Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 43

 

О.Энхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00994 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч О.Энхбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч П.Оюунбэхэд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 108 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранцэцэг,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнгөнцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.Энхбаярын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр П.Оюунбэхийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 7 дугаар байр 50 тоотод байрлах 44 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж 68 000 000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлж 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан.

Мөн зээлийн гэрээнд зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд
0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Зээлдэгч П.Оюунбэх нь зээлийн
гэрээний дагуу хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй, нэг ч төгрөг эгүүлэн төлөөгүй өнөөдрийг хүртэл хохироож байх тул түүнээс 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээнд
заасны дагуу үндсэн зээл 68 000 000 төгрөг, зээлийн хүү 6 800 000 төгрөг, алданги
0,5 хувиар тооцон 34 000 000 төгрөг, нийт 108 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Зээлийг эргүүлэн төлөх хугацаа өнгөрснөөс хойш өнөөдрийг хүртэл бодогдох
алданги үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхээр байгаа тул 34 000 000 төгрөгийн
алданги нэхэмжилж байна  гэжээ.

 

            Хариуцагч П.Оюунбэхийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: 2015 оны 6 дугаар сард нэхэмжлэгч О.Энхбаяраас "Ариг банк" ХХК-ийн 68 000 000 төгрөгийн зээл хааж дахин зээл авах хүсэлтэйгээр өөрийн төрсөн ээжийн байрыг барьцаалан зээлээ хаалгасан. Тухайн үед би ар гэрийн асуудалтай байсан бөгөөд зээлээ хөөцөлдөх үед өмнөх зээлийн төлөлт муу гэсэн шалтгаанаар манайх Монгол банкны зээлийн муу ангилалтай гээд дахин банкнаас зээл гаргахгүй болсон. Энэ хугацаанд үүнийгээ зохицуулах гэж олон ч хүнээр хөөцөлдүүлж их хугацаа орсон боловч бүтэлгүй болсон. Нэхэмжлэгчийн зээлийг төлөх гэж зээлд зуучилдаг олон хүнээр хөөцөлдүүлсэн боловч энэ хугацаанд эдийн засгийн байдал хүндэрч орон сууцны үнэ буурснаар нэхэмжлэгчид өгөх хэмжээний өндөр зээл банк болон банк бус санхүүгийн байгууллагаас гаргахгүй болсон. Сүүлдээ аргаа бараад Энэтхэг улс руу бөөрний донор болох хүсэлт гаргасан. Одоогоор хариу ирээгүй байна. Нэхэмжлэгч О.Энхбаярыг одоо хүртэл хохироож байгааг ойлгож байна. Энэ байр миний байр биш, миний ээжийн нэг насаараа хөдөлмөрлөж олсон байр, энэ байранд эмээ болох 80 настай хүн бага насны хүүхдүүдтэйгээ амьдарч байна. Бид зээл авсан боловч буцаан төлж чадаагүй ба нэг ч төгрөг төлөөгүй нь үнэн. Үндсэн зээл болох 68 000 000 төгрөгийг төлнө. Хүү алданги нь хэтэрхий өндөр байгаа учраас төлж чадахгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч П.Оюунбэхээс үндсэн зээл 68 000 000 төгрөг, хүү 6 800 000 төгрөг, алданги 34 000 000 төгрөг, нийт 108 800 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Энхбаярт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Энхбаяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 701 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Оюунбэхээс улсын тэмдэгтийн хураамжид 701 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Энхбаярт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхцэцэг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт төлөөлөгч миний бие төлөөлүүлэгчийн хүссэнээр О.Энхбаяраас зээлсэн үндсэн зээл болох 68 000 000 төгрөгийг төлж барагдуулах болно. Харин О.Оюунбэхийн амьдралын хүнд, хэцүү байдлыг харгалзан үзэж зээлийн хүү болон алдангаас багасгаж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Мөн төлөөлүүлэгч П.Оюунбэх нь "Хэрэв 6 сарын хугацаа өгвөл зээлээ төлж барагдуулах болно. Мөн эвлэрэх хүсэлтэй байгаа" гэдгийг уламжилсан. Нэхэмжлэгч тал эвлэрлийг хүлээн аваагүй.

Гэтэл шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгтээ амьдралын хүнд бэрхшээлтэй
хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзалгүйгээр 6 800 000 төгрөгийн зээлийн хүү буюу
хамгийн өндөр хэмжээнд тооцож, шийдвэр гаргасан гэж үзэж байна. Зээлдэгчийн
хувьд шүүхээс тогтоосон зээлийн хүүгийн 50 хувь буюу 3 400 000 төгрөгийг үндсэн
зээлийн хүүнд төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин үлдсэн 3 400 000 төгрөгийг
төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зээлийн хүү хэт өндөр байна.          

Иймд шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй, хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гарсан гэж үзэж тус гомдлыг гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх талуудын хоорондох зээлийн гэрээний үүргийн талаарх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг талуудын маргаанд хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь Иргэний хуульд нийцүүлэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, зөв шийдвэрлэсэн байна.

 

            Нэхэмжлэгч О.Энхбаяр нь хариуцагч П.Оюунбэхэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 68 000 000 төгрөг, хүү 6 800 000 төгрөг, алданги 34 000 000 төгрөг, нийт 108 800 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн хүү, алданги хэт өндөр гэж маргажээ.

           

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч О.Энхбаяр нь 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 14 хоногийн хугацаатай 68 000 000 төгрөг 10 хувийн хүүтэй хариуцагч П.Оюунбэхэд зээлдүүлж, гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдох байна.  

 

            Хариуцагч П.Оюунбэх нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэгч О.Энхбаяр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар үндсэн зээл, хүү, алдангийг хариуцагч П.Оюунбэхээс шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно.

 

Гэвч талууд зээлийн хүүг богино хугацаатай өндөр хэмжээгээр тогтоосон, гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч нь шүүхэд хандах хүртэл 11 сарын хугацаа өнгөрч, энэ хугацаанд алдангийн хэмжээ нэмэгдсэн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл алдангийн хэмжээ хэт өндөр гэж үзэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.  

 

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар шүүхэд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд алдангийн хэмжээг 17 000 000 төгрөг болгон багасгаж, нийт 91 800 000 төгрөгийн хэмжээнд үүргийг гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00994 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “алданги 34 000 000 төгрөг” гэснийг “алданги 17 000 000 төгрөг” гэж, “нийт 108 800 000 төгрөг” гэснийг “91 800 000 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнгөнцэцэгийн төлсөн 69 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                  ШҮҮГЧИД                              Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                   А.МӨНХЗУЛ