| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0034/Э/ |
| Дугаар | 0041 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 0041
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Төгсгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 01124 0515 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Б.Б, Монгол Улсын иргэн, 1964 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 55 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл гурав, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Б 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 17 цаг 25 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Партизан явах замд Тоёота Приус маркийн *** дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс замын хажуу уруу онхолдож зорчигч Д.Н-гийн амь нас хохирсон гэх гэмт хэрэг холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 17 цаг 25 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Партизан явах замд “Toyota Prius 20” загварын *** дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас замын хажуу уруу онхолдож, зорчигч Д.Наранцэцэгийн амь насыг хохироосон” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би Онцгой байдлын албанд 36 жил ажиллаж 2016 онд тэтгэвэрт суусан. Хадам аав Б-ийн наана байрлах Үдлэх гэх газар жимсний талбайтай, эхнэрийн хоёр дүү жимсний талбайг хариуцаж ажилладаг. 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө 10 цагт хадам аавыг хүргэж өгөх ажлаар явсан. 12 цаг өнгөрч байхад Үдлэх гэх газар очсон. Эхнэрийн хоёр дүү хоол идчихээд хөдлөөрэй гэхээр нь хоол идчихээд хэсэг амраад 16 цаг өнгөрөөгөөд хашаанаас гарах гэхэд манай эхнэрийн хоёр дүү хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох У гэх залуу гурав зогсож байсан. “Манай таньдаг хоёр хөгшин байгаа юм, аваад яваач, миний машинд багтахгүй байна, та 5 шарын буудал дээр буулгачхаарай” гэж хэлсэн. Би “за” гэж хэлээд аваад явсан. 16 цаг өнгөрч байхад Үдлэхээс хөдөлсөн. Партизаны сангийн аж ахуйн хурд сааруулагч дээр ирээд маш зөөлөн гарсан, 4 хурд сааруулагч байсан. Хурд сааруулагчаас гараад түр зогсолт хийсэн. Машинаасаа бууж бие засаж, тамхи татахад 10-15 минут болсон. Партизаны үүднээс хөдлөөд 100-200 метр явж байхад өөдөөс хар өнгийн приус 30 маркийн машин замын урсгал даваад маш хурдтай ороод ирсэн. Миний хажуугаар шахаж гарахаар нь би баруун дараад машинаа гаргасан. Эргээд зам руугаа хартал өндөр эрэг байхаар нь буцааж зүүн тал руугаа дарсан. Тэгээд л замын хажуу тал руу орсон. Нэг харсан чинь хажуу талын шороон замаар явж байсан. Замынхаа гол руу орох гээд машиныхаа хурдыг сааруулсан. Гэтэл яг өөдөөс машин гарч ирсэн. Тэр машиныг өнгөрөөгөөд гаръя гэж бодсон. Машинаа өнгөрөөчхөөд гарах гэтэл чулуу таараад онхолдсон. Онхолдсоны дараа гэнэт сэргээд хажууд сууж явсан Сүхбаатар өвгөнийг “та зүгээр үү” гэхэд “зүгээр” гэж хэлсэн. Бид хоёр буугаад хохирогчийг харахад доошоо хараад хэвтсэн байсан. Хохирогчийг дээш нь харуулаад ноосон цамцаа тайлаад амьсгалын эрхтнийг нь чөлөөлж өгсөн. Хиймэл амьсгал хийсэн. Ухаан алдсан байж болзошгүй гэж бодсон. Хар машин ирж байхаар нь тэр машиныг түр зогсоогоод түргэн дуудсан. 5-10 минутын дараа Партизаны сангийн аж ахуйн цагдаа, эмч хоёр хувийнхаа машинтай ирсэн. Эмч хохирогчийг үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг;
2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зураг (хх-ийн 7-15 дугаар хуудас);
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би талийгаач ээж Д.Наранцэцэг буяны ажилд 15,000,000 төгрөг зарцуулсан...” гэсэн мэдүүлэг;
4. Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр 16 цагийн үед талийгаач эхнэр Д.Н-гийн хамтаар Б сумын Үдлэг багаас танил Б гэх жолоочтой “Toyota Pruis” загварын машинд суугаад Улаанбаатар хот орохоор ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд яваад Партизан Сонгинохайрхан дүүргийн нутаг өнгөрөөд 1 км орчим яваад тухайн үед талийгаач бид хоёр унтаж явсан, нэг харсан чинь замын голоор явж байсан. Хүү минь чи яаж байна гэж жолоочид хэлсэн, тэгээд зүүн гар тал руугаа дараад замын хажуу шороон ирмэг дээгүүр хэсэг давхиж яваад хөндөлдөж нэг чулуу таараад тэрэндээ тээглээд нэг хагас эргээд онхолдсон. Хойш харсан чинь хөгшин байхгүй баруун хойд хаалга онгорхой талийгаач гадаа түрүүлгээ хараад гар нь эвгүй байрлалтай хэвтэж байсан. Жолооч бид хоёр очоод дээш нь харуулсан чинь хамар амнаас нь цус гарсан зүрхэн дээр дарахад мэдэгдэх зүйл байхгүй байсан. Тэгээд замд явж байгаа машиныг зогсоогоод дуудлага өгсөн. Эмнэлэг 15 минутын дараа ирсэн, дараа нь цагдаа ирээд хэмжилт хийсэн. ..км хараагүй ойролцоогоор 70 орчим км/цагийн хурдтай явсан байх, ширүүн явах шиг санагдсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39 дүгээр хуудас);
5. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2107 дугаартай: “...Талийгаач Д.Н-гийн цогцост баруун зулай, чамархай яснаас доош суурийн дунд хонхор, турк эмээл рүү үргэлжилсэн шугаман хугарал, тархины суурийн хэсэг болон бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, сээрний 4-р нугалмын хугарал, нугасны бүрэн тасрал, цээжний олон хавирганы хугарал, цээжний баруун, зүүн хөндий дэх 900 мл цусан хураа, гол судасны тасрал, зүрхний эдийн няцрал, уушгины эдийн няцрал, авчилт, элэгний эдийн няцрал, язрал, дэлүүний задрал, хэвлийн хөндийн 300 мл цусан хураа, хамар, хацар, эрүү ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацар, шанаа, эрүү, өвчүү, зүүн хөхний хэсэгт цус хуралт, дух, баруун, зүүн шанаа, зүүн хацар, зүүн эгэм, өвчүү, хэвлий, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлийг авсан дарааллын нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт (хх-ийн 50-53 дугаар хуудас);
6. Шүүгдэгч Б.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 68 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 96 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Д.Н-гийн биед баруун зулай, чамархай яснаас доош суурийн дунд хонхор, турк эмээл рүү үргэлжилсэн шугаман хугарал, тархины суурийн хэсэг болон бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, сээрний 4-р нугалмын хугарал, нугасны бүрэн тасрал, цээжний олон хавирганы хугарал, цээжний баруун, зүүн хөндий дэх 900 мл цусан хураа, гол судасны тасрал, зүрхний эдийн няцрал, уушгины эдийн няцрал, авчилт, элэгний эдийн няцрал, язрал, дэлүүний задрал, няцрал, хэвлийн хөндийн 300 мл цусан хураа, хамар, хацар, эрүү ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацар, шанаа, эрүү, өвчүү, зүүн хөхний хэсэгт цус хуралт, дух, баруун, зүүн шанаа, зүүн хацар, зүүн эгэм, өвчүү, хэвлий, бүсэлхийд зулгаралт гэмтлүүд нь авто ослын үед үүсгэгдсэн байх боломжтой, талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй, талийгаач хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан гэдгийг тогтоосон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон гэрч Б.С, шүүгдэгч Б.Б нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргахгүй гээд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдах нь зүйтэй.
Жолооч нь суурин газарт тээврийн хэрэгсэл жолоодохдоо замын нөхцөл байдал, цаг агаар, үзэгдэх орчин зэргийг харгалзан хөдөлгөөний хурдаа 60 км цагаас доош тохируулан аюул тулгарсан үед зогсоох боломжтой байхаар сонгож явах учиртай бөгөөд энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.Б нь жолоодлого алдан эсрэг урсгалын шороон зурвас руу орж, улмаар онхолдсон байгаа учир түүнийг “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Б-ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон” шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У нь хохиролд 5,000,000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Зам тээврийн ослын гэмт хэрэг нь өөрөө маш онцлог хэрэг. Жолоочоос өөр оролцогчийн буруутай үйлдлээс болоод зам тээврийн осол гарах тохиолдол байдаг. Харин энэ гэмт хэрэг нь цэвэр жолоочийн хариуцлагагүй үйлдлээс болсон. Иймд шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна. Шүүгдэгч Б.Б В ангиллын *** дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлэх саналыг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Мөн шүүгдэгч нь өндөр насны тэтгэвэрт байдаг, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байна. Иймд шүүгдэгчид оноох ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалт болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүхэд үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд шүүхийн эрх хэмжээний хүрээнд сонгож хэрэглэгдэх алтернатив хэм хэмжээ юм.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүний улмаас бий болсон үр дагаврыг харгалзан гэмт этгээдийг нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэмшүүлэх боломжтой эсэхийг дүгнэж, хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зохистой эсэхийг дүгнэж шийдвэрлэх нь зүйн хэрэг.
Иймд шүүгдэгч Б.Б нь аюул саад тулгарсан үед зогсоох арга хэмжээ авах үүргээ биелүүлж чадаагүйн улмаас хүний амь насыг хохироож, хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй хохирол учруулсан нөхцөл байдлыг харгалзан шүүх өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй бөгөөд түүнд хорих ял биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” буюу тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулна.
Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч Б.Б-ын насны байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, гэм бурууд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод бүрэн нийцнэ хэмээн дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.
Эрүүгийн хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Б-ын *** дугаартай жолоочийн үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овгийн Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Б.Б-т оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5.Шүүгдэгч Б.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялын хугацаа дууссан өдрөөс эхлэн тоолж, *** дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар уламжлан зохих байгууллагад шилжүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Б-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА