| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0030/Э |
| Дугаар | 0100 |
| Огноо | 2020-02-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 0100
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Х.Анхцэцэг, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овгийн Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 04395 1580 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овгийн Т.Б, Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эцэг, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 60 дугаар гудамж,*** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:
- Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
- Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 244 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1 жил 6 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 08 сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын *** тоот иргэн Д.Д-гийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн Фунай маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Х овгийн Т.Б нь 2019 оны 08 сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын *** тоот хохирогч Д.Д-гийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж, “Funai” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар буюу хулгайлан авч, бусдад 500,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Т.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан: “...Д.Д-гаас 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 02 цаг 20 минутад гаргасан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт *** тоотод байх байшинд хулгай орсон байна..." гэсэн тэмдэглэл (хх-ийн 3 дугаар хуудас);
3. Хэргийн газарт үзлэг хийсэн: “...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт *** тоот хаягтай хашаа байх ба нэг давхар ягаан өнгийн урагш харсан хоёр тасалгаа бүхий цагаан өнгийн вакум цонхтой байшингийн 4 тасалгаа бүхий модоор хийсэн зурагтын тавиур уг тавиуран дээр ямар нэгэн эд зүйл байхгүй байв..." гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4 дүгээр хуудас);
4. Хохирогч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 22-ны орой 22 цагийн орчимд гэртээ ороод дээл өмд аваад гэрээ цоожлоод гарсан. Манай байшин гараашны залгаа байдаг бөгөөд орой 23 цагийн үед гэртээ ирэхэд гараашны хаалга гаднаасаа онгойх боломжгүй байхад онгойсон байдалтай байсан. Би дүү нартайгаа цонхоор харахад зурагт харагдахгүй байхаар нь Цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс Фунай маркийн зурагт алдагдсан. Би өөрийн зурагтаа 600,000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15 дугаар хуудас);
“...2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өөрийн утсан дээр бичлэгээ “Амаагийн зам” нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч Д гэдэг хүнд үзүүлэхэд архичин Батаа мөн байна гэж хэлсэн. Архичин Б-гийн гэрийг асуутал Орбитын 80 дугаар гудамжинд амьдардаг гэж хэлэхээр нь өөрийн дүү болох Ц-гээс тухайн хаягт хэн амьдардгийг асуухад Б гэж хүн байдаг гэж хэлсэн. Худалдагч надад Б орж ирвэл хэлье гэсэн, орой 17 цагийн үед Б-гийн дүү ороод ирлээ гэж над руу ярьсан. Тэгээд би дэлгүүрт очоод Б-гийн дүүгээс зурагтаа асуугаад бичлэгээ үзүүлтэл аавын гэрт байгаа гэхээр нь очоод зурагтаа хартал мөн байхаар нь аваад гэртээ харьсан. Манай зурагт ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй зүгээр ажиллаж байгаа. Зурагтаа олж авсан болохоор ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэсэн дахин өгсөн мэдүүлэг (хх-ийн 19, 23 дугаар хуудас);
5. Гэрч Д.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед Дөл гэх нэртэй хүнсний дэлгүүртээ худалдагчийн ажлаа хийж байхад гаднаас үл таних залуу орж ирээд зурагт авах уу гэж асуусан. Би үгүй гэж хэлэхэд тэр гараад явсан. Түүнээс хойш дахиж манай дэлгүүрт орж ирээгүй. Нэг эмэгтэй хүн гуйхаар нь камерын бичлэг шүүгээд дэлгүүрийн гадна талд зурагт тавьсныг нь мэдсэн. Манай дэлгүүрээс гараад явахдаа зурагтаа бариад явсан нь камерын бичлэг дээр харагдсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 29 дүгээр хуудас);
6. Гэрч Т.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ах Б-ыг гэртээ зурагт авчирсныг мэдээгүй. 2019 оны 08 сарын сүүлээр гэрийнхээ ойролцоо байдаг “Амаагийн зам” дэлгүүрт ороод үйлчлүүлж байсан чинь дэлгүүрийн худалдагч эгч өчигдөр чамтай хамт явсан хүн ах чинь үү гэхээр нь би мөн гэж хэлсэн чинь дугаараа өгчих чамтай хүн яриулъя гэсэн. Тэгээд намайг хүлээж байгаарай гээд нэг хүнтэй яриад байсан. Удалгүй нэг ах, нэг эмэгтэй хүнтэй ирээд танай ах чинь манай зурагтыг хулгай хийсэн байна гэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би тэр ахын утасны дугаарыг нь аваад ах Б-ын гэрт очсон чинь 40 инчийн “Фунай” загварын зурагт байхаар нь надтай уулзсан хүн рүү залгаж манай ахын гэрт зурагт байна гэж хэлсэн. Тэгээд тухайн хүн ирээд зурагтаа аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 33 дугаар хуудас);
7. Гэрч З.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Д-г сайн танина, манай ангийн хүүхэд байгаа юм. Харин Т.Б гэдэг хүнийг зүс танина. Би хувиараа Амаагийн зам нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Б-ын гэр нь манай гэрийн хойд талд байдаг, манай хүнсний дэлгүүрээр үйлчлүүлээд хоёр жил орчим болж байна. 2019 оны 08 дугаар сарын сүүлээр байсан, яг хэдний өдөр вэ гэдгийг санахгүй байна. Дэлгүүртээ сууж байтал Д орж ирээд “манай гэрт хулгай ороод зурагт хулгайлсан, Дөл хүнсний дэлгүүрийн камерын бичлэгт манай зурагтыг авч явж байгаа хүн бичигдсэн байна. Энэ зурагт авч явж байгаа хүнийг таних уу” гэж хэлээд надад утсан дээр байгаа бичлэгийг үзүүлсэн. Бичлэгийг үзэхэд манай дэлгүүрээр байнга орж ирж үйлчлүүлдэг Б буюу таньдаг хүмүүс нь Б гэж дууддаг хүн зурагт авч явж байсан. Тэгэхээр нь би Д-д наад Б чинь өчигдөрхөн манай дэлгүүрээр ороод гарсан гэж хэлээд удахгүй Б-ын дүү, аав нь ороод ирнэ. Тэгэхээр нь би чамд хэлье гэж хэлээд явуулсан. Маргааш нь Б-ын дүү ороод ирэхээр нь би Д-г дуудаж уулзуулсан. Дараа нь Д-аа зурагтаа дүүгээс нь авсан, манай зурагтыг авсан ах нь гэртээ байхгүй байна гээд манай дэлгүүрт орж ирж байсан ... би Б-ыг хаанаас нь ч харсан сайн танина...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35 дугаар хуудас);
8. Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 21 цаг 54 минутад “Дөл” хүнсний дэлгүүрийн гадна талын камерын бичлэгт саарал өнгийн малгай өмссөн цагаан өнгийн цамцтай, цайвар цэнхэр өнгийн жийнс өмдтэй бараан өнгийн бордуу царайтай залуу зурагт өргөсөн дэлгүүрийн хашааны хаалгаар орж яваа дүрс харагдана ...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 59 дүгээр хуудас);
9. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 992 дугаартай хөрөнгийн үнэлгээний: “...”Funai” маркийн зурагт 500,000 төгрөг...” гэсэн тайлан (хх-ийн 49 дүгээр хуудас), эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол (хх-ийн 63 дугаар хуудас), мэдүүлгийг газар дээр шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 74 дүгээр хуудас);
10. Шүүгдэгч Т.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 58 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 100 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 104-124 дүгээр хуудас);
11. Шүүгдэгч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэр лүүгээ харих гээд 65 дугаар гудамжинд явж байсан чинь *** тоот айлын гэрэл нь унтарсан байхаар нь нарийн гудамжтай талын банзан хашааг нь давж ороод цагаан шавар байшингийн баруун талын жижиг цонхыг түлхэж байшинд ороод том өрөөний хойморт байсан хар өнгийн зурагтыг тэврээд байшингийн хаалгыг онгойлгоод гарсан. Гараашинд орсон чинь усны тэрэг байхаар нь хашааны хаалганы дотор талд үлдээгээд зурагтыг тэвэрч авч яваад гэртээ авчраад хүн амьдардаггүй гэртээ оруулж нуучхаад хулгай хийсэн зурагтаа зарж үрээгүй гэртээ 1 cap гаруй байлгасан. Манай дүү Т өөрийнхөө дугаараас над руу залгаад танихгүй хүмүүс манай гэрт ирсэн таныг асуугаад байна, хулгайд алдсан зурагтаа авна гээд байна гэсэн. Тэгэхээр нь би зурагтыг хаана байгааг нь зааж өгөөд наад хүмүүстээ өгөөд явуулчих гэж хэлсэн. Би архи уух мөнгөгүй байсан учир архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байсан. Манай гэрийнхэн хулгайн зурагт авчирсныг мэдээгүй, би гэмт хэрэг үйлдэхдээ ганцаараа байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 71 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Т.Б-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан эд зүйл болох “Funai” загварын 40 инчийн зурагтыг 500,000 төгрөгөөр үнэлсэн ба шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 500,000 төгрөгөөр тогтоосон болно.
Шүүгдэгч Т.Б нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ Д.Д-гийн амьдардаг байшингийн цонхоор нэвтэрч буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.
Шүүгдэгч Т.Б-ын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Т.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Б-ыг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Д нь хохирлоо биет байдлаар буцаан авсан, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Б нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 заалтад зааснаар шүүгдэгч Т.Б-т 4 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний шүүхийн шатанд цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах, энэ хэрэгт эд мөрийн хураагдан ирсэн сиди-г хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалуулах саналтай байна. Хохирлын хувьд мөрдөн байцаалтын шатанд хохирлыг биет байдлаар хүлээлгэн өгсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгч мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн асуудал гаргаагүй. Миний үйлчлүүлэгч нь ерөнхий боловсрол эзэмшээгүй байсан боловч цагдаагийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайн үед архи ууснаараа өөрийгөө зөвтгөж байгаа биш боловч архи уусан байх үедээ тухайн гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Тухайн зурагтыг аваад буцааж өгөх зориг хүрээгүй байна. Мөн тухайн зурагтыг зарж борлуулж, өөртөө ашиг олох гэсэн санаа зорилго байгаагүй гэдгийг сая шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлж байна. Шүүгдэгч нь урьд бага насандаа буюу төлөвшиж амжаагүй байхдаа гэмт хэрэгт холбогдсон байдаг. Тухайн үед хүмүүст уруу татагдсан нөхцөл байдлууд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Т.Б нь хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, доод хэмжээний хоёрны нэгээс багагүй гэсэн хязгаарын дотор хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой байна.
Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг шууд нэрлэн заагаагүй бөгөөд шүүхийн эрх хэмжээний хүрээнд өөрийн үзэмжээр сонгож хэрэглэхээр хуульчилсан байх тул анхан шатны шүүх энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал байхгүй гэж үзэв. Харин шүүгдэгч Т.Б-ын урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг гурван удаа үйлдсэн хувийн байдал болон ослын улмаас мэс засалд орж баруун бөөрөө авхуулсан, хөлөө хадуулсан эрүүл мэндийн байдал болон эцэг М.Т-ыг асран халамжилдаг зэрэг нөхцөл байдлыг ял оногдуулахдаа тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Б-т нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын цагдан хоригдсон 15 (арван тав) хоногийг эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Х овгийн Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Б-т нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын цагдан хоригдсон 15 (арван тав) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Т.Б-т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын Т.Б-т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА