| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2020/0025/Э |
| Дугаар | 037 |
| Огноо | 2020-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 037
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Б,
Улсын яллагч Н.П,
Шүүгдэгч Н.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.Н.Чад холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ..ны өдөр ... аамагт төрсөн, эрэгтэй, .. настай, ... боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-..., ....... хамт .... дүүргийн ..дугаар хороо, ....... тоотод оршин суудаг. Урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б.Н.Ч-д, /РД:........../
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Н.Ч нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ… дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 10 дугаар гудамжинд 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Г.Б. тамхи нэхлээ гэж толгойн тус газар нь цохиж, газар унагаан биед нь тархи доргилт, зулайн няцарсан шарх, баруун, зүүн сарвууны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ганбат нь хоёулаа хойшлоод уулзья гэхээр нь би дагаад явсан. Тэгтэл дэлгүүрийн арын гудамж руу ороод Ганбат нь урд алхаж байснаа эргэж хараад миний нүүр лүү гараараа цохисон. Тэгэхээр нь би газар унатал тэр хоёр талаас өшиглөөд мөн Ганбат нь чулуугаар толгой руу цохиод байсан...Ганбат миний гар руу чулуу болон хөлөөрөө цохисон. Харин хамт явж байсан хүн нь хөлөөрөө нуруу руу 3-4 удаа, нүүр руу 1 удаа өшиглөсөн...Би шинжээчээс авсан мэдүүлэгтэй танилцсан. Ганбатын найз гэх Чойжамц нь эхлээд намайг хавсарч унагаад цохисон. Тэр л учруулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/
Гэрч Д.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...21 цаг өнгөрч байхад Баттөгс гэрт орж ирсэн бөгөөд толгойноос нь цус урсаад хувцас нь нил шороо болсон байсан. Түүнээс юу болсон талаар асуухад танай Алтанцэцэгийн нөхөр Ганбат чинь намайг зодчихлоо гэсэн би Ганбатынд дагуулж очиход Ганбат орондоо хэвтэж байсан, харин нэг залуу сандал дээр сууж байсан. Тэгээд Ганбат нь “би танай хүүг зодоогүй, би тоож зодоо юу” гээд согтуу орилоод байсан...” гэжээ /хх-н 16-р тал/
Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Баттөгс нь Ган-Аюушид хэлэхдээ Ганбат ах зодоогүй хамт явсан залуу нь намайг дэгээдэж унагаад цохисон гэж ярихыг сонссон...Манай нөхөр Ганбат хэлэхдээ Чойжамц, Баттөгс хоёр хоорондоо зодолдохоор нь би салгаад Ган-Аюушийнд очсон гэж хэлсэн. Харин Чойжамц нь хэлэхдээ тэр залуу мөрлөөд тамхи нэхэхээр нь бид хоёр барилцаж аваад зодолдсон гэж хэлж байсан...” гэжээ /хх-н 21-р тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №11541 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Г.Б биед тархи доргилт, зулайн няцарсан шарх, баруун, зүүн сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ /хх-н 30-р тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/, ял шалгах хуудас / хх-45/ шүүгдэгчийн хувийн байдалыг тодорхойлсон баримтууд /46-49/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Н.Ч нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ .... дүүргийн ... дугаар хороо Яармагийн ...дугаар гудамжинд 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Г.Б г тамхи нэхлээ гэж толгойн тус газар нь цохиж, газар унагаан биед нь тархи доргилт, зулайн няцарсан шарх, баруун, зүүн сарвууны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч шүүгдэгчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №11541 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Чад холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Ч-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Ч нь хохирогч Г.Б гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Н.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-ыг 450 нэгж буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Ч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Чад оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.
6. Шүүгдэгч Н.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ