Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 917

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.О , Ч.З  нарт холбогдох захиргааны хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.  

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.З, Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Баасанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэлийн агуулга: “М” ХХК нь татварын улсын байцаагч Ч.З, Т.О  нарын тавьсан 230013792 тоот актыг үл хүлээн зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх “Маргаан таслах зөвлөл”-д 2015 онд гомдол гаргасан. 

Гэтэл маргаан таслах зөвлөл нь 2 жилийн дараа буюу 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар улсын байцаагч нарын тавьсан 230013792 тоот актыг хэлэлцээд зөвхөн торгууль, алданги хүү 20,321.485.6 төгрөгийг чөлөөлж, нөхөн тавьсан татвар болох 30,776.030.9 төгрөгийн чөлөөлөх хууль зүйн үндэслэл байсаар байхад чөлөөлөхгүйгээр 025 тоот тогтоол гаргасан. 

“Ц” ХХК  нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан "...нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичиг болох НӨАТ-ын падааны хий бичилт хийсэн үйлдэлд эрүүгийн 201401050072 дугаар хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байх үед “М" ХХК-ийг тус компанитай холбогдуулан 3 ширхэг НӨАТ-ын пандааны асуудлаар хамтатган шалгаж улмаар манай компанийн санхүүгийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг 2015 оны 04 дүгээр сард хийж нөхөн татвар тавьсан. 

Татварын улсын байцаагчаас Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтаар 30 454 545,3 төгрөгийн нөхөн татвар, 9 136 363, 6 төгрөгийн торгууль, 11 185 122 төгрөгийн алданги нийт 50 776 030,9 төгрөгийг төлүүлэх 230013792 тоот акт бичигдсэн. Гэтэл Цагдаагийн байгууллагаас манай компанийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.1-д зааснаар НӨАТ-ын болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн эсэхэд эрүүгийн 2014010500072 дугаар хэрэг үүсгэн шалгасан. 

Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын шатанд 30 454 545,46 төгрөгний татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.5 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул НӨАТ-ын болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 109 тоот Прокурорын тогтоол гарч эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн. 

“М” ХХК-иас эрүүгийн хэрэг шалгагдаж байх явцад нөхөж тавигдсан улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 230013792 тоот актыг эс зөвшөөрч 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан ба гомдлыг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн маргаан таслах зөвлөлийн хурлаар хэлэлцээд гаргасан 025 тоот “Тогтоол"-оор 30. 454. 545. 3 \ гучин сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга таван зуун дөчин таван төгрөг гурван мөнгө\ төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс хэрэгжүүлсэн “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль" болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай  хууль, Татварын ерөнхий хууль, НӨАТ-ын хуулиудад нийцээгүй өөрөөр хэлбэл дээрх хуулиар олгогдсон эрхийг эдэлж чадаагүй, тухайн хуулийн зохицуулалтаар манай компанийг өршөөлд хамааруулаагүй мөн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 

Иймд Татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 230013792 тоот актаар тавьсан 30,454.545.46 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгож, чөлөөлсөн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

“М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага тодруулсан тайлбартаа: Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор 30,454,545,3 /гучин сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга таван зуун дөчин таван төгрөг гурван мөнгө/ төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс хэрэгжсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаантай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 109  тоот Прокурорын тогтоолтой нийцэхгүй гэж үзэж байна. 

Иймд тус шүүхэд “Татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 230013792 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага гаргаж тодруулж байна гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2007 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 9011089140 тоот улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээтэй, 2618... тоот регистртэй, ‘Г б” ХХК-д 1103043971 тоот төгрөгийн, 1102994011 тоот валютын, “У Б”' ХХК-д 2611134175 тоот төгрөгийн, “Х х б” ХХК-д 499134363 тоот төгрөгийн, 499134364, 499134365 тоот валютын харилцах данстай, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Сүхбаатарын гудамж Монголын Үйлдвэрчний Эвлэлийн төв зөвлөлийн 324 тоот хаягтай, захирал Ж.Ч , ”М” ХХК-ийн 2012-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Цагдаагийн ерөнхий газар зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 9д/1828 тоот, Татварын ерөнхий газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 7/656 тоот, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн дагуу 23150200028 тоот томилолтоор /хэсэгчилсэн/ хяналт шалгалтыг санхүүгийн тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, хөндлөнгийн мэдээллийг үндэслэн хийсэн. 

“М” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг 2012 онд 1,061,281.2 мянган төгрөгийн борлуулалтын орлого 990,058.8 мянган төгрөгийн худалдан авалттай төсөвт 27,465,0 мянган төгрөгийн татвар төлөхөөр, 2013 онд 1,198,198.4 мянган төгрөгийн борлуулалтын орлого 1,098,788.3 мянган төгрөгийн худалдан авалттай төсөвт 74,330.3 мянган төгрөгийн татвар төлөхөөр тайлагнасан. 

Татварын хяналт шалгалтаар “М” ХХК нь 5635004 тоот регистрийн дугаартай “Ц” ХХК-ийн хий бичилт бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын 2012 онд 13259208 тоот падаанаар 170,526,363.00 төгрөгийн, 13259209 тоот падаанаар 88,564,545.00 төгрөгийн, 2013 онд 13259227 тоот падаанаар 45,454,545.00 төгрөгийн нийт 304,545,453.00 төгрөгийн худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан зөрчил илэрсэн тул Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3  дахь  заалтын дагуу 30,454,545.30 төгрөгийн нөхөн татвар 9,136,363.60 төгрөгийн торгууль 11,185,122.00 төгрөгийн алданги, 0 төгрөгийн хүү нийт 50,776,030.90 төгрөгийн төлбөр төлүүлэхээр татварын улсын байцаагчийн 230013792 тоот акт тогтоосон. Татвар төлөгч дээрх актыг эс зөвшөөрөн Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 025 дугаар тогтоолоор 9,136,363.60 төгрөгийн торгууль 11,185 122.00 төгрөгийн алданги, нийт 20,321,485.60 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 304,545,453,00 төгрөгийн зөрчилд ногдох 30,454,545.30 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгчээс “Татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 230013792 тоот актаар тавьсан 30,454.545.46 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгож, уг албан татвараас чөлөөлсөн шийдвэр гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаар Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.О , Ч.З  нарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ /хх 36-38/. 

“М” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “Татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 230013792 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” /хх 44/ гэж тодруулж, шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  “Татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 230013792 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгож, нөхөн татвараас чөлөөлөх” /хх 185/ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. 

Нэхэмжлэгч талаас “актын нөхөн татвар ногдуулсан нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудтай нийцэхгүй, хуулиар олгосон эрхийг эдэлж чадаагүй, хуулийн зохицуулалтаар өршөөлд хамруулаагүй, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байтал нөхөн татвар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж маргасан, харин актад дурдсан торгууль, алдангийн талаар маргаагүй байна /хх 1-2, 44, 184/.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж дүгнэхэд дараахь бодит нөхцөл байдал тогтоогдож байна:

Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаас ““Ц” ХХК-иас хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авч татвар төлөхөөс зайлсхийсэн аж ахуйн нэгжүүдийн нэрсийг хүргүүлж, энэ нэрсэд нэхэмжлэгч “М” ХХК багтаж,  эдгээр аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлгүй байх тул, захиргааны арга хэмжээ авч шийдвэрлэнэ үү”  гэсэн албан бичиг /хх 55/-ийг 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Татварын ерөнхий газрын удирдлага арга зүйн газрын даргад хүргүүлсэн байна.

Уг албан бичгийг Татварын ерөнхий газраас 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 7/656 албан бичиг /хх 140/-ээр Хан-Уул дүүргийн татварын хэлтэст хүргүүлжээ.  

Энэхүү албан бичиг болон Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн татварын хяналт шалгалт хийх (23150400150) тоот томилолт /хх 177/-ын дагуу нэхэмжлэгч “М” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Н.О , Ч.З  нар хэсэгчилсэн шалгалт хийж маргаан бүхий акт /хх 13-19, 106-108/-ыг 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гаргажээ. 

Маргаан бүхий актаар 2012 онд “М” ХХК нь “Ц” ХХК-ийн 13259208, 13259209, 13259227 тоот падаанаар худалдан авалтын хасалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлого бууруулсан зөрчил гаргасан гэж үзэн 30.454,545.3 төгрөгийн нөхөн татвар, 9,136,363,6 төгрөгийн торгууль, 11,185,122.00 төгрөгийн алданги, нийт 50,776,030,9 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч компанид ногдуулжээ.

Актаар нэхэмжлэгч “М” ХХК нь “Ц” ХХК-ийн бичсэн хий бичилттэй 13259208 тоот падаан /хх 169, нэхэмжлэгчийн 2012 оны тайлангийн хавтас/-аар 170,526,363.64 төгрөгийн, 13259209 тоот падаан /хх 168-ын арын нүүр, нэхэмжлэгчийн 2012 оны тайлангийн хавтас/-аар 88,564,545.54 төгрөгийн худалдан авалтыг 2012 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн тайланд, 13259227 тоот падаан /хх 169-ын арын нүүр, нэхэмжлэгчийн санхүүгийн нэгдсэн тайлан хавтас/-аар 45,454,545.45 төгрөгийн худалдан авалтыг 2013 оны 03 дугаар сарын тайланд тусгаж хасалт хийсэн гэдэг нь нотлогдож, харин “Ц”ХХК нь 13259208, 13259209 тоот падаануудыг 2013 оны 05 дугаар сарын нэмэгдсэн өртгийн тайландаа тусгасан, 13259227 тоот падааныг тусгаагүй нь цахим тайлан дээр хийгдсэн бичилтээр нотлогджээ /хх 27/. 

Актыг нэхэмжлэгч компани нь  2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гардан авч /хх 105/, актыг нэхэмжлэгч компани нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ /хх 109/. 

 Нэхэмжлэгч актыг эс зөвшөөрч 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл хянан хэлэлцээд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн актын 50,776,030.9 төгрөгийн  төлбөр тогтоосноос 9,136,363.6 төгрөгийн торгууль, 11,185,122.0 төгрөгийн алдангийг өршөөлд хамруулж, 305,545,453.0 төгрөгийн зөрчилд ногдуулсан 30,454,545.3  төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр актыг өөрчилжээ /хх 25-28/. 

Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг нэхэмжлэгчид 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлж /хх 24/, уг тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /хх 29-31/. 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн эсэхтэй холбоотой нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар /95-96, 114, 133, 142, 182/-ыг авч шүүх хуралдааны үеэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасны дагуу захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарахгүй гэж үзэн захирамж /хх 183/ гарган шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, хэргийг хянан шийдвэрлэсэн гэдгийг дурдах нь зүйтэй. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “ .. нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичиг” болох НӨАТ-ын падааны хий бичилт хийсэн Ц” ХХК-ийн үйлдэлд эрүүгийн 201401050072 дугаар хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байх үед “М” ХХК-ийг татвараас зайлсхийсэн хэрэгт давхар шалгасан бөгөөд нэхэмжлэгч компанид холбогдох хэрэг нь гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэж 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 109 тоот Прокурорын тогтоол гарч эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн байна /хх 85/. 

Түүнчлэн нэхэмжлэгч компани нь “Ц” ХХК-иас цемент, хайрга, дайрга, авсан гэж тайлбарлаж байгаа боловч /хх 186/ үүнийгээ нотлох баримтуудыг ирүүлээгүй, мөн “ ... хяналтын шалгалтын үед асууж тодруулахад тодорхой хариулаагүй, хий бичилттэй болохыг хүлээн зөвшөөрч актад гарын үсэг зурсан” гэх хариуцагчийн тайлбар /хх 187/, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна. Мөн “М” ХХК нь “Ц” ХХК-иас худалдаж авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудаа хий бичилттэй байсан гэдгийг хүлээн зөвшөөрч, ямар бараа материал авсан талаараа тодорхой тайлбар, мэдүүлгийг өгч чадаагүй болох нь нэхэмжлэгч компанийн захирал Ж.Ч ийн “...Энэ падаануудын хуурамч бичилттэй эсэхийг мэдэх боломжгүй байсан..., гурван падааныг ямар хүн, байгууллагаас авсан талаар хэлж чадахуу... Тэр талаараа хэлж чадахгүй...” гэсэн мэдүүлэг /хх 166-167/, нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал А.Б гийн “...хий бичилттэй падаанууд нь яаж манай компанид орж ирсэн талаар хэлж мэдэхгүй байна..., яах аргагүй 3 падаан хий бичилт хийгдсэн байсныг нь татварт тайлагнасан байсан...” мэдүүлэг /хх 173/ зэргээр нотлогдож байна 

Мөн тус шүүх нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/11800 тоот албан бичгээр /хх 114/ “М” ХХК-иас актад дурдсан падаануудаар ямар төрлийн бараа худалдан авсан талаарх нэр төрлийг тодруулан ирүүлэх талаар шаардсан боловч тус падаануудаар бодит худалдан авалт хийснийг нотлох орлого, зарлагын баримт, дансны хуулга, худалдах худалдан авах гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгөөгүй болно.

Харин “Ц” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хуурамч буюу хий бичилттэй падааныг “М” ХХК-д худалдсан гэдэг нь дараах баримтуудыг харьцуулан үнэлэхэд тогтоогдож байна. Үүнд: 

-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокрорын газраас ирүүлсэн “Ц” ХХК-ийн албан татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан татварын улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 35/0000134 дүгнэлт /хх 146-148/,

-Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Төрийн захиргаа, хууль эрх зүйн тасгийн Татварын улсын байцаагч, хуулийн мэргэжилтэн Г.Ж ийг хохирогчоор байцаасан  тэмдэглэл /хх 157/

-Л.Энхтуяа, Г.Баттулга нарыг гэрчээр асуусан тэмдэглэл /хх -158-159, 160/, 

-“М” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Б гаас авсан гэрчийн мэдүүлэг,

Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, түүнийг талуудын тайлбар, бодит нөхцөл байдалтай холбон дүгнэсэн талаар:

Дээр дурдсан маргааны бодит нөхцөл байдлаас дүгнэхэд: Нэхэмжлэгч “М” ХХК нь бараа материалын худалдан авалтад төлсөн 304,545,453.00 төгрөгийн худалдан авалт хийсэн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэдгийг нотлох, цаашлаад 3 падааны бичилтийн үнэн зөвийг нотлоход ач холбогдолтой нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг шүүхээс удаа дараа шаардсан боловч гаргаж өгөөгүй. Тодруулбал, барилгын материалыг худалдан авсан гэх боловч актад дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудад ямар төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан нь тодорхой бичигдээгүй, бодит худалдан авалтыг “ЦО” ХХК-иас худалдан авсан талаарх бараа материал хүлээлгэсэн акт, ямар бараа материал авсан задаргаа, банкны харилцах данс, бэлэн мөнгө хүлээлцсэн орлого, зарлагын баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байна. 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч компани нь санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа үнэн зөв баримтад үндэслэн гаргаснаа нотлох баримтуудыг шүүхэд хангалттай гаргаж өгөөгүй нь бараа материалыг 304,545,453.00 төгрөгийн худалдан авалт буюу нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгасан худалдан авагчийн төлөх албан татварыг хэнд төлснөө, ямар бараа материал авсанаа зааж, нотолж чадаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч компанийн бараа материал худалдан авсан гэх “Ц” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан худалдан борлуулах үйл ажиллагааг удаа дараа хийж байсан нь нотлогджээ.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д зааснаар аливаа байгууллагын нягтлан бодох бүртгэлд санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодитой мэдээнд үндэслэх зарчимд нийцэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч компанийн санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн худалдан авалт нь үнэн зөв баримтад үндэслэсэн нь тогтоогдоогүй байхад шүүх улсын байцаагчийн актыг хууль бус гэж дүгнэх нь хуульд нийцэхгүй юм.

Цаашлаад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д "Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасч тооцохгүй" гэж, Үндэсний Татварын ерөнхий газрын даргын 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 236 дүгаар тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх аргачлалын 4.3.2-т "Худалдан авагчийн бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь бэлтгэн нийлүүлэгчийн бичсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нэхэмжлэлгүй, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол татварыг хасч тооцохгүй" гэж тус тус заажээ.

Эдгээр заалтын дагуу падааны бичилтийн үнэн зөвийг нотлоход ач холбогдолтой нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд (нэхэмжлэл, бараа материал хүлээлгэсэн акт, барилгын ямар ямар материал авсан задаргаа, банкны харилцах данс, бэлэн мөнгө хүлээлцсэн орлого, зарлагын баримтууд) байхгүй байхад бараа материал худалдан авсан гэх нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч бичилттэй буюу хий бичилттэй падаануудыг үндэслэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй юм.

Иймд татварын улсын байцаагчийн актаар нэхэмжлэгч компанид нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасанд нийцсэн бөгөөд хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиудтай нийцэхгүй, хуулиар олгосон эрхийг эдэлж чадаагүй, хуулийн зохицуулалтаар өршөөлд хамруулаагүй” гэж маргах боловч Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйл, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.8-д зааснаар татварын байцаагчийн актаар тогтоосон нөхөн татварыг эдгээр хуулийн үйлчлэлд хамааруулахгүй болохыг дурдах нь зүйтэй. 

Захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг дүгнэхэд “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.О , Ч.З  нараас гаргасан 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 230013792 тоот акт хууль зөрчсөн бөгөөд “М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тодруулбал, хууль бус гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

            3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.7-д заасныг удирдлага ТОГТООХ нь:

 

1.Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.О , Ч.З  нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 230013792 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгож, нөхөн татвараас чөлөөлөх”  гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                        А.САРАНГЭРЭЛ