Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2020/0491/З |
Дугаар | 221/МА2021/332 |
Огноо | 2021-06-23 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2021/332
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, А.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 171 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 171 дүгээр шийдвэрээр: “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/772 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “газар эзэмших эрхээ сэргээх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дэх хэсэг болон нотлох баримтыг буруу үнэлсэн, нотлох баримтгүйгээр үнэлэлт дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.
Тус компани нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн байх тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01-06/787 дугаартай албан бичиг, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01-06/2490 дугаартай албан бичиг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02-06/1426 дугаартай албан бичгүүдээр "А” ХХК-д мэдэгдлүүдийг хүргүүлсэн болно.
Дээрх мэдэгдлүүдээр тус компанийг Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээний заалтуудыг зөрчсөн байгаа нь тогтоогдож байх тул маргаан бүхий акт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг баримталсан нь үндэслэлтэй байна гэж үзэж байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.
Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/781 дүгээр захирамжаар “А” ХХК-д 543 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгосон байх бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болж, тухайн газраа 2020 он хүртэл зориулалтаар бодитоор ашиглаагүй хэргийн материалд цугларсан баримтаар тодорхой харагдаж байгаа.
Газрын тухай хууль болон Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоол" “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.
Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно” гэж заасан байдаг тул тус компанийг газраа зориулалтын дагуу газраа бодитоор ашиглаагүй гэж үзэхээр байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 171 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд “хүндэтгэн үзэх шалтгаангүй” нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоосон байх учиртай.
Нөгөөтэйгүүр ийнхүү нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоох нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасанд нийцэх юм.
Гэтэл нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/772 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “А” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” эсэхийг тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргах ...” гэж заасанд нийцэхгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “А” ХХК нь тухайн газрыг 2 жил дараалан ашигласан эсэх, хэрэв ашиглаагүй бол тэр нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг нийслэлийн Засаг даргаас тогтоох ажиллагааг хийгээгүй болох нь тогтоогдсон, тодруулбал хариуцагчаас “...Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаагүй” энэ нь газар эзэмших эрх дуусгавар болгох үндэслэл болно гэснээс өөр баримт гаргаж мэтгэлцээгүй, энэ үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл байдлыг тогтоосон үндэслэлд хамаарахгүй.
Нэхэмжлэгчээс “...газраа зориулалтын дагуу ашиглаж байсан, ...архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг батлуулсан, зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулж баталгаажуулсан, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө авсан, барилгын суурь цутгах ажлыг эхлүүлж, хашаа хатгаж, газрын төлбөрийг хугацаандаа төлж байсан” гэж тайлбарлан маргасан, шүүхийн үзлэгээр маргаан бүхий газарт хашаа барьж, зоорийн давхрын цутгалт хийсэн болох нь тогтоогдсон байхад хариуцагчаас “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэж үзэж байсан бол нэхэмжлэгчээс тэр талаар тодруулж, газар ашиглахтай холбогдуулан тодорхой үйл ажиллагаа явуулж байсан эсэх талаарх нөхцөл байдлыг бүрэн тогтоосны эцэст шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай нийцээгүй байна.
Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн заалт нь гэрээнд заасан зориулалтын дагуу гэрээ байгуулагдсанаас хойш газраа 2 жил дараалан ашиглаагүй байхыг ойлгохоор байх боловч Нийслэлийн газрын албаны газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Д-ийн “А” ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан гэх газар эзэмшүүлэх гэрээнээс өөр “газрыг гэрээнд заасан зориулалтаар ашигласан” эсэхийг тогтоох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчид мөн үүнийг нотлох баримт байхгүй учраас хэзээ, хэнтэй байгуулсан, ямар гэрээнд заасан, ямар зориулалтын дагуу “А” ХХК-ийг газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгасан нь тодорхойгүй, маргаан бүхий актын үндэслэл нь нотлогдохгүй байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулжээ.
Хуулийн дээрх заалтаас үзвэл газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөлийг зөрчсөн зөрчил гаргасан нь эрх бүхий этгээдийн дүгнэлтээр урьдчилан тогтоогдсон тохиолдолд уг шийдвэрийг үндэслэн, газар эзэмшигч нь удаа дараа зөрчил гаргасан эсхүл ноцтой зөрчил гаргасан эсэхийг харгалзаж Засаг даргаас газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор зохицуулсан байна.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч “А” ХХК нь зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшил газраас хэтрүүлэн газар ашиглаж, газрыг зориулалтын бусаар ашигласан зөрчил гаргасан болохыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эсхүл мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч шалгаж тогтоож, дүгнэлт гаргаагүй байхад газрын тухай хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн гэж үзэж, улмаар түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллага нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрэн гүйцэд тогтоогдож, хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад маргаан бүхий захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 171 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ