| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0103/Э |
| Дугаар | 0117 |
| Огноо | 2020-03-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Болор-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 0117
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Т.Болор-Эрдэнэ, шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С овгийн Б.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 05808 1835 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С овгийн Б.Ж, Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багт байнга оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Сайханы *** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б овогтой Ж нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Ц.Ж-гийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын *** тоотод түр амьдарч байх хугацаандаа тус хашаанд дутуу баригдсан торхон байшин дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг LED гэрэл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, иргэн Ц.Ж-д нийт 1,040,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Сартуул овгийн Б-ийн Ж- нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Ц.Ж-гийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын *** тоотод түр амьдарч байх хугацаандаа тус хашаанд дутуу баригдсан торхон байшин дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг LED гэрэл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад нийт 1,040,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Ж-ны шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргаангүй. Хохирлыг бүрэн төлсөн...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Ц.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын дундуур “Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын *** тоот хашаандаа хүн буулгана” гэсэн зарыг хүргэн М-аар дамжуулан фейсбүүкт тавиулсан юм. Удалгүй хэд хоногийн дараа М залгаад би сая Шөнийн зах дээр нэг залуутай уулзлаа, таны хашаанд ам бүл дөрвүүлээ айл буулгахаар боллоо гэж хэлсэн. Тэгээд удалгүй хэд хоногийн дараа манай хашаанд байх жижиг сэндвич байшинд оруулсан. Хүргэн хүү М надад ярихдаа тухайн залууг барилгын ажил хийдэг гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залуутай очиж уулзаад баригдаж дуусаагүй байгаа 1 давхар 2 торхон байшингийнхаа гадна болон дотор талын засварыг бүрэн гүйцэт хийвэл сарын 800,000 төгрөгийн цалин, мөн монгол гэр авч өгнө гэж тохиролцсон. Ж гэх хүүтэй, хүргэн хүү болон би тааламжгүй харилцаатай болж хашаанаасаа 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нүүлгэсэн. Нүүсний дараа торхон байшиндаа ороод хураалттай байсан эд зүйлээ бүртгээд үзтэл гэрлийн хайрцгийн скоч нь урагдсан газар байхаар нь нээж үзтэл шонд суурилуулах зориулалттай 3 ширхэг LED гэрэл байхгүй байсан. Мөн бусад зүйлээ бүртгэж үзтэл LED гэрлийн хажууд байсан машины жижиг хөргөгчид хийсэн 4 ширхэг шинэ цагийн бага гарын мөнгөн аяга хулгайд алдагдсан байсан. Би хулгайд алдагдсан ногоон өнгийн бүслүүртэй, гадна ёроол болон бүслүүрийн доод ёроолдоо нэрийг нь үл мэдэх хээтэй 2 ширхэг шинэ цагийн бага гарын аяга, бор өнгийн бүслүүртэй гадна ёроол болон бүслүүрийн доод ёроолдоо нэрийг нь үл мэдэх хээтэй 2 ширхэг шинэ цагийн бага гарын мөнгөн аяга, нийт 4 ширхэг мөнгөн аягыг хувь хүнээс тус бүрийг нь 2018 онд 65,000 төгрөгөөр худалдан авч байсан. Загвар нь үл мэдэх саарал өнгийн тагтай, хар дэлгэцтэй, шонд суурилуулах зориулалттай 58x26 сантиметрийн хэмжээтэй ашиглаж байгаагүй шинэ LED гэрлийг 2019 оны 8 дугаар сард Бүгд найрамдах Хятад ард улсын Эрээн хотоос тус бүрийг нь 300,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо эд зүйлсээ авсан үнээрээ үнэлнэ. Олон LED гэрэл худалдаж авсан болохоор өөр гэрлийн үнэлгээтэй андуурсан байна лээ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас);
2. Иргэний нэхэмжлэгч О.Ж-ийн гэрчээр өгсөн “...Би 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн ажил болох Нарантуул захын 7 дугаартай барилгын лангуун дээрээ барилгын материалаа зарж байтал 30 орчим насны хүн 3 ширхэг шонд суурилуулдаг LED гэрэл барьчихсан “худалдаж авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би 40,000 төгрөгт авъя гэж хэлтэл тухайн залуу зөвшөөрч, би гэрлүүдийг 40,000 төгрөгөөр худалдаж авсан. Манай ажлын газар цалин өгөхгүй болохоор нь LED гэрлүүдийг нь цалингийнхаа оронд авсан юм гэж хэлсэн. Миний ажиллуулдаг лангуу LED гэрэл зүүдэггүй болохоор би зах зээлийн ханшийг нь мэдэхгүй байна...Тухайн залуу цалингийнхаа оронд авсан гэж байсан. Би онигор нүд, хууз сахал, биеийн ерөнхий байдлаар нь шууд танина. Тус залуу хөх куртиктэй явж байсан санагдаж байна. Би хулгайлсан гэх 3 ширхэг LED гэрлийн 40,000 төгрөгөө олж авмаар байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас);
3. Иргэний нэхэмжлэгч Д.Н-гийн гэрчээр өгсөн “...Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын *** тоотод “Батсүлд" нэртэй хүнсний 8 нэрийн дэлгүүр ажиллуулдаг. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 7-ны өдрийн хооронд санагдаж байна манай дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг зүс таних Ж гэх залуу оройны 20 цагийн орчим бага гарын мөнгөн аяга барьчихсан орж ирээд “3 хоногийн хугацаатай барьцаанд түр авчих тэгэх тэгэх үү, би гэртээ хоол хүнс, хүүхдийн живх, нүүрс, түлээ авах гэсэн юм гээд гуйгаад байхаар нь нийт 69,000 төгрөгийн хоол хүнсний зүйл, хүүхдийн живх, мод, нүүрс өгөөд явуулсан. Ж гэх залуу надад хэлэхдээ миний эзэмшлийн өв дамжин ирсэн бага гарын мөнгөн аяга гэж хэлж байсан... Би барьцаанд авсан мөнгөн аяганы 69,000 төгрөгөө олж авмаар байна. Өөр санал гомдол байхгүй..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас);
4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-5 дугаар тал), эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас), “Хас Үнэлгээ” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 262 дугаартай “...эд зүйлийн нийт үнэлгээ 1,040,000 төгрөг..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 42 дугаар хуудас);
5. Шүүгдэгч Б.Ж-ны иргэний иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 62 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 57 дугаар хуудас);
6. Шүүгдэгч Б.Ж-ны мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 15-ны үеэр өөрийн фейсбүүкээ үзээд байж байтал Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт манаач авна гэсэн зар байхаар нь би *** дугаарын утсаар нь холбогдож байгаад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Шөнийн захын 4 дүгээр давхарт Мөнхзул гэх хүнтэй уулзаад. өөрийгөө барилгын ажил хийдэг гэж хэлтэл манай хашаанд агуулах болон 2 торхон байшин барьж байгаа. Засал чимэглэл, өрлөгийг хийгээд өг гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо 13-321 тоот хашаанд М-ын аав Ж-тэй уулзаж, 2019 оны 11 дүгээр сарын эхээр очиж байрлан ажилласан юм. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр би барилгын ажил хийж байхдаа дутуу баригдсан торхон модон байшин дотроос 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, LED гэрэл 3 ширхэг байхаар нь зөвшөөрөлгүй аваад LED гэрлийг нь Нарантуул зах дээр үл таних хүнд 40,000 төгрөгөөр зарсан. 4 ширхэг мөнгөн аяганы 1 ширхгийг Тахилтад байдаг хүнсний дэлгүүрт 69,000 төгрөгт барьцаанд тавьсан, 3 ширхэг мөнгөн аяга нь надад байсан. 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагаас дуудаад байхаар нь очиж уулзаад, болсон асуудлаа үнэн зөвөөр мэдүүлсэн. Би цагдаад баригдсаныхаа дараа зөвшөөрөлгүй авсан эд зүйлээ Ж ахад бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Хохирогч Ж надад 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 3 ширхэг LED гэрлийг албан ёсоор хүлээлгэн өгөөгүй, надад мөнгөний хэрэг гараад байхаар нь би хулгайлан авсан. Би ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна, миний буруу...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Ж-ны үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох 3 ширхэг LED гэрлийг 840,000 төгрөгөөр, 4 ширхэг мөнгөн аягийг 200,000 төгрөгөөр, нийт 1,040,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 1,040,000 төгрөгөөр тогтоосон болно.
Шүүгдэгч Б.Ж-ны үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын бага хэмжээнээс дээш үнэлгээ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Ж нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Ж-ныг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Ж эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан (хх-ийн 18 дугаар хуудас) гэдгээ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч О.Ж, Д.Н нарын хохирлыг бүрэн төлсөн талаарх баримтыг шүүгдэгч Б.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хоёр хүүхэдтэй, ганцаараа хувиараа хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээдэг хувийн байдал, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ж-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 7.1 дүгээр 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг санууллаа.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.С овгийн Б.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Б.Ж-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4.Шүүгдэгч Б.Ж-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 7.1 дүгээр 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ж-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА