Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 0032

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Ц.Ариунтуяа, шүүгдэгч П.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С овгийн П.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02106 1642 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овгийн П.У, Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хос Сансар” ХХК-д туслах ажилтан, ам бүл тав, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 7 дугаар гудамжны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны *** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч П.У нь 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нархан” худалдааны төвийн 2 дугаар давхарт “аав Ж.П-ийг өмөөрч” иргэн Л.Х-ыг толгой дух хэсэг рүү нь толгойгоороо мөргөж, зодож, цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн хөмсөг, баруун, зүүн хацар, уруулын зулгаралт” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд учруулсан болох  гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч С овгийн П.У нь 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нархан” худалдааны төвийн 2 дугаар давхарт “аав Ж.П-ийг өмөөрч” иргэн Л.Х-ыг толгой дух хэсэг рүү нь толгойгоороо мөргөж, зодож, цохиж, бие махбодод нь “...тархи доргилт, зүүн хөмсөг, баруун, зүүн хацар, уруулын зулгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч П.У-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ..” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Л.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байрлах Нархан худалдааны төвийн 2 давхарт байрлах ажлаасаа гарах гээд эхнэр эхнэр Б-гийн хамт хаалгаа түгжээд зогсож байтал 50 гаран насны ах надаас бичгийн цаас байна уу гэж асуухаар нь би байхгүй гэсэн чинь намайг чи яахаараа мэддэггүй юм янхан пизда гэхээр нь би 1 ширхэг ууттай атар талхаараа нөгөө ахын мөр лүү нэг удаа цохичихсон. Тэгтэл нэг залуу маш хурдтай гүйж ирээд миний хамар хэсэг рүү толгойгоороо 2 удаа, баруун нүд рүү 1 удаа, дух хэсэг рүү 2 удаа мөргөсөн. Тэгээд хамарнаас цус гараад байхаар нь би доошоо тонгойсон чинь тэр залуу миний цээж рүү 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. У гэх залуу намайг толгойгоороо 2 удаа, баруун нүд рүү нэг удаа, дух хэсэг рүү 2 удаа мөргөсөн. У-ын аав П гэж хүн намайг цохиж зодсон зүйл байхгүй. У үгийн зөрүүгүй гүйж ирээд мөргөсөн ба тухайн үедээ аав П-ийг өмөөрөөд мөргөж өшиглөсөн байх. Эмчилгээний зардал гараагүй, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Би шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 38 дугаар хуудас);

 

3. Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байсан. 22-23 орим насны туранхай залуу гүйж ирээд манай нөхрийг заамдаж аваад нүүр рүү нь мөргөсөн. Тэгээд тэр танихгүй залуугийн аавтай нь манай нөхөр заамдалцаж аваад нэг давхар руу буусан чинь манай нөхрийн хамарнаас цус гарчихсан. Тэгэхээр нь би цагдаа дуудахад нөгөө залуу явах гээд байхаар нь би явуулахгүй гээд гарнаас нь зуурсан чинь миний гарнаас гараа мулт татаж аваад гараад зугтаачихсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42 дугаар хуудас);

4. Гэрч Ж.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр манай хүү гүйж ирээд тэр танихгүй залууг дух хэсгээрээ 2 удаа мөргөсөн. Би тэр залууг цохиж зодоогүй. Тэр залуу миний мөр лүү ууттай талхаараа нэг удаа цохисон. Надад гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 44 дүгээр хуудас);

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4408 дугаартай “...Л.Х-ын биед тархи доргилт, зүүн хөмсөг, баруун, зүүн хацар, уруулын зулгаралт" гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 50 дугаар хуудас);

6. Иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа (хх-ийн 56 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 53 дугаар хуудас), оршин суугаа хорооны тодорхойлолт (хх-ийн 57 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх баримт (хх-ийн 58 дугаар хуудас), “Голомт банк”, ‘Хаан банк”-ны дансны хуулга (хх-ийн 61-74 дүгээр хуудас), "Хос сансар” ХХК-д туслах ажилтнаар сарын 380,000 төгрөгийн цалинтай ажилладаг талаарх тодорхойлолт (хх-ийн 75 дугаар хуудас), цагдаагийн байгууллагын асап сангийн шүүлт (хх-ийн 76-77 дугаар хуудас);

7. Шүүгдэгч П.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би аавыгаа өмөөрөөд гүйж очоод тэр залуугийн толгойн дух хэсэг рүү нь толгойгоороо 2 мөргөөд, зуурч аваад баруун гараараа зүүн хацар руу нь 1 удаа цохиод, гараа солбиж бариад зүүн гараараа баруун хацар рүү нь 1 удаа цохисон. Тэр хүн намайг цохиж зодоогүй. Би өөрийн хийсэн гэм буруугаа ойлгож байна. Хохирогч Х-т эмчилгээний зардал гэж 300,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 84-85 дугаар хуудас), эвлэрлийн гэрээ (хх-ийн 88 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Х-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч П.У-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Л.Х-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч П.У-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Л.Х нь хохирлоо бүрэн авсан, гомдол саналгүй талаар шүүгдэгчтэй эвлэрлийн гэрээ хийсэн нь хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч П.У-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн (хохирогч нь шүүгдэгчийн эцгийн эрх чөлөөнд халдсан)-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч П.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 570 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 570,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүйг тус тус дурдах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү...” гэв.

Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.У-д таван зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун далан мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.У нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.С овгийн П.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.У-д таван зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун далан мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.У-д оногдуулсан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч П.У-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.У нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.У-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА