Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 0156

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Б.Энхбат, хохирогч Н.С, шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Н.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1708 00602 0713 дугаартай хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Н.Ц, Монгол Улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын операторч мэргэжилтэй, “***” ХХК-д засварчин ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Бүргэдэй найрамдал 1 дүгээр гудамжны *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, *** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.Ц нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 9 дүгээр гудамжны *** тоотод хамтран амьдрагч Н.С-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овгийн Н.Ц нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 9 дүгээр гудамжны *** тоотод хамтран амьдрагч Н.С-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний бие махбодод “...зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гарын бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, дээд уруул, эрүүнд зөөлөн эдийн няцрал, дагзанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун гарын эрхий хурууны угт цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсанүйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Ц-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Н.С-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...нөхрийнхөө эсрэг мэдүүлэх өгөхгүй...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч Н.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн үед манай хамтран амьдрагч Ц залгаад би Баянхошууны цагдаагийн хэлтэс дээр байна, чи Баянхошууны эцэс дээр гараад ир гэхээр нь би гэрт юм хийж байна, гарч чадахгүй гэж хэлсэн. Тэгтэл 20-30 минутын дараа дахин утсаар залгаад муу янхан пизда минь гарч ирж чадахгүй байна уу, чи гэртээ байхгүй байгаа биз дээ, чамайг очиж алнаа гэсэн. 16 цагийн орчим гэртээ орон дээр хэвтэж байтал гаднаас Ц орж ирээд хоол байна уу гэхээр нь байхгүй гэтэл чи хаагуур тэнээд байгаа юм бэ, надад торгуулийн 100,000 төгрөг олдохгүй байна гээд намайг алгадаж үсдээд орон дээр доошоо дараад дээр хэвтэж байгаад элэг рүү цохисон. Нүүр рүү гараараа олон удаа цохисон. Чи янхандаад явж байхад би чамаас салахгүй, би чамайг ална гээд цохиж зодоод байсан. Тэгээд орны хөндий рүү оруулаад ахин орон дээр гаргахаар нь би Ц-ийг хөлөөрөө жийж унагаагаад гэрээс гарч гүйгээд ойролцоо байх дэлгүүр рүү орж худалдагч И-ээ болон түүний эхнэр хоёрт нь намайг манай нөхөр зодчихлоо гэж хэлээд дэлгүүрийн утсаар цагдаа руу ярьсан. Тэр үед дэлгүүрийн гадаа Ц ирчхээд С гараад ир гээд орилоод байсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 19-20 дугаар хуудас);

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9495 дугаартай: “...Н.С-гийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гарын бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, дээд уруул, эрүүнд зөөлөн эдийн няцрал, дагзанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун гарын эрхий хурууны угт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 34 дүгээр хуудас);

5. Гэрч Ц.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн орчим би дэлгүүр дээр эхнэрийн хамт байж байтал С гаднаас хөл нүцгэн уруул ам нь хавдчихсан, зодуулсан байдалтай гүйж орж ирээд арын өрөөгөөр дамжаад хашаанд яваад орсон. Удалгүй араас нь С-гийн нөхөр нь гэх бүлтгэр нүдтэй Ц гэх залуу нэлээн согтуу орж ирээд С, гараад ир алнаа гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27-28 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Н.Ц-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 66 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 67 дугаар хуудас);

7. Шүүгдэгч Н.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр эрүүлжүүлэх байрнаас гарсан. Гэртээ очсон чинь С манай найз дуудаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи явж яах гээд байгаа юм гэж хэлээд маргалдсан бөгөөд С надтай маргалдаж байгаад гараад явсан. С-гийн уулзах гэж байгаа найз нь машинтай, бас 2 залуутай манайхыг нэлээд өнгөрөөд зогссон байсан юм байна лээ. С тэр машинд суугаад явчихсан. Би гэрээсээ гарч архи уучхаад эргээд ирсэн чинь С гэртээ ганцаараа байж байсан. Маргалдаж байхдаа би С-г зодсон, яг яаж зодсон гэдгээ санахгүй байна. Би тухайн үед нэлээн согтсон байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 92-96 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.С-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Н.Ц-ийн үйлдэл нь хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Н.С-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байгаа нь түүнийг өөрийн үйлдлээ ухамсарлаж, хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүгдэгч Н.Ц, хохирогч Н.С нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, эхнэр нөхрийн харилцаатай хамтран амьдарч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Н.Ц нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан” гэж үзэх үндэслэл болж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж тус тус хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Ц-ийгхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Н.С нь баримтаар 179,750 төгрөг нэхэмжилсэн ба хохирол төлөгдсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, эвлэрсэн талаарх хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Н.Ц-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн дүгнэлтэд: “...шүүгдэгч Б.Цэнд нь 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд үүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй...” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй, хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан бөгөөд шүүгдэгч Н.Ц-ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн, хэргийг түдгэлзүүлэхээс өмнө хөөн хэлэлцэх хугацааг зогсоох үндэслэл бүрдээгүйн зэрэгцээ уг хугацаа тоологдож дууссан байх тул түүнд холбогдох эрүүгийн 1708 00602 0713 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч хэргийг хэрэгсэхгүй болголгүй түдгэлзүүлсэн үндэслэл нь шүүгдэгчийн гэм бурууг шүүх хуралдаанаар заавал хэлэлцэх хууль ёсны шаардлагатай холбоотой болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчинтэй болох хүртэл түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овгийн Н.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ”хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Ц-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ц-д нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

4.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Ц-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА