Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 0096

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,

улсын яллагч Д.Ганчимэг /томилолтоор/,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Н.Баатардорж /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1001/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Г овогт Бын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г овогт Бын Г нь Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... гэдэг газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... гудамжны задгай тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55.1 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 35 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан (РД:РЗ86021119).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... гудамжны задгай тоот хашаанд байрлах монгол гэрийн хаяанд сууж байсан иргэн С.Тыг эхнэртэйгээ хардаж, нүүрэн тус газар нь хөлөөрөө 2 удаа өшиглөж газар унаган, хэвлийн тус газар нь 3-4 удаа хөлөөрөө дэвсэж, өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ:

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн өглөө Ттай таарч нэг шил архи уусан. Тэгээд манайд очъё гээд эхнэрийн хамт, бид гурав явсан. Тэгтэл Т манайд түрүүлж очоод гэрийн хаяанд эхнэр бид хоёрыг хүлээгээд сууж байсан. Тэр өдөр би Тыг эхнэртэйгээ хардаад цохисон, өшиглөсөн. Би эхнэртэйгээ муудалцаад, тэр уурандаа Тт чамаас болж эхнэртэйгээ маргалдлаа гэж хэлээд Тын чих рүү нь гараараа алгадаад, 1-2 удаа биед нь өшиглөж, түүнийг газар унагасан гэв.

 

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талын шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч С.Тын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн:

 “... 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажил дээрээ найз нартайгаа архи ууж байгаад өдөр 10 цагийн үед салаад явсан. Тэгээд би Таван шараас алхаад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын урд талд байрлах Номингийн байрны ард явж байхад Ганбаа, эхнэр Отгоо болон зүс таних 3 залуутай таарсан юм. Бид хойшоо зам гараад “Титэм плаза”-гийн хажууд очоод 0.75 литрийн 1 шил архи хувааж уугаад, түүхий эд авах цэг дээр очиж дахиж архи уусан. Ганбаа, Отгоо бид хэд нөгөө хэдээсээ салаад, дахиж архи уухаар Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо цаг уурын станцын доор байдаг Ганбаагийн гэрт нь очсон. Тэгээд Ганбаагийн хашаанд ороход Ганбаа намайг эхнэр Отгоотойгоо хардаад, над руу агсарч, миний нүүр лүү өшиглөсөн. Би тухайн үед гэрийнх нь хаяанд сууж байсан. Нүүр лүүгээ хоёр удаа өшиглүүлээд газар унахад миний дээрээс хөлөөрөө 3-4 удаа дэвсэлсэн. Ер нь дандаа гэдэс, цээж хавьцаа дэвсэлж өшиглөсөн. Би шууд зугтаж гараад автобусанд суугаад гэр лүүгээ явж байх замдаа цусаар бөөлжөөд, автобуснаас буугаад алхаж явж байгаад Бөхийн өргөөний хажууд ухаан алдаад унасан. Тэгээд нэг ухаан ороход эмнэлэгт хүргэгдэж ирээд яаралтай хагалгаанд орсон. Миний элэг, ходоод бяцарч, толгой хөдөлсөн байна гэж хэлсэн. Ганбаагийн жинхэнэ нэрийг Г гэдэг юм. Тухайн үед Г, Гын эхнэр Отгоо бид гурав байсан. Би шүүх эмнэлгийн №13098 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтлийг Г надад учруулсан. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал),

-2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирогчоор дахин өгсөн:

“...Г, Баттулга, Отгонтуяа, Тавинжин нартай Номингийн байрны урд таараад хойшоо зам гараад “Титэм плаза”-гийн хашаанд  орж архи уугаад, тэдний түүсэн ундаа, лаазны савыг түүхий эд авдаг цэг дээр тушаахаар явахдаа би Гын үүрч явсан шуудайг үүрэх гээд Гтай куртикээ сольж өмссөн байсан юм. Тэгээд түүхий эд авах цэг дээр очиж, дахиж архи авч уугаад Гын хашаанд очиход Г намайг эхнэртэйгээ хардаад зодсон. Гэхдээ би Гын хамтран амьдрагч Отгонтуяатай ямар нэгэн асуудал байхгүй. Би тухайн үед эхнэр Ундрахад Г намайг эхнэртэйгээ хардаад зодсон гэж хэлэхээс санаа зовоод, Г намайг зодоод куртик авчихсан гээд хэлчихсэн. Би Гын куртикыг өгөөд өөрийнхөө куртикийг буцааж авсан. Куртикны асуудалд гомдол санал байхгүй. Гын ээж Хөвсгөл аймгаас манай ээж Оюунцэцэгийн Хаан банкны данс руу 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус тус 100.000 төгрөг шилжүүлсэн. Эмчилгээний 200.000 төгрөг надад төлсөн. Цаашид Г миний эмчилгээний хохирлыг барагдуулчихвал надад гомдол санал байхгүй. Миний хохирол одоогийн байдлаар 3.000.000 төгрөг болж байна. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлыг барагдуулж өгнө үү. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),  

 

2. Гэрч Ж.Ундрахын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн:

“... 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед ГССҮТ-өөс нэг хүн залгаад Тын эхнэр мөн үү, эмнэлэгт хүргэгдэн ирсэн гэж хэлсний дагуу эмнэлэгт ирээд эмч Мөнхдөл гэж хүнтэй уулзахад “таны нөхрийн биеийн байдал муу байна, яаралтай хагалгаанд орох шаардлагатай, дотуур цус алдсан байна” гэж хэлээд зөвшөөрсөн гэсэн бичиг дээр гарын үсэг зуруулсан. Би хагалгаанд орохынх нь өмнө Ттай хальт уулзахад толгой хэсэг нь хавдсан, зүүн нүд нь тагларсан, баруун нүд хавдсан, хүн харахын эцэсгүй царайтай байсан. Тэгээд би хэн ингэсэн талаар асуухад Ганбаа миний куртикийг авах гээд намайг зодсон гэж хэлсэн. Хаана зодуулсан гэдгээ надад хэлээгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

 

3. Гэрч Ж.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн:

“... Би 2019 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 10 цагийн үед Цамбагаравын урд байрлах Номингийн байрны хажууд Г, Отгонтуяа, Тавинжил нарын хамт шил, лааз түүж явж байгаад Т гэдэг залуутай таарсан юм. Тэгээд бид хойшоо зам гараад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Титэм плаза”-гийн хажууд очиж, 0.75 литрийн архи хувааж уучихаад түүсэн шил, лаазаа замын цагдаагийн хойд талд байдаг түүхий эд авах цэг дээр аваачиж өгөөд, дахиад 0.75 литрийн хоёр шил архи дэлгүүрээс авч, нэгийг нь бид хувааж уугаад, үлдсэн архийг нь Г, Т, Отгонтуяа гурав аваад салаад явсан. ...орой 23 цагийн үед Гын гэрт очиход Г, Отгонтуяа, Цогбадрах гурав согтуу унтаж байхаар нь би Гын гэрт хоносон юм. Би Тыг хэн цохиж зодсоныг мэдээгүй. Өнөөдөр л Тыг хүнд зодуулсан талаар сонслоо. Т архи ууж байхдаа Гтай куртикээ сольж өмссөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

 

4. Гэрч Д.Отгонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн:

“... Бын Г бид хоёр 2013 онд танилцсан. Тэр цагаас хойш Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайрханы 4 задгай тоот буюу цаг уурын станцын доор задгай хашаанд монгол гэрт амьдарч байна. 2019 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 10 цагийн үед нөхөр Г, Тавинжил, Баттулга бид хэд Цамбагаравын урд талын Номингийн байрнаас хог түүж байгаад 0.75 литрийн тал архи олсон. Тэгээд явж байгаад Номингийн байрны хажууд Ттай таараад бид хойшоо зам гарч, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Титэм плаза”-гийн хажууд очиж олсон архиа хувааж уучихаад Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу замын цагдаагийн хойд талд байдаг түүхий эд авах цэг дээр очиж шил лаазаа тушаагаад, дэлгүүрээс дахиж 0.75 литрийн хоёр шил аваад, нэг шил архийг нь Тавинжил, Г, Баттулга, Т бид хэд хувааж уусан. Г, Т бид гурав манай гэр рүү явсан. Гэрт очоод хашаан дотор Г, Т хоёр маргалдаад, Г Тыг цохихоор нь би больцгоо гэж хэлээд, салгаад гэр лүүгээ орсон. Г бид хоёрыг унтаж байхад, орой 22 цагийн үед Цогбадрах, Баттулга хоёр ирээд, хоол унд идээд унтаж амарсан. Тавинжил тэр өдөр манай гэрт ирж хоноогүй. Тавинжил Тыг цохиж зодоогүй. Г намайг Ттай хардаад юм яриад байсан. Би одоо юу гэж ярьсныг нь санахгүй байна. Т манай хашаанд орж ирээд гэрийн зүүн талын хаяанд сууж байхад Г очиж алгадаад, цохиод авахаар нь би больцгоо гэж хэлээд гэр лүүгээ орсон. Араас Г орж ирсэн. Т гараад явчихсан байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал),

            -2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрчээр дахин өгсөн:

            “... Б.Г бид хоёр хамтран амьдрагч нар байгаа юм. Т бид нартай таарахдаа хар өнгийн богино савхин куртик өмссөн байсан. Тэгээд бид хойшоо зам гараад “Титэм плаза”-гийн хойд талд очиж олсон архиа ууж дуусаад явах гэтэл Т Гын үүрч явсан шуудайтай ундааны сав лаазыг үүрнэ гээд Гтай өмсөж явсан куртикээ солиод өмссөн. Г намайг Ттай хардаад зодсон гэсэн. Гэхдээ би Ттай ямар нэгэн асуудал байхгүй.  Т архи уухаараа манай гэрээр орж гардаг юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),

 

5. Шүүгдэгч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“... 2019 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 10 цагийн үед Баттулга, Тавинжил, Отгонтуяа бид дөрөв Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын автобусны буудлын урд талд байрлах Номингийн байрны хажууд шил лааз түүгээд явж байхад С.Ттай таарсан. Бид хойшоо зам гараад “Титэм плаза”-гийн хажууд очиж хог түүж байгаад тал 0.75 литрийн архи уучихаад, тэндээсээ Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, замын цагдаагийн гүүрний ард талын түүхий эд авах цэг дээр очиж түүсэн шил лаазаа тушаагаад, дахиж дэлгүүр орж 0.75 литрийн 2 шил архи аваад, тэндээ нэг архийг нь задлаад Баттулга, Тавинжил, Отгонтуяа, Т бид хэд хувааж уугаад, үлдсэн архийг нь би аваад Т, Отгонтуяа хоёрыг дагуулаад гэр лүүгээ явсан. Би замдаа явж байхдаа Отгонтуяатай Тыг хардаад маргалдахад, Т түрүүлээд манай хашаа руу ороод гэрийн хаяанд сууж байхаар нь чих рүү нь гараараа алгадахад Т газар унасан. Тэр үед би хөлөөрөө цээж, гэдэс хавьцаа нь өшиглөхөд Отгонтуяа салгасан. Тэгээд би гэр лүүгээ ороод, Т зугтаад явсан. ...Би гараараа чих рүү нь алгадаад, газар унахад нь дээрээс нь хөлөөрөө цээж, гэдэс хавьцаа нь 1-2 удаа өшиглөсөн. Шүүх эмнэлгийн 13098 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би дээрх гэмтлийг С.Тын биед учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дугаар тал),

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13098 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн дээд хэсэгт 6х1.5 см, баруун зулайд 1.5х0.4 см цайвар эдгэрсэн зулгаралттай, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд хөх ногоон цус хуралттай, салстад тархмал улаан хүрэн цус хуралттай, хэвлийн урд хэсэгт босоо байрлалтай 12 см урт мэс заслын оёдол бүхий шархтай, шарханд цэвэр боолттой, баруун гуяны урд доод хэсэгт 5х5 см, зүүн гуяны 10х2 см ягаан цус хуралттай.

ГССҮТ-ийн эмнэлгийн 41463 тоот өвчний түүхээс: Эмнэлэгт хэвтсэн: 2018.10.21 11:10 Хэсэг газрын үзлэгт: Нүүрээр зулгарсан шархтай, хавантай, хэвлий эмзэглэлтэй, гялтан цочрол /-/.

-2019.10.22-ны өдрийн мэс заслын тэмдэглэлд: Хэвлийн гол шугамаар 10-12 см зүслэг хийж, цус тогтоолын дор зөөлөн эдийг үечлэн нээж, хэвлийн гялтанг нээхэд хэвлийд цус байсныг соруулан авч хэмжихэд 2500 мл орчим байв. Хэвлийн эрхтнүүдийг шалгахад нарийн гэдэсний дунд хэсэгт няцралттай, гялтангийн ар хэсгийн гялтан урагдсан, элэгний 6 сегмент задарсан цус алдаж байв. Элэгний урагдлыг оёж цус тогтоох губка наан, мөн гялтангийн урагдлыг оёсон. ...” гэжээ.

Дүгнэлт:“...-С.Тын биед хэвлийн битүү гэмтэл, элэгний няцрал, задрал, хэвлийн гялтан хальсны урагдал, цус хуралт, хэвлийн хөндийд шингэн хуралдалт /2500гр/, хэвлийн хөндийг нээх мэс заслын дараах байдал, духанд зулгаралт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус хуралт, гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. /шинжээч Ц.Нандинцэцэг/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32-34 дүгээр тал),

 

7. Хохирогч С.Тын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн  өвчний түүхийн баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 66-77 дугаар тал), хохирогч С.Тын нэхэмжилсэн хохирлын баримтууд (хавтаст хэргийн 105-112 дугаар тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

8. Гэрч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өгсөн “... Миний дүү Бын Г нь Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой. ...Манай дүү 2017 онд Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод орж ирсэн. Эхнэр байхгүй, хамтран амьдрагч эмэгтэй байдаг. Хөвсгөл аймагт байхдаа цагдаагийн байгууллагад нэг удаа танхайн хэргээр шалгагдаж байсан. Миний дүү хүн зодож цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа асуудал дээр ахын зүгээс би хохирогчид учирсан хохирлыг өөрийнхөө чадах хирээр төлж барагдуулна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал),

 

9. Шүүгдэгч Б.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 87 дугаар тал), Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 79-84 дүгээр тал), Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 35 дугаартай захирамж (хавтаст хэргийн 85-86 дугаар тал), шүүгдэгчийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн албан тоот (хавтаст хэргийн 55 дугаар тал), “Хас банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Төрийн банк”, “Ариг банк”, “Улаанбаатар хотын банк”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Хаан банк”, “Капитал банк”-нд тус тус данс эзэмшдэггүй тухай албан тоот (хавтаст хэргийн 57-64 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Гт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Г нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ... гудамжны задгай тоотод С.Тыг эхнэртэйгээ хардаж, нүүрэн тус газар нь хөлөөрөө 2 удаа өшиглөж газар унаган, хэвлийн тус газар нь 3-4 удаа хөлөөрөө дэвсэж, өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан;

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардорж дүгнэлтдээ “хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Шүүгдэгч нь өнөөдрийн хуралд зарим зүйлийн талаар маргасныг нь мэдэхгүй байна, гэм буруугийн талаар маргахгүй, хохирогчид хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байсан” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Б.Г нь “би хохирогчийн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус хуралт, гуянд цус хуралт бүхий гэмтлийг учруулаагүй, харин цээж рүү нь хоёр удаа өшиглөсөн гэдгээ зөвшөөрч байгаа” гэж мэдүүлж, гэм буруугийн талаар маргасан.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Гт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

 Шүүгдэгч Б.Г, хохирогч С.Т нар нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундаа хамтдаа хэрэглэн өдрийн турш архидан согтуурсан байх ба, ... гудамжны задгай тоотод Б.Гын гэрт үргэлжлүүлэн архидахаар очсон, улмаар тус тоотод байхдаа шүүгдэгч Б.Г нь хохирогч С.Тыг хамтран амьдрагчтайгаа хардаж, нүүрэн тус газар нь гараараа цохих, өшиглөх, мөн хөлөөрөө өшиглөж газар унагах, хэвлийн тус газар нь 3-4 удаа хөлөөрөө дэвсэх зэргээр зодож биед нь хэвлийн битүү гэмтэл, элэгний няцрал, задрал, хэвлийн гялтан хальсны урагдал, цус хуралт, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, хэвлийн хөндийг нээх мэс заслын дараах байдал, духанд зулгаралт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус хуралт, гуянд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримт нь:

-хохирогч С.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ганбаагийн хашаанд ороход Ганбаа намайг эхнэр Отгоотойгоо хардаад, над руу агсарч, миний нүүр лүү өшиглөсөн. ...Нүүр лүүгээ хоёр удаа өшиглүүлээд газар унахад миний дээрээс хөлөөрөө 3-4 удаа дэвсэлсэн. Ер нь дандаа гэдэс, цээж хавьцаа дэвсэлж өшиглөсөн. ...ухаан алдаад унасан, ...ухаан ороход эмнэлэгт хүргэгдэж ирээд яаралтай хагалгаанд орсон. Миний элэг, ходоод бяцарч, толгой хөдөлсөн байна гэж хэлсэн. Дээрх гэмтлийг Г надад учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал),

-мөн түүний хохирогчоор дахин өгсөн “...Гын хашаанд очиход Г намайг эхнэртэйгээ хардаад зодсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал), 

-гэрч Ж.Ундрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед ГССҮТ-өөс нэг хүн залгаад Тын эхнэр мөн үү, эмнэлэгт хүргэгдэн ирсэн гэж хэлсний дагуу эмнэлэгт ирээд эмч Мөнхдөл гэж хүнтэй уулзахад “таны нөхрийн биеийн байдал муу байна, яаралтай хагалгаанд орох шаардлагатай, дотуур цус алдсан байна” гэж хэлсэн. ...Ттай хальт уулзахад толгой хэсэг нь хавдсан, зүүн нүд нь тагларсан, баруун нүд хавдсан, хүн харахын эцэсгүй царайтай байсан. ...Ганбаа ...намайг зодсон гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

-гэрч Д.Отгонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г, Т бид гурав манай гэр рүү явсан. Гэрт очоод хашаан дотор Г, Т хоёр маргалдаад, Г Тыг цохихоор нь би больцгоо гэж хэлээд, салгаад гэр лүүгээ орсон. ...Г намайг Ттай хардаад юм яриад байсан. ...Т манай хашаанд орж ирээд гэрийн зүүн талын хаяанд сууж байхад Г очиж алгадаад, цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар тал) болон мөн түүний гэрчээр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар тал),

-шүүгдэгч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би  Т, Отгонтуяа хоёрыг дагуулаад гэр лүүгээ явсан. Би замдаа явж байхдаа Отгонтуяатай Тыг хардаад маргалдахад, Т түрүүлээд манай хашаа руу ороод гэрийн хаяанд сууж байхаар нь чих рүү нь гараараа алгадахад Т газар унасан. Тэр үед би хөлөөрөө цээж, гэдэс хавьцаа нь өшиглөхөд Отгонтуяа салгасан. ...Би гараараа чих рүү нь алгадаад, газар унахад нь дээрээс нь хөлөөрөө цээж, гэдэс хавьцаа нь 1-2 удаа өшиглөсөн. Би гэмтлийг С.Тын биед учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дугаар тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13098 тоот дүнэлт (хавтаст хэргийн 32-34 дүгээр тал), хохирогч С.Тын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 66-77 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Г нь С.Тын биед хийсэн шинжээчийн дүгнэлттэй танилцаад, зөвшөөрч байгаагаа илэрхийлж байсан байх ба, харин шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлээс С.Тын биед духанд зулгаралт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны салстад цус хуралт, гуянд цус хуралт бүхий гэмтлийг учруулаагүй гэж маргах боловч энэ талаар үндэслэлээ баримтаар нотлоогүй, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин хэрэгт цугларсан баримтаар хохирогч С.Таас “...Г нь нүүрэнд хоёр удаа өшиглөсөн” гэж мэдүүлсэн, мөн шүүгдэгч нь С.Тын чих рүү нь гараараа цохиосон талаар мэдүүлдэг бөгөөд, шинжээчийн 13098 тоот дүгнэлтээр хохирогч С.Тын биед учирсан дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл гэж дүгнэсэн зэргээр шүүгдэгчийн дээрх мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Нөгөө талаас шүүгдэгч нь хуульд зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Шүүгдэгч Б.Г нь хохирогч С.Ттай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохих, өшиглөх, хэвлийн тус газар нь өшиглөх зэргээр идэвхтэй үйлдэл хийсэн нь хохирол хор уршигт зориуд хүргэсэн шууд санаатай үйлдэл байна. Хэргийн үйл баримтаас үзвэл тухайн гэмт хэрэг нь хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал болон эр, эмийн хардалтын улмаас гарчээ.

Иймд шүүгдэгч Б.Гын хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх бөгөөд шүүхээс шүүгдэгч  Б.Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Тус гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч, мэс ажилбарт орсон, мөн бусад холбогдох зардлууд гарсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.   

Шүүх хохирогчийн хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг судлан үзэхэд хохирогчийн эмчилгээ, унааны зардалд 949.924 төгрөг гарсан байх ба, үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Гын ар гэрээс  861.000 төгрөг хохирогчид нөхөн төлсөн байна. Харин хохирогч С.Таас “хохирлоо барагдуулж авсан тул гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Гыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан гэмтэл, урьд гэмт хэрэгт холбогдож байсан ч дүгнэлт хийгээгүй хувийн байдал, хохирлоо төлөхдөө өөрийн биеэр өгөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгчийн хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, ажил эрхэлж байсан гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй учраас түүнд торгох ял биелэгдэх боломжгүй гэж үзэж хорих ял оногдуулах саналтай гэсэн” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардорж дүгнэлтдээ “Гэмт хэргийн хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, Б.Г нь урьд ял шийтгэгдэж байсан ч ял шийтгэлгүй болсон, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй байна. Мөн хохирогчтой сайн дураар эвлэрч хохирлыг барагдуулсан. Хохирогчийн нүүрэнд учирсан гэмтлийг шүүгдэгч өөрөө учруулаагүй мэтээр ярьсан хэдий ч анхнаасаа гэм буруугаа хүлээж хохирол төлбөрөө төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзаж, хорихоос өөр төрлийн ял буюу 10.000.000 төгрөгөөр торгож өгнө үү. Миний үйлчлүүлэгч улирлын чанартай өрөмийн мастерын ажил эрхэлдэг, түүний эцэг нь мал аж ахуйтай зэргийг харгалзаад 3 жилийн хугацаагаар торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 2011 онд ял шийтгэгдэж байсан байх ба, уг ялын хугацаа дууссан, хуульд зааснаар түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, нөгөө талаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүхээс шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардоржийн торгох ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Б.Г нь тодорхой эрхэлсэн ажилгүй, мөн түүний цалин хөлс, орлогыг тодорхойлсон баримт хэрэгт байхгүй тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй юм. Нөгөө талаас торгох ял оногдуулвал шүүгдэгчийн ар гэрээс төлнө гэх тайлбарыг гаргах боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж хуульчилсан. Иймд өмгөөлөгчийн гаргасан дээрх дүгнэлт үндэслэлгүй байна.

 

4. Бусад асуудлаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Бын Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч С.Тт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА