Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2015/0900/З/ |
Дугаар | 204 |
Огноо | 2016-06-20 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 204
Б.Баттөгөлдөрийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 114 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 255 дугаар магадлалтай, Б.Баттөгөлдөрийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын дарга болон тус газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Б.Баттөгөлдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Цагдаагийн ерөнхий газрын даргын 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 248 дугаартай тушаалаар Завхан аймгийн Асгат суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдон 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажиллаад, уг өдрөөс Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр шилжин томилогдож 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл буюу аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 жил 4 сар цагдаагийн албан хаагчаар ажилласан.
Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т “аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг таван жил тутамд олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална”, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаартай Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай тогтоолын 11 дүгээр зүйлд “Энэ журмын 8, 9 дүгээр зүйлд заасан судалгаа, баримт бичгийг Цагдаагийн төв байгууллагын Хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж хүлээн авч, аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажилласан хугацааг тооцон мөнгөн урамшил олгох шийдвэр гаргуулах саналаа Цагдаагийн төв байгууллагын даргад уламжлан шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасны дагуу миний бие нь цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа буюу аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 жил ажилласан хугацаагаа гүйцээгээд 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тэтгэмжид хамруулах талаар хүсэлтээ Завхан аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатарын нэр дээр гаргаж, тухайн үед ажиллаж байсан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Чинзоригтоор цохолт хийлгүүлэн, бичиг хэргийн ажилтан, цагдаагийн дэд ахлагч Б Ганчимэгээр Цагдаагийн ерөнхий газрын дотоод сүлжээнд тавиулж хүргүүлсэн.
Уг хүсэлтийн дагуу асуудал шийдэгдэхгүй, ямар нэгэн хариу ирэхгүй болохоор нь 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр мөн хүсэлтээ дахин гаргаж, бичиг хэргийн ажилтан, цагдаагийн дэд ахлагч Б.Ганчимэгээр Цагдаагийн ерөнхий газрын дотоод сүлжээнд тавиулж, Завхан аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн. Уг хүсэлтийн дагуу мөн л асуудал шийдэгдээгүй ба ямар нэгэн хариу ирээгүй. Ингээд би 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон цагдаагийн алба хаагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс Тавдугаар тойргийн тахарын албаны Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь хэсгийн хуяглан хүргэх харуулаар томилогдсон.
Гэтэл 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Цагдаагийн газрын хүний нөөцийн ажилтан Ж.Цэцэгмаа над руу утсаар ярьж “одоо мөнгөн урамшил олгох материал явуулах гэж байна, мөнгөн урамшил олгож өгнө үү гэсэн хүсэлт дахиж бичээд явуул” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ж.Цэцэгмаагаас “урьд өмнө цагдаад ажиллаж байх хугацаандаа хүсэлтүүд явуулж байсан, тэр хүсэлтүүд яасан юм бэ” гэж асуухад Ж.Цэцэгмаа надад хандан “би харин хаана хийснээ олохгүй байна, сая манай байгууллага дээр Цагдаагийн ерөнхий газраас шалгалт ирсэн, шалгалтад бэлдэж материал цэгцэлж шатаасан, түүнтэй шатаачихсан юм шиг байна, дахиад өнөөдрөөр хүсэлт бичээд явуулчих” гэж хэлэхээр би 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатарын нэр дээр мөнгөн урамшуулалд хамруулж өгөх хүсэлтээ дахин хүргүүлсэн.
2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа Х.Ганчулуун нь надад “Б.Баттөгөлдөр цагдаад ажиллаж байх үедээ мөнгөн урамшилд хамрагдах талаар хүсэлт гаргаж байгаагүй” гэх үндэслэлээр мөнгөн урамшилд хамруулах асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзийгийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2б/3368 дугаартай албан бичгийг авчирч өгсөн ба Завхан аймгийн Цагдаагийн газрын хүний нөөцийн ажилтан Ж.Цэцэгмаа нь миний 2014 оны 6 дугаар сарын 05, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрүүдэд гаргасан хүсэлтүүдийг даргадаа танилцуулж, материал бүрдүүлж, Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлээгүй, өөртөө дарагдуулж, хариуцлагагүй хандсаны улмаас асуудал ийнхүү шийдэгдсэн байсан.
Би цагдаагийн албанд ажиллаж байхдаа, Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу мөнгөн урамшуулалд хамрагдах нөхцөл болзлыг хангамагцаа хүсэлтээ холбогдох албан тушаалтанд нь гаргасаар байхад тухайн байгууллагын бичиг хэргийг уламжлан хүргэх, материал бүрдүүлэх эрх бүхий алба хаагч болох Ж.Цэцэгмаа нь өөр дээрээ дарагдуулснаас мөнгөн урамшуулалдаа хамрагдах ёстой цаг хугацаандаа хамрагдаж чадаагүй. Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын албанаас өөрийн алба хаагчийн буруутай үйлдлийг шалгаж тогтоохгүйгээр намайг Цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа хүсэлтээ гаргаагүй учир одоо урамшуулалд хамруулах боломжгүй гэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл Цагдаагийн албаны тухай хуульд “аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 жил ажилласан цагдаагийн алба хаагчид урамшуулал олгоно” гэж заасан бөгөөд миний бие нь цагдаагийн алба хааж байхдаа урамшуулалд хамруулах талаар удаа дараа хүсэлтээ явуулж байсан боловч урамшуулалд хамруулаагүй учир одоо уг эрхээ эдлэхээр хүсэлт гаргаад байгааг Цагдаагийн ерөнхий газар ойлгохгүй, цагдаагийн албанаас гарсан хүнд урамшуулал олгохгүй гэх юм.
Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзийгийн гаргасан шийдвэрийг дээд шатны даргад нь хүсэлт гаргаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэж байж захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандах ёстой гэж бодоод 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингист хандан урамшуулалд хамруулах талаар хүсэлт хүргүүлсэн боловч дахин Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзийгийн гарын үсэгтэй, мөнгөн урамшилд хамрагдах боломжгүй тухай 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2б/4464 дугаартай албан бичгийг 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр манай ажилтан, туслах тахар Ц.Цэдэндамба шуудангаар хүлээж авсан байсан ба ээлжийн амралттай намайг амралтаа эдэлж дуусаад ажилдаа ороход буюу 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр надад гардуулж өгсөн.
Дээрх шийдвэрийг миний бие нь эс зөвшөөрсөн учир Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргахад “Мөнгөн урамшил олгох боломжгүй талаар мэдэгдсэн эрх бүхий этгээдийн гаргасан, эрх зүйн үр дагавар шууд бий болгосон албан тоотод нэхэмжлэл гаргах боломжтой, ийм учраас уг нэхэмжлэлээ Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргах нь зүйтэй” гэсэн хариуг өгсөн.
Би Цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа Цагдаагийн албаны тухай хуульд заасан шаардлагыг хангаж, мөнгөн урамшилд хамрагдах боломжтой болсон бөгөөд энэ үндсэн дээрээ холбогдох журмын дагуу эрх бүхий албан тушаалтанд хүсэлтээ гаргахад тухайн байгууллагын эрх бүхий алба хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас материал дарагдаж, миний бие мөнгөн урамшилдаа хамрагдаж чадаагүй. Гэтэл дээд шатны байгууллага нь ажиллаж байх хугацаандаа хүсэлт гаргаагүй гэсэн үндэслэлээр намайг мөнгөн урамшилд хамруулахаас татгалзсан хариу өгсөн бөгөөд энэ нь миний буруугаас бус тухайн байгууллагын эрх бүхий алба хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болсон.
Иймд Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Б.Бат-Өлзийгийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2б/3368 дугаар албан бичгийг хүчингүй болгох, болгож, Монгол Улсын Засгийн газраас олгох мөнгөн урамшилд хамруулахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар Ц.Батсүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Баттөгөлдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 2009 оны 6 дугаар сараас Завхан аймаг дахь цагдаагийн газрын Асгат сумын хэсгийн төлөөлөгчөөр, 2011 оны 4 дүгээр сараас мөн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байгаад Тахарын албанд өөрийн хүсэлтээр шилжин ажиллах болсон тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 595 дугаар тушаалаар мөн оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн байна.
2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Цагдаагийн албаны тухай хуулийн 39.2-т “аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг таван жил тутам олгох”-оор заасан. Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох хуулийн дээрх заалт нь 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан Цагдаагийн байгууллагын тухай хуульд байгаагүй баталгаа юм.
Завхан аймаг дахь Цагдаагийн газраас 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 3б/1-192 албан бичгээр тус Цагдаагийн газрын аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 жил ажиллаж байгаа алба хаагчдын судалгааг хурлын тэмдэглэл, холбогдох материалын хамт Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст ирүүлсэн. Тус албан бичгээр нэхэмжлэгч Б.Баттөгөлдөрийн материал ирсэн бөгөөд өмнө нь түүнд мөнгөн урамшил олгуулах санал, хүсэлтийг Завхан аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлж байгаагүй.
Урамшил олгох алба хаагчдын материалыг судлахад Б.Баттөгөлдөр 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн байсан тул түүний материалыг Завхан аймаг дахь Цагдаагийн газарт 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2б/3368 тоот албан бичгээр буцаан хүргүүлсэн. Засгийн газрын 2014 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам”-ын 6 дахь хэсэгт “цагдаагийн алба хаагч нь мөнгөн урамшил авах хүсэлтээ тухайн нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн газрын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж буюу албан тушаалтанд бичгээр гаргана” гэж заасан.
Мөн Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Цагдаагийн албаны тухай хуулийн 39.2-т заасан урамшлыг 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 60 буюу түүнээс дээш сарын хугацаагаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид нэг удаа 2014 онд олгох бөгөөд 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа хугацаа нь 60 сар хүрээгүй цагдаагийн алба хаагчид урьд тасралтгүй ажилласан жилийг оруулан тооцож 2015 оноос эхлэн олгоно” гэж заажээ.
Үүнээс үзэхэд Цагдаагийн албаны тухай хуулийн 39.2-т заасан мөнгөн урамшлыг зөвхөн цагдаагийн албанд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид олгох зохицуулалттай. Нэхэмжлэгч Б.Баттөгөлдөрт мөнгөн урамшил олгох асуудлыг Завхан аймаг дахь Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хуралдаанаар 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцсэн байх бөгөөд түүнийг цагдаагийн албанд ажиллаж байх хугацаанд мөнгөн урамшил олгуулах саналыг Цагдаагийн ерөнхий газарт ирүүлээгүй байна.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-т заасны дагуу Б.Баттөгөлдөрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 114 дүгээр шийдвэрээр Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 болон 11 дүгээр зүйлд заасныг баримтлан Б.Бат-Өлзийгийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2б/3368 дугаар албан бичгээр Б.Баттөгөлдөрт мөнгөн урамшил олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, Б.Баттөгөлдөрийг аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 жил ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид үзүүлэх мөнгөн урамшилд хамруулахыг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 255 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 114 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 болон 11 гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т “аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг таван жил тутам олгох”-оор заасан.
Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Цагдаагийн албаны тухай хуулийн 39.2-т заасан урамшлыг 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 60 буюу түүнээс дээш сарын хугацаагаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид олгохоор заасан. Б.Баттөгөлдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 595 дугаар тушаалаар мөн оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн байна.
Түүнийг цагдаагийн албанд ажиллаж байх хугацаанд мөнгөн урамшил олгуулах тухай холбогдох баримт, материалыг Цагдаагийн ерөнхий газарт Завхан аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлээгүй бөгөөд тэрээр цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа мөнгөн урамшил авах тухай хүсэлтийг Завхан аймаг дахь Цагдаагийн газарт гаргаагүй нь хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Ж.Цэцэгмаагийн илтгэх хуудсаар тогтоогдож байна.
Үүнээс үзэхэд анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоогоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хянавал:
Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг тодорхойлсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг болон хууль тогтоомжийн актаар тогтоогдсон эрх зүйн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Б.Баттөгөлдөр нь 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс Завхан аймгийн Асгат суманд хэсгийн төлөөлөгч, Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр тус тус 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс Тавдугаар тойргийн тахарын албаны Тосонцэнгэл сум дахь хэсгийн хуяглан хүргэх харуулаар ажиллажээ.
Б.Баттөгөлдөр 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Цагдаагийн газрын дарга Г.Эрдэнэбаатарын нэр дээр “...хөдөө орон нутагт, суманд тасралтгүй 5 жил ажилласан учир Засгийн газраас олгох мөнгөн тэтгэмжид хамруулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан, уг хүсэлтийг нь тус газрын даргын зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцээд холбогдох баримт, бичгийг бүрдүүлж Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлснийг “мөнгөн урамшил олгох асуудлыг шийдвэрлэх боломжгүй” гэж 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2б/3368 дугаартай албан бичгээр Б.Баттөгөлдөрийнн “хүсэлт, холбогдох материал”-ыг Завхан аймаг дахь Цагдаагийн газарт буцаан хүргүүлсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Б.Баттөгөлдөр нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байх үедээ “мөнгөн урамшил авах талаар” 2014 оны 6 дугаар сарын 5-ны өдөр мөн аймаг дахь Цагдаагийн газрын даргад хүсэлт гаргасныг “сүлжээнд тавих, Цагдаагийн газарт уламжлах” гэж хэлтсийн даргаас нь “цохолт” хийж, хүсэлтийг нь дотоод сүлжээгээр аймгийн Цагдаагийн газарт явуулсан гэдгийг хэлтсийн дарга Ч.Чинзориг, бичиг хэргийн эрхлэгч Б.Ганчимэг нар гэрчээр асуугдахдаа мэдүүлсэн; “уг хүсэлтийг шийдвэрлэхгүй байсан учир” 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дахин хүсэлт гаргасныг нь дотоод сүлжээгээр явуулсан болох нь аймгийн Цагдаагийн газрын хүний нөөцийн ажилтан Ж.Цэцэгмаагийн “өмнөх хүсэлтүүдийг олохгүй байна, одоо мөнгөн урамшуулах олгох материалыг явуулах гэж байгаа тул хүсэлтээ дахин бичээд хурдан явуул” гэсэн шаардлагын дагуу цагдаагийн албанд ажиллахгүй болсон үедээ буюу 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүсэлтээ дахин бичиж, 3 дахь удаагаа тус тус гаргасан нь тогтоогджээ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т “аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг таван жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална” гэж, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Цагдаагийн албаны тухай хуулийн 39.2-т заасан урамшлыг 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 60 буюу түүнээс дээш сарын хугацаагаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид нэг удаа 2014 онд олгох бөгөөд 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа хугацаа нь 60 сар хүрээгүй цагдаагийн алба хаагчид урьд тасралтгүй ажилласан жилийг оруулан тооцож 2015 оноос эхлэн олгоно” гэж тус тус заасан байна.
Дээрх зүйлүүдэд зааснаар “тасралтгүй 5 жил ажилласан бөгөөд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагч” байх шаардлага тавигдсан ба Б.Баттөгөлдөрийн аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажилласан хугацаа нь 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 60 сар болоогүй байсан, харин хүсэлтээ гаргасан 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 60 сар хүрсэн, тухайн үед тэрээр цагдаагийн албанд ажиллаж байжээ.
Цагдаагийн албаны тухай хуулийн 39.2-т заасан мөнгөн урамшил олгох зохицуулалтыг Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам”-аар нарийвчлан тодорхойлжээ.
Тухайлбал, уг журмын 5-д “аймгийн төвөөс бусад сумд томилогдон тасралтгүй 60 сар ажилласан боловч 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө өөр албан тушаалд шилжсэн, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон эсхүл цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон боловч эргэн ажиллаж байгаа, албанаас чөлөөлөгдсөн, халагдсан цагдаагийн алба хаагчид энэ журамд заасан мөнгөн урамшлыг олгохгүй” гэж зааснаас үзвэл, энэ хугацаанаас хойш цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн Б.Баттөгөлдөрийг “одоо цагдаагийн албанд ажиллахгүй байгаа” гэдэг үндэслэлээр “мөнгөн урамшил олгохгүй” гэж үзсэн хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус байна.
Харин нэхэмжлэгчийн гаргасан “...Б.Баттөгөлдөр, Н.Энхбаяр нарт мөнгөн урамшил олгох асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын гарын үсэгтэй, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2б/3368 дугаартай албан бичгийг “хүчингүй болгуулах” шаардлагыг анхан шатны шүүх хүлээн авч, шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “”захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг;... захиргааны актад хамааруулна” гэж заасныг зөрчсөн, уг шаардлагад хэрэг үүсгэсэн боловч “албан бичиг”-ийг гаргасан албан тушаалтныг хариуцагчаар татах, нэхэмжлэл гардуулах, хариу тайлбар авах зэрэг ажиллагааг гүйцэтгээгүй, “албан бичгийг” бүхэлд нь хүчингүй болгох зэргээр алдаа гаргажээ.
Уг албан бичгээр Б.Баттөгөлдөрт “мөнгөн урамшил” олгох, эс олгох асуудлыг шийдвэрлээгүй бөгөөд Завхан аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн Б.Баттөгөлдөр нарын мөнгөн урамшил авах хүсэлт, үүнтэй холбоотой баримт, бичгийг буцаан хүргүүлснийг илэрхийлсэн, байгууллага хоорондын харилцаанд хамааралтай, дотогшоо чиглэгдсэн буюу Б.Баттөгөлдөрийн хүсэлтийг “шийдвэрлэхээс татгалзсан” буюу эрх зүйн үр дагавар үүсгэх захиргааны акт биш байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан “албан бичиг”-ийг хүчингүй болгуулах шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан хариуцагчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 255 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 114 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаас “Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 болон 11” гэснийг хасч, “Б.Бат-Өлзийгийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2б/3368 дугаар албан бичгээр Б.Баттөгөлдөрт мөнгөн урамшил олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож” гэснийг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2б/3368 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж”” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ