Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 0037

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Э.Намуун, шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос С овгийн Т.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1927 00176 0519 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овгийн Т.Т, Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, сантехникч мэргэжилтэй, Цаг уур, орчны шинжилгээний газарт жолооч ажилтай, ам бүл зургаа, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 150 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 10,000 төгрөгийн торгох ялаар,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 582 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Т.Т нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 10 цагийн орчим Өвөрхангай аймгийн Өлзийт сумын зэгстэй гэх газарт “Ивеко” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ.б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;” мөн дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” мөн дүрмийн 11.14-т заасан "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэснийг зөрчсөний улмаас “Норд Бенз” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, зорчигч Д.Б, У.О, Э.Э, Л.Ч, Б.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч С овгийн Т.Т нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 10 цагийн үед Өвөрхангай аймгийн Өлзийт сумын зэгстэй гэх газарт “Ивеко” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;” гэж, мөн дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” гэж, мөн дүрмийн 11.14-т "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас “Норд Бенз” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, зорчигч Д.Б, У.О, Э.Э, Л.Ч, Б.Б нарын таван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Т.Т-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 5-7 дугаар хуудас), гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 8-10 дугаар хуудас), осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хх-ийн 65 дугаар хуудас);

3. Хохирогч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..ажлын хүмүүстэй хамт Цаг уур орчны шинжилгээний газрын машинд суугаад жолоочтой нийлээд 13 хүнтэй хөдлөөд явсан. Тэгээд 10 цагийн үед Өвөрхангай аймгийн нутагт явж байгаад бидний сууж явсан машин зам дээр зогсож байсан машины араас мөргөөд осол гарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 118 дугаар хуудас);

4. Хохирогч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...осол аваар хэрэг болох үед би унтаж байсан. Би машины урд талын буюу жолоочийн хажуу талд сууж явсан. Тэгээд гэнэт сэртэл осол аваар гарсан байдалтай байсан. Би машинаас гарах гэтэл хөл хавчуулагдсан байсан болохоор намайг хамгийн сүүлд суудал эвдэлж байж гаргасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 106 дугаар хуудас);

5. Хохирогч У.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид замдаа машин дотор хөзөр тоглоод явж байтал гэнэт осол болсон. Тэгтэл гаднаас нэг хүн машинаас гараарай гээд хэлж байсан. Би машинаас гартал зам дээр зогсож байсан нэг машиныг араас сууж явсан машин маань араас нь мөргөөд зогссон байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 110 дугаар хуудас);

6. Хохирогч Л.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өвөрхангай аймгийн Өлзийт сумын наахан талд замын хажуу талд зогсож байсан том тэрэгний араас мөргөөд осолд орсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 114 дүгээр хуудас);

7. Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нийт 13 хүн хотоос хөдлөөд замдаа явж байгаад Өвөрхангай аймгийн Зэгстэй гэх газарт зам дээр зогсож байсан том тээврийн хэрэгслийн араас бидний сууж явсан тээврийн хэрэгсэл мөргөж осол гарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 102 дугаар хуудас);

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 9202 дугаартай шинжээчийн: “...Д.Б-гийн биед цээжний баруун талд 2,3-р хавирганы хугарал, баруун шагайн үений гадна хавчаар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 45 дугаар хуудас);

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 9179 дугаартай шинжээчийн: “...У.О-гийн биед зүүн гарын эрхий хурууны үзүүрийн шивнүүрийн далд хугарал, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн хацар, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 46 дугаар хуудас);

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 9201 дугаартай шинжээчийн: “...Н.Э биед цээжний зүүн талд 2,3-р хавирганы хугарал, баруун атгаал ясны толгой хэсгийн хугарал, зүүн уушгины дээд дэлбэнгийн эдийн няцрал, баруун өгзөг, гуя хэсгийн түлэгдэлтийн шарх, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон өндөр хэмийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 51 дүгээр хуудас);

11. Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 291 дугаартай шинжээчийн: “...Б.Б-гийн биед баруун гарын богтос ясны далд хугарал, баруун 7-9 дүгээр хавирганы хугарал, хэлний үзүүр хэсэгт шарх, зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийг зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 57 дугаар хуудас);

12. Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 290 дугаартай шинжээчийн: “...үзүүлэгч Л.Ч-ийн биед тархи доргилт, цээжний баруун хэсэгт олон хавирганы хугарал, зүүн нүдний салст, дээд доод зовхи, зүүн хацар, баруун гарын шуу, зүүн нүдний дээд доод зовхи, чамархай, шанаа хэсэгт хаван хавдар, баруун хөлийн шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийг зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 55 дугаар хуудас);

13. “Хас үнэлгээ” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан (хх-ийн 157 дугаар хуудас);

14. Шүүгдэгч Т.Т-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 175 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 141 дүгээр хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 204-206, 198-201 дүгээр хуудас), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол (хх-ийн 202 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Харин яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын харьяа Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9 дугаартай дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж заасныг зөрчиж, жолооч Т.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4Б, 3.7А, 11.14 “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;” “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,”, ’’Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” заалтуудыг зөрчиж явсан байх үндэслэлтэй байна хэмээн хууль зүйн хувьд хэрэглэх хууль тогтоомжийн зүйл, хэсэг, заалтыг шууд заасан байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн төлсөн, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ шүүхийн шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу хянан шийдвэрлэв.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Б, У.О, Э.Э, Л.Ч, Б.Б нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд таван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;” гэж, мөн дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” гэж, мөн дүрмийн 11.14-т "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэж тус тус заасныг зөрчсөн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Т.Т-ийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч хүсээгүй буюу мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “Авто тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Т-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг таван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Б, У.О, Э.Э, Л.Ч, Б.Б нар нь хохирлоо бүрэн авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, яллагдагчтай эвлэрсэн талаарх хүсэлтээ мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Т.Т-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Т нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Т.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.С овгийн Т.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг таван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-д найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Т.Т-д шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Т цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Т-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА