| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/1368/Э |
| Дугаар | 0033 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 0033
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Х.Онолт, хохирогч Б.Г, шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Л овгийн М.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 05240 1726 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Л овгийн М.Д, Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Теди” төвд гар утасны худалдаа эрхэлдэг, ам бүл гурав, эх, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ус суваг, 29 дүгээр байрны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч М.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” баарны ариун цэврийн өрөөнд иргэн Б.Г-тай “орхиж явлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгой хэсгээр нь хана мөргүүлж, эрүүл мэндэд нь “баруун чамархайн хуйханд эдийн дутагдал бүхий шарх, зулгаралт, баруун чихний дэлбэнд зулгаралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Л овгийн М.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” баарны ариун цэврийн өрөөнд иргэн Б.Г-тай “орхиж явлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгой хэсгээр нь хана мөргүүлж, бие махбодод нь “...баруун чамархайн хуйханд эдийн дутагдал бүхий шарх, зулгаралт, баруун чихний дэлбэнд зулгаралт, тархи доргилт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч М.Д-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна..” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Б.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Хэрэг гардаг өдөр Д-тэй уулзаж “хоёулаа хамт жоохон сууя” гэж хэлэхэд “тэгье” гэсэн. Нэг газар хамт сууж байгаад төв рүү оръё гэж хэлэхэд Д тэгье гээд хажуу талд байрлах 89 гэх нэртэй паб-д орж Д3 пиво, би 2 пиво уусан. Дараа Хар хорингийн хойно байрлах кареоке дотор дуулж сууж байгаад 10 жилийн найз болох Төгсжаргалыг дуудаж уулзсан. “Гурвуулаа одоо яах уу” гэхэд Төгсжаргал “гурвуулаа одоо бааранд оръё” гэж хэлсэн. Бид гурав анх Кэнзо гэх бааранд орсон. Тэр бааранд Д “би энэ бааранд таксгүй ордог” гэж орилож байсан. Би хамгаалагчид нь “манай найз согтуу байгаа юм” гэж хэлээд найзыгаа аваад гарсан. Баарнаас гараад Күэн гэх баар руу орсон. Күэн гэх баар руу ороход Д “хэдүүлээ энэ бааранд сууя” гэхээр нь Төгсжаргал бид хоёр “энэ баар хүнгүй байна, мөн муухай үнэртэй байна” гэж хэлэхэд Д “үгүй би энэ бааранд суумаар байна” гэж хэлсэн. Бид хоёр “чи тэгвэл наанаа суу, бид хоёр явлаа” гээд Д-ийг үлдээгээд явсан. Т бид хоёрын Цамбагаравын хойд талын Рич гэх бааранд ороод сууж байхад Д орж ирсэн. Д ирээд “яагаад намайг орхиод явж байгаа юм” гэхэд би “бид хоёр чамайг гаръя гэж хэлсэн шүү дээ, тэр бааранд Т суухгүй гэж байна, би ч суух дургүй байна” гэхэд “намайг яахаараа орхиж явдаг юм, хэнийгээ хараад пялдагдаад байгаа юм” гэхээр нь би Д-д хандан “хоёулаа хүмүүсийн нүдэн дээр муудалцаад яах юм, нойлд эвтэйхэн ярилцаж учир зүйгээ ололцъё” гэж хэлсэн. Д-тэй нойлд ороод ярилцахад “чи яахаараа хүн орхиж явдаг юм” гээд түлхэхэд нь би “битгий хүн түлхээд бай” гээд буцааж өөрийг нь түлхэхэд Д мөрөөрөө хана руу түлхээд дээрээс дарж унасан. Би “яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд толгойноос цус гарч эхэлсэн. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Гэмтлийн эмнэлгийн мэс заслын тасагт сэрсэн. Баарнаас яаж эмнэлэг орсноо санахгүй байна. Мөргүүлсэн хэсэгт одоо үс ургахгүй, халцарсан, сорвитой хэвээрээ байгаа. Үүнийг эмнэлэгт үзүүлэхэд PRP гэх гоо сайхны мэс заслын эмчилгээ хийлгэж байж бүрэн эдгэрнэ, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Хэрэг гарснаас хойш би ажилгүй гэртээ байсан. Би байр түрээсэлж амьдардаг. Мөн цалингийн зээлтэй байсан. Эдгээр хохирлыг нэхэмжилж байна. Надад өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг;
3. Иргэн Б.Н 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст хандаж гаргасан өргөдөл, гэрэл зургууд (хх-ийн 3-5 дугаар хуудас), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-12 дугаар хуудас), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 15 дугаар хуудас);
4. Хохирогч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Рич баарны ариун цэврийн өрөөнд ороод би Д-гаас яагаад уурлаад байгаа юм бэ, зүгээр л эндээ хамт сууя гэтэл миний хоолойноос хоёр гараараа боохоор нь би хоёр гарыг нь шувтарч тавиулаад чи больчихооч гээд Д-гийн цээж рүү гараараа түлхсэн. Нэг мэдэхэд би толгойгоороо хана мөргөөд газар унасан. Тэгтэл баарны зөөгч хүрч ирээд миний олгойноос их цус гарч байна гээд цаас авч өгөөд толгой дээр тавиад түргэн дуудчихсан байгаа гэж хэлсэн...Би эмчилгээнийхээ зардлуудыг гаргуулаад авчихвал гомдол санал гээд байх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23 дугаар хуудас);
5. Хохирлын тооцоо, хохирлын талаарх баримтууд (хх-ийн 39-43 дугаар хуудас)
6. Гэрч Г.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г бид хоёр Рич бааранд ороод пиво уунгаа 2 эмэгтэйтэй танилцаад нэг ширээнд сууж байхад Д ороод ирсэн. Тэгээд тэр хоёр уулзчихааад ирье гээд гараад явсан. Баар хаах цаг нь болоод хүмүүсээ гаргасан. Би Г руу яриад намайг мэдэхгүй газар хаяад явчих юмаа гэхэд найз нь Гэмтлийн эмнэлэг дээр байна, Дашкад толгойгоо хагалуулчихсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 45 дугаар хуудас);
7. Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...камерын бичлэг хартал Ганаа, Д хоёр ариун цэврийн өрөөнд маргалдаад байх шиг болохоор нь би 2 удаа орж харахад бид хоёр зүгээр гэхээр нь би гарч явсан. Байж байгаад камераа харахад Г газар уначихсан байхаар нь ариун цэврийн өрөөнд ороход Г-гийн толгойноос цус гарчихсан байхаар нь Д бид хоёр өргөж гараад шууд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт Г-ын толгойд оёдол тавиад тэгээд би буцаад ажил руугаа явсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 47 дугаар хуудас);
8. Гэрч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....манай дүүг боосон, тэгэхээр нь гарыг нь тавиулаад түлхтэл цохиод авахаар нь хойшоогоо юм мөргөсөн. Тэрнээс хойш юу болсоныг санахгүй байна гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 49 дүгээр хуудас);
9. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12189 дугаартай: “…Б.Г-ын биед баруун чамархайн хуйханд эдийн дутагдал бүхий шарх, зулгаралт, баруун чихний дэлбэнд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тоггоох журын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүгнээс хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хх-ийн 56 дугаар хуудас),
10. Шинжээч Т.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Г-ын биед учирсан гэмтэл нь хана мөргөх үед учирч болно. Тодруулж хэлбэл хажуу талаар нэг удаа мөргөх үед үүснэ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 60 дугаар хуудас);
11.Шүүгдэгч М.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 63 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 67 дугаар хуудас);
12. Шүүгдэгч М.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ариун цэврийн өрөөнд ороод хаяад явчих юмаа гэтэл чи өөрөө үлдчихээд сонин юм яриад бай гээд маргалдсан. Тэгээд миний гэдэс рүү хуруугаараа хатгаад байхаар нь би зүгээр байгаарай гээд хоолойноос нь барьж байгаад түлхтэл Г-ыг толгойгоор нь хана мөргүүлчихсэн. Тэгтэл толгойноос нь цус гарахаар нь би Рич баарны зөөгчтэй цуг Гэмтлийн эмнэлэг орж оёдол тавиулсан. Би эмчилгээнд нь учирсан бодит хохиролыг барагдуулах болно..” гэсэн мэдүүлэг (хх-ийн 77-78 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Г-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч М.Д-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Г-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.Д-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Г нь хохиролд 500,000 төгрөг авсан, цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байх үеийн цалингийн зөрүү болох нийт 2,400,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч цаашид гарах эмчилгээний зардал болон цалингийн зөрүүгөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-д 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Шүүгдэгчийн аав нь энэ жил нас барсан, ээжтэйгээ хамт амьдардаг. Ээж нь цус харвалттай, гэртээ байдаг. Өөрөө хүний лангуун дээр сууж худалдагч хийдэг, эхнэр нь тодорхой эрхэлсэн ажилгүй, өөр орлого байхгүй. Шүүгдэгч нь цаашид гарах хохирлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хамгийн бага хэмжээгээр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оноож өгөөч гэж хүсэж байна..” гэв.
Шүүгдэгч М.Д нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй тул түүний орлогийн хэмжээг тодорхойлох боломжгүй байна, мөн үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанарыг харгалзан шүүх эрүүгийн хариуцлагын талаарх өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-д дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Л овгийн М.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-д дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч М.Д-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Г нь цаашид гарах эмчилгээний зардал болон цалин хөлсний зөрүүгээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг заасугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Д-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА