| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0065/Э |
| Дугаар | 0074 |
| Огноо | 2020-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 0074
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Д.Нямбат, шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С овгийн Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 05986 1897 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С овгийн Б.Т, Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл долоо, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхоны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхоны *** тоотод иргэн Ч.Ц-г ”гэрт ирж ээжид архи өгч согтоолоо” гэх шалтгаанаар түүний толгойн тус газар цохиж унаган, цамцны захаар нь хоолойг нь боож толгойн тус газар нь 3-4 удаа гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч С овгийн Б.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхоны *** тоотод ”гэрт ирж ээжид архи өгч согтоолоо” гэсэн шалтгаанаар хохирогч Ч.Цээсүрэнг цохиж унаган, цамцны захаар нь түүний хоолойг боож, толгой руу нь 3-4 удаа гараараа цохиж, бие махбодод нь “...тархи доргилт, зүүн нүдний гадна дээд хэсэг, чамархайн урд хэсгийн зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Т-ны шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүх зүйл үнэн зөв тусгагдсан байгаа тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй. Хохиролд 100,000 төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Ч.Ц-гийн цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл, гэрэл зураг (хх-ийн 5-7 дугаар хуудас);
3. Хохирогч Ч.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн үед Н над руу утсаар яриад гэрт хүрээд ир гэж дуудсан. Н гэртээ буузны мах татаад сууж байсан. Тэр үед Н-н найз залуу гаднаас орж ирсэн. Бид гурав нийтийн байрны засвар хийж байгаа өрөөнд нь хамт ороод 1 шил архи мөн дарс хувааж уусан. Н-н найз залуу нийтийн байранд үлдсэн. Н намайг хамт гэрт орж бууз чимхээд өгөөч гэж гуйхаар нь би гэрт нь ороход Т “чи миний ээжид архи өглөө“ гэж хэлээд миний толгой руу нэг удаа хүчтэй цохиход би хөл алдаад газар унахдаа хоолны шүүгээг нуруугаараа мөргөсөн. Би Т-д хандаж “би танай ээжид архи өгөөгүй, найз нь ирж архи өгсөн, би танайд өдөр эрүүл орж ирсэн биз дээ" гэж хэлээд босож ирэхэд миний өмсөж явсан цамцны захаар хоолой боогоод нэг гараараа миний толгой руу 4-5 удаа цохисон..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 19-20 дугаар хуудас);
4. Гэрч Х.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 сарын 10-ны өдөр 14 цагийн орчим би Ц рүү утсаар яриад “чи юу хийж байна, завтай бол хүрээд ирээч” гэж гэж хэлсэн. Ц манайд ирэхдээ 0.33 граммын тал шил архи барьсан эрүүл ирсэн. Бид хоёр манай гэрт юм яриад сууж байхад гаднаас Г орж ирээд цалин буусан гээд бид хоёрт 1 шил дарс авч өгсөн. Тэгээд бид гурав нийтийн байрны засвар хийж байсан өрөөнд нь орж 1 шил дарсаа хувааж уусан. Ууж дуусаад Г өрөөнд үлдэж би Ц-гийн хамт гэртээ ороход манай хүү Т уурлаад Ц-д хандаж “та манай гэрт ирж ээжийг уруу татаж архи уулгалаа” гэж хэлээд гараа атгаж байгаад Ц-гийн толгой руу нэг удаа цохиход Ц гал тогооны угаалтуур руу хөл алдаад бөгсөөрөө газар унаж байгаа харагдсан. Тэгээд босож ирээд намайг зодлоо гээд хэрүүл хийж байгаад гарсан. Маргааш нь Ц над руу мессеж бичээд миний хүзүү улайсан, толгой хүзүү өвдөөд дотор муухай оргиод байна, бариач дээр очиж бариулмаар байна гэхээр нь би одоохондоо мөнгөгүй байна, мөнгөтэй болохоороо хамт явж бариулъя гэж бичсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25 дугаар хуудас);
5. Гэрч Ц.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг ээжийн гэрт ирэхэд хүзүү нь 2 талдаа хурууны ором гараад улайсан байхаар нь учрыг нь асуухад Н-н хүү Т намайг зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27 дугаар хуудас);
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13857 дугаартай шинжээчийн: “...Ч.Ц-гийн биед тархи доргилт, зүүн нүдний гадна дээд хэсэг, чамархайн урд хэсгийн зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс тархи доргилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт (хх-ийн 29 дүгээр хуудас);
7.Шүүгдэгч Б.Т-ны иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 42 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 46 дугаар хуудас);
8. Шүүгдэгч Б.Т-ны мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...ээж Нэргүй, Ц-гийн хамт ирэхдээ согтуу халамцуу орж ирсэн. Ээжийг уруу татаж архи уулгалаа одоо гэр рүүгээ яв гээд гараараа түлхээд үүд рүү ойртуулахад Ц хойшоо савж хоолны шкаф руу нуруугаа унаж бөгсөөрөө газар сууж босож ирээд ээжид хандаж танай хүүхэд намайг зодоод алах нь ээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 37 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Ц-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Б.Т-ны үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ч.Ц-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Т-ныг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.Ц нь хохирлоо бүрэн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхийн шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Т-ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Т-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгж буюу 480,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж байна. Хохирогчоос нэхэмжилсэн 100,000 төгрөг бүрэн төлөгдсөн, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “....Манайх 30 өрөөтэй нийтийн байшинтай. Үүнийгээ хөлслүүлж сарын 4,500,000 орчимд төгрөгийн орлого олдог. Иймд надад торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун наян мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, орлогод нийцүүлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.С овгийн Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун наян мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Б.Т-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Т-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА