Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 78

 

 “Одод” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/01063 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Одод” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Хишигзулд холбогдох

 

Хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарнай,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тогтмаа,

хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярдалай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Одод" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: "Одод" ХХК нь 2005 оны 9 сард тухайн үеийн Байгаль орчны сайдын 224-р тушаалын хавсралтаар батлагдсан 778 тоот гэрчилгээгээр Хан-Уул 11-р хороо, Зайсангийн ам гэх газар аялал жуулчлалын зориулалтаар 2.5 га газар эзэмшиж эхэлсэн. Улмаар 2014 онд эзэмших эрхээ 2018 оны 9 сарын 10-ны өдрийг хүртэл сунгуулсан болно. Манай компани нь тусгай хамгаалалт бүхий газарт газар ашиглахад шаардлагатай хуулиар заасан бүх зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагуудаас зохих журмын дагуу гаргуулан авсан бөгөөд Байгаль орчны яам, Богд хан уулын ДЦГ-ын хамгаалалтын газар, ХУД-ын засаг дарга нартай гурвалсан гэрээг байгуулж үйл ажиллагаагаа явуулах эрхээ баталгаажуулсан. Гэтэл хуулийн дагуу ашиглаж байгаа газарт маань иргэн Б.Хишигзул нь гэр бүлийн хүний хамт ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр гэр барьж буусан бөгөөд хууль бусаар эзэмшиж, бидний ажлыг цалгардуулан ажил гүйцэтгэхээр очсон ажилчдыг нэвтрүүлэхгүй, хориг саад хийн, хэл амаар доромжилж дарамтлан ашиглаж буй газар дээрээ үйл ажиллагаа явуулахад саад учруулж байна. Бидний зүгээс уулзаж удаа дараа өөрсдөө явахыг шаардсан мөн ажил гүйцэтгэгчдийн зүгээс холбогдох бичиг баримтыг үзүүлж, хууль ёсоор ашиглаж буй газартаа үйл ажиллагаа явуулах гэж буйгаа хүртэл тайлбарлан газар чөлөөлөхийг шаардсан боловч тайлбар шаардлагыг үл тоон, зохисгүй авир гаргаж, газар дээрх ажлыг зогсоож бидний үйл ажиллагаанд цаг хугацаа, санхүүгийн хохирол учруулсаар байна. Б.Хишигзул болон эхнэрийнх нь энэхүү үйлдлүүдээс шалтгаалан манай компанийн энэ жилийн барилгын улиралд багтаан хийхээр төлөвлөсөн ажлууд тасалдахад хүрч, их хэмжээний хохирол, гэм хор учраад байна. Газрын тухай хуулийн 31-р зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33-р зүйлийг зөрчиж газрыг чөлөөлөөгүй нөхцөлд бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж учирсан хохирлоо арилгуулахаар мөнгөн хэлбэрээр нэхэмжлэх болно. Иймд Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн аман дахь манай компанийн хууль ёсоор ашиглаж буй газрыг иргэн Б.Хишигзул болон түүний эхнэр нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, компанийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Хишигзул болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт: Тухайн үед маргаан бүхий газарт ямар нэгэн барилгын үйл ажиллагаа явагдаагүй эзэнгүй байсан тул 6.9 га газраар кадастрын зураглал хийж "Угсаатны хүрээлэн эко цэцэрлэг" барьж Богд уулыг ойжуулах, нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2009 оноос эхлэн Байгаль орчны яам, ХУД-ын ЗДТГ-аар хөөцөлдөж эхэлсэн. Гэтэл энэ хугацаанд бидний цөхрөлтгүй үйл ажиллагааг дэмжээгүй атлаа манай эргэн тойронд хөрөнгө мөнгөтэй компаниудад аялал жуулчлал нэрээр газар ашиглах зөвшөөрөл олгон, тэдгээр нь арилжааны зорилгоор орон сууц барьж худалдан борлуулж, ашиг олж байгаа нь холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байна. Төрийн байгууллага иргэдэд ялгавартай хандаж чирэгдүүлдэг атлаа хууль зөрчин ашиг сонирхол, авилгад хөтлөгдөн “Одод” ХХК-д газар олгож асуудлыг шийдвэрлэж байгаа нь энэхүү маргааныг бий болгосон. "Одод" ХХК-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, газрын хянан магадлагаа, газрын төлбөрөө төлөөгүй, олон жилийн хугацаанд ямар ч үйл ажиллагаа огт явуулаагүй зэргээр газар ашиглах, эзэмших эрх нь хуулийн хүрээнд хүчин төгөлдөр бус болсон гэж үзэж байгаа. Гэтэл ямар аргаар яаж, хэрхэн газар ашиглах гэрээг сунгуулсан нь тодорхойгүй байна. "Одод" ХХК нэхэмжлэлдээ хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа явуулаагүйгээс цуцлагдсан гэрээнээс олох байсан үр ашиг, гэм хороо мөнгөн хэлбэрээр нэхэмжлэх болно гэжээ. Ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, өндөр үнээр газраа дамлан худалдаалах гэсэн санаархалтай олон жил явж ирсэн компанид ямар гэм хор учирсан байх уу? Сүүлийн жилүүдэд "Одод" ХХК-ийн газрыг худалдан авах хүмүүс олон удаа ирж зураг авч, хэмжилт хийх болсон нь үүний нотолгоо юм. "Одод" ХХК Газрын тухай хуулийн 40.1.4, 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дэглэм зөрчиж зөвшөөрөл олгосон, 37.2, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.2, 7.4,3, 8.3, 14.1.2, 18.4 зэрэг хуулийг ноцтой зөрчсөн, үүнийг шүүх тогтооно гэж үзэж байгаа. "Одод" ХХК газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүчингүй болсон гэрчилгээгээ дахин 5 жилээр сунгуулсан үйлдэл нь хууль бус гэдгийг шүүхийн журмаар тогтоолгоно. "Одод" ХХК-ийн нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Хишигзулын хууль бус эзэмшлээс Хан-Уул 11 дүгээр хороо, Зайсангийн ам гэх газарт байрлах аялал жуулчлалын зориулалттай 2.5 га газрыг албадан чөлөөлж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тогтмаа давж заалдах гомдолдоо:  Нэхэмжлэгч "Одод" ХХК нь иргэн Б.Хишигзулыг хариуцагчаар татаж Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн ам гэх газарт байрлах 2.5 га газрыг албадан чөлөөлүүлэхийг шаардсан нь үндэслэлгүй байсан. Иргэн Б.Хишигзул нь Хан-Уул дүүргийн 13-р хороо, 1-р хэсэг 1-р байрны 3-9 тоот хаягт оршин суудаг бөгөөд тэрээр өөрийн гэсэн гэр бүлтэй. Энэ тухай нотлох баримтыг шүүхэд гаргасан болно. Тэрээр миний эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн ам гэх газарт ирж, "Хос-Уянга" төв төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байснаас дээрх маргаан бүхий газрыг хууль бусаар эзэмшин амьдарч байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шүүхийн шийдвэр бодитоор биелэх боломжгүй юм.

Д.Тогтмаа би маргаан бүхий газарт 2008 онд гэрээ барин амьдарч байгаа нь "Хос-Уянга" төв төрийн бус байгууллагын үйл ажиллагааны нэгэн хэсгийг хэрэгжүүлж бөө мөргөлийн шашныг нийтэд таниулан сурталчлах ажлаа эрхлэхийн зэрэгцээ Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн ам гэх газарт байрлах зуун модны сүйтгэгдсэн моддыг нөхөн сэргээх, хог хаягдлыг цэвэрлэж харж хамгаалах ажиллагаа явуулж, мөн энэ талаар төсөл боловсруулсан бөгөөд хуульд заасны дагуу газар эзэмшихээр холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн уг газрын харъяалах хороо, дүүрэг, Богдхан уулын дархан газар болон Байгаль орчны яам зэрэгт өргөдөл хүсэлт гаргасан ч надад хариу ирүүлдэггүй байснаа 2015 оны сүүлээр Богд хан уулын дархан газрын мэргэжилтэн н.Ганзоригт нь "Одод" ХХК-ийн эзэмшлийн газартай хэсэг газраар давхцалтай байгааг амаар хэлсэн.

Би уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь "Одод" ХХК нь газар эзэмшиж байсан бол Газрын тухай хуулййн 40.1.1-40.1.6-д заасныг зөрчиж эзэмшлийн газартай 2008 оноос хойш огт үйл ажиллагаа явуулаагүй, хамгаалалт хашаа, хайс бариагүй байсан тул тус байгууллагын газар эзэмших эрх цуцлагдах ёстой гэж үзсэн бөгөөд одоог хүртэл маргаж байгаа болно. "Одод" ХХК нь газрын тухай хуулийн зөрчсөн гэдэг нь Богдхан уулын дархан газраас шүүхэд ирүүлсэн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тогтоогддог буюу тухайн байгууллагын газар эзэмших гэрээний дагуу улсад төлөх газрын төлбөрийг 2-3 жилээр төлөөгүй хуримтлуулж байгаад алдангигүй нөхөн төлсөн үйлдлийг үндэслэн газар эзэмших гэрчилгээг дахин 5 жилээр сунгасан нь харагддаг.

Би тус өдрийн хурал дээр дурдсан зүйлүүдийг тайлбарлаж, маргаан бүхий газар дээр өөрийн эзэмшлийн гэр орон байгааг болон Б.Хишигзул хариуцагч биш, мөн би "Хос-Уянга" төв төрийн бус байгууллагын тэргүүн биш бөгөөд байгууллагаасаа итгэмжлэлээр олгосон эрхгүй тул аливаа хүсэлт, нэхэмжлэл гаргах эрхгүй, хэрэгт хариуцагчаар оролцох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлтийг төрийн бус байгууллагын гэрчилгээ, дүрэм, газрын кадастрын зураг зэргийг хамт нотлох баримтын шаардлага ханган гаргасан ч шүүгч хэрэгт ач холбогдолгүй гэсэн нь хэт үндэслэл муутай байна.

Учир нь ИХШХШХ-ийн 28-р зүйлийн 1-д зааснаар “...нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол... хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар сольж болох бөгөөд энэхүү байдал шүүх хуралдааны явцад тогтоогдвол ... хариуцагчийг сольсны дараа шүүх хуралдааны ажиллагааг шинээр эхлэн явуулна” гэж мөн хуулийн 28.4-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Одод” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам гэх газарт байрлах “2.5 га газрыг чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Хишигзул  эс зөвшөөрч, “нэхэмжлэгч нь хууль зөрчиж уг газрыг эзэмшиж байгаа, газар эзэмших зөвшөөрөл авахаар удаа дараа холбогдох байгууллагад хандсаар байтал төрийн байгууллага иргэдийг ялгаварлаж уг газрыг “Одод” ХХК-д олгосоноос гадна уг газар дээр амьдардаггүй тул жинхэнэ хариуцагч биш, “Хос Уянга төв” төрийн бус байгууллагын тэргүүн би биш тул хариуцагчаар оролцох боломжгүй” гэж маргажээ.

 

            Шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгтэй нийцсэн байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2008 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Байгаль орчны сайдын 2005 оны 244 дүгээр тушаалын хавсралтаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн ам нэртэй газарт аялал жуучлалын зориулалтаар 2.5 га газрыг “Одод” ХХК-д 5 жилийн хугацаатай ашиглахыг зөвшөөрч 778 тоот гэрчилгээ олгон, 2009 оны 2 дугаар сарын 02-ны өдөр уг газрыг актаар хүлээлгэн өгчээ.

 

Дээрх гэрчилгээний хугацааг 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгаж, улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Одод” ХХК-тай байгуулсан, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр талууд газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэж, газар ашигласан хугацааны төлбөрийг төлж барагдуулсан үйл баримт тогтоогдож байх ба үүгээр хариуцагчийн “Одод” ХХК хууль бусаар газар эзэмшиж байгаа” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.  

 

Хариуцагч нь “маргаан бүхий газрыг эзэмшихээр эрх бүхий байгууллагад удаа дараа хандаж байсан, кадастрын зураглал хийлгэсэн” гэж маргадаг боловч тухайн газрыг эзэмших эрхийг эрх бүхий байгууллагаас  олгоогүй байна.

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т заасан зохицуулалтаас үзэхэд газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлдэг, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглодог байх тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй гэж үзэв.  

 

Хариуцагч Б.Хишигзул маргаан бүхий газарт оршин суудаг бүртгэлгүй хэдий ч бусдын үйл ажиллагаа явуулахаар ирүүлсэн техник төхөөрөмжийг эзэмшил газар дээр нь оруулахгүй, газар шорооны ажил хийхэд нь саад учруулсан нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, шүүхээс дүрс бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон, шүүх хариуцагч Б.Хишигзулын хууль бус үйлдлийг зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч “Одод” ХХК нь хариуцагчаар Б.Хишигзулыг тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагчийг солих хүсэлт гаргаагүй тул шүүх өөрийн санаачлагаар хариуцагчийг солих боломжгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.  

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/01063 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээсүгэй.

         

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

 

                                                     ШҮҮГЧИД                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                   А.МӨНХЗУЛ