Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 0049

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Х.Онолт, шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш овгийн Э.Э-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 00395 1826 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ш овгийн Э.Э, Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Sunday-2” худалдааны төвийн барилга дээр ажиллаж байгаа, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжин 6 дугаар гудамжны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 302 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн *** тоотод иргэн Б.О-ийн архи, шар айраг авах зорилгоор итгэмжлэн хариуцуулан өгсөн Хаан банкны картыг ашиглан Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны бэлэн мөнгөний машинаас 800,000 төгрөг авч завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Ш овгийн Э.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 2 дугаар гудамжны *** тоотод хохирогч Б.О-гийн архи, шар айраг авхуулах зорилгоор итгэмжлэн хариуцуулж өгч явуулсан Хаан банкны төлбөрийн картыг ашиглан Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны бэлэн мөнгөний машинаас 800,000 төгрөгийг бэлнээр авч, өөрийн дураар захиран зарцуулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Э.Э-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй, гэм буруу дээр маргаангүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;

2. Иргэн Б.О-гаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 15 дугаар хуудас), хохирогч Б.О-гийн эзэмшлийн Хаан банкны 5039579542 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 21 дүгээр хуудас);

3. Хохирогч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө Э тамхи, пиво авъя, мөнгө байвал өгөөч гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны төлбөрийн картыг өгсөн. Э миний картыг аваад “дэлгүүр гарчхаад ирье” гээд явсан бөгөөд буцаж ирэхгүй удаад байхаар нь “яасан юм бол” гээд нөхөр бид хоёр хэсэг хүлээсэн. Гэтэл өдөр 13 цаг 50 минутын үед миний утсанд Хаан банкнаас 800,500 төгрөгийн зарлага гарсан талаарх мэдээллийн зурвас ирсэн. Тэгээд цагдаад хандсан юм..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 29-30 дугаар хуудас);

- ...би андуурсан байна лээ. Тэр өдөр би өөрөө эхэлж Э-т “уух юм аваад ир” гээд өөрийнхөө Хаан банкны төлбөрийн картаа өгч явуулсан юм. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Э-ийн гэрт нь очиж уулзаад нийт 800,000 төгрөг авсан бөгөөд үүнээсээ 280,000 төгрөгийг нь хуучин өрийн төлбөр болгож, үлдсэн 520,000 төгрөгийг нь алдагдсан 800,000 төгрөгөөсөө суутгаж бодож авсан тул үлдэгдэл мөнгөө нэхэмжилнэ...’’ гэж дахин өгсөн мэдүүлэг (хх-ийн 52 дугаар хуудас);

4. Гэрч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны орой 21 цагийн үед би өөрийн хамт ажилладаг Э-ийн хамт гэртээ ирээд 01 цагийн үед эхнэртэй цуг гарч 1 дүгээр хороололд байдаг караокед сууж байгаад буцаж гэртээ ирж хоносон. Өглөө 11 цагийн үед сэрээд байж байхад Э манай эхнэр О-аас нэг пиво, архи аваад өг гээд гуйхаар нь эхнэр картаа өгөөд гаргахад тэр эргэж ирэлгүй тэр чигтээ явсан ба 13 цаг өнгөрч байхад манай эхнэрийн данснаас 800,500 төгрөгийн гүйлгээ хийгдсэн... ” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34 дүгээр хуудас);

5. Шүүгдэгч Э.Э-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 50-51 дүгээр хуудас);

6. Шүүгдэгч Э.Э-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 72 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 70 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 78-86 дугаар хуудас);

7. Шүүгдэгч Э.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Өглөө 11 цагийн үед сэрээд Г-хамт усанд явангаа дэлгүүрээс хоёр том шар айраг авч уучхаад “нэмж ууя” гэж ярилцаад дэлгүүр лүү шар айраг, архи зэргийг авхуулахаар надад картаа өгч явуулсан юм. Би картыг нь авч гэрийнх нь ойролцоо байсан дэлгүүрээс өөртөө нэг ширхэг лаазтай шар айраг авч уучхаад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн автобусны буудлын ард байрлах Голомт банкны ATM рүү ороод картыг нь хийж үзэхэд 800,000 төгрөг байхаар нь бэлнээр аваад, хороолол руу явж архидаад дуусгасан. Картыг нь авч явж байхдаа миний шунал хөдлөөд ATM ороод мөнгө авчихсан юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 46 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хөрөнгө завших” гэдэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Э.Э-гийн үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэгт тооцогдоно.

Гэмт хэргийн улмаас биет байдлаар 800,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч Б.О-гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож  байх тул шүүх уг дансны хуулгыг нотлох баримтаар үнэлсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 800,000 төгрөг буюу Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Э.Э-гийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч ашиглан шамшигдуулсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хууль бусаар авч өөрийн дураар захиран зарцуулж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Э.Э нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Э-гийг хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.О нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан 800,000 төгрөгийн хохирлыг бүрэн хүлээн авсан байх бөгөөд тэрээр гар утасны төлбөр, мөн эрүүлжүүлэхээс гаргаж авсан төлбөрт нийт 280,000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн нь шүүхээр хянан хэлэлцсэн энэ хэрэгт хамааралгүй байх тул шүүгдэгч Э.Э-гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Хохирлын хувьд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд 800,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дурдах нь зүйтэй. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.

Шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...тусгайлан хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагчийн саналыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ш овгийн Э.Э-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Э.Э-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Э-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА