| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0087/Э |
| Дугаар | 0133 |
| Огноо | 2020-02-18 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Агар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 0133
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Д.Агар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Энхийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 01196 0537 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Г.Б, Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “***” ХХК-д жолооч ажилтай, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б овгийн Г.Б нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны 1 дүгээр буудлын замд “Мазда Бонго” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “....Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалт, мөн дүрмийн 3.7 -д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан, явган зорчигч 58 настай, эрэгтэй Д.Б-г мөргөж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэг холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн Г.Б нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны 1 дүгээр буудлын замд “Мазда Бонго” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалт, мөн дүрмийн 3.7 -д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан, явган зорчигч 58 настай, эрэгтэй Д.Б-г мөргөж амь насыг нь хохироосон” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хх-ийн 03-18 дугаар хуудас), цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 22-25 хуудас), ослын талаарх дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 31 дүгээр хуудас);
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 19-ний орой 19 цагийн орчим над руу залгаад аав нь очиж байна чи хаана байна вэ гэхээр нь ээж бид 2 гэртээ байна, онц хийсэн юмгүй гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд 30 минутын дараа залгахад утас нь холбогдохгүй байсан. 20 цаг өнгөрч байхад залгахад утас нь дуудаж байгаад нэг хүн аваад “замын цагдаагаас ярьж байна, та энэ утасны эзэнтэй ямар холбоотой хүн бэ” гэж асуухаар нь би хүүхэд нь байна яасан бэ гэхэд намайг автобусны буудал дээрээ хүрээд ир гэж хэлсэн. Гараад очиход замын цагдаагийн албан хаагч нар аавыг замын осолд орсон болохыг хэлсэн. Би гомдолтой байна, аавыгаа нутаглуулсан зардлыг нөхөн төлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 33-34 дүгээр хуудас)
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2288 дугаартай: “...Талийгаачид зүүн 2-4 дүгээр хавирга суганы урд ба дунд шугамаар хугарал, голт болон 2 уушгины уг хэсгээр цус хуралт, гол судасны цээжний хэсгийн тасрал, цочмог цус алдалт цээжний баруун хөндийд шингэн ба бүлэнтсэн сул цус, үнхэлцгийн хөндийн сул цус З0 мл, 2 уушги авчилт, элэгний баруун дэлбэнгийн доод гадаргууд тархмал цус хуралт, хуйхны цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн хацар, дээд уруул, бүсэлхий, 2 өвдөгт зулгарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед машинд мөргүүлэх үед үүсжээ. Зүүн 2-4 дүгээр хавирга суганы урд ба дунд шугамаар хугарал, голт болон 2 уушгины уг хэсгээр цус хуралт, гол судасны цээжний хэсгийн тасрал, 2 уушги авчилт, элэгний баруун дэлбэнгийн доод гадаргууд тархмал цус хуралт нь машинд мөргүүлэх, үүний улмаас доргиход үүссэн байх ба босоо байрлалд үүсэж болно. Хуйхны цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн хацар, дээд уруул, бүсэлхий, 2 өвдөгт зулгарал бүхий гэмтэл нь машинд мөргүүлэн унах үед үүссэн байх боломжтой. Талийгаач нь гол судасны цээжний хэсгийн тасралын улмаас нас баржээ. 2 уушги авчилт, элэгний баруун дэлбэнгийн доод гадаргууд тархмал цус хуралт нь нэг цаг хугацаанд нэг механизмаар үүссэн, үхэлд хүргээгүй ч амь биед аюултай хүнд гэмтлүүд болно. Хуйхны цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн хацар, дээд уруул, бүсэлхий, 2 өвдөгний зулгарал нь нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Үхэлд хүргэх эмгэг хууч өвчин үгүй байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 90-96 дугаар хуудас);
5. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 501 дугаартай техникийн шинжээчийн “...Мазда бонго маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалт, мөн дүрмийн 3.7 -д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт (хх-ийи 112 дугаар хуудас);
6. Шүүгдэгч Г.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 118 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Д.Б-гийн биед 2-4 дүгээр хавирга суганы урд ба дунд шугамаар хугарал, голт болон 2 уушгины уг хэсгээр цус хуралт, гол судасны цээжний хэсгийн тасрал, цочмог цус алдалт цээжний баруун хөндийд шингэн ба бүлэнтсэн сул цус, үнхэлцгийн хөндийн сул цус З0 мл, 2 уушги авчилт, элэгний баруун дэлбэнгийн доод гадаргууд тархмал цус хуралт, хуйхны цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн хацар, дээд уруул, бүсэлхий, 2 өвдөгт зулгарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед машинд мөргүүлэх үед үүсжээ. Зүүн 2-4 дүгээр хавирга суганы урд ба дунд шугамаар хугарал, голт болон 2 уушгины уг хэсгээр цус хуралт, гол судасны цээжний хэсгийн тасрал, 2 уушги авчилт, элэгний баруун дэлбэнгийн доод гадаргууд тархмал цус хуралт нь машинд мөргүүлэх, үүний улмаас доргиход үүссэн байх ба босоо байрлалд үүсэж болно. Хуйхны цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн хацар, дээд уруул, бүсэлхий, 2 өвдөгт зулгарал бүхий гэмтэл нь машинд мөргүүлэн унах үед үүссэн байх боломжтой. Талийгаач нь гол судасны цээжний хэсгийн тасралын улмаас нас баржээ. 2 уушги авчилт, элэгний баруун дэлбэнгийн доод гадаргууд тархмал цус хуралт нь нэг цаг хугацаанд нэг механизмаар үүссэн, үхэлд хүргээгүй ч амь биед аюултай хүнд гэмтлүүд болно. Хуйхны цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн хацар, дээд уруул, бүсэлхий, 2 өвдөгний зулгарал нь нийлээд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Үхэлд хүргэх эмгэг хууч өвчин үгүй байна хэмээн тогтоосон шүүхийн шинжилгээний дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “...Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалт, мөн дүрмийн 3.7 -д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) гэсэн заалтыг зөрчсөн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 501 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан талаарх лавлагаа зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй гээд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Б-ийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон” шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Б-ийг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б 12,998,408 төгрөг төлсөн байх бөгөөд сэтгэл санааны гэм хорын талаар тэд харилцан тохиролцож эвлэрсэн, үүнийг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ийн өмгөөлөгч батлан илэрхийлж байх тул шүүгдэгч Г.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, мөн сэтгэл санааны гэм хорын талаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан нөхцөл байдлыг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хадгалуулах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэмж хохирол нэхэмжлээгүй болохыг дурдаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “...Би үйлчлүүлэгчээ төлөөлж шүүх хуралдаанд оролцохдоо үйлчлүүлэгчийнхээ санаа зорилгын дагуу түүнтэй ярилцаж дараах шүүмжийг хэлж байна. Талийгаач нь эрүүл саруул хүн байсан нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Энэ нь хэзээ ч нөхөж барагдахгүй, нөхөн сэргээгдэхгүй гэм хорын хохирол байдаг. Гэвч шүүгдэгч Б нь оршуулгын зардлаас гадна сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг өгье гэж гэрээ хийсэн явдлыг манай талаас хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, цаашид нийгэмд ажил төрөл хийж засарч хүмүүжих хүн мөн юм байна гэж үзсэн. Шүүгдэгч Баасандоржид оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тэнсэж өгнө үү. Нэгэнт гэм хорын хохирлыг төлөхөөр хоорондоо харилцан тохиролцсон гэрээ байгаа тул үүнийг шийтгэх тогтоолд тусгаж Баасандоржид үүрэг болгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Тухайн хэрэг нь гарц дээр болсон бөгөөд энэ нь жолооч Баасандоржийн шууд буруутай үйл ажиллагаа юм. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн. Хохирлын хувьд оршуулгын зардалд гарсан 8,000,000 төгрөг болон талийгаачийн зээл зэрэг нийт 12,958,408 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлж барагдуулсан байна. Хохирогчийн талаас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар хэлсэн. Шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хоёр сэтгэл санааны гэм хорын талаар харилцан тохиролцож 20,000,000 төгрөгийн гэрээ байгуулан нотариатаар батлуулсан. Иймд шүүгдэгчийн бага насны 3 хүүхэдтэй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, сэтгэл санааны гэм хорыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү....” гэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх нэмэлт дүгнэлтдээ: “...шүүгдэгч нэгэнт гэм буруу дээр маргахгүй, хохирлоо нөхөн төлсөн, мөн хохирогч тэнсэж өгнө үү гэж байгаа тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхэд татгалзах зүйлгүй...” гэв.
Анхан шатны шүүх улсын яллагчийн “...тэнсэх боломжтой...” гэсэн нэмэлт тайлбар болон хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал дүгнэлтэд үндэслэн, түүнчлэн шүүгдэгчийн бага насны гурван хүүхэдтэй хувийн байдлыг харгалзан, Монгол Улсын Үндсэн хуулийн хүмүүнлэг энэрэнгүй байх зорилтод тулгуурлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Г.Б-д мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар зургаан сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, гэм бурууд нь тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ хэмээн дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээв.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овгийн Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасах ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар зургаан сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт үндсэн ял оногдуулахыг сануулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д 12,998,408 төгрөг төлсөн бөгөөд сэтгэл санааны гэм хорын талаар хууль ёсны төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Б-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА