| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/1348/Э |
| Дугаар | 0158 |
| Огноо | 2020-02-21 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 0158
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Б.Энхбат, хохирогчийн өмгөөлөгч Я.Батханд, шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц овгийн Б.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02132 1484 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц овгийн Б.Ө, Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа мах зардаг, ам бүл нэг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Ө нь 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” захын орчимд “...үхрийн махыг чинь зараад 2-3 хоногийн дараа мөнгийг нь өгье...” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Б.М-аас 56,000,000 төгрөгийн үнэ бүхий 8 тонн үхрийн махыг хуурч, залилан авч, бусдад нийт 56,000,000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Ц овгийн Б.Ө 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” захын орчимд “…үхрийн махыг чинь зараад 2-3 хоногийн дараа мөнгийг нь өгье...” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Б.Мөнхбаяраас 56,000,0000 төгрөгийн үнэ бүхий 8 тонн үхрийн махыг хууран авч, бусдад нийт 56,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Ө-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй. Хохиролд 23,000,000 төгрөг өгсөн байгаа...“ гэсэн мэдүүлэг;
2. Иргэн Б.М-аас 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “...2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 8055 кг үхрийн мах бусдад өгөөд залилуулсан..." тухай гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 15-16 дугаар хуудас);
3. Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын үед намайг Улаанбаатар хотод байхад миний танил Ө гэх залуу над руу *** дугаарын утаснаас залгаад 30 тонн үхрийн мax байна уу? 1 кг-г 7000 төгрөгөөр авах хүн байна, чи үхрийн мах зарах уу гэж байсан. Би тухайн үед Ө-т би үхрийн мax зарна гэж хэлж байсан. Түүнээс хойш би Увс аймгаас Улаанбаатар хот руу 8 тонн мax ачиж ирэхэд Ө, Баагий гэх xoёp залуу миний махыг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Эмээлт захын орчим байдаг МТ шатахуун түгээх газрын хойд талын хашаанд очсон. Б.Ө надад миний 8 тонн махыг зарж өгөхөөр тохирсон, махны мөнгийг мах зарахаар өгнө гэж хэлсэн. Тэгээд Ө, Баагий гэх хоёр залуу миний 8 тонн махыг амбаартай том машинд ачаад аваад явсан. Түүнээс 7 хонгийн дараа би Ө-ын *** дугаартай утас руу залгаад зарсан махныхаа мөнгөө авъя гэхэд Ө 1-2 хоногийн хугацаа өгөөч удахгүй мөнгийг чинь гаргаад өгнө гээд байсан. 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би Ө-тай Хан-Уул дүүрэг Мишээл экспогийн хашаан дотор уулзсан. Тэгэхэд Ө чиний мөнгөөр хүнд өрөө дарчихлаа, мөнгө орж ирэхээр энэ 7 хоногт мөнгийг өгнө гэж хэлж байсан. Долоо хоног нь дуусах үед 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Ө миний гар утас луу залгаад, надад өртэй хүн мөнгөө өгөхгүй гар утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн. Тухайн үед Ө мөнгийг чинь бага, багаар өгье гээд байсан...”, “....Би 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Ө гэх залууд Увс аймгаас авчирч ирсэн 8 тонн махыг 1 кг 7000 төгрөгөөр нийт 56,000,000 төгрөгөөр заруулахаар тохирсон. Ө-тай 2-3 хоногийн дотор үхрийн махны мөнгийг авахаар бид амаар тохирсон. Энэ нь миний өөрийн мах бөгөөд 2018 оны 12 дугаар сард Увс аймгийн Баруун-Туруун, Зүүнговь сумын малчдаас бэлдэж авсан юм. Би Өлзий гэх хүнээр 2019 оны 02 дугаар сарын сүүлээр 8 тонн үхрийн мах, 2017 оны 12 дугаар сард 2 тонн үхрийн хэл, 2018 оны 12 дугаар сард 2 тонн үхрийн хэл тойг тус тус заруулж байсан. Өлзийбаяр 2017-2018 оны 09 дүгээр сараас мөн оны 10 дугаар сарын төгсгөл хүртэл миний удирдлага доор “Мон-Тува” ХХК-д мах шулж ажиллаж байсан. Би Ө гэх хүнд 8 тонн үхрийн мах зараад мөнгийг нь буцааж авч чадаагүй байгаа, үүнийг залилах гэмт хэргийн шинжтэй гэж бодож байна. Би 56,000,000 төгрөгөө Ө-аас авмаар байна. 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б.Ө 1,800,000 төгрөгийг миний Хаан банкны *** дугаартай дансанд шилжүүлсэн байсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 59-61, 63-65 дугаар хуудас)
3. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би М гэх хүнийг танина. Манай Увс аймагт махны худалдаа эрхэлдэг, Улаанбаатар хот руу мах худалддаг. Би ажлын шугамаар М-ын махыг тээвэрлэж байсан. 2019 оны 03 дугаар сарын сүүлээр санагдаж байна, Улаанбаатар хот руу 8 тонн үхрийн ястай мах 12 тонн адууны шулаа тээвэрлүүлж байсан. Нийт 20 тонн махыг 4,000,000 төгрөгөөр тооцож ачиж явсан. Ачаа тээвэрлэлтийн 4,000,000 төгрөгөө авсан, гэхдээ баримт байхгүй, бэлнээр авсан. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлт зах дээр буулгаад тэндээс М мах худалдах хүндээ өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 44 дүгээр хуудас);
4. Гэрч М.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 20-нд “Мон-Тува” ХХК-аас 8 тонн үхрийн ястай мах, 12 тонн адууны цул махыг Улаанбаатар хотод борлуулахаар Б гэх жолоочийн Пуса маркийн *** улсын дугаартай автомашинд ачуулсан. 8 тонн үхрийн махыг Буддоржийн Өлзийбаяр гэх хүн борлуулахаар хүлээж авсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 135 дугаар хуудас);
5. Гэрч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө-ыг махны наймаа эрхэлдэг талаар сайн мэдэхгүй. Миний санаж байгаагаар 2019 оны 03 дугаар сард Ө үхрийн мах зарна гэхээр нь үзээд 6 тонн гаран үхрийн махыг 1 кг-ийг нь 7000 төгрөгөөр бодож хамт наймаа хийдэг Х-той нийлж авсан. Миний санаж байгаагаар махны мөнгийг дандаа Ө-ын өгсөн дансанд шилжүүлж өгсөн. 9 сая төгрөгийг хүний дансаар шилжүүлсэн санаж байна. Х бид хоёр Ө-аас нэг удаа мах авсан бөгөөд тухайн үед нь бүх махны мөнгийг өгсөн. Ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 136 дугаар хуудас);
6. Гэрч Т.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зах дээр О бид хоёр хамтарч ажилладаг юм. Миний санаж байгаагаар 2019 оны 03 дугаар сард байх Ө үхрийн мах зарна гэхээр нь О бид хоёр үзээд 6-7 тонн үхрийн мах авсан. Тэгээд мөнгийг нь тухайн үед бүрэн төлж барагдуулсан..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 138 дугаар хуудас);
7. 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 8 тонн үхрийн махыг 56,000,000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр Эстимэйт" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 558 дугаартай дүгнэлт (хх-ийн 48-50 дугаар хуудас);
8. Шүүгдэгч Б.Ө-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 80 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 78 дугаар хуудас);
9. Шүүгдэгч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “..Би учруулсан хохирлоос 1,800,000 төгрөгийг М-т өгсөн, өөр мөнгө өгөөгүй. Би мах зарсан мөнгөөр өpөө дарах зөвшөөрөл аваагүй. Махаа зарж дуусаад мөнгө өгнө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 71 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...М-т учруулсан 56,000,000 төгрөгийн хохирол дээр өмгөөлөгч миний бие санал нийлэхгүй байна. Учир нь Ө, М хоёрын хооронд 2019 оны 02 дугаар сарын сүүлээр 7 тонн мах шилжүүлсэн асуудал нь өглөг, авлага дууссан гэдэг ямар нэгэн баримтаар нотлогддоггүй, энэ талаар баримт хэрэгт байдаггүй. Манай үйлчлүүлэгч ч өгсөн авснаа хүртэл сайн санахгүй байгаа. Энэ өглөг, авлагын асуудлыг иргэн, эрүүгийн шүүхүүд хэлэлцээгүй. Тухайн өглөг, авлага нь өвлөгдөөд энэ 56,000,000 төгрөг дээр орчихсон байгаа юм. М нь Б.М-ын данс руу мөнгө шилжүүлсэн гэж хэлдэг боловч хавтас хэрэгт тухайн баримт нь байхгүй. Ганцхан хохирогчийн мэдүүлгийг үндэслэн өнөөдөр шүүх хурал хийж тухайн асуудлыг шийдвэрлэх гээд байна. Өмнөх өглөг, авлагын асуудлыг тодруулж байж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Миний үйлчлүүлэгч нь гэм буруугийн хувьд буруутай. Гагцхүү хохирлын хэмжээ болон зүйлчлэл дээр санал нийлэхгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт нь шүүгдэгч Б.Ө-ын мэдүүлэг болон хохирогч Б.М, гэрч Э.Б нарын мэдүүлгээр няцаан үгүйсгэгдэж байна. Тодруулбал, хохирогч Б.М нь 2019 оны 02 дугаар сард шүүгдэгч Б.Ө-аар дамжуулан гэрч Э.Б-оос 20,000,000 төгрөг дансаар авсан байх бөгөөд түүний дагуу 7 тонн 800 кг үхрийн мах өгч, зөрөө мөнгөө шүүгдэгч Б.Ө-аас шилжүүлэн авч тооцоо дууссан байх тул энэ хэргийн улмаас хохирогчид учирсан 56,000,000 төгрөгтэй холбоогүй болох нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ө-ын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн “бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Ө-ыг “залилах” гэмт хэргийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас бусдад нийт 56,000,000 төгрөг буюу их хэмжээний хохирол учирсан байгаагаас шүүгдэгч Б.Ө 23,000,000 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 33,000,000 төгрөгийг түүнээс гаргуулж, хохирогч Б.М-т олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Ө болон түүний өмгөөлөгч нь хохирол нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг ажлын тав хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Б.Ө уг хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан үлдэгдэл 33,000,000 төгрөгийн хохирлоо бэлнээр болон боловсруулсан махаар нөхөн төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Өлзийбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ө-т 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Б.Ө нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэл нийт 11 хоног цагдан хоригдсон бөгөөд уг хугацааг хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй. Шүүгдэгч нь нийт 56,000,000 төгрөгийн хохирол учруулснаа төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгч Б.Ө-т авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Мөн миний үйлчлүүлэгч намайг шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурь илэрхийлж өгнө үү гэсэн юм. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгчид 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хоёр хүүхэдтэй тул эцэг байх үүргийг нь биелүүлэх боломжоор хангаж өгнө үү...” гэв.
Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх байдлууд болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах боломжтой гэж үзээд шүүгдэгч Б.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг түүний хөрөнгө, орлогод нийцүүлэн хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн нөхцөл байдал, гэмт этгээдийн гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ө нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ө-т авсан “хувийн баталгаа гаргах”, “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ц овгийн Б.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан “залилах” гэмт хэргийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ө-т арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-т оногдуулсан торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, хэрэв шүүгдэгч Б.Ө торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ын цагдан хоригдсон нийт 11 (арван нэг) хоногийн нэг хоногийг арван таван нэгжээр тооцон хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 9,835,000 (есөн сая найман зуун гучин таван мянга) төгрөгөөр тогтоосугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ө нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ө-т авсан “хувийн баталгаа гаргах”, “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Энэ тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Ө-т авсан “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болсон талаар Хил Хамгаалах Ерөнхий Газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА