Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 207

 

Д.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс:135/2016/1395/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн  давж  заалдах шатны шүүхийн шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, шүүгч Л.Амарсанаа нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:  

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1444 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Шарнууд овогт Дүүжийгийн Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг  даргад  холбогдох

           “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/99 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хүссэн” иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболдын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжпэгч Д.Д-, өмгөөлөгч Б.Содболд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжпэгч Д.Д- миний бие 2012 оноос хойш Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 4 дүгээр сургуулийн захирлаар хуулийн дагуу томилогдон ажиллаж байсан. Тус сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, холбогдох хууль тогтоомж дүрэм журмыг дагаж мөрдөн ажиллаж сургуулийн үйл ажиллагааг хэвийн түвшинд удирдан зохион байгуулж ирсэн. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/99 дугаартай “Ажпаас чөлөөлөх тухай” захирамж гаргаж тушаалын хууль зүйн үндэслэл, ажлаас чөлөөлж буй шалтгаан зэргийг тайлбарлаж, танилцуулахгүйгээр 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажлыг минь хүлээлцүүлсэн. Миний бие Б/99 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй боловч төрийн ажил тасралтгүй үргэлжлэх зарчим, хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа зэрэг цаг үеийн асуудлыг хүндэтгэн үзэж ажлаа хүлээлгэж өгсөн. Ажлаас чөлөөлөх тухай Б/99 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, хувийн ашиг сонирхлоо илэрхийлсэн дур зоргын шинжтэй илт хүчин төгөлдөр бус захирамж болох нь тус захирамжийн үндэслэх хэсэгт дурьдагдсан хууль, хуулийн заалтуудаас харагдаж байна. Тус захирамжийг Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь зүйлд сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон гэх үндэслэл зааж гаргасан. Миний бие ямар нэгэн өөр орон тооны ажил, албан тушаалд сонгогдож, томилогдсон зүйл байхгүй бөгөөд 2012 оноос 4 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан. Мөн 2008, 2012, 2016 оны аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд төлөөлөгчөөр сонгогдсон билээ. 2016 оны Аймгийн ИТХ-ын сонгуульд 3 дугаар багаас бие даан нэр дэвшиж аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон боловч тус багт дахин сонгууль явагдахаар болж өмнөх сонгуулийн дүн хүчингүй болсон. ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдох асуудал нь иргэн миний Үндсэн хуулиар баталгаажсан сонгох, сонгогдох үндсэн эрхтэй холбоотой бөгөөд үүнийг өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын үндэслэлтэй адилтган үзэх боломжгүй юм. Харин С.Насанбат өөрийн эрх мэдлийг ашиглаж хэт улстөржсөн хууль зүйн үндэслэлгүй захирамж гарган намайг ажлаас чөлөөлөөд зогсохгүй 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б/107 дугаар захирамж гаргаж Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан миний эхнэр Д.Оюунчимэгийг мөн л хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн. Засаг дарга С.Насанбат ийнхүү хууль бус захирамж гаргаж намайг ажлаас чөлөөлж буй гол үндсэн шалтгаан нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдаанд миний бие Д.Д- нь С.Насанбатыг аймгийн Засаг даргад нэр дэвшихэд түүнд саналаа өгөөгүй учир өс санаж намайг үндэслэлгүйгээр ажпаас чөлөөлж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой байна. Иймд хууль бус захирамж гаргаж миний Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн хуулиар баталгаажсан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/99 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны цалин 2.233.137 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймгийн 9 дүгээр баг, 4-1 дүгээр байрны 184 тоотод оршин суух иргэн Дүүжийгийн Д-ын нэхэмжлэлийг хүлээн аваад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/115 дугаар захирамжаар Д.Д-ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр сургуулийн захирлаар 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр эгүүлэн томилсон боловч ажлаа хүлээж аваагүй. Ажлаа хүлээж авахыг удаа дараа мэдэгдсэн. Иймд Аймгийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоосон захирамж гарсан өдөр хүртэлх 11 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинг, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг зөвшөөрч байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1444 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Д-ын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас 576.367 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-т олгож, ажилгүй байсан хугацааны цалин 1.656.770 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагчид нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж суутган бичилт хийхийг даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5- д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 17941 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд давж заалдах гомдолдоо:

           Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нь Д.Д-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэг дээр Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэгт 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр олгосон итгэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хариуцагчийн эрх үүргийг тодорхойлсон заалтыг үндэслээгүй буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн яг ямар эрх үүргийг шилжүүлж авсан тухай итгэмжлэл дээр тодорхой дурдаагүй, сүүлд нөхөж өгсөн итгэмжлэл нь хариуцагчийн гарын үсгийг хууль бусаар хуулбарлан гаргасан буюу хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийлэл биш хүчин төгөлдөр бус итгэмжлэлийн шаардлага хангахгүй итгэмжлэлүүдийн үндсэн дээр Г.Алтанчимэг нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан ба түүнд үндэслэж анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч нэхэмжлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоосон байна гэж хэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 44 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчсөн байна. Шүүх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/115 дугаартай “Д.Д-ыг ажилд томилох тухай захирамж гарсан тул нэхэмжлэгчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож 11 хоногийн цалин олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхнаасаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөний улмаас хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Нэхэмжлэгчийн эрхийг илт зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан ба тус анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Д.Д-ыг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн захирамжаар ажлаа хүлээж аваагүй гэх үндэслэлээр өмнөх маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй байхад ажпаас халах шийдвэрийг дахин гаргасан байна. Энэ нь өмнөх маргаан буюу 2016 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн Б/99 дугаар захирамжтай холбоотой нэхэмжлэгч Д.Д-ын нэхэмжлэлийг шүүх хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсний улмаас Д.Д-ын эрх ноцтойгоор зөрчигдөж аваагүй ажлаасаа халагдах үр дүнд хүргээд байгааг энэхүү гомдолд дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Д- хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулж 4 дүгээр сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/99 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх 4 шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/115 тоот захирамжаар нэхэмжлэгч Д.Д-ыг 4 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд томилсон бөгөөд бусад шаардлагуудыг зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаар тайлбар гаргаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн гэж дүгнээд ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, 116.3-т шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн хуулийн шаардлагуудад нийцээгүй байна.

Шүүх хэргийн болсон үйл явдал болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар зохигчдоос асууж тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1444 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Сум дундын Иргэний хэргийн шүүхэд буцаасугай.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай. 

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      О.НАРАНГЭРЭЛ        

                                          ШҮҮГЧИД                                                       С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                  Л.АМАРСАНАА