| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/1044/Э |
| Дугаар | 0132 |
| Огноо | 2020-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 0132
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Н.Ундрах, шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Ц.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 04105 1388 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Ц.Н, Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, "***" ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл тав, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 472 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ц.Н нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан хайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 127-26 тоотод 12 настай бага насны Г.М-ыг “хүүхэдтэй муудалцсан” гэх шалтгааны улмаас утасны цэнэглэгчээр ороолгож зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овогт Ц.Н нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан хайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт *** тоотод 12 настай бага насны Г.М-ыг “хүүхэдтэй муудалцсан” гэх шалтгааны улмаас утасны цэнэглэгчээр ороолгож, бие махбодод нь “...зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Ц.Н-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Миний том хүүхэд өөр эцгийн хүүхэд байгаа юм. Би одоо 2 дахь нөхөртэйгөө амьдраад 11 жил болж байна. М, А гэх охидууд миний хүүг хойд эцэгтэй гэдгээр нь их гадуурхдаг. Манай хүүхдийг 2 дугаар ангид байхад нь “чи ингэж амьдарч байхаар амиа хорлооч, далд ороод өгөөч” гэж хэлсэн байсан. Үүнээс болоод манай хүүхэд амиа хорлоно гээд явсан байхаар нь бид шөнөжингөө хайж явж олж байсан. Ийм учраас би том хүүхдэдээ анхаарал их хандуулдаг. Би хүүхдүүдийг бүгдийг нь гэртээ оруулж ирээд “миний хүүхдийг яагаад ингээд байгаа юм бэ, өөр эцэгтэй байсан ч гэсэн миний хайртай хүүхэд” гэж хэлсэн. Би хүүдээ “би чамд хайртай, миний хүү ингэж болохгүй” гэж зөндөө хэлж байсан. Би өөрөө охин хүүхэдгүй болохоор хүний охидуудыг ерөөсөө загнадаггүй, их хайрладаг байсан. Дахин ийм асуудал гаргах юм бол би зодно шүү гэж хэлсэн. Бас манай хүүхдэд “танай ээж чинь хойд үйлдвэрийн хужаа нартай явалдаж байгаад чамайг төрүүлсэн, чиний ээж чинь янхан” гэж хүртэл хэлсэн байсан. Би гайхаад “чи янхан гэдэг үгээ мэдэж байгаа юм уу” гэхэд “мэднэ, биеэ үнэлж мөнгө олдог хүнийг янхан гэж хэлдэг” гэж хэлсэн. Тэр хоёр хүүхдийн хүмүүжилд би үнэхээр цочирдсон, гайхсан. Би “дахин ийм асуудал гаргах юм бол бүгдийг чинь зодно шүү" гэж хэлээд гаргасан. Гэтэл сарын дараа М, А хоёр манай хүүтэй маргалдаад “аавдаа хэлнэ, би ганцаараа төрсөн эцэгтэй” гэж хэлсэн байсан. Түүнд нь манай хүүхэд гомдож уйлсан. Би хүүдээ “чи яагаад ийм зүйл дээр уйлаад байдаг юм, эрэгтэй хүүхэд байж” гэж хэлээд 2 удаа ороолгосон. Маралыг би нэг л удаа ороолгосон. Үүнээс хойш би хүний, өөрийн гэх зүйлийг маш сайн ойлгож авлаа. Би хоёр охинд өмнөх шигээ хандаж чадахаа больсон, энэ явдлаас хойш би гэрээр нь орохоо больсон. Ийм хэрэг болсонд маш их харамсаж байна. Энэ хэргээс болоод би том хүүгээ Увс аймагт сургуульд оруулж нагац эгч дээрээ байлгаж байгаа ...” гэсэн мэдүүлэг;
2. Иргэн Ц.О-гийн 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн “...Г.М-ыг дүү Ц.Н зодсон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, өргөдөл (хх-ийн 6, 7 дугаар хүудас), тус дүурэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэв журмын эргүүлийн офицер Б.Б-гийн илтгэх хуудас (хх-ийн 8 дугаар хуудас), нас тоолсон тэмдэглэл (хх-ийн 27 дугаар хуудас);
3. Насанд хурээгуй хохирогч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дугээр хороо, Толгой *** тоот гэртээ ганцаараа байж байхад гаднаас хамаатны хүүхэд Хангарьд орж ирээд усны саваа авч гараад буцаж оруулж ирээд усны савны таг авахаар нь наадах чинь манай таг гэхэд Хангарьд аваад гарчихсан. Удалгүй буцаж гэрт орж ирээд шүүгээн дээрээс боорцог авч шидсэн. Тэгэхээр нь би чамайг аавдаа хэлнэ дээ гэж хэлсэн. Хангарьд чи ганцаараа аавтай юм уу гэхээр нь би тоглоод тийм гэсэн чинь Хангарьд гэрээс гараад явсан. Би араас нь гарч байгаад гэрийн хаалга салхинд саваад миний нүүрийг оноод би нуруугаараа хаалганы хүрээг налж унасан. Тэгээд би уйлаад хашаанаас гарч байхад урдаас нагац эгч Нямхүү юу болсон талаар асуугаад Хангарьд бид хоёрыг аваад гэртээ орсон. Би юу болсон талаар хэлэхэд та 2 эгч дүүсийн хүүхдүүд юм байж яагаад дандаа ингэж муудалцаж байдаг юм бэ гээд гар утасны цэнэглэгчээр ороолгосон. Намайг гуя руу ороолгохоор нь би гараад гэртээ гүйгээд орчихсон. Удалгүй ээж О ирээд цагдаа дуудсан. Би шүүх эмнэлэгийн 8960 дугаартай дүгнэлттэй танилцсан. Уг дүгнэлтээр миний биед учирсан нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэрийн хаалга салхинд савж миний нүүрийг оноод, би нуруугаараа хаалга налж унахад учирсан гэмтэл байгаа юм. Миний зүүн гуяны ард хэсэгт ташуу 21*4 см хэмжээтэй цус хуралт гэмтлийг нагац эгч Нямхүү гар утасны цэнэглэгчээр ороолгож учруулсан гэмтэл. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-23 дугаар хуудас);
4. Гэрч Ц.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойт *** тоот гэртээ ирэхэд охин М уйлчихсан байсан. Би юу болсон талаар асуухад “хамаатны Хангарьд /12 настай/-тай муудалцаад гэрийн хаалга хаагаад гарахад нь араас нь гарч байгаад хаалганд нүдээ цохичихсон” гэж хэлсэн. Тэгээд хашаанаас гараад гудамжаар алхаж байхад нагац эгч Н тааралдаад болсон явдлын талаар хэлэхэд Н эгч байшиндаа Хангарьд бид хоёрыг дагуулж ороод утасны цэнэглэгчээр ороолгож загнасан гэсэн. Тэр үед миний уур хүрээд 108 дугаарын утсанд манай хүүхдийг хажуу айлын хүн зодсон байна гэж дуудлага өгсөн. Удалгүй цагдаа ирээд би охиноо авч явж шүүх эмнэлэгт үзүүлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-14 дүгээр хуудас);
5. Гэрч Ц.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ажлаа тараад орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойт *** тоот гэртээ ирэхэд цагдаа нар ирсэн байсан. Би эхнэр О-гээс юу болсон талаар асуухад хадам дүү Н, охин М-ыг rap утасны цэнэглэгчээр ороолгож зодсон байна гэж байсан. Тэгээд цагдаа явахаар нь эхнэр О-гийн хамт охин М-ыг авч явж гэмтлийн эмнэлэгт очиж узүүлсэн. М хэлэхдээ Н эгч гар утасны цэнэглэгчээр ороолгож зодсон. Зүүн нүдээ гэрээс гарч байгаад өөрөө хаалга мөргөсөн гэж хэлсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 52 дугаар хуудас);
6. Шинжээч эмч Г Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний гаргасан 8960 дугаартай дүгнэлтээр Г.М-ын биед зүүн гуяны ард дунд хэсэгт учирсан ташуу 21см*4 см хэмжээтэй цус хуралт эөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх гэмтэл байна. Мохоо зүйлд гар утасны цэнэглэгчийг ойлгож болно. Дээрх гэмтлийг гар утасны цэнэглэгчээр үүсгэсэн байх боломжтой..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 53-54 дүгээр хуудас);
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 8960 дугаартай “Г.М-ын биед зүүн гуя, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тоггоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Г.М-ын биед учирсан зүүн гуя, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарна. Зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 18 дугаар хуудас);
8. Шүүгдэгч Ц.Н-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 45 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 35 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 37-42 дугаар хуудас);
9. Шүүгдэгч Ц.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 127-25 тоот гэртээ Х, Т, Д нарын хамт гэр орноо цэвэрлээд байж байгаад өдөр 15 цагийн үед хүү Хангарьдыг усанд явуулсан. Удалгүй хажуу хашаанд хүүхэд уйлах чимээ гарсан. Намайг гараад ирэхэд эгчийн охин М уйлаад гарч ирж байсан. Би тэр хоёрыг дуудаад гэртээ оруулаад юу болсон талаар асуухад Х М-аа намайг төрсөн аавгүй гэсэн гэж хэлсэн гэсэн. Би тэр хоёрыг ингэж болохгүй гэж загнаад эгч дүүсийн хүүхдүүд байж яагаад хоорондоо муудаад байдаг юм бэ гээд гал тогооны тавилга дээр байсан гар утасны цэнэглэгч аваад Хангарьдын хөл хүү нь 2 удаа ороолгоод М-ааг нэг удаа ороолгоход М хаалгаар гараад зугтсан. Шүүх эмнэлгийн 8960 дугаартай дүгнэлтээр Г.М-ын биед учирсан зүүн гуяны зөөлөн эдийн гэмтлийг гар утасны цэнэглэгчээр ороолгож учруулсан гэмтэл юм. Бусад гэмтлийг М гэрээс гарч байхдаа хаалга мөргөж өөртөө учруулсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 62-63 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Г.М-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Н-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр насанд хүрээгүй хохирогч Г.М-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Гэмт хэрэг гарах үед хохирогч Г.М нь насанд хүрээгүй буюу 12 нас 3 сар 15 хоногтой байсан тул шүүгдэгч Ц.Н-г “бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж үзэх үндэслэл болж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтад “...хохирогчийг бага насны хүүхэд...болохыг мэдсээр байж” гэж тус тус хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Н-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.А-ийн гомдол саналгүй, хохирогчтой бүрэн эвлэрсан талаар гаргасан хүсэлт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ц.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Н нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нямхүүг 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг цэнэглэгчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй...” гэв.
Шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...тусгайлан хэлэх саналгүй...” гэв.
Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн утасны цэнэглэгчийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овгийн Ц.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Ц.Н-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн утасны цэнэглэгчийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Н-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА