Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 0066

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Х.Онолт, шүүгдэгч Б.Ш, өсвөр насны шүүгдэгч Н.Н, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Аовгийн Б.Ш, Б овгийн Н.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 04092 1487 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. А овгийн Б.Ш, Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “***” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанид оператор ажилтай, ам бүл дөрөв, эцэг, эх, дүүгийн хамт, Налайх дүүргийн 2 дугаар хороо, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

2. Б овгийн Н.Н, Монгол Улсын иргэн, 2003 оны 05 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Налайх дүүрэг дэх мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2 дугаар ангид сурдаг, ам бүл долоо, эх, ах,  эгч нарын хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Дэнжийн *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Ш нь өсвөр насны шүүгдэгч Н.Нямсүхтэй бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дугээр байрны гадаа байрлуулсан иргэн А.С-ийн эзэмшлийн *** улсын дугаартай “Часер” маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3,554,200 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны гадаа байрлуулсан иргэн Е.Б-ийн эзэмшлийн *** улсын дугаартай “Марк 2” маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 4,128,650 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч Н.Н нь Б.Ш-тай бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны гадаа байрлуулсан иргэн А.С-ийн эзэмшлийн *** улсын дугаартай “Часер" маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3,554,200 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 02- ны өдөр шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны гадаа байрлуулсан иргэн Ё.Б-ийн эзэмшлийн *** улсын дугаартай “Марк 2” маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 4,128,650 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч Б.Ш, өсвөр насны шүүгдэгч Н.Н нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 01-оос 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны гадаа байрлуулсан иргэн А.С-ийн эзэмшлийн *** улсын дугаартай “Часер” маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3,554,200 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 08 дугаар сарын 01-оос 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны гадаа байрлуулсан иргэн Е.Б-ийн эзэмшлийн *** улсын дугаартай “Марк 2” маркийн автомашиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 4,128,650 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Ш-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Өсвөр насны шүүгдэгч Н.Н-ийн шүүх хуралдаанд өгсөн: “....мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй, гэм буруу дээр маргахгүй... “ гэсэн мэдүүлэг;

3. Хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-7 дугаар хуудас), эд мөрийн баримт хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 12-15 дугаар хуудас);

4. Хохирогч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 26 цаг 30 минутын үед өөрийн *** улсын дугаартай “Часер” загварын автомашинаа Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны баруун урд талын зогсоол дээр байрлуулсан. Тэгээд 00 цагийн үед гарч харахад байрлуулсан газраа байж байсан. 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 08 дагийн үед гэрээсээ гарч ирэхэд машин маань байхгүй байсан тул цагдаад хандсан. Цагдаагийн бүрэлдэхүүн ирээд үзлэг хийгээд би эрүүгийн мөрдөгчийн хамт камер шүүх гээд явж байхад миний машин 9 дүгээр байрны зүүн талд байж байсан. Тэгээд цагдаагийн бүрэлдэхүүн машинд үзлэг хийсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20 дугаар хуудас);

5. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хүй долоон худагт очоод гэрээ барьчхаад Портер маркийн автомашинаа орхиод Ш-ын Тоёота Кровн маркийн автомашинд Ш, Н, Ө бид 4 сууж хотод ирээд Саппорогийн Шөлөндөө хоолны газар орж хоол идээд 1 дүгээр хорооллын байрнууд дунд зогсож их ядарсан байсан болохоор бага зэрэг унтаж амрахаар шийдэж машиндаа унтацгаасан...хэсэг унтаж байхад Ө сэрээд надаас “нөгөө хоёр чинь хаачсан юм бэ?” гэж асуухад мэдэхгүй гээд эргээд унтчихсан...Хэсэг унтаад байж байхад Ө сэрээд Ш-ын 91147750 дугаар руу залгаж гэр лүүгээ явъя, маргааш би ажилтай гэж утсаар ярьсан. Тэгснээ за хоёулаа явъя Ш бид хоёрыг явж бай гэнээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Налайх руу явцгаасан.  Долоо хоногийн дараа Ш-тай уулзахад тэр орой Ө бид хоёрыг унтаж байхад машин хулгайлсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ, наад асуудал чинь надад ямар ч хамаагүй шүү, чи машины эзнийг олоод уучлалт гуй гэж хэлсэн... Б.Ш-т урд өмнө эзэмшиж байсан хар өнгийн гадаргуутай, Тоёота чазер маркийн автомашины хуучин түлхүүр гэх нэг түлхүүр байсан. Тэр түлхүүрээ дараа нь хаячихсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26-27 дугаар хуудас);

6. Гэрч Г.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...унтаж байгаад сэрэхэд Н, Ш хоёр байхгүй байхаар нь Б-гээс “нөгөө хоёр чинь хаачсан юм бэ?” гэж асуухад мэдэхгүй би унтаж байгаад сая л сэрлээ гэхээр нь би тэр хоёрыг удалгүй буцаад ирэх байх гэж бодоод буцаад унтсан. Хэсэг унтаж байгаад сэрэхэд ирээгүй байхаар нь би Ш-ын *** дугаар луу залгаж гэр лүүгээ явъя маргааш ажилтай гэхэд Ш та хоёр явж бай бид хоёр араас чинь очно гээд утсаа салгасан. Тэгээд Бэлгүтэй бид хоёр гэртээ ирж амарцгаасан...Маргааш нь Ш-тай уулзахад “би нэг автомашин хулгайлаад унаж яваад, маршалын гүүрний тэнд орхичихсон” гэхээр нь хурдан буцааж авч ирээд байранд нь тавь, тийм юм хийж болохгүй” гэж хэлсэн... Тухайн үед Ш-тай утсаар ярихад та хоёр явж бай гэхээр нь л бид хоёр явчихсан, маргааш нь би ажилтай байсан болохоор шууд явсан,  Ш-ыг хулгай хийж байна гэдгийг мэдээгүй. Тухайн үед Ш-ын биед ямар нэгэн автомашины түлхүүр байгаа эсэхийг би огт мэдээгүй, сүүлд Шинэбаяр машин хулгайлахдаа урд унаж байсан Тоёота Часер маркийн машиныхаа илүү түлхүүрээр тааруулж машин хулгайлсан, тэр түлхүүрээ маргааш нь хаячихсан гэж байсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 29-30 дугаар хуудас)

7. Дамно ХХК-ын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн СХЗ-19-664, 665 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 33-36 дугаар хуудас);

8. Иргэн Ё.Б-ээс 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (xx-64 дүгээр хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 65-67 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 68-71-р хуудас), эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хх-ийн 74, 78-р хуудас), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 81 дугаар хуудас);

9. Хохирогч Ё.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 23 цагийн үед өөрийн *** улсын дугаартай “Марк 2” маркийн автомашинаа Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 16 дугаар байрны баруун талд шороон хэсэгт байрлуулсан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 08 цагийн үед машин руугаа очиход байрлуулсан газраа байхгүй байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 86 дугаар хуудас);

10. Дамно ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн СХЗ-19-662, 663 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 108-113 дугаар хуудас);

11. Шүүгдэгч Б.Ш-ын иргэний иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 168 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 183 дугаар хуудас), өсвөр насны шүүгдэгч Н.Н-ийн төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 192 дугаар хуудас), Н.Н-ийн нас тоолсон тухай тэмдэглэл (хх-ийн 210 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 212 дугаар хуудас),

12. Өсвөр насны шүүгдэгч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 157-159 дүгээр хуудас);

13. Шүүгдэгч Б.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 163-165 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Ш, Н.Н нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох хохирогч А.С-ийн “Toyota Chaser” маркийн автомашиныг 3,554,200 төгрөгөөр, улаан хүрэн өнгийн бомбер загварын куртикийг 39,200 төгрөгөөр, powerbank-ыг 15,000 төгрөгөөр, хохирогч Ё.Б-ийн “Toyota Mark-2” загварын автомашиныг 4,128,650 төгрөгөөр, 25 нэр бүхий эд зүйлсийг 628,650 төгрөгөөр тус тус үнэлсэн байх ба шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 8,311,500 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч Б.Ш, Н.Н нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэд шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын бага хэмжээнээс дээш үнэлгээ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Ш, Н.Н нар нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тэдний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй гээд шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Ш, Н.Н нарыг “хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн хоёр удаагийн үйлдлээр бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ш, Н.Н нар нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдсон хохирлын хэмжээгээр нөхөн төлсөн байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдлаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Ш, өсвөр насны шүүгдэгч Н.Н нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, өсвөр насны шүүгдэгч Н.Н-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, Нокиа загварын гар утсыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Ш-т буцаан олгох саналтай байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй...” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Н нь 16 настай, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, урьд ял шийтгэлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн ба одоо Налайх дүүрэг дэх мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2 дугаар курст цахилгаанчны мэргэжлээр суралцдаг. Шүүгдэгч Б.Ш нь оператор ажилтай. Шүүгдэгч нарын ялыг ялгамжтай оногдуулах боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж шүүгдэгч Б.Ш-ыг тэнсэх өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Шүүх хувийн байдлын хувьд ажил хийдэг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзээсэй. Мөн шүүгдэгч Н.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.

Арван найман насанд хүрсэн шүүгдэгч Б.Ш нь санаачилж өсвөр насны шүүгдэгч Н.Н-тэй бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний насны байдал, хэргийн оролцоог харгалзаж үзсэн болно. Харин хэрэгт цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлд заасан “хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах” гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, мөн шүүхээс тогтоосон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Б.Ш-т мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Н.Н-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг тус тус хүлээлгэх нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ш, Н.Н нарт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг санууллаа.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, “Nokia” загварын гар утсыг эзэнд нь буцаан олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ш, Н.Н нар цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тэдэнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.А овгийн Б.Ш, Б овгийн Н.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн үргэлжилсэн хоёр удаагийн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Б.Ш-т мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан өсвөр насны шүүгдэгч Н.Н-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ш-т гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Н-д гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Н-д хүлээлгэсэн үүрэг, хэрэглэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс хэрэгжүүлсүгэй.

5.Шүүгдэгч Б.Ш, Н.Н нарт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг сануулсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, “Nokia” загварын гар утсыг эзэнд нь буцаан олгосугай.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ш, Н.Н нар цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ш, Н.Н нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА