Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 118/2021/0009/З |
Дугаар | 221/МА2021/0333 |
Огноо | 2021-06-23 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2021/0333
“Б” ХХК ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, хариуцагч Г, Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В нарыг оролцуулан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Б” ХХК ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр:
“...Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн /2017 оны/ 11.19 дүгээр зүйлийн 1.2, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 14 дүгээр зүйлийн 14.1.5, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1, 27 дугаар зүйлийн 27.1.4, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.1, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09200900030 дугаартай нөхөн ногдуулалтын актын нийт төлбөр болох 144,762,114.00 төгрөгнөөс 83,681,126.856 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч татварын улсын байцаагч нараас шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Захиргааны хэргийн анхан шатны шүүх Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09200900030 дугаар нөхөн татварын актын үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын ногдох үнэлгээг бууруулж ногдуулсан зөрчил, ус ашигласны төлбөрийг дутуу ногдуулан төлсөн зөрчлийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэг. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Татварын улсын байцаагч нарын үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг ногдуулахдаа данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнг элэгдлийг тооцолгүй анхны үнээс тооцож, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт татвар ногдуулсан нь буруу гэж үзсэн.
“Б” ХХК ХХК-ийн баримтыг шалгахад 2016-2019 онуудад үл хөдлөх хөрөнгийн 935,783,333.00 төгрөгийн үнэлгээнээс 0.6 хувиар 5,614,700.00 төгрөгийг тогтмол төсөвт төлж, тайлагнаж ирсэн байна. “Б” ХХК ХХК нь 2016-2019 онуудад үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын ногдох үнэлгээг бууруулж ногдуулсан зөрчил илэрсэн.
Үүнд: 2016 онд 13 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн данс бүртгэлийн нийт 2,354,345,100 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийг нийт 935,783,333.00 төгрөгөөр үнэлэн үнэлгээг 2016 онд 1,418,561,667.00 төгрөгөөр бууруулан 8,511,370.00 төгрөгийн албан татварыг дутуу ногдуулсан, 2017 онд 13 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн данс бүртгэлийн нийт 2,354,345,100.00 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийг нийт 935,783,333.0 төгрөгөөр үнэлэн үнэлгээг 2017 онд 1,418,561,667.00 төгрөгөөр бууруулан үнэлж 8,499,130.00 төгрөгийн албан татварыг дутуу ногдуулсан, 2018 онд 13 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн данс бүртгэлийн нийт 2,369,545,100.00 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийг нийт 935,783,333.00 төгрөгөөр үнэлэн үнэлгээг 1,433,761,667.00 төгрөгөөр бууруулан 8,602,570.00 төгрөгийн албан татварыг дутуу ногдуулсан, 2019 онд тус компани нь хөрөнгөндөө дахин үнэлгээг хийлгүүлж элэгдлээрээ үнэ нь дууссан хөрөнгийг дахин үнэлүүлж заримынх нь үнэлгээ буурч үнэлэгдэн шинээр бүртгэлд ороогүй байсан 7 ширхэг хөрөнгийг данс бүртгэлд авснаар нийт 20 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн данс бүртгэлийн нийт 1,863,709,410.00 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийг нийт 935,783,333.0 төгрөгөөр үнэлэн үнэлгээг 927,926,000.00 төгрөгөөр бууруулан 5,567,556.0 төгрөгийн албан татварыг дутуу ногдуулсан ба 2016-2019 онуудад нийт 31,180,626.01 төгрөгийн нөхөн татвар, 5698856.05 төгрөгийн алданги, 9354187.80 төгрөгийн торгууль, бүгд 46233669.86 төгрөгийг нөхөж төлүүлэхээр актаар тогтоосон.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд, даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1.0 хувиар тооцож ногдуулна” гэснээр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг 0,6 хувиар тогтоосугай” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн байна.
Гэтэл шүүх хурлаас үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар актаар ногдуулахдаа данс бүртгэлд эхэлж бүртгэсэн дансны үнээс ногдуулсныг буруу гэж үзэж, элэгдэл хасаж үлдэж байгаа үнээс ногдуулах нь зөв гэж үзэж 21,083,728.00 төгрөгийн татвар, 6,325,118.40 төгрөгийн торгууль, 4,216,745.60 төгрөгийн алданги, нийт 31,625,592.00 төгрөгийн төлбөрийг илүү ногдуулсан гэж хасч хэрэгсэхгүй болгосон.
Хоёр. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгалийн нөөц ашигласны төлбөрийг ногдуулах, түүнийг төсөвт төвлөрүүлэх, тайлагнах, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 6.1.4-д “эрчим хүч үйлдвэрлэх ... зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус, рашааны орчин”, 10.1.1-д “усан цахилгаан станц ... зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус, усан орчин ашигласан тохиолдолд тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс” төлбөр ногдуулахаар зохицуулснаас үзэхэд усыг ашигласан тохиолдолд төлбөр төлөх харилцааг зохицуулсан байна.
Усан цахилгаан станц нь усыг ашиглаж цахилгаан үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн цахилгааны квт/цаг хэмжээгээр орлого олж байх тул энергийн тарифаар тооцож усны төлбөр төлөх үндэслэлтэй бөгөөд ус ашиглаж цахилгаан үйлдвэрлээгүй бусад саруудад олгогдож байгаа чадлын тарифт усны төлбөр ногдуулаагүй мөртлөө борлуулалтын орлогодоо тайлагнасан гэж үзэн ус ашигласан саруудад чадлын тарифт усны төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй байна гэж шүүх шийдвэрлэсэн.
“Б” ХХК ХХК нь 2016-2019 онуудад ус ашигласны төлбөрийг дутуу ногдуулан төлсөн зөрчил илэрсэн.
Үүнд: 2016 онд нийт 5-10 сарын хугацааны усан цахилгаан станцыг ажиллуулсны 611,083,680.30 төгрөгийн борлуулалтын орлогоос 5 хувиар тооцон ногдуулахад 30,554,154.00 төгрөгийн усны төлбөрийг төлөхөөс 1 хувиар тооцон 6,110,800.00 төгрөгийн усны төлбөрийг төлж төсөвт 24,443,355.00 төгрөгийн усны төлбөрийг ногдуулж төлөөгүй орхигдуулсан, 2017 онд нийт 5-10 сарын хугацааны усан цахилгаан станцыг ажиллуулсны 266,309,352.90 төгрөгийн борлуулалтын орлогоос 5 хувиар тооцон ногдуулахад 13,315,467.00 төгрөгийн усны төлбөрийг төлөхөөс Эрчим хүчний зохицуулах хорооноос 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 152 дугаар тогтоолоор тогтоосон “А” ТӨХК-д худалдах цахилгааны төг/кВт.ц 6,91 төгрөгийн энергийн тарифаар тооцон 37,507,957.00 төгрөгийн борлуулалтад 2,978,765 төгрөгийн усны төлбөрийг төлж төсөвт 10,336,702.00 төгрөгийн усны төлбөрийг ногдуулж төлөөгүй орхигдуулсан. 2018 онд нийт 5-10 сарын хугацааны усан цахилгаан станцыг ажиллуулсны 295,307,665.86 төгрөгийн борлуулалтын орлогоос 5 хувиар тооцон ногдуулахад 14,765,383.25 төгрөгийн усны төлбөрийг төлөхөөс Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар тогтоолоор тогтоосон “А” ТӨХК-д худалдах цахилгааны төг/кВт.ц 8,83 төгрөгийн энергийн тарифаар тооцон 41,893,298.00 төгрөгийн борлуулалтад 2,159,149.60 төгрөгийн усны төлбөрийг төлж төсөвт 12,606,234.00 төгрөгийн усны төлбөрийг ногдуулаагүй орхигдуулсан, 2019 онд нийт 5-10 сарын хугацааны усан цахилгаан станцыг ажиллуулсны 269,244,792.00 төгрөгийн борлуулалтын орлогоос 5 хувиар тооцон ногдуулахад 13,462,239.00 төгрөгийн усны төлбөрийг төлөхөөс Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар тогтоолоор тогтоосон “А” ТӨХК-д худалдах цахилгааны төг/кВт.ц 8,83 төгрөгийн энергийн тарифаар тооцон 15,804,357.00 төгрөгийн борлуулалтад 790,068 төгрөгийн усны төлбөрийг ногдуулан урьд оны илүү төлөлт болох 64,485.00 төгрөгийг суутган 725,583.00 төгрөгийн усны төлбөрийг төлж, төсөвт 12,736,656.00 төгрөгийн усны төлбөрийг ногдуулж төлөөгүй орхигдуулсан ба 2016-2019 онуудад нийт 60,122,947.00 төгрөгийн усны төлбөрийг ногдуулж төсөвт төлөөгүйд 10,795,502.10 төгрөгийн алданги, 18,036,884.10 төгрөгийн торгууль, нийт 88,955,333.20 төгрөгийн төлбөрийг нөхөж төлүүлэхээр акт тогтоосон.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Дор дурдсан зориулалтаар ашигласан ус, рашаан тэдгээрийн орчинд төлбөр ногдуулна”, 6.1.1-д “хүн амын унд, ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан ус”, 10.1-д ”Усны нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг дараах байдлаар тодорхойлно:”, 10.1.1-д “усан цахилгаан станц, усан замын тээвэр, усны амьтан, ургамал өсгөн үржүүлэх, аялал зугаалга, биеийн тамир зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус, усан орчин ашигласан тохиолдолд тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс;”, 15 дугаар зүйлийн 15.3-т "Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар, рашаан ашигласны төлбөрийн хэмжээг энэ хуулийн 15.2-т заасан хязгаарт багтаан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус тогтооно” гэсний дагуу Монгол улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 326 дугаар тогтоолд “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ”-г 1 дүгээр хавсралт... ёсоор тус тус баталсугай гэж заасны дагуу Үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс тооцох төлбөрийн хязгаар /хувиар/, гадаргын усанд “Усан цахилгаан станц, усан замын тээврийн үйлчилгээ эрхлэхэд 5 хувиар тооцох” гэснийг зөрчсөн гэж үзсэн.
Гэтэл шүүх усны төлбөрийг усан цахилгаан станцын үйлдвэрлэсэн цахилгааныг толгой компанидаа нийлүүлдэг энергийн тарифаар тооцсон борлуулалтын орлогоос ногдуулах нь зөв гэж үзэж 34,703,689.90 төгрөгийн төлбөр, 10,411,106.97 төгрөгийн торгууль, 6,940,737.98 төгрөгийн алданги нийт 52,055,534.85 төгрөгийн төлбөрийг илүү ногдуулсан гэж хасч хэрэгсэхгүй болгосон.
Дээрх үндэслэлүүдээр Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нийт актын төлбөр болох 144,762,114.68 төгрөгөөс 83,681,126 85 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 19 дүгээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхив.
Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдол, түүний үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шаардлага хангахгүй байх хэдий ч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд дүгнэлт өгч шийдвэрлэлээ.
Завхан аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар “Б” ХХК ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 09200900030 дугаар актаар 97,990,681.00 төгрөгийн нөхөн татвар, 29,397,204.30 төгрөгийн торгууль, 17,374,229.38 төгрөгийн алданги, 0 төгрөгийн хүү, нийт 144,762,114.68 төгрөгийн төлбөр ногдуулсан бөгөөд нэхэмжлэгч “Б” ХХК ХХК нь дээрх татварын улсын байцаагч нарын актыг эс зөвшөөрч анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Завхан аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар тогтоолоор татварын улсын байцаагч нарын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
1. 09200900030 дугаар актын 3 дахь заалтаар 2016 онд 13 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн данс бүртгэлийн нийт 2,354,345,100.00 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийг нийт 935,783,333.00 төгрөгөөр үнэлэн үнэлгээг 2016 онд 1,418,561,667.00 төгрөгөөр бууруулан үнэлж 8,511,370.00 төгрөгийн албан татварыг дутуу ногдуулсан, 2017 онд 13 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн данс бүртгэлийн нийт 2,354,345,100.00 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийг нийт 935,783,333.00 төгрөгөөр үнэлэн үнэлгээг 1,418,561,667.00 төгрөгөөр бууруулан үнэлж 8,499,130.00 төгрөгийн албан татварыг дутуу ногдуулсан, 2018 онд 13 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн данс бүртгэлийн нийт 2,369,545,100.00 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийг нийт 935,783,333.00 төгрөгөөр үнэлэн үнэлгээг 1,433,761,667.00 төгрөгөөр бууруулан 8,602,570.00 төгрөгийн албан татварыг дутуу ногдуулсан, 2019 онд тус компани нь хөрөнгөндөө дахин үнэлгээ хийлгүүлж элэгдлээрээ үнэ нь дууссан хөрөнгийг дахин үнэлүүлж, заримынх нь үнэлгээ буурч үнэлэгдэн, шинээр бүртгэлд ороогүй байсан 7 ширхэг хөрөнгийг данс бүртгэлд авснаар нийт 20 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн данс бүртгэлийн нийт 1,863,709,410.00 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийг нийт 935,783,333.00 төгрөгөөр үнэлэн үнэлгээг 927,926,000.00 төгрөгөөр бууруулан 5,567,556.00 төгрөгийн албан татварыг дутуу ногдуулсан ба 2016-2019 онуудад 31,180,626.01 төгрөгийн албан татварыг дутуу ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 31,180,626.00 төгрөгийн нөхөн татвар, 9,354,187.8 төгрөгийн торгууль, 6,236,125.2 төгрөгийн алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчээс дээрх зөрчилд холбогдох үндэслэлээ “... Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар үйлдвэрлэлийн барилга, байгууламжийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхөөр хуульчилсан байтал нөхөн ногдуулалтын акт тогтоосон нь үндэслэлгүй” хэмээн тайлбарлан маргажээ.
Анхан шатны шүүх маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, нөхөн ногдуулалтын актаас үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт үндэслэлгүйгээр тогтоосон татвар 21,083,728.00 төгрөг, торгууль 6,325,118.4 төгрөг, алданги 4,216,745.6 төгрөгийг тус тус хасч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1.0 хувиар тооцож ногдуулна”, Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 58 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг 0.6 хувиар тогтоосугай”, Санхүү, эдийн засгийн сайдын 2000 оны 116 дугаар тушаалаар баталсан “Аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн дансны үлгэрчилсэн заавар”-ын 6.3-д “Үндсэн хөрөнгө нь анхны өртгөөс хуримтлагдсан элэгдлийг хасаж тооцсон үлдэгдэл өртгөөр илэрхийлэгдэнэ” гэж үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг тодорхойлохоор зохицуулсан ба үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг ногдуулахдаа анхны үнээс элэгдлийг хасч тооцож, данс бүртгэлд бүртгэсэн үнийн дүнг тодорхойлж, уг үнэлгээнээс 0.6 хувиар тооцохоор байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Түүнчлэн маргаан бүхий актын 4 дэх заалтаар 2016-2019 онуудад ус ашигласны төлбөрийг 1,202,458,940.00 төгрөгөөр дутуу ногдуулж, төсөвт төлөөгүй зөрчилд 60,122,947.00 төгрөгийн нөхөн татвар 18,036,884.10 төгрөгийн торгууль, 10,795,502.1 төгрөгийн алданги ногдуулсан байна.
Анхан шатны шүүх актын 4 дэх хэсгийн нөхөн татвар, торгууль, алдангид ногдох төлбөрийг ус ашиглаж цахилгаан үйлдвэрлээгүй бусад саруудад олгогдож байгаа чадлын тарифт усны төлбөр ногдуулаагүй мөртлөө борлуулалтын орлогодоо тайлагнасан гэж үзэн ус ашигласан саруудад чадлын тарифт усны төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй хэмээн дүгнэж, маргааны үйл баримтыг холбогдох хуулийн зорилго, зорилтод нийцүүлэн, зөрчил гаргасан дүнд тооцоолол хийж, төлбөр тогтоосон актын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Учир нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “усан цахилгаан станц ... зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус, усан орчин ашигласан тохиолдолд тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын дүнгээс усны нөөц ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг тодорхойлно”, 15 дугаар зүйлийн 15.3-т “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар ... тогтооно”, Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ тогтоох, хөнгөлөх тухай” 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 11-д зааснаар усны нөөц ашигласны төлбөрийг усан цахилгаан станцын үйлчилгээ эрхлэгчид 5 хувиар тооцохоор заажээ.
Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 298 дугаар тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахилгааны чадал болон энернийн тариф тооцох аргачлал”-ын 2.1-д ““чадлын тариф” гэж үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахилгааны бөөний зах зээлд сар бүр чадал нийлүүлэхэд бэлэн байлгасны төлбөрийг”, 2.2-т ““энергийн тариф” гэж үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бөөний зах зээлд гэрээний дагуу нийлүүлэх цахилгааны нэгж кВт/цаг бүрт төлөх үнийг” гэж ойлгохоор тодорхойлсон, нэхэмжлэгчээс “...Богд гол гэсгэлэн байх 5-аас 10 дугаар саруудад голын усыг ашигладаг, харин гол хөлдсөн буюу бусад үед нэмэлт цахилгааны эх үүсвэрийг чадлын тарифаар тогтоосон орлогоор бүрдүүлдэг” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд тухайн усан цахилгаан станц жилд хэдий хэмжээний цахилгаан нэгж кВ/т нийлүүлэх хүчин чадалтай эсэхээс үл хамааран Богдын голын усыг ашиглаж цахилгаан үйлдвэрлэж, түүнийгээ гэрээний дагуу хэрэглэгчдэд нийлүүлж, уг нийлүүлсэн цахилгааны нэгж кВт/цаг бүрт төлсөн үнэ буюу энергийн тарифаар компанийн борлуулалтын орлогыг тодорхойлохоор байх тул 2016-2019 онуудад үйлдвэрлэсэн нийт энергийн тариф болох 749,160,787,092 төгрөгнөөс 5 хувиар тооцож 37,458,039.355 төгрөгийг усны төлбөрт төлөх нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасантай нийцэхээр байна.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалт бичиглэлийн хувьд ойлгомжгүй байх тул өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “144,762,114.00 төгрөгнөөс 83,681,126.856 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “....144,762,114.00 төгрөгийг 83,681,126.856 төгрөгөөр багасгасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ