Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 0118

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Т.Болор-Эрдэнэ, хохирогч С.Ц, шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М овгийн М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 05674 1836 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М овгийн М.Э, Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, “Мултипак” ХХК-д оператороор ажилладаг, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт 3 дугаар гудамжны *** тоотод оршин суух хаягтай боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 42 дугаар гудамжны *** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч М овогтой Э нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 42 дугаар гудамжны *** тоот хашааны гадна 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө С.Ц-гийг “хашаа руу шээлээ” гэх шалтгаанаар зүүн шанаа руу нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дээд 4, 5 дугаар шүдний булгарал, зүүн завьжинд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч М овгийн М.Э нь Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 42 дугаар гудамжны *** тоот хашааны гадна 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө С.Ц-гийг “хашаа руу шээлээ” гэх шалтгаанаар зүүн шанаа руу нь гараараа цохиж, бие махбодод нь “...тархи доргилт, зүүн дээд 4, 5 дугаар шүдний булгарал, зүүн завьжинд шарх бүхий...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч М.Э-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлэг өгсөн бөгөөд яллах дүгнэлтэд үнэн зөв тусгагдсан байх тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч С.Ц-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би 21 дүгээр ханын материалд найзтайгаа явж байгаад шээс хүрээд байхаар нь шээсэн. Тэгсэн хашаан дотроос хүн гарч ирээд яагаад шээгээд байгаа юм  гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Миний дээд шүднүүд нь хиймэл байсан бөгөөд түүнийг барьж байсан шүднүүд нь унасан. Тэгэхээр би шүдээ хийлгэмээр байна..” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч С.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутагт байх нэрийг нь мэдэхгүй караокед найз эмэгтэй Э-гийн хамт пиво ууж сууж байгаад Э бид 2 хамт манай гэрт очих болоод караокеноос гарсан. Тэр караокеноос гараад машинд суугаад явж байгаад миний шээс хүрээд байхаар нь би зогсож бай, би шээе гэж хэлээд машинаас буугаад замын зүүн талд байх айлын хашаа руу шээх гээд зогсож байсан чинь хашаан дотроос нэг хүн чи яагаад хашаа руу шээгээд байгаа юм гэсэн чинь би тэр хүнд уучлаарай би шээгээгүй гэж хэлсэн. Хашааны эзэн гэх танихгүй хүн гарч ирээд шээсээ шороогоор бул гэхээр нь би булсан. Тэгтэл тэр залуу миний хүзүүнээс гараараа бариад намайг явуулахгүй байсан. Би тэр залуугаас дахиад уучлаарай гэж хэлсэн чинь тэр залуу шууд намайг цохиод авсан. Тэгээд бид хоёр хоорондоо заамдалцаад зогсож байсан чинь манай найз эмэгтэй Э машинаас бууж ирээд салгасан. Э бид хоёрыг маргалдаж байхад хажууд хүн байгаагүй, Э сүүлд ирсэн. Миний биед учирсан гэмтлийг Э гэх залуу гараараа нэг удаа зүүн шанаа буюу уруулын дээд хэсэгт цохиж учруулсан. Би гомдолтой байна, эмчилгээний зардлаа баримтаар нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас);

4. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13161 дугаартай шинжээчийн “...С.Ц-гийн биед тархи доргилт, зуүн дээд 4, 5 дугаар шүдний булгарал, зүүн завьжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15 дугаар хуудас);

5. Шүүгдэгч М.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 30 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 37 дугаар хуудас);

6. Шүүгдэгч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянгол *** тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2019 оны 10 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө 00 цагийн орчим гэрээсээ гараад нойл орчихоод буцаад гэр лүүгээ орох гээд явж байсан чинь манай хашаа руу хүн шээгээд байсан. Тэгэхээр нь би хашаанаасаа гараад шээж байсан залууд чи яагаад айлын хашаа руу шээгээд байгаа юм бэ гэсэн чинь тэр залуу танай хашаа руу би шээгээгүй байна, шээхээ чамаар заалгахгүй гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би чи шээсэн газраа шороогоор бул гэж хэлсэн чинь тэр залуу надад би булах ёстой юм уу, зүгээр байгаарай пизда минь гэж хэлсэн. Тэгээд тэр залуу бид хоёр нэгнийгээ заамдаад, түлхэлцээд байж байсан чинь тэр залуутай хамт явж байсан гэх нэг эмэгтэй хүн цаана байсан машинаас бууж ирээд буцаад явсан. Тэр залуу намайг заамдаад тавихгүй байхаар нь би заамдсаныг нь тавиулах гээд цохисон. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай хашаа руу шээж байсан хүн архи уусан байсан. Манай хашаа руу шээж байсан гэх Ц гэх хүн намайг заамдаад байхаар нь би зүүн шанаа хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Ц бид хоёрыг маргалдаж байхад хажууд хүн байхгүй байсан. Ц-тай явж байсан гэх танихгүй эмэгтэй хүн бид хоёр дээр ирээд, буцаад яваад өгсөн. Намайг тэр залуу цохиогүй, миний биед гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Ц-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч М.Э-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч С.Ц-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Э нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд 167,000 төгрөг төлсөн байх ба хохирогч С.Ц нь шүд хийлгүүлэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...тусгайлан хэлэх зүйлгүй...” гэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, орлогод нийцүүлэн дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.М овгийн М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-т оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч М.Э-т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Э-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА