| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2016/00204/и |
| Дугаар | 226 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 226
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн Аргалантын 1-5 тоотод оршин суудаг Халзан овогт Ө М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багт оршин суудаг Булаг овогт Б М холбогдох
“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.М /онлайнаар оролцсон/, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө.М миний бие Б.М 2009 оны 8 дугаар сарын 28-нд гэр бүл болж хүү М.М 2009 оны 6 дугаар сарын 21-нд төрсөн. Үүнээс хойш хамт амьдарч байх хугацаанд Б.М нь байнга гадуур хонож, архи ууж алга болдог байсан учраас бид 2011 оны 8 дугаар сард салсан. Түүнээс хойш бид тус тусдаа гэр бүлтэй болж би 2015 оны 7 дугаар сард охинтой болсон. Б.М нь мөн адил хүүхэдтэй болсон. Одоо бид эвлэрэх боломжгүй тус тусынхаа амьдралаар амьдарч байна. Бид хоёр хурим хийж нэг гэрт амьдраагүй эцэг, эхийнхээ гэрт амьдардаг байсан учраас бидний дунд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй. Б.М нь 2011 оноос хойш хүү М.М уулзаагүй, хүү маань одоо хамт амьдарч байгаа Т өөрийнхөө аавыг гэж боддог, ааваа гэж дууддаг. Т ч мөн миний хүү гэж дууддаг, хүүтэй маань сайн харилцаатай байдаг. Иймээс би хүүгээ өөрийнхөө асрамжинд авах хүсэлтэй байна. Харин Б.М тэтгэлэг төлүүлэх бодолгүй байгаа. Би одоо Өмнөговь аймгийн Эрдмийн гэгээ сургуульд багшаар ажиллаж байгаа, хүүгээ юугаар ч дутаахгүй тэжээн тэтгээд байж чадна, одоо ч бид нар хангалттай боломжийн амьдарч байгаа. Магадгүй цаашид тэтгэлэг авах шаардлагатай болсон тохиолдолд тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болох байх гэж бодож байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү М.М миний асрамжинд үлдээж өгөхийг хүсэж байна ...” гэв.
Хариуцагч Б.М нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.М миний бие Ө.М 2009 оны 8 дугаар сарын 28-нд гэр бүл болж хүү М.М 2009 оны 6 дугаар сарын 21-нд төрсөн. Үүнээс хойш хамт амьдарч байх хугацаанд Ө.М нь айлын ганц охин болохоор аав нь Завхан аймагт амьдруулахгүй гэж уурлаад охиноо аваад явсан. Бид 2011 оны 8 дугаар сард салсан. Түүнээс хойш бид тус тусдаа гэр бүлтэй болж би 2015 оны 6 дугаар сард охинтой болсон, М мөн адил хүүхэдтэй болсон. Одоо бид эвлэрэх боломжгүй тус тусынхаа амьдралаар амьдарч байна. Би 2011 оноос хойш Ө.М болон хүү М.М уулзаагүй, хүү маань намайг танихгүй байхаа. Би хүүтэйгээ уулзах талаар ямар нэгэн санал Ө.М тавиагүй бид гурав хол амьдарч байгаа болохоор уулзахгүй хөндийрсөн, хүүгээ харж хандаагүй, тусламж дэмжлэг үзүүлээгүй байгаа. Ө.М ч ийм байдлаар надад хандаж байгаагүй. Нэгэнт хүүтэйгээ уулзалгүй олон жил болсон, намайг танихгүй болохоор хүүгээ ээжийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй гэж бодож байна энэ тал дээр надад маргах зүйл байхгүй. Харин хүүхдийн тэтгэлгийн тухайд одоохондоо би ажилгүй байгаа учраас тэтгэлэг төлөх бодолгүй байна, цаашид сургууль төгсөх болон шаардлагатай болсон үед нь өөрийн хүү учраас харж хандах нь миний үүрэг гэж бодож байна, надад бас бодсон зүйл байгаа. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймээс бидний гэрлэлтийг цуцалж хүүг маань ээжийнх нь асрамжинд үлдээж өгөхийг хүсэж байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.М нь хариуцагч Б.М холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага
гаргасан байна.
Халзан овогт Ө М, Булаг овогт Б М нар нь 2009 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн ба тэдний дундаас 2009 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүү М.М төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргахгүй байна.
Зохигчдын хувьд Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон нөхцөл байдал тогтоогдохгүй байх боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нь хоёулаа гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа бөгөөд зан харьцааны хувьд таарч тохирохгүй, тусдаа амьдраад 5 жил болсон, Б.М, М.М нар нь тус тусдаа хамтран амьдрагчтай болж үр хүүхэдтэй болсон байгаа зэрэг байдлаас үзэхэд гэрлэгчид нь цаашид хамт амьдрах бодит нөхцөл байдал байхгүй болсон байна.
Иймд шүүх тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2009 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү М.М нь бага насны хүүхэд байх бөгөөд сүүлийн 5 жилийн хугацаанд ээжийнхээ асрамжинд байгаа, 2 нас, 2 сартайгаасаа хойш эцэг Б.М уулзаж, хамт амьдарч байгаагүй, танихгүй зэрэг байдлыг харгалзан хүүхдүүдийн хүмүүжил сурч боловсроход нь хайр халамж анхаарлыг эх нь хүүхдээ илүү тавих боломжтой гэж шүүх үзэж байгаа тул хүү М.М эх Ө.М асрамжинд үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Түүнчлэн эцэг Б.М нь хүү М.М уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх зэрэг хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг эх Ө.М даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70200 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг хариуцагч Б.М гаргуулж нэхэмжлэгч Ө.М олгох нь зүйтэй байна.
Зохигчид нь эд хөрөнгийг маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.2 дахь хэсэг, 116. 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Халзан овогт Ө М, Булаг овогт Б М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар нь 2009 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү М.М эх Ө.М асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.М олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд зөв төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ хэвээр үргэлжлүүлэхийг даалгасугай.
6. Монгол Улсын хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдүүд эцэг, эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй бөгөөд эцэг Б.М хүү М.М уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх зэрэг хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг эх Ө.М даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Энхцэцэгт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ