| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0101/Э |
| Дугаар | 0122 |
| Огноо | 2020-02-18 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 0122
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Б.Ундрах, хохирогч Д.С, түүний өмгөөлөгч Ц.Амар, гэрч Д.Г, Б.О, Д.Б, Т.Ө, иргэний нэхэмжлэгч Г.Т, шүүгдэгч Г.Ш, түүний өмгөөлөгч О.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Г.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 05564 0793 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Г.Ш, Монгол Улсын иргэн, 1992 оны 04 сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Номин холдинг” ХХК-д гаалийн бүрдүүлэлтийн менежер ажилтай, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 6-12 гудамжны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Г.Ш нь 2018 оны 11 сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин Холдинг” ХХК-ийн хашаан дотор тус компанийн эрх зүйн газрын албаны камер хянагч ажилтай Д.С-гаас эрхэлж буй ажил, албан үүрэгтэйгээ холбогдуулан тавьсан шаардлагыг эсэргүүцэж өөрийн “Tоyоtа Pruis-20” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр түүнийг чирч улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овгийн Г.Ш нь 2018 оны 11 сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин Холдинг” ХХК-ийн хашаан дотор тус компанийн эрх зүйн газрын хяналтын албаны камер хянагч ажилтай Д.С-н эрхэлж буй ажил, албан үүргийн хүрээнд тавьсан шаардлагыг эсэргүүцэж, түүнийг өөрийн “Tоyоtа Pruis-20” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр чирч, бие махбодод нь “...баруун өвдөгний дотор менискийн арын эврийн урагдал, бүсэлхийн 2, 3, 4-р нугалмын жийргэвчийн цүлхийлт, баруун зүүн шуу, баруун гарын хуруу, зүүн өвдөгт зулгаралт, баруун өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Ш-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Манай ажил 17 цаг 30 минутад тардаг. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн үед бид нар ажил дээр байсан хогоо хаях хэрэгтэй болсон. Манайд хогийн байдаггүй учраас би замдаа хогийн сав таарвал хаяна гэсэн бодолтойгоор хогоо авч гарсан. Тухайн үед миний барьж явсан зүйлийг шалгуул гэсэн шаардлагыг хэн ч тавиагүй. Би ажлаас гараад хогоо машиндаа хийчхээд буцаж ороод 17 цаг 30 минутын үед хуруугаа дараад буцаж гарахад мөн адил надад шаардлага тавиагүй. Манай ажлын бүрдүүлэлтийн албаны менежер Б гэх залуутай гадаа тамхи татаад зогсож байсан. Тэр үед нэг хамгаалагч залуу ирсэн. Тухайн үед бид хоёр маазраад байж байхад тэр хамгаалагч өөрийгөө гэж ойлгосон бололтой Б-тэй муудалцсан. Би тэр хоёрын голоор нь орж тэр хоёрыг салгасан. Тэгэхэд хохирогч С цаанаас гарч ирсэн. С “хулгайч нараа, та нар юу хулгайлсан бэ, би хайрцагтай зүйл машин руугаа хийхийг чинь харсан” гэж хэлээд миний машины ар тал руу цохисон. Машины ар тал хонхойчихсон байгаа. Над руу хэл амаар дайрах үед нь би татгалзсан. Шаардлага тавих гэж байгаа бол зохих ёсны шаардлага тавих ёстой. Намайг шалгах гэж байсан бол яагаад намайг анх гарахад шалгаагүй юм бэ, гарчихсан хойно нь хэл амаар доромжилж, хулгай хийгээгүй байхад хулгайч гэж дуудахад нь миний уур хүрсэн. Тиймээс би шалгуулахгүй гээд татгалзаад явсан. Намайг харуулын байрны цаад талаар тойрч байх үед гүйж ирээд жолоочийн эсрэг талын хаалганы цонх руу цохисон. Би “чамтай ярих юм байхгүй” гээд тэр чигтээ зам руу ороод явсан. С ард үлдсэн...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Д.С-н шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үдээс хойш оффис дээр Ө-тай уулзсан. Тухайн талбайд асуудал гарсан учраас 12 цагийн үед оффис руу гараад уулзсан. Уулзах үед энэ хэд бөөндөө ажлын байран дээр архи ууж байсан. Би тухайн үед нь сануулаад “та хэд боль, ажлын байран дээр архи ууж болохгүй, ууж байгаа зүйлээ дуусгаад гараарай” гэж хэлэхэд өөдөөс тайлбар тавихад нь би тухайн үед 2 удаа сануулаад орхисон. Орой 16-17 цагийн орчим Ш овор ихтэй том хайрцаг бариад гарч байсан. Хамгийн гол нь намайг хараагүй байж болно. Гэхдээ намайг шаардлага тавиад “юу авч гарч байгаа юм бэ” гэхэд тоохгүй гараад явсан. Дараа нь буцаж орж ирэхдээ шууд дээшээ гарч явсан. Хуруугаа хийх гэж байсан бол би ардаас нь очоод “юу авч гарсан юм бэ” гээд дахин асуух байсан. Асуухын завдалгүй шууд дээшээ гүйгээд гараад явсан. Эргэж гарч ирэхдээ хөл дээрээ тогтож чадахааргүй 2 хүнтэй хамт гарч ирсэн. Нэг нь Б, нөгөөдөх нь О байсан. Гарч ирээд тамхи татаж байхыг нь би камертаа харчхаад одоо явах байлгүй дээ гээд бодсон. Удалгүй бүгдээрээ гарч ирснийх нь дараа Ө-д “энэ хүний машиныг шалгая, хэнийх нь машин юм бэ” гэж хэлсэн. Би “машины ард хайрцагтай зүйл хийсэн, юу байсан юм бэ, шалгуулчих, би та нарыг ууж идсэнийг мэдсэн, хог юм бол надад шалгуул” гэдэг шаардлага тавьсан. Би шууд шүүгдэгчтэй харьцаагүй. Хамгийн түрүүнд энэ хэний машин бэ гээд нэгнээс нь асуусан. Намайг даргатайгаа буюу цагдаагийн байгууллагатай ярьж байхад миний утсыг булааж авах гэж оролдсон. Дээд албан тушаалтандаа мэдэгдэх гэтэл миний утсыг булааж авсан. Энэ үйл явдал нь камерын бичлэгт тодорхой харагдана. Шүүгдэгч нь машины түлхүүр байхгүй гээд шалгуулаагүй. Г гэх дарга нь “чамтай харьцаад байх шаардлага байхгүй, гадна харуул хамгаалалтынхантайгаа харьцаад болчихдог юм” гэж хэлсэн. Би “юу яриад байгаа юм бэ, наад хэдийг чинь хариуцдаг хүн нь би байна” гэж хэлээд эргэж хартал Ш трансформатор тойроод зугтаах гэсэн. Тэгэхэд нь машиных нь урдуур ороод гүйцэж зогсоосон. Шижирбаатар машинаасаа бууж ирээд “чи яасан, аминаасаа уйдаа юу” гэж хэлж байсан. Би албан байгууллагын хашаанаас гаргахгүйн тулд машиных нь урдуур гүйж очиж зогсоосон. Ш-ыг машинаасаа буугаад ирэнгүүт нь би машиных нь түлхүүрийг булааж авах гэж оролдсон боловч авч чадаагүй. Шүүгдэгчтэй цуг ажилладаг хүмүүс намайг машинаас нь холдуулах гээд бүгд намайг татаж, чангааж байсан. Би машиных нь эсрэг талд нь очоод машинаас холдохгүйн тулд бариулд нь гараа шургуулсан байсан. Бариад удаагүй байж байтал “одоо чи хурдан яв” гэж нэг нь хэлсэн. Тэгээд шүүгдэгч шууд хөдөлсөн. Би хажуу талд нь гүйгээд явж байхдаа “зогсооч ээ” гэж орилсон. Гэтэл тоосон шинжгүй тэр чигээрээ хөдлөөд явсан. Намайг чирэгдээд унахад миний хажууд талд портертой хүн зогсоод “яасан бэ, гайгүй юу” гэж асууж байсан. Тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг сайн санахгүй байна. Бариул нь хугараад унахыг бодоход тэр хүмүүс сайн харсан байх ёстой. ГССҮТ-д очиж үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэл, MRI-д үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн. MRI-д үзүүлэхэд хагалгаанд орох шаардлагатай, өвдөгний мөгөөрсний оёдол урагдсан байна гэж хэлсэн. Тэрний дагуу би 2019 оны 6 дугаар сард хагалгаанд ороод 6 дугаар сарын дундуур эмнэлгээс гарсан. Би гомдолтой байна. Ажилгүй байх хугацааны цалин болох 2,123,343 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг;
3. Гэрч Д.Г-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Номин Холдинг компанийн харуул хамгаалалтын хэсгийн дарга ажилтай. С миний доод шатны албан тушаалтан гэж ойлгож болно. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 19 цагийн орчим хохирогч над руу 2 удаа залгасан байсан. Эхлээд ярихдаа “оффис дээр хүмүүс архи уугаад байна, би хөөгөөд гаргачих уу” гэсэн. Ажил үүргийнхээ дагуу би “гарга” гэж хэлсэн. Дахин 30-40 минутын дараа залгаад “даргаа би бэртчихлээ, хүмүүсээ гаргаад шалгалт хийх гэтэл машинтайгаа зугтаасан” гэж хэлэхээр нь би “цагдаад хандаарай” гэж хэлсэн. Камер хянагчийн ажлын байрны үндсэн чиг үүрэг нь гадаад болон дотоод талбайд хяналт тавих, хууль сахиулах үүрэгтэй. Камер хянагч хүн гараад ажилтан, албан тушаалтанд шаардлага тавих бүрэн эрхтэй. Тухайн гаалийн баталгаат агуулах нь онцгой бүс гэж ойлгож болно. Тухайн байгууллагаас хайрцагтай зүйл авч гарч байгаа тохиолдолд камер хянагч шалгах үүрэгтэй. Шалгах эрхийг байгууллага олгосон...” гэсэн мэдүүлэг;
4. Гэрч Д.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажил дээрээ байсан, архидан согтуурсан зүйл байхгүй. Тухайн үед ажил дээр гаалийн албаны дарга Б, 2 мэдүүлэгч, гаалийн бүрдүүлэлтийн менежер гээд нийт 10-аад хүн байсан. Би 16 цагийн үед гаднаас ирж байхдаа үүдэнд мэдүүлэгч О, Ш хоёртой таарсан. Хохирогч С бид нар луу “юм хулгайллаа” гэж дайрч Ш-ыг барьж авсан, хувцаснаас нь барьж авсан. Тэгээд О бид хоёр салгасан. С Ш-ын машинд чирэгдэх үед би байгаагүй. Тухайн үед нэрийг нь мэдэхгүй харуултай тааралдсан. А-тай би маргалдсан, гэхдээ зодолдоогүй. Буруу ойлголцсоны улмаас хоорондоо маргалдаж барьцалдаж авсан. Тухайн үед С-г гарч ирэхээс өмнө болоод эв зүйгээ олоод салсан байсан...” гэсэн мэдүүлэг;
5. Гэрч Т.Ө-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Оффисын камер хянагч зөвхөн гадна талбай болон дотор талыг шалгадаг. Харин оффисын ажилчдыг биечлэн шалгах эрх байхгүй. Би 2017 оны 1 дүгээр сараас хойш 2 жил орчим ажиллаж байна, энэ хугацаанд би шалгуулж байгаагүй. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн үед би ажил дээрээ байсан, ажил тарж байсан үе. Намайг ажлаас гарах үед Ш-ыг харуулын постын цаанаас хөдлөөд явж байхыг харсан. Машинтайгаа хөдлөөд явах үед О болон би байсан. Бусад хүмүүсийг би сайн анзаараагүй, 5-6 хүн байсан гэж бодож байна. Хохирогч харуулын постын хажууд байсан. Хохирогч Ш-ын машиныг нь цохиод л байх шиг байсан. Машиныг нь цохиж байх үед ойр хавьд байсан хүмүүсээс хохирогчийг салгасан, холдуулсан зүйл болоогүй. Машиныг аажуухан хөдөлж байх үед нь цохиж байсан. Хохирогч машинаас чирэгдсэн зүйл байхгүй. Ш-ыг хөдлөөд явахад араас нь С гүйгээд явахыг харсан. Хаалгаар гарчхаад Ш-ыг явангуут Сундуй буцаад алхаад ирж байсан.Хохирогчийг буцаад ирснийх нь дараа та уулзаагүй. Хохирогч харуултай уулзаж байсан. Хэн гэдгийг нь мэдэхгүй байсан, Амгаланбаатар гэдгийг сүүлд нь мэдсэн. Цайны цаг 12 цаг 30 минутаас 1 цаг 30 минутын хооронд байдаг. Би хохирогч С-д хүргэлттэй агуулахын камерыг шалгахыг даалгасан байсан. Тэр үедээ тоглоод “бид нар вино ууж байна” гэж хэлж байсан. Би машинд чирэгдсэн талаар болсон явдлыг сайн мэдэхгүй. Ажлаас тараад явах гэж байхад тийм зүйл болж байхыг харсан. Миний одоо өгч байгаа мэдүүлэг үнэн. Би түрээс, дотоод үйл ажиллагаа хариуцсан менежер хийдэг, харуул хамгаалалтын ажилтны ажил үүргийг тодорхойлдог хүн биш. Харин харуул хамгаалалтын албатай хамтарч ажиллах ёстой. С-н ажил үүргийн талаар ярьж байгаа нь байгууллагын дотоод журмыг үндэслэсэн хэрэг... “ гэсэн мэдүүлэг;
6. Гэрч Б.О-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Хохирогч гараа Ш-ын машины жолоочийн эсрэг талын бариулд хавчуулсан байгаагүй хажууд нь дагаад гүйж байсан, чирэгдэхийг хараагүй. Хамгаалалтын албаныхан дэлгүүрийн ажилчдыг шалгах үүрэг байдаг, оффисын ажилчдыг шалгадаггүй. Хэрэг гардаг өдөр ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Цайны цаг эхлэхээс 10-20 минутын өмнө манай ажлын 3-4 хүн пицца иднэ гээд явсан. Ирэхдээ 2 пицца, ундаатай авчирсан. Цайгаа уусныхаа дараа хогоо хаях гээд талбайн эрхлэгч эгчээс том хайрцаг аваад хогоо хийсэн. Би хогийг ууталсан. Ш-ыг хог авч гарсныг би сүүлд мэдсэн. Тэр үед Чингис хааны төрсөн өдөр гээд манай байгууллага нөхөж ажиллаж байсан. Тухайн үед гааль мөн хамт ажиллаж байсан. Баяр болж байгаа гэдэг утгаар манай албаны дарга Б гаальд вино, пицца авч өгсөн. Бид нар мөн пицца идсэн, гэхдээ вино уугаагүй. Надад Э-гийн машины түлхүүр л байсан. Яагаад гэвэл би өдөр нь Толгойт руу бичиг баримтад Э-гийн машиныг унаж яваад ирсэн байсан. Ш бид хоёр 17 цагийн үед ажлаас гарсан. Гарч явж байгаад Б-тэй таарсан. Цагтаа хуруугаа хийгээд явсан. Би 16 цаг 30 минутад тардаг гэж мэдүүлэг өгөөгүй. Ш бид хоёрыг зогсож байхад Б ирээд бид хэд маазраад юм яриад, тамхилаад зогсож байсан. Тухайн үед Б ачаа авчхаад ирсэн байсан. Тэнд нэг хэцүү байцаагч байгаа гээд чанга яриад маазраад зогсож байсан. Гэтэл цаагуур явж байсан харуулын жижигхэн ах хүрээд ирсэн. Тэр нь Амгаланбаатар гэх хүн байсан. Ирээд “намайг дуудсан уу, яагаад чанга орилолдоод байгаа юм, юу болоод байгаа юм” гэхээр нь таныг дуудаагүй шүү дээ” гэтэл шууд Б-ийг цохисон. Тэгээд үйл явдал удаан үргэлжлээгүй. Удалгүй С гарч ирсэн. С гарч ирээд “та нар бүлэглэн хулгай хийлээ, хайрцагтай зүйлийг үзүүл шалгуул” гээд Ш-ын машины багаж руу цохиж өшиглөөд Ш руу дайраад байсан. Ш-ыг машинтайгаа явахад хохирогч хойноос нь хашааны хаалга хүртэл дагаж гүйсэн. Тэгээд буцаад зүгээр алхаад ирж байсан. Тохой нь шалбарчихсан тэрэндээ шүлсээ түрхээд байж байсан, майктайгаа сууж байсан. Танай тэр залуу чинь намайг чирсэн гэж хэлж байсан. Ажил дээр байсан хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Миний өнөөдрийн өгч байгаа мэдүүлэг үнэн зөв...” гэсэн мэдүүлэг,
7. Иргэний нэхэмжлэгч Г.Т-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд миний бие Номин даатгал компанийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Номин даатгал компани Номин Холдинг компанийн ажилчдыг гэнэтийн ослын даатгалд даатгасан байдаг. Ажилтан С-д даатгалын тохиолдол буюу бусдын халдлагад өртөж биедээ гэмтэл авч эд хөрөнгийн хохирол хүлээсэн. Үүний дагуу хохирогч С-н хавтаст хэрэгт өгсөн хохирлын баримтыг Номин даатгалын компаниас өгсөн. Эмнэлэг, эмнэлгийн зардал, эм, эмчилгээний зардалтай холбоотой баримт болох 2,985,173 төгрөгийн хохирлыг даатгалын нөхөн төлбөрөөр олгосон. Үүнийг гэм буруутай этгээд болох Ш-аас нэхэмжилж байна... Компанийн үйл ажиллагааг хариуцсан дотоод журам байдаг. Номин Холдинг компанийн захирлаас гаргасан “Эд хөрөнгө, хулгайлах, завших үйлдлийг таслан зогсоох” гэх утгатай журам байдаг. Энэ журамд “компанийн бүх ажилчид эд хөрөнгө, хулгайлах, завших үйлдлийг таслан зогсоох үүрэгтэй” гэж заасан байдаг. Хохирогч С нь үүргийнхээ дагуу хяналт шалгалтын ажиллагааг хийсэн. Тиймээс хохирогч С ажилчдыг шалгах эрхтэй... Хохирогч Д.С-н гэнэтийн ослын даатгалд нөхөн төлбөр болгож 2,985,673 төгрөгийг олгосон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 1,243,544 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба зөрүү 1,657,000 төгрөг гарч байна. Үүнийг дахиад тулгаж үзээд гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн мэдүүлэг;
8. Хохирогч Д.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний ажлын байрны тушаал бол камер хянагч. Би ажил үүрэг гүйцэтгэх үедээ байгууллагаас орж гарч байгаа хүмүүст хяналт тавьж байгууллагын аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэн таслан зогсоож зохих байгууллагад мэдэгдэх, камерын хяналтыг тогтмол тавих, байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, ажлаас гарч байгаа хүмүүсийн овор ихтэй зүйлийг шалгах үүрэгтэй. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр орой 16 цагийн орчим ажилтан Ш овор ихтэй хайрцагтай зүйл авч гарахаар нь шалгуул гэж шаардлага тавьсан чинь шалгуулахгүй гараад явсан. Тэгээд хайрцагтай зүйлээ орхиод эргээд ороод ирэхээр нь юу авч гарсныг асуухад намайг тоохгүй дээшээ гараад явсан. Ингээд Ш хэсэг хүмүүсийн хамт буцаад гарахаар нь машиндаа хийсэн зүйлийг чинь шалгая гэсэн чинь машины түлхүүр байхгүй, нэг нь авсан байна зэрэг шалтаг хэлээд шалгуулахаас зайлсхийгээд байсан. Тэгээд би гаднах хамгаалагчид уг машиныг явуулахгүй шүү гэж хэлчхээд эргээд харсан чинь машинаа асаагаад шууд зугтаасан. Тэгэхээр нь би урдуур нь орж зогсоогоод машиных нь түлхүүрийг авах гэсэн боловч авч чадаагүй. Би машины жолоочийн эсрэг талын хаалгыг нь татсан чинь цоожтой байсан тул бариулыг нь татаж байгаад гараа шургуулсан чинь тэр чигээрээ хөдлөөд төв зам руу орсон. Миний гар бариулд хөшигдчихөөд гараа авч чадахгүй зогсооч гэсэн чинь зогсохгүй байсан учраас хажууд нь дагаж гүйсээр байгаад төв зам руу ороод хурдыг нь гүйцэж чадахгүй 6-7 метр орчим хоёр өвдгөөрөө чирэгдэж байгаад бариул нь хугарч унах үед баруун талын өвдгөн дээгүүр арын дугуй нь гарсан. Тэгээд би буцаад алхаж ажлын байран дээрээ очоод суусан чинь баруун хөл гишгэж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 24 дүгээр хуудас);
9. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 1428 дугаартай: “...Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Д-гийн гаргасан 13842, 83 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Д.С-н биед баруун өвдөгний дотор менискийн арын эврийн урагдал, бүсэлхийн 2, 3, 4-р нугалмын жийргэвчийн цүлхийлт, баруун зүүн шуу, баруун гарын хуруу, зүүн өвдөгт зулгаралт, баруун өвдөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу тээврийн хэрэгсэлд чирэгдэх үед үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (2хх-ийн 6 дугаар хуудас);
10. Гэрч Б.О-нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш машинаа асаагаад байгууллагын хашаагаар гарах гээд хөдөлсөн чинь С жолоочийн эсрэг талын хаалганы бариулаас татаад дагаад гүйгээд явчихаар нь би бас санаа зовоод араас нь гартал Ш явчихсан, С өөдөөс алхаад ирж байсан. Ингээд би хэсэг хугацааны дараа ажил руугаа орох үед С өөрийнхөө өрөөнд байж байгаад намайг хараад цагаан машинтай залуу чинь намайг машинаараа чирсэн гээд шалбарсан тохойгоо харуулаад байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 74 дүгээр хуудас);
11. Шинжээч эмч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 сарын 04-ний өдрийн 83 дугаартай нэмэлтээр гаргасан дүгнэлтэд дурдсан гэмтлийг авсан даруйдаа алхаж, гишгэж, явж болно...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 80 дугаар хуудас), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх-ийн 83-85 дугаар хуудас),
12. Шүүгдэгч Г.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэгээд би явах гэтэл С намайг явуулахгүй гээд асаалттай байсан машины хаалгыг онгойлгоод түлхүүр сугалах гэж дайрсан. Тэгээд би түлхтэл ажлынхан С-г холдуулсан. Тэгэхээр нь би хөдлөөд явж байтал хаалганы бариулаас бариад цонх цохиод хагалчих гээд байхаар нь би тэр чигтээ хөдлөөд явсан, тэгээд ард үлдсэн..." гэсэн мэдүүлэг (1хх-ийн 105 дугаар хуудас);
13. Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр С бид хоёр ээлжтэй байсан юм. Орой 17 цагийн орчимд оффисоос манай 2 ажилтан согтуу гарч ирээд намайг дуудсан. Тэгтэл С оффисоос гараад ирсэн, тэгэхээр нь чи яагаад хүмүүсийг архидуулаад байдаг юм гэтэл юм хэлээгүй, машиныг нь шалгах гэтэл шалгуулахгүй гээд зөрүүдлээд С, Ш 2 хоорондоо маргалдаад багажаа онгойлгохгүй байсан. Тэгээд байж байтал Ш цагаан өнгийн приустэй хөдлөөд тойроод явж байтал хажууд нь С гүйсэн явж байхаар нь машиныг зогсоогоод чи наадахаа шалгуулчхаач ээ гэж хэлтэл үгүй гээд хөдлөөд С жолоочийн эсрэг талын хаалганы бариулаас бариад гүйгээд явчихсан. Хэсэг хугацааны дараа Сундуй хүрээд ирсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 119 дүгээр хуудас);
14. Гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 сарын 17-ны өдөр С “Номин Холдинг” ХХК-ний камерын хянагчаар оройн ээлжид ажиллаж байсан. Орой 18 цагийн орчимд намайг гэртээ амарч байхад С над руу залгаад даргаа оффист хүмүүс архи уугаад байна, би шалгаад хөөгөөд гаргачих уу гэж асуухаар нь би ажил үүргийнхээ дагуу шалгаад гарга гэж хэлээд утсаа салгасан. 30-40 минутын дараа С ахиж залгаад би бэртчихлээ гэхээр нь яасан гэж асуутал ажилтнууд машиндаа хайрцагтай юм хийхээр нь шалгая гэтэл шалгуулахгүй машинаа түгжээд зугтаах гэж оролдохоор нь саатуулах гээд машиных нь бариулаас бариад чирэгдчихлээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 150 дугаар хуудас);
15. “Кости Эстимэйт” ХХК-ийн: “Toyota Pruis 20” маркийн автомашины зах зээлийн үнэлгээ 8,000,000 төгрөг” гэсэн автомашины хөрөнгийн үнэлгээний тайлан (1хх-250 дугаар хуудас);
16. “Номин даатгал" ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Т-ийн “...2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тус компанийн Улаанбаатар импекс салбарт камер хянагчийн үүрэг гүйцэтгэж байсан Д.С нь бусдын халдлагад өртөж биедээ гэмтэл авсан. Д.С нь биедээ авсан гэмтэлдээ 2018 оны 02 сарын 01-ний өдөр байгуулсан ажилтны гэнэтийн ослын даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрт 2,985,173 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр авсан. Иймд Иргэний хууль болон Даатгалын тухай хууль, даатгалын гэрээнд заасны дагуу гэм буруутай этгээдээс дээрх олгосон нөхөн төлбөрийн мөнгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 33 дугаар хуудас);
17. Шүүгдэгч Г.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...С гэх залуу хулгайч нараа юм хулгайлсныг чинь харсан шүү машинаа онгойлго гэсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ гээд бид хоёр муудалцаад над руу дайрсан. Тэгээд би машинаа асаасан чинь миний эсрэг талын цонх цохиод, машинаа онгойлго гэж хэлсэн тэгэхээр нь чамтай ярих юм байхгүй гэж хэлээд хөдлөөд холдоогүй байхад араас гүйж ирээд цонх цохиод гүйгээд байсан. Тэгээд би зам руу эргэж ороод холдоогүй байхад шонгийн модны харалдаа үлдсэн...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 46-47 дугаар хуудас);
18. Шүүгдэгч Г.Ш-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 34 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 60 дугаар хуудас) болон шүүх хуралдаанаар тал бүрээс нь шинжлэн судалсан камерын бичлэг бүхий эд мөрийн барим болох компакт дискүүд зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд гэрч Б.О, Д.Б, Т.Ө нараас гаргасан шинэчилсэн мэдүүлгээс “...бид согтууруулах ундаа огт хэрэглээгүй, камер хянагчийн шаардлагыг эсэргүүцсэн зүйл байхгүй, харин хохирогч С өөрөө л бидэн рүү дайраад байсан, мөн тэрээр шүүгдэгч Г.Ш-ын автомашиныг дагаж гүйсэн болохоос чирэгдээгүй...” гэсэн утга агуулга бүхий зарим хэсэг нь тэдний урьд мөрдөн шалгах ажиллагаанд өгч байсан мэдүүлгүүдээс нь зөрөхийн зэрэгцээ хохирогч Д.С, гэрч Д.Г нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан эд мөрийн баримт болох компакт диск дэх камерын бичлэгүүдээр няцаан үгүйсгэгдсэн тул тэдний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт хэсэгчлэн үнэлснийг дурдах нь зүйн хэрэг.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.С-н бие махбодод хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Г.Ш-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Д.С-н бие махбодод хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Хохирогч Д.С нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр “Номин холдинг” ХХК-д байнгын ажлын байр болох “камер хянагч” албан үүргийг гүйцэтгэж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, түүнийг ажилд томилсон тушаалаар хөдөлбөргүй нотлогдох бөгөөд түүний бусдад тавьсан шаардлага нь камер хянагчийн ажлын байрны тодорхойлолтод бүрэн нийцсэн байх тул шүүгдэгч Г.Ш-ыг хохирогчийн эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан эсэргүүцэх үедээ Д.С-г автомашинаар чирч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх заалтыг иш татан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий болжээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Ш-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хохирогчийн эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.С нь яллах дүгнэлтэд дурдсан 8,145,000 төгрөгийг нэхэмжлэхгүй, харин 3 сарын цалингийн зөрөөг гаргуулж, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд цалингийн зөрөөг тооцсон аргачлал нь хууль тогтоомжид нийцэж байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу цалингийн зөрөө болох 2,105,348 төгрөгийг шүүгдэгч Г.Ш-аас гаргуулан хохирогч Д.С-д олгуулах, гэмт хэргийн улмаас үүдэн гарсан хор уршиг болох 1,243,544 төгрөгийг шүүгдэгч Г.Ш-аас гаргуулж “Номин даатгал” компанид олгуулахаар шийдвэрлэлээ.
Харин иргэний нэхэмжлэгч болох “Номин даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийн үнийн дүн хэрэгт авагдсан баримтаас зөрөөтэй байсан тул итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож буй 1,243,544 төгрөгийг нэхэмжилж, үлдсэн хэсгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүссэн нь нотолгооны хувьд үндэслэл бүхий байсныг шүүх хангаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Ш болон түүний өмгөөлөгч нь хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг нэг хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд уг хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг болох шүүхээс тогтоосон мөнгөн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул шүүгдэгч Г.Ш-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Ш нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршгаа нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ш-т 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжлэгдсэн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын төсөвт шилжүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс өөрчилж цагдан хорих саналыг тус тус гаргаж байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан саналгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, хор уршгийг арилгасан байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж 6 сар хүртэлх хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг улсын төсөвт тусгуулахгүй байх саналтай байна. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн бие рүү чиглэсэн идэвхтэй үйлдэл гаргаагүй. Шүүгдэгч нь залуу хүн, эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг, өөр ямар нэгэн орлого байхгүй. Зөвхөн ажил хөдөлмөр хийж амьдардаг гэдгийг харгалзан үзнэ үү...” гэв.
Шүүгдэгч Г.Шижирбаатар нь гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршгаа нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж буй газарт урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэх нь эрүүгийн хариуцлагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ хэмээн үзлээ.
Шүүгдэгч Г.Ш-т шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулах хуультайг тогтоолоор сануулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ... ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ... оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гээд, мөн хэсгийн 1.3 дахь заалтад “хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ” гэж заасан байх тул шүүх сонгож хэрэглэх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Г.Ш-ын “Toyota Pruis 20” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь түүний гэм бурууд тохирох ялын зорилгыг хангахад шаардлагагүй гэж үзээд прокурорын саналыг хүлээн аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн *** улсын дугаартай, “Toyota Pruis 20” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Ш цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овгийн Г.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан ”хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хохирогчийн эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Г.Ш-т мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Шүүгдэгч Г.Ш-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, мөн зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж буй газарт урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
4.Шүүгдэгч Г.Ш-т шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг сануулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, эрүүгийн хэрэгт “Toyota Pruis 20” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгосугай.
6.Шүүгдэгч Г.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Д.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа, иргэний нэхэмжлэгч Номин даатгал ХХК нь даатгалын нөхөн олговрын зөрөөний талаар тус бүр нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Ш-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА