Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 0075

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч М.Сүхчулуун, шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Б.Г-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 05912 1840 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Б.Г, Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Хараацайн жигүүр” ХХК-д жолооч ажилтай, ам бүл хоёр, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 4 сарын хугацаагаар баривчлах, мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 01 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 4 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж 2003 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ 2019 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө 04 цагийн орчим Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хороо Баянцагааны *** тоот хашаанд байх хохирогч О.Х-гийн гэрт “цагдаад дуудлага өгсөн” гэж шалтаглан хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний нүүр, толгой, цээжин хэсэг рүү нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хороо Баянцагааны *** тоот хашаанд байх хохирогч О.Х-гийн гэрт “цагдаад дуудлага өгсөн” гэж шалтгааны улмаас маргалдан түүний нүүр, толгой, цээжин хэсэг рүү нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, бие махбодод нь “...тархи доргилт, хоёр талын хөмсөгт шарх, хоёр нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч О.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны *** тоот гэртээ Г-той хамт 1 шил архи хувааж уусан. Тэгээд Г хойд байшинд байх гэртээ орсон. Г гэртээ ороод эхнэр Б-д агсам тавиад байхаар нь манай төрсөн эгч Б цагдаад дуудлага өгсөн чинь Г зугтаагаад явсан. Эгч Б манайд орж ирээд унтаж байтал 04 цагийн орчим Г гэрт орж ирээд “яасан их цагдаад дуудлага өгдөг новшнууд вэ" гэж хэлээд миний толгой, тархи, цээжинд гараараа цохиж, 4-5 удаа өшиглөсөн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн чинь цагдаа ирээд Б.Ганзоригийг хойд талын гэрээс аваад явсан. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны *** тоот хашаанд, гэрт нь би ганцаараа, харин байшинд нь Г манай эгчтэй хамт амьдардаг. Миний биед учирсан гэмтлүүдийг Г манай гэрт орж ирээд миний нүүрэн тус газар 4-5 удаа дэвсээд гараараа 2-3 удаа цохиж, мөн цээжин хэсэгт 2-3 удаа хөлөөрөө дэвссэн. Ганзориг урьд намайг зодож цохиж байгаагүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7 дугаар хуудас);

3. Гэрч А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би ажлынхаа баярт яваад орой 18 цагт гэртээ иртэл манай нөхөр Г архи уусан байсан. Нэлээн согтуу байсан болохоор би манай хашаанд тусдаа гэрт байдаг дүү Х-гийнд ороод унтаж байтал шөнөөр Г согтуу орж ирээд Х-гийн нүүрэнд 3-4 удаа цохиж харагдсан. Би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор хэдэн удаа хаана нь цохисныг хараагүй. Өглөө цагдаа нар ирээд Г-гийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7 дугаар хуудас);

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13640 дугаартай: “...О.Х-гийн биед тархи доргилт, хоёр талын хөмсөгт шарх, хоёр нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 22 дугаар хуудас);

5.Шүүгдэгч Б.Г-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 33 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 25  дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 27-30 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”... Би 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны *** тоотод эхнэрийн дүү болох Х-тэй архи ууж байсан. Тэгтэл гаднаас манай эхнэр Б, найз Х-гийн хамт орж ирсэн. Тэгээд бид үлдсэн архиа хувааж уугаад Б, Х бид гурав гарч үсээ засуулчхаад буцаад эхнэртэйгээ хамт гэртээ ирсэн. Эхнэр Б бид хоёр гэртээ утсаа булаацалдаж байтал эхнэрийн эгч Б манай гэрийн гаднаас бид хоёрыг маргалдаж байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн гэхээр нь би зугтаасан. Тэгээд Хангай захын ард аавындаа очиж унтаж байгаад 03-04 цагийн орчим гэртээ ирсэн чинь эхнэр байхгүй байхаар нь манай хашаанд байдаг Х-гийн гэрт ороход тэднийд унтаж байсан. Би Б бос гэртээ ор гэж хэлтэл хажуугаас Х “чи манай эгчийг зүгээр наанаа унтуул, би цагдаад дуудлага өгсөн байгаа” гэж хэлээд гэрийнхээ баруун талын орон дээр хэвтэж байгаад босоод орон дээрээ суухаар нь би Х-гийн нүүрэн тус газарт нь 4-5 удаа гараараа цохиод цээжин хэсэгт нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд өөрийнхөө байшинд ороод унтаж байтал өглөө 10 цагийн орчим цагдаа нар орж ирээд намайг эрүүлжүүлэх байранд авчирсан. Би тухайн өдөр эхнэр Б-тай маргалдаж цохиж зодсон зүйл байхгүй. Харин Хэрлэнгийн биед учирсан гэмтлийг нүүрэнд нь 3-4 удаа цохиж, цээжинд нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөж учруулсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 56-58 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Х-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.Г-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч О.Хэрлэнгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Г-гийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч О.Х нь хохиролд 500,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ шүүхийн шатанд бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Г-гийг бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...Би ажил эрхэлдэг тул торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, орлогод нийцүүлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овгийн Б.Г-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.Г-т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Г-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА