиллаж байсан. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т төрийн захиргааны, төрийн тусгай алба нь Төрийн жинхэнэ албанд хамаардаг тул нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаагүй,. Төрийн жинхэнэ албан хаагч нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн 19.3, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан журмын дагуу “Үр дүнгийн гэрээ”-г байгуулдаг болохыг Төрийн жинэхэнэ албан тушаал эрхэлж байсны хувьд мэдэж байгаа гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн тайлбарласан орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тухай асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27,2.3, 27.2.4-т тус тус нарийвчлан зохицуулсан байна. Энэ нь мөн хуулийн 27.2-т зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчид тусгайлан олгогддог баталгаа юм.

Мөн нэхэмжлэлдээ “Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагааг хийсэн боловч уг сонсох ажиллагаа нь ажлаас халах талаар биш ерөнхий аудиторын бүтцийн өөрчлөлт хийж буй тушаалын талаар танилцуулсан сонсох ажиллагаа байсан.” гэжээ.

Захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг сонсож Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг зохих журмын дагуу явуулж байж эцэслэн гаргадаг. Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан хаагчдад сонсох ажиллагааг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60 дугаар гарахын өмнө 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр, 2017 оны А/88 дугаар тушаал гарахын өмнө 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, мөн 2017 оны А/206 дугаар тушаалыг батлан гаргахын өмнө 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус тус сонсох ажиллагааг явуулж бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн, ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтод заасан шаардлагын дагуу шалгаруулан шинэчлэн батлагдсан орон тоо, ажлын байранд томилох, чөлөөлөх шийдвэр гарах, нэхэмжлэгчийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх талаар танилцуулж сонсох ажиллагааг явуулсан. Тус сонсох ажиллагааны үеэр нэхэмжлэгч нь “... улсад ажилласан жилийг харгалзан үзэж, ажиллах нөхцөл олгохыг хүсч байна...” гэхэд нь бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөхөөр байна...” гэж хариу тайлбар хэлэхэд "... өөр саналгүй...” гэж оролцсон байна. Энэ талаар сонсох ажиллагааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан болно.

Нэхэмжлэлд “Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлүүдэд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх болон халах үндэслэлүүдийг тоочин зааж өгсөн байна. Ерөнхий аудиторын дээрх тушаал нь уг хуулийн зүйл заалтад хамаарахгүй байна.” гэжээ.

Мөн нэхэмжлэгч нь халагдсан гэж ташаа ойлгон тайлбарлажээ. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан болон хуульд заасан бусад үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж, Төрийн жинэхэнэ албан хаагчийг Төрийн албанаас халах зохицуулалттай байна.

Төрийн аудитын байгууллага бол Монгол Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнаж, Төрийн аудитыг бие даан хэрэгжүүлдэг төрийн хяналтын тусгай алба бөгөөд хуулиар Улсын Их Хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаас бусад байгууллага албан тушаалтан үүрэг даалгавар өгөх, хянахыг хориглосон зохицуулалттай бөгөөд энэ нь биднээс өндөр ёс зүй, хууль дээдлэх, ил тод байх зарчмыг шаарддаг.

Гэтэл дээрх байдлаар Төрийн жинхэнэ албан хаагч өөрөө холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчин төрийн албанд анхлан томилогдож, төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж байсан нь Төрийн хуулийг үл хүндэтгэн, түүнийг сахин биелүүлэх үндсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.А гаас гаргасан “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/247 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлээр Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан захиргааны хэрэг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үүсгэжээ / хх 21-23/. 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж дүгнэхэд дараах бодит нөхцөл байдал тогтоогдож байна:

Монгол Улсын  Ерөнхий аудиторын 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаар тушаал /хх 7/-аар С.А г Нийслэлийн аудитын  газрын шинжээчийн албан тушаалд томилжээ. Нэхэмжлэгч нь Нийслэлийн аудитын  газрын шинжээчийн албан тушаалд 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 3 жил 5 сар ажилласан, үүнээс өмнө төрийн албанд ажиллаж байгаагүй гэдэг нь тогтоогдож байна. 

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/59 дүгээр тушаал /хх 76-77/-аар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Нийслэлийн Төрийн аудитын газрыг Нийслэл дэх Төрийн аудитын газар болгон өөрчлөн байгуулжээ.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталжээ.

Шинэ бүтцийг, өмнөх бүтэцтэй харьцуулахад: Нийслэлийн Төрийн аудитын газар нь нийт 50 орон тоо байсан бол шинэ бүтцээр 45 орон тоотой болсон. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Гүйцэтгэлийн аудитын алба нь 2 албатай, 19 орон тоотой, 1 менежер, 5 ахлах шинжээч, 13 шинжээч ажиллаж байсан бол шинэ бүтцээр Гүйцэтгэлийн аудитын хэлтэс болж нэр нь өөрчлөгдөн, 10 орон тоотой, хэлтсийн дарга, аудитын менежер 1, ахлах аудитор 3, аудитор 6 ажиллахаар батлагдсан гэдэг нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 12 дугаар сарын 04-ны 318 дугаар тушаалуудын хавсралт /хх 58/, мөн Ерөнхий аудиторын 2017 оны А/59, А/60 дугаар тушаалын хавсралт /77, 88/, мөн Ерөнхий аудиторын “Ажлаас чөлөөлж, мэдэлд авах тухай” 2017 оны Б/177 дугаар тушаалын хавсралт /104-105/ зэргийг харьцуулан дүгнэхэд тогтоогдож байна. 

Шинэ бүтцийн дагуу Нийслэл дэх Төрийн Аудитын газрын албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолтыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр А/88 дугаар тушаалаар баталсан. Уг тушаалаар батлагдсан Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн аудиторын ажлын байрны тодорхойлолтыг өмнөх шинжээчийн ажлын байрны тодорхойлолттой харьцуулахад ажилласан жилийн шаардлага өмнө нь тавигддаггүй байсан бол шинэ ажлын байрны тодорхойлолтоор Ажлын байранд тавигдах шаардлага, туршлага гэсэн хэсэгт Төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан гэдэг нь шинэ, хуучин ажлын байрны тодорхойлолтыг харьцуулахад тогтоогдож байна /хх 9-12 /. 

Нийслэлийн аудитын байгууллагын бүтэц зохион байгуулалт, орон тоо, албан тушаалын жагсаалт өөрчлөгдөх, үйл ажиллагааны чиг үүрэг, үндсэн чиглэлийг шинэчлэн батлах талаар захиргааны шийдвэр гарах болсонтой холбогдуулж хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид 2017 оны 02 дугаар сарын 20, мөн оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Сонсох ажиллагаа явуулах тухай” мэдэгдлүүд /хх 68, 69/-ийг хүргүүлсэн, мөн Захиргааны ерөнхий хуулийн дагуу “Сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл” /хх 70/-ийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид танилцуулж, гарын үсэг зуруулжээ.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 26-ны  өдрийн Б/177 дугаар тушаал /хх 103-107/-аар бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан Нийслэлийн Төрийн аудитын газрын нийт албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлж, улмаар ийнхүү чөлөөлөгдсөн нийт албан хаагчдыг өмнө эрхэлж байсан албан тушаалын чиг үүргийг хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд  Нийслэл дэх Төрийн аудитын газрын мэдэлд авч, албан хаагчдын цалинг үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэжээ.  

Улмаар Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх сонгон шалгаруулалтын комиссоос 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг удирдлага болгон Нийслэл дэх Төрийн аудитын газрын мэдэлд авсан албан хаагчдын дунд сонгон шалгаруулалт явуулж, нэхэмжлэгч С.А г мэргэшсэн байх болон төрийн албанд 5 жилээс доошгүй ажилласан байх ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур үзүүлэлтүүдийг хангаагүй гэж үзжээ /хх 71-75/. 

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/247 дугаар тушаал /хх 6, 108/-аар нэхэмжлэгч С.А г ажлаас чөлөөлж, түүнд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгохоор шийдвэрлэжээ. 

Энэ тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргаж, өргөдлийн хариуг нэхэмжлэгч 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, тус шүүхэд 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргажээ. 

Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, түүнийг талуудын тайлбар, бодит нөхцөл байдалтай холбон дүгнэсэн талаар:

Маргаан бүхий акт дараахь хууль зүйн үндэслэлийг баримталжээ: Үүнд:

Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.7. “13.4.Монгол Улсын Ерөнхий аудитор дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 13.4.7.эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргах”; 

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Монгол Улсын Ерөнхий аудитор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны баталсан зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоог батлах бөгөөд батлагдсан төсөвтөө багтаан төрийн аудитын байгууллагын ажилтнуудыг томилох, чөлөөлөх эрхтэй.” гэсэн заалтыг;

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана: төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна;

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно;” гэсэн заалтыг;

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “орон тоо цөөрүүлэх”, 27.2.4-д заасан “орон тоо хасагдсан” гэдгийг Улсын дээд шүүхийн Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1-д “...“орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино...”, 15.1.2-т “... “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно.” гэж тайлбарласан зарчмаар ойлгох нь зүйтэй. Тодруулбал, Төрийн албан тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д “Энэ хэсэгт заасан “...орон тоо цөөрсөн...”, мөн зүйлийн 27.2.4-т заасан “...орон тоо хасагдсан ...” гэдгийг “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно.” гэж заажээ.

Маргааны бодит нөхцөл байдлаас дүгнэхэд: Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Гүйцэтгэлийн аудитын алба нь Гүйцэтгэлийн аудитын хэлтэс болж нэр нь өөрчлөгдөн, 19 орон тоотой ажиллаж байгаад 10 орон тоотой болж цөөрсөн, нэхэмжлэгчийн ажиллаж байсан шинжээчийн албан тушаал аудитор гэсэн нэршилтэй болж, өмнө нь 13 шинжээч ажиллаж байсан бол шинэ бүтцээр 6 аудиторын орон  тоотой болсон гэдэг нь тогтоогдсон. Тодруулбал, нэхэмжлэгчийн ажиллаж байсан шинжээчийн орон тоо шинэ бүтцээр аудиторын албан тушаал болж өөрчлөгдөж, аудиторын чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын байрны орон тоо өмнөх түүнтэй адил төрлийн шинжээчийн ажлын байрны орон тооноос 7 орон тоогоор хасагдсан буюу цөөрсөн байна.

Иймд нэхэмжлэгч талаас “...ажилтныг ажлаас чөлөөлөх хэмжээний бүтэц, зохион байгуулалт, орон тоо цөөрөөгүй,...” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Аудиторын ажлын байрны орон тоо цөөрсөн учир хариуцагч байгууллагаас тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулах зорилгоор албан хаагч бүрийг энэ албан тушаалд тавигдах шаардлага тус бүрээр нь үнэлэлт өгч шалгаруулан нэхэмжлэгчийг “мэргэшсэн байх болон төрийн албанд 5 жилээс доошгүй ажилласан байх” шинэ ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур үзүүлэлтүүдийг хангаагүй гэж үзэн ажлаас нь чөлөөлж, нэхэмжлэгчийн өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь цөөрсөн нөхцөл байдлыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан “орон тоо хасагдсантай” адилтган үзэж 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ. 

Энэ нөхцөл байдлаас дүгнэхэд маргаан бүхий захиргааны акт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн тохиолдолд тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах”-аар заасан заалт, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д  “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно”  гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Мөн нэхэмжлэгч талаас “...Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, 27.2.4-д заасан шаардлагыг хангаагүй байхад ажлаас чөлөөлсөн...” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс “...ажиллаж байсан шинжээчийн ажлын байрны чиг үүрэг шинэ бүтцээр аудитор нэртэй болсон боловч агуулгын хувьд чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тул аудиторын албан тушаалд үргэлжлэн ажиллах эрхтэй...” гэж маргасан. 

Шинжээч болон аудиторын ажлын байрны тодорхойлт /хх 9-12/-ыг харьцуулахад агуулгын хувьд чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй байх тул нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаа болох албан тушаалдаа үргэлжлэн ажиллах эрх үүсч байна. Гэсэн хэдий ч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “албан тушаалдаа үргэлжлэн ажиллах эрх” нь тухайн албан тушаалын орон тоо цөөрөөгүй нөхцөлд хэрэглэгдэх боломж бөгөөд хэрэв тухайн албан тушаалын орон тоо цөөрсөн бол албан хаагчдын дунд тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг уг албан тушаалд шалгаруулан авах үүргийг хариуцагчид мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтаар хүлээлгэсэн юм.

 Маргааны бодит нөхцөл байдлын хувьд бүтцийн өөрчлөлтөөр нэр нь өөрчлөгдсөн аудиторын ажлын байрны орон тоо нь өмнөх шинжээчийн орон тооноос 7 орон тоогоор цөөрсөн. Тухайлан хэлбэл, өмнө нь ажиллаж байсан 13 албан хаагчдаас зөвхөн 6 албан хаагч албан тушаалдаа үргэлжлэн ажиллах боломжтой болсон. Иймээс хариуцагч захиргааны байгууллагад нэг талаас цөөрсөн орон тоонд байгаа албан хаагчдын асуудлыг шийдвэрлэх, нөгөө талаас байгууллагын зорилго, шинэ бүтцийн хүрээнд нийцүүлэн албан хаагчдаа хуулиар хүрээ хязгаарт нийцүүлэн сонгон авах шаардлага бий болсон.  Уг шаардлагын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан “хэрэв орон тоо цөөрсөн бол  ...ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсэн заалт буюу хуульд заасан хувилбарыг хариуцагч захиргааны байгууллага хэрэглэх үүргийг хуулиар хүлээсэн. Уг хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, байгууллагын шинэчлэгдэн батлагдсан бүтэц, чиг үүрэгт тохируулах зорилгоор тухайн байгууллагад менежер, ахлах аудитор, аудитор, шинжээчээр ажиллаж байсан албан хаагчдын дунд ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий шаардлагын хүрээнд шалгаруулалт явуулсан үйлдлийг захиргаа хуулиар өөрт оногдуулсан үүргийг /сонгох боломжийг/ хэрэгжүүлэхдээ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд хэрэглэсэн гэж үзэхээр байна. 

Дээрхээс гадна Төрийн аудитын тухай хуулийн 71 дугаар зүйлийн 71.З-д “Төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагын тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээчид тавих шаардлага, ажлын байрны тодорхойлолтыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална.”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Монгол Улсын Ерөнхий аудитор төрийн аудитын байгууллагын хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ төрийн албаны нийтлэг хууль тогтоомжийн хүрээнд өөрийн онцлогт тохирсон тогтолцоог боловсруулж мөрдөнө.”, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн.” гэжээ. 

Үүнээс гадна Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Ажлын байрны тойдорхойлолт боловсруулах зааврын 3-д  “Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт боловсруулах ажлын зорилго нь мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшлийн бэлтгэл, ур чадвар, туршлагын хувьд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйл, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 5.1.3, 48.1-д заасан шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадавхитай ажилтныг шилж сонгоход оршино.” гэж тодорхойлжээ. Мөн журмын 4-д “Ажлын байрны тодорхойлолтыг ажил эрхлэгчид тохируулах бус, тухайн байгууллагын зорилт, чиг үүргийг үр ашиг, үр нөлөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай нийцүүлэн ажлын байрны шинжилгээ, үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсруулна.”, уг журмын 7-д “Тухайн байгууллага, нэгжийн үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, тэдгээрт тусгагдсан зорилт, чиг үүрэг өөрчлөгдсөн тохиолдолд, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, зохих журмын дагуу баталж мөрдүүлнэ.” гэж заажээ. 

Дээр дурдсан хууль, журмын заалтын дагуу хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудитороос нэхэмжлэгчийн ажиллаж байсан Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг шинэчлэн баталж, улмаар төрийн албаны хууль тогтоомжийн хүрээнд ажлын байрны тодорхойлолтыг шинээр баталж, шинээр баталсан ажлын байрны тодорхойлолтын дагуу албан тушаал цөөрсөн ажлын байранд шалгаруулалт явуулж, мэргэшсэн, туршлагатай байх  ерөнхий шаардлагыг хангаж байгаа албан хаагчдыг сонгон авч үргэлжлүүлэн ажиллуулахаар, харин ерөнхий шаардлагыг хангахгүй байгаа албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн үйлдлийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. 

Учир нь шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтын дагуу Нийслэл дэх Төрийн аудитын газрын аудиторын ажлын байрны тодорхойлолтыг шинээр батлах эрхийг хариуцагч захиргаанд хуулиар тусгайлан олгож, шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн шинэчлэгдсэн бүтцээр албан тушаалын орон тоо цөөрсөн ажлын байранд ажиллаж байсан албан хаагчдын дунд тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, туршлага, мэргэшсэн байх ерөнхий шаардлагыг хангасан байдлаар нь шалгаруулалт явуулах үүргийг Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д зааснаар мөн хүлээлгэсэн. 

Иймд нэхэмжлэгчээс “...анх ажилд орохдоо ажлын байранд тавигдсан тодорхойлолт, шаардлагад нийцэн ажилд орсон учраас шинээр нэмэгдсэн төрийн албанд 5-аас дээш жил ажилласан гэсэн шаардлагад нийцэхгүй хэмээн ажлаас чөлөөлж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна...” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм. 

Түүнчлэн нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн үндэслэл нь байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, түүний ажиллаж байсан орон тоо цөөрсөнтэй холбоотой, энэ үндэслэлийг хариуцагчаас “сонсох ажиллагаа явуулах тухай” гэсэн баримтуудаар ажлаас чөлөөлөгдөхөөс 5 сарын өмнөөс удаа дараа нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, бүтцийн өөрчлөлтийн дагуу ажлын байрны тодорхойлолт шинэчлэгдэж байгаа талаар болон бүтцийн өөрчлөлтийн дагуу нийт ажилтнуудыг мэдэлд авч, цалинг үргэлжлүүлэн олгож байсныг нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдхөөс 2 сарын өмнө мэдсэн зэрэг бодит нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгчид хариуцагчаас түүнийг ажлаас чөлөөлөгдөх үндэслэлийг мэдэгдэж байсан, сонсох ажиллагааг явуулж байсан гэж дүгнэхээр байна. Иймд нэхэмжлэгчээс “ “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу  ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагааг хийсэн боловч уг сонсох ажиллагаа нь ажлаас халах талаар биш ерөнхий аудиторын бүтцийн өөрчлөлт хийж буй тушаалын талаар танилцуулсан сонсох ажиллагаа байсан...” гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй гэдэг нь тогтоогдохгүй байна. 

Дүгнэхэд, маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ.” гэсэн заалттай нийцэж байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлээгүй, өөрт хуулиар олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцсэн байдлаар ашигласан гэж шүүхээс дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.7, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Төрийн аудитын тухай хуулийн 71 дугаар зүйлийн 71.З, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.А гаас Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/247 дугаар “С.А г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                          А.САРАНГЭРЭЛ