Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 717

 

                                                                        

 

 

 

 

 

Э.Б-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

Прокурор Б.Батбаяр,

Шүүгдэгч Э.Б,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О,

Хохирогч Ш.Н,

Иргэний нэхэмжлэгч Б.И,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 187 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Б.Батбаярын гаргасан улсын яллагчийн эсэргүүцлээр Э.Б-т холбогдох эрүүгийн 201701080136 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овогт Э.Б, 1998 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:.../,

Э.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их ам” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 42-29 УНЛ улсын дугаартай Н.Тида маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас Ш.Н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Э.Б үйлдсэн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 68а дугаартай яллах дүгнэлтийн тогтоох, тэмдэглэх хэсэгт “Яллагдагч Э.Б үйлдсэн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар зүйлчлэхээр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг тусгана” гэснийг ноцтой зөрчсөн бөгөөд мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.17 дахь хэсэгт заасанчлан урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд шүүгч өөрийн санаачилгаар уг тогтоол нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг ашиглалтын ямар журам зөрчсөн нь ойлгомжгүй байна гэж үзэн Э.Б холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Прокурор Б.Батбаяр улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Прокурорын 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 68А дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу үйлдэгдсэн байна. Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар “Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг тусгахаар заажээ.

Прокурорын яллах дүгнэлтийн 2-т “Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга” Э.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их ам” гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 42-29 УНЛ улсын дугаартай “Ниссан-Тида” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас Ш.Н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж бүрэн тусгасан бол, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар “Яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар, зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх”-ийг тусгахаар заажээ.

            Прокурорын яллах дүгнэлтийн “ТОГТООХ” хэсэгт яллагдагч Э.Б үйлдсэн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэж хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэмт хэргийн шинж, эрүүгийн хуулийн зүйл, заалтыг бүрэн тусгасан байна.

            Гэтэл шүүгч хуулийг дээдлэх үндсэн зарчмаа зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар зохицуулаагүй “ямар журам, заавар зөрчсөн талаар яллах дүгнэлтийн тогтоох, тэмдэглэх хэсэгт оруулж бичих”-ийг шаардаж, уг зүйлийг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгээр прокурорын 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 68А дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсгийг хэлэлцсэн байхад шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.17 дахь хэсгийг баримталсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу ойлгомжгүй байна. Тухайлбал: Эрүүгийн 201701080136 дугаартай хэргийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг оролцогч нарт танилцуулсан уг тогтоол ойлгомжгүй талаар гомдол гаргаагүй, урьдчилсан хэлэлцүүлэгээр уг тогтоол хэлэлцэгдээгүй байхад шүүгчийн захирамжинд “... уг тогтоол нь авто тээврийн хэрэгслийн ямар журам зөрчсөн нь ойлгомжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гэж шүүх үзэв” гэжээ.

Прокурорын яллах дүгнэлтийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой нэг утгаар  ойлгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.17 дахь хэсгийг баримталсан байна.

  1. Шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2017/Ш3/187 дугаартай захирамжийн

“Захирамжлах” хэсгийн 1-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй заалт буюу 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1.2 гэсэн заалтыг баримтлан илт хууль зүйн үндэслэлгүйгээр хэргийг буцаажээ.

            Иймд Э.Б холбогдох Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2017/Ш3/187 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  буцаахаар  эсэргүүцэл бичив гэв.

Хохирогч Ш.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын яллах дүгнэлтэд ганцхан Ш.Н биед гэмтэл учирсан гээд бичсэн байсан. О.Б яагаад хохирогчоор тогтоогоогүйд гайхаж байна гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж хуулийн үндэслэлтэй байна гэж үзэв.

Прокурорын яллах дүгнэлтэд “Яллагдагч Э.Б үйлдсэн хэрэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын ямар хууль, дүрэм, журмыг  зөрчсөнийг тодорхой заалгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар зүйлчилсэн нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн “шинж” нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг тусгана” гэсэн заалтыг  зөрчсөн, тухайн гэмт хэргийн “шинж”-ийг бүрэн тодорхойлоогүй, анхан шатны шүүх Эрүүгийн  хуулийн тусгай ангийн  33.1 дүгээр зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар  урьдчилсан хэлэлцүүлэг хийж  шүүгч “яллах дүгнэлт ойлгомжгүй” гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь хууль зөрчөөгүй байна.

Гэхдээ анхан шатны шүүх шүүгчийн захирамжийн “Удиртгал” хэсэгтээ Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг “Энэ хуулийн 31.3-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй.” гэсэн заалтуудыг удирдлага болгон барьж, хуулийг буруу хэрэглэсэн, түүнчлэн захирамжлах хэсэгтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хуульд байхгүй заалт барьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул захирамжийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

             Иймд прокурор Б.Батбаярын бичсэн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 03 тоот эсэргүүцлийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн гэх үндэслэлийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулан,  шүүгчийн захирамжийн  хэргийг прокурорт буцаах заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 187 дугаар шүүгчийн захирамжийн “ Удиртгал” хэсэгт:

“Шүүхийн тухай хуулийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн  1” гэж,

 “Захирамжлах” хэсгийн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар...” гэж тус тус өөрчлөн захирамжийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНСҮХ

 

                         ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ