| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0069/Э |
| Дугаар | 0076 |
| Огноо | 2020-03-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 0076
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Ц.Гансүлд, шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Т.Б-гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 05698 1724 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Т.Б, Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжилтэй, “Намдол дэчинлин” хийдийн зоч лам ажилтай, ам бүл тав, эх, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 3 дугаар гудамжны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 02-3-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автобусны буудлын хажуу талд иргэн Т.Н-ыг биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь баруун гайморын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод хана, хамрын баруун хажуу хэсэг хүрсэн нийлмэл хугарал, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун доод зовхинд зулгаралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овгийн Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автобусны буудлын хажуу талд иргэн Т.Н-тай маргалдан зодож, бие махбодод нь “...баруун гайморын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод хана, хамрын баруун хажуу хэсэг хүрсэн нийлмэл хугарал, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун доод зовхинд зулгаралт, баруун нүдний салстад цус харвалт...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Т.Б-гын шүүх хуралдаанд өгсөн: “...Би 11 дүгээр сарын 02-ны өдөр сургуулийнхаа төгсөгчдийн сагсны тэмцээнд оролцоод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд харих гээд дуудлагын жолооч дуудсан. Би яагаад 21 дүгээр хороололд очсоноо мэдэхгүй, санахгүй байна. Би хохирогч эмэгтэйг жирэмсэн байсан гэдгийг огт мэдээгүй, тэр хүнийг урьд танихгүй бөгөөд хоромхон зуур болсон асуудал. Иймд би хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж гэж хүндрүүлэн зүйлчилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Би хүнд муу зүйл хийе гэж бодоогүй. Очоод маргалдаж байгаад хойноос хүн цохих шиг болохоор нь эргэж хараад цохисон. Гэтэл эмэгтэй хүн цохисон байсан. Би хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 5 сартай жирэмсэн 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хорооллын автобусны буудлын орчимд шорлог зардаг найз Х дээр ганцаараа очоод шорлог идээд байрны буланд сууж байхад улаан өнгийн машинаас өмдний тэлээ нь тайлагдсан согтуу залуу бууж ирээд намайг явах уу гэж асуусан. Тэгэхээр нь та хүн андуураад байна би тийм хүн биш гэж хэлээд босоход намайг араас үсдэж татаад газар унагасан. Тэр үед дүү Ц ирж салгахад Ц-г түлхээд миний нүүрэнд гараараа цохисон. Тэгээд юу болсныг мэдэхгүй, би ухаан алдсан. Миний биед учирсан гэмтлийг сүүлд нэрийг нь мэдсэн Б гэх залуу гараараа нэг удаа цохиж учруулсан. Намайг 2 удаа нүүр лүү цохисон. Эхний цохилт нь баруун нүд онож уг гэмтлийг учруулсан. Сүүлийн цохилт нь намайг хальт оносон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-26 дугаар хуудас);
3. Гэрч З.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хорооллын автобусны буудлын орчим шорлог зардаг юм. 2019 оны 11 дүгээр сарын 02-ны орой 22 цагийн үед зүс таних, 5 сартай жирэмсэн эгч Н ирээд шорлог идээд байрны буланд суусан. Хэсэг хугацааны дараа ирэхэд Н эгч танихгүй халзан толгойтой хүнтэй барьцалдаад байж байсан. Би очоод дундуур нь орж салгахад халзан толгойтой эрэгтэй хүн Н эгчийн нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Тэр үед эгчийн хамраас нь цус гараад ухаан алдсан. Удалгүй цагдаа ирээд 103 дуудаад аваад явсан... Эгч Н-ын биед өмнө нь гэмтэл учраагүй байсан. Тэр халзан толгойтой хүн 2 удаа гараараа цохисноос болж баруун нүд нь хавдаж хөхөрсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9-10 дугаар хуудас);
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13371 дугаартай шинжээчийн: “...Т.Н-ын биед баруун гайморын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод хана, хамрын баруун хажуу хэсэг хүрсэн нийлмэл хугарал, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун доод зовхинд зулгаралт, баруун нүдний салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 18 дугаар хуудас);
5. Шинжээч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Н-ын биед учирсан баруун гайморын хөндийн урд хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод хана, хамрын баруун хажуу хэсэг хүрсэн нийлмэл хугарал, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун доод зовхинд зулгаралт, баруун нүдний салстад цус харвалт гэмтэл нь байршлын хувьд нэг байрлалд буюу нүүрний баруун хэсэгт учир нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой... Дүгнэлтэд тусгагдсанаар мохоо зүйлийн нэг л удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэлд орно...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19-20 дугаар хуудас);
6. Жирэмсэн эмэгтэйн хяналтын карт (хх-ийн 45-52 дугаар хуудас), шүүгдэгч Т.Б-гын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 55 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 70 дугаар хуудас);
7. Шүүгдэгч Т.Б-гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Оточ Манрамба их сургуулийн нийт төгсөгчдийн сагсан бөмбөгийн тэмцээн болж би тэмцээнд очсон. Тэмцээн дуусаагүй байхад би урьд нь хамт нийлдэг байсан найзуудын хамт архи уусан... Дуудлагын жолооч дуудаад би ганцаараа гэртээ харихаар явж байгаад тасарсан байсан. Нэг мэдэхэд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хорооллын автобусны буудлын баруун талын автомашины зогсоолд ирсэн байсан. Машиныхаа дэргэд нэг эмэгтэй хүнтэй маргалдаж байгаад эргээд хартал миний нуруунд нэг хүн цохиод авахаар нь би эргэж хараад шууд цохисон чинь хүмүүс жирэмсэн эмэгтэй хүн цохичихлоо гээд дайраад байсан. Би цохиулсан эмэгтэйгээс уучлалт гуйж байхад цагдаа ирээд намайг авч явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 33-34 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Н-ын бие махбодод хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “Хохирогч Т.Н-т 5 сартай жирэмсэн байсан болох нь түүний жирэмсний карт болон түүний мэдүүлэг, мөн гэрч З.Ц-гийн мэдүүлгээр хангалттай нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч Т.Б түүнийг жирэмсэн болохыг мэдэж байсан болох нь түүний “...Машиныхаа дэргэд нэг эмэгтэй хүнтэй маргалдаж байгаад эргээд хартал миний нуруунд нэг хүн цохиод авахаар нь би эргэж хараад шууд цохисон чинь хүмүүс жирэмсэн эмэгтэй хүн цохичихлоо гээд дайраад байсан. Би цохиулсан эмэгтэйгээс уучлалт гуйж байхад цагдаа ирээд намайг авч явсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүний үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.
Нэгдүгээрт, эрүүгийн эрх зүйн онол ёсоор хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэдэг нь бага насны буюу хэт өндөр настай, хэвтрийн болон хөдөлгөөн хязгаарлах өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсны улмаас өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болсны улмаас эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг гэмт этгээд ухамсарлан ойлгосон байхыг хэлнэ.
Энэ хэргийн тухайд хохирогчийн бие хамгаалж чадахгүй болсон нөхцөл байдал огт тогтоогдоогүй байх бөгөөд хууль зүйн техникийн хувьд энэхүү нөхцөл нь хохирогчийн жирэмсэн байсан нөхцөл байдалтай огт хамааралгүй юм.
Хоёрдугаарт, хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэдэг нь гэмт этгээд хохирогчийн жирэмсэн гэдгийг түүний гадаад байдал, хоорондын харилцаа, эсхүл бусад эх сурвалжаас лавтай сайн мэдэж байсан атлаа түүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан байхыг хэлнэ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б нь хохирогчийг урьд танихгүй, түүнийг жирэмсэн болохыг мэдэхүйц хоорондын харилцаа үүсээгүй болох нь тогтоогдсон бөгөөд тухайн үед хохирогч Т.Н нь 5 сартай жирэмсэн байсан бөгөөд 11 сард өвөл, намрын зузаан хувцастай байх үед түүнийг гадаад байдлаар жирэмсэн гэж шууд мэдэх боломжгүй хэмээн шүүх дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Т.Б нь “...Машиныхаа дэргэд нэг эмэгтэй хүнтэй маргалдаж байгаад эргээд хартал миний нуруунд нэг хүн цохиод авахаар нь би эргэж хараад шууд цохисон чинь хүмүүс жирэмсэн эмэгтэй хүн цохичихлоо гээд дайраад байсан. Би цохиулсан эмэгтэйгээс уучлалт гуйж байхад цагдаа ирээд намайг авч явсан...” гэж мэдүүлсэн нь тэрээр гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хохирогч эмэгтэйг жирэмсэн байсан талаар бусдаас сонсож мэдсэн болохыг нотлон харуулж байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчиллөө.
Шүүгдэгч Т.Б-гын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Т.Н-ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Б-гыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Т.Н нь хохирлоо авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул шүүгдэгч Т.Б-гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...Хуульд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх 3 нөхцөл байдаг юм байна лээ. Миний хувьд эдгээр хөнгөрүүлэх нөхцөлүүд байгаа гэж үзэж байгаа тул торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү...” гэв.
Улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээ нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх тул шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, орлогод нийцүүлэн арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Б овгийн Т.Б-гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ”хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан торгох ялыг арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
5.Шүүгдэгч Т.Б-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА