Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 976

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Х*****овогт Д гийн Г  /РД: ******* /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, дүүргийн Дотоод аудитын даргын албан тушаалд эргүүлэн томилуулах, мөн олгогдоогүй цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А.Г  миний бие 1986 онд Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү хотын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр дүүргээд Завхан аймгийн Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаанд ажиллаж эхэлсэн. Төрийн албаны тухай хууль батлагдсантай холбогдуулан 1997 онд төрийн албан хаагчийн тангараг өргөсөн. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 429 дүгээр захирамжаар тус дүүргийн Дотоод аудитын албаны даргаар томилогдон төрийн албаны үүргийг нэр төртэй, шударгаар хэрэгжүүлж ирсэн. 

Гэтэл шинээр томилогдсон дүүргийн Засаг дарга 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/24 дүгээр захирамжаар Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийг зөрчиж иргэн Д.Г  намайг үндэслэлгүйгээр төрийн албанаас чөлөөлсөн. Үүнээс болж ажил төрөл орлогогүй болоход хүрсэн. Эхнэр Г.Б ын өвчний онош Монголд олдоогүй, эмчлэгдэхгүй болсноор Бүгд Найрамдах Солонгос улсад эмчлүүлсэн. Цалингүй учраас өр зээлд орж амьдрал хүндрэхэд хүрээд байна. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасарснаас тэтгэвэр тогтоолгоход дундаж цалин буурах эрсдэл үүсч эрх ашиг зөрчигдөж байна. 

Засаг даргын Б/24 дүгээр захирамжид Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.6 дахь заалтыг үндэслэл болгосон. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Төрийн жинхэнэ албан тушаалд дараах тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно гэж заасан. 

Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.6-д “Хууль тогтоомжид заасан бусад тохиолдолд” гэж тусгасан. Хууль тогтоогч нар энэхүү 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар төрийн жинхэнэ албанд ажиллах боломжгүй этгээдийг тодорхойлжээ. Иргэн Д.Г  би төрийн албанд ажиллах боломжгүй талаарх шалтгаан Төрийн албаны тухай хууль болон тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.6 дах заалтанд зааснаар “Хууль тогтоомжид заасан бусад тохиолдол” үүсээгүй байна. 

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх, 25 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албанаас халах, заалтууд байгаа. Гэтэл эдгээр заалтуудын аль нь ч хангагдаагүй байхад намайг ажлаас халсан нь үндэслэлгүй юм. Засаг даргын Б/24 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар Д.Г  намайг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн ба төрийн албанаас халаагүй. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн дагуу албан тушаал цалин бууруулахгүйгээр өөр албан тушаалд Засаг дарга томилох үүрэгтэй. Засаг даргын Б/24 дүгээр захирамж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Мөн энэ хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн. 

Засаг даргын Б/24 дүгээр захирамжид Улсын Их Хурлын 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Журам батлах тухай” 13 дугаар тогтоолын хавсралтын 38 дугаар заалтыг үндэслэл болгожээ. Гэтэл дүүргийн Дотоод аудитын албаны даргын албан тушаалтныг сонгон шалгаруулахад энэхүү журам хамаарахгүй байна.

 Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилуулж өгнө үү” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бо******а шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Г ийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Дотоод аудитын албаны даргын албан тушаалд эргүүлэн томилуулах, олгогдоогүй цалин, тасарсан нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 

Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалд ажиллуулахыг хориглох тухай зохицуулахдаа 16.2.6-д “хууль тогтоомжид заасан бусад тохиолдол” гэж, Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах” журмын 38 дугаар зүйлд “Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилохгүй” гэж тус тус заасан байдаг.

Дүүргийн Дотоод аудитын албаны даргын албан тушаал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн” заасан төсвийн шууд захирагч бөгөөд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан мөн юм.

Нэхэмжлэгч нь Д.Г  нь дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй бөгөөд “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах” шалгаруулалтад ороогүй.

Иймд дээрх маргаан бүхий Засаг даргын захирамж нь хуульд заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захирамж тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:  

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Д.Г ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/24 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн Дотоод аудитын албаны даргаар ажиллаж байсан намайг албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн ба уг тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг зөрчсөн” гэж, хариуцагчаас “... нэхэмжлэгч Д.Г  нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох журамд заасан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгаруулалтад ороогүй тул маргаан бүхий захиргааны актыг гаргасан...” гэж тус тус маргажээ. 

Маргаан бүхий захиргааны акт болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/24 дүгээр захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.2.6, Улсын Их хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах” журмын 38 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д заасныг тус тус үндэслэн Сүхбаатар дүүргийн Дотоод аудитын албаны дарга Д гийн Г ийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.  

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 430 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Г ийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын албаны дарга, ахлах аудитороор томилсон байх бөгөөд уг албан тушаал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн” заасан төсвийн шууд захирагч бөгөөд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал мөн болох нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03/3956 тоот албан бичгээр тогтоогдож байна.  

Хариуцагчаас нэхэмжлэгч Д.Г  нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох журамд заасан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгаруулалтад ороогүй гэж тайлбарлан маргаж байх бөгөөд 2013 оноос хойш Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын албаны даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлагдаагүй болох нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 07/4411 дүгээр албан бичгээр нотлогдож байна. 

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул  орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасны дагуу Төрийн захиргааны төв байгууллага сонгон шалгаруулалтыг явуулж, сонгон шалгаруулж уг орон тоог нөхөх ёстой байсан бөгөөд сонгон шалгаруулалт зарлалгүйгээр Д.Г ийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын албаны дарга, ахлах аудитороор томилсонд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна. 

Түүнчлэн сонгон шалгаруулалт зарлаагүй, явуулаагүй байхад түүнд ороогүй гэх үндэслэлээр төрийн албан хаагчийн эрхийг зөрчиж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Хэрэв сонгон шалгаруулалт зарлалгүйгээр томилсон, хууль нийцээгүй гэж үзэж байгаа бол уг томилгоог хуульд нийцүүлэх ажиллагааг нэхэмжлэгчийн болон бусдын эрхийг хөндөхгүйгээр зохион байгуулж шийдвэрлэх боломжтой тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна. 

Хэрэв маргаан бүхий албан тушаалд сонгон шалгаруулалт зарлагдсан тохиолдолд нэхэмжлэгч уг сонгон шалгаруулалтанд оролцохоо илэрхийлсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “... Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “... Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 24.1.1-т тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн; 24.1.2-т төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн; 24.1.З-т өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол төрийн албанаас чөлөөлөгдөхөөр”, 27 дугаар зүйлийн 27.2.1-т “...энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх”-аар хуульчилсан байх бөгөөд Д.Г  Төрийн албаны тухай хуултд заасны дагуу ажлаас чөлөөлөгдөх үндэслэл тогтоогдоогүй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль болон журамд нийцэхгүй байна. 

Иймд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь Төрийн албаны тухай хуулийг зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдож байх тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Г т 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаа болох нийт 6 сар 29 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор болох  /733863*6 сар 29 хоног/, + //цол 20%+ төрийн албанд олон жил ажилласны нэмэгдэл 20%+ мэргэшсэн нягтлан бодогчийн 15% //1137,487,65*6:22*ажлын 20 өдөр// нийт 7859005 /Долоон сая найман зуун тавин ес мянга тав/ төгрөгөөс ээлжийн амралтын олговор болох 1,067,186 төгрөгийг хасч, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Г ийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн Дотоод аудитын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т тус тус баримтлан ажилгүй байсан 6 сар 29 хоногийн хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 7859005 /Долоон сая найман зуун тавин ес мянга тав/ төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгохыг хариуцагчид даалгасугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

             

   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ОДМАА